Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 35

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго

Улсын яллагч М.Мэндбаяр

Шүүгдэгч С.Г нарыг оролцуулан

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Г холбогдох эрүүгийн 2040000000057 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 17-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан багт төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, Мира ХХК-нд өрөмдөгч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр багт оршин суух, урьд улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, С.Г

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

С.Г нь 2020 оны 05 дугаар сарын 22-ны орой 23 цагийн орчимд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг буюу гэртээ өөрийн хүү Г.Т нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хамрын таславчийн мурийлт, баруун нүдний дотор хэсэг, хамрын нуруу хэсэг болон доод эрүүний зүүн, хажуу хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүний хэсгийн зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч С.Г нь 2020 оны 05 дугаар сарын 22-ны орой 23 цагийн орчимд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг, буюу гэртээ дүүтэйгээ муудалцлаа гэх шалтгаанаар өөрийн хүү Г.Т нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хамрын таславчийн мурийлт, баруун нүдний дотор хэсэг, хамрын нуруу хэсэг болон доод эрүүний зүүн, хажуу хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүний хэсгийн зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:  

Шүүгдэгч С.Г шүүхийн хэлэлцүүлэгт “Мөрдөн шалгах ажиллагаанд тодорхой мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч С.Г мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Дархан сумын 1 дүгээр багийн нутагт байх найзынхаа руугаа хоолны мах гуйхаар явсан. Хоолны мах гуйхаар очихдоо нэг шил архи авч очоод хөдөө уучихаад, 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр нэг хонь авахаар болсон. Тэгээд орой найзынхаасаа 19 цагийн үед буцаад Бор-Өндөр суманд гэртээ ирсэн. Замд ядарсан болохоор гэртээ ирээд унтахаар хэвтсэн. Намайг гэртээ унтаж байхад хүүхдүүд хоорондоо тоглоомон дээрээс болж муудаад байсан. Тэгэхээр нь би өндийгөөд том хүүгээ “Битгий дүүгээ шоглоод бай” гэж хэлэхэд “за” гэж хэлэхээр нь “Дахиж дүүгээ шогловол утсыг чинь хураана шүү” гэж хэлээд эргээд хэвтсэн. Тэгтэл манай том хүү Т дахиад дүүгээ шоглоод уйлуулахаар нь босоод гар утсыг нь хураагаад авсан чинь миний нүүр лүү 2-3 удаа цохиод над руу уурлахаар нь хүүдээ цохиулсандаа миний уур хүрээд Тамирыг заамдаж аваад жижиг орон дээр хэвтүүлээд хоёр гарыг нь дарж байгаад “Чи аавынхаа өмнөөс ингэдэг болоо юу” гэж хэлээд нүүр лүү гараараа хоёр удаа гарынхаа дотор хэсгээр цохьсон. Тэгэхэд манай хүүгийн хамраас цус гарахаар нь босож цусаа угаа гэж хэлсэн. Тэгээд би гэрээс ганцаараа гарч яваад цагдаа дээр очоод хүүгээ зодсон талаар мэдэгдсэн” гэх мэдүүлэг /хх-н 20-21 хуу/

Насанд хүрээгүй хохирогч Г.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Манай аав хөдөөгүүр томилолтоор явж ажилладаг, 14 хоног ажиллаад 14 хоног амардаг. Тухайн үед аав амраад гэртээ ирчихсэн байсан юм. 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр би аавтай хамт хөдөө айл руу явж ирсэн. Бид нар хөдөө айлаас 19 цаг өнгөрч байхад гараад Бор-Өндөр суманд гэртээ ирсэн. Орой гэртээ аав унтаж амрах гээд хэвтсэн. Би өөрийнхөө гар утсаар тоглож байсан чинь манай дүү А  намайг гар утасныхаа хотспот буюу wifi-г цацчих гэж хэлэхээр нь цацаад интернетээ хамт ашигласан. Тэгтэл миний гар утасны интернет тасраад гацаад байхаар нь wifi-гаа хаачихсан. Тэгэхэд манай дүү А  намайг “Та яагаад wifi-гаа хаасан юм” гэж уурлахаар нь миний интернет гацаад байна гэж дүүдээ ширүүн хэлсэн. Тэгэхэд А  гар утасныхаа булангаар миний хөл рүү цохихоор нь уурандаа хөлөөрөө дүүгээ жийсэн. Тэгэхэд манай дүү уйлсан чинь аав босож ирээд миний гар утсыг надаас булааж аваад газар луу шидсэн. Тэгэхээр нь би аав руу уурлаад аавын толгой руу гараараа нэг удаа цохьсон. Тэгтэл аав “Чи аавыгаа зоддог хэн бэ” гээд намайг орон дээр дарж байгаад миний нүүр лүү гараараа 2-3 удаа цохьсон. Тэгээд цааш юу болсныг мэдэхгүй байна, толгой мА сан байсан, нэг мэдэхэд гэрт цагдаа нар ирчихсэн байсан” гэх мэдүүлэг /хх-н 27 хуу/

Насанд хүрээгүй гэрч Г.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Т ах бид хоёр гар утсаараа тоглож байсан. Надад дата байхгүй байсан болохоор Т ахын гар утсанаас wifi цацуулаад тоглож байсан. Тэгтэл Т ах интернетээ хаачихсан байхаар нь “Яагаад хаачихсан юм” гэж асуухад миний гар утас гацаад байна гэж хэлэхээр нь “Би ч бас тогломоор байна ш дээ” гэж хэлээд гар утсаараа Т ахын хөл рүү цохьсон. Тэгэхэд Т ах “Өвдөж байна ш дээ” гээд хөлөөрөө жийсэн. Тэгэхэд аав босож ирээд “Яагаад дүүгээ зодоод байгаа юм бэ, ах нь дүүгээ зодож болдог юм уу” гэж хэлээд Т ахын дээр нь гарч суугаад гар утсыг нь булааж аваад газар луу шидсэн. Тэгэхэд Т ах гар утсыг нь шидлээ гэж уурлаад аавын нүүр лүү гараараа цохьсон. Тэгэхэд аав уурлаад Т ахын нүүр лүү 2-3 удаа цохьсон. Т ахын хамраас цус гарсан байсан. Т ахыг цохисны дараа аав хувцсаа өмсөөд гараад явсан. Удалгүй манай гэрт цагдаа гар ирсэн” гэх мэдүүлэг /хх-н 28 хуу/

Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 05 дугаар сарын 22-ны орой би ажилдаа гарч байсан. Тэгэхэд 2020 оны 05 дугаар сарын 23-ны шөнө 00 цаг өнгөрч байхад манай охин А  над руу яриад аав Т ахыг зодчихлоо гэж хэлсэн. Би тухайн үед Баргилт цехэд гарч байсан болохоор очиж чадаагүй. 2020 оны 05 дугаар сарын 23-ны өглөө ажлаасаа буугаад гэртээ ирэхэд Т аавдаа зодуулсан гээд хамар нь хавдсан, нүд нь бага зэрэг хавдсан байсан. Юу болсныг асуухад Т ах гар утасны тоглоомоос болж аавынхаа өөдөөс муудаж, цохиод аавдаа зодуулсан гэж байсан” гэх мэдүүлэг /хх-н 29 хуу/

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 58 дугаартай

  1. Г.Т биед хамрын таславчийн мурийлт, баруун нүдний дотор хэсэг, хамрын нуруу хэсэг болон доод эрүүний зүүн хажуу хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүний хэсгийн зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Дээрх гэмтлүүд нь бүрдлээрээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид дээрх гэмтлүүд нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хх-н 8-9 хуу/  зэрэг бичгийн нотлох баримт болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч, хохирогч нар нь ямар шалтгаанаас болж маргалдсан, шүүгдэгч нь хохирогчийг зодож гэмтэл учруулсан болохоо өөрөө мэдүүлсэн, хохирогч нь зодуулсны улмаас гэмтсэн, тус гэмтэл нь шинжээчийн дүгнэлтээр хөдөлмөрийн чадварыг түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтэл болохыг тогтоосон зэрэг үйл баримтыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв гэж үзэж шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүгдэгч С.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурорын 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 15 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтээр хохирогч Г.Т биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон ба шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэв.

Прокуророос дээрх гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв байна. Шүүгдэгч С.Г хохирогч Г.Т нарын хооронд үүссэн маргаан, тэмцэл нь нэг талын давамгайлсан гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлаас нийгмийн шалтгаант шинж байдлаар ялгаатай байж гэр бүлийн таарамжгүй харьцаанаас улбаатай, ахуйн суурьтай гарсан байх тул шүүгдэгчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэхгүй.

Прокурорын шатанд насанд хүрээгүй хохирогч Г.Т болон түүний хууль ёсны төлөөлөгч Д.Б нараас шүүгдэгчид гомдол, саналгүй, түүнээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг ирүүлсэн байх тул энэхүү тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Дээрх гэмт хэрэг үйлдэгдэхэд нийгэмд тогтсон эцэг, хүүхдийн болон гэр бүлийн харилцаанд тогтсон уламжлалт харилцааг зөрчсөн, бие биенээ үл хүндэтгэсэн нөхцөл байдлаас шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.  

Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгийн торгох ял оногдуулах” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй буюу хуульд заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх ага хэмжээг тогтоол хүчин төгөлдөр хэвээр үргэлжлүүллээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

          Т О Г Т О О Х нь:

  1. Шүүгдэгч С.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
  4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл С.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

ДАРГАЛАГЧ                                         Р.БАТБАЯР