Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2017/00415

 

    2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2017/00415

          Улаанбаатар хот

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС       

                                  

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Тээвэрчдийн гудамж, Си Си Эс Эм Жи ХХК-ийн байрны 4 дүгээр давхрын 405 тоотод оршин байгаа “Ганьт” ХХК /РД-2084961/-ийн,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 40д байрны 57 тоотод оршин суух, Идэр овогт Ням-Осорын Баянмөнх /РД-АР79071416/,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 40д байрны 57 тоотод оршин суух, Бэсүд овогт Ёндонжамцын Мядагмаа /РД-ЧВ79040401/ нарт холбогдуулан гаргасан

Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 29,386,150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, мөн сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нарангэрэл, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ганьт” ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нарангэрэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Саруул дэнж” цогцолбор барилгыг барьсан бөгөөд иргэн Ё.Мядагмаа нь уг хотхоны 40д байрны 1 дүгээр орцны 12 давхрын 57 тоот 57,5 м.кв талбай бүхий байрыг 1 м.кв-ыг нь 850 ам.доллараар, нийт 48,875 ам.доллараар захиалан, байрны мөнгийг боломжоороо цувуулан төлж дуусгах хүсэлт гаргасныг бид хүлээн зөвшөөрч, итгэл үзүүлэн 2010 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр “Захиалгаар орон сууц барих, бариулах гэрээ” байгуулан, орон сууцны түлхүүрийг тухайн өдрөө хүлээлгэн өгч, байранд нь оруулсан.

Үүнээс хойш захиалагч Ё.Мядагмаа нь 2011 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр гэрээний захиалагч талын нэрийг өөрийн нөхөр Н.Баянмөнх болгон өөрчлөх хүсэлт гаргасны дагуу гэрээнд өөрчлөлт оруулан Н.Баянмөнх болгосон бөгөөд хариуцагч нар одоог хүртэл тус байранд гэр бүлийн хамт амьдарч байгаа болно.

Ё.Мядагмаа, Н.Баянмөнх нар орон сууцны төлбөрт нийт 39,302 ам.доллар төлсөн бөгөөд үлдэгдэл 9,573 ам.долларыг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Гэрээний 5.2-т “захиалагч тал графикт хугацаандаа төлбөрөө төлөх үүрэгтэй. Захиалагч тал уг хугацаандаа багтаан гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар тооцон алдангийг гүйцэтгэгч талд төлнө” гэсний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэлх хугацааны алдангид 3,352 ам.долларыг тооцож, хариуцагч нараас үндсэн төлбөрийн үлдэгдэл 9,573 ам.доллар, алданги 3,352 ам.доллар, нийт 12,925 ам.долларыг 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Монгол банкны албан ханш 1 ам.доллар 2273 төгрөгөөр тооцон, 29,386,150 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч “Ганьт” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

Талуудын хооронд 2010 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Захиалгаар орон сууц барих, бариулах гэрээ байгуулагдсан байдаг. Энэ гэрээг Иргэний хууль болон бусад хууль, тогтоомжийг үндэслэн байгуулсан боловч тухайн гэрээнд орон сууцны суурь үнийг эцсийн байдлаар төгрөгөөр тогтоогоогүй байгаа.

Тухайлбал, гэрээний 2.2-т талууд аль орон сууцыг, ямар хэмжээтэй, хэдэн өрөөг, хэдэн төгрөгөөр тооцсоныг тусгах шаардлагатай байсан боловч хоосон зай үлдээсэн байна. Мөн гэрээний 2.3-т байрны урьдчилсан суурь үнийг тогтоож, эцсийн үнийг орон сууцыг барьж дууссаны дараа жинхэнэ гаргасан зардал дээр инфляцийн итгэлцүүрийг харгалзан нэмж тооцно гэж заасан атлаа эцсийн байдлаар тогтоогоогүй.

Тиймээс уг гэрээ нь 2009 онд батлагдсан Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийг зөрчсөн гэж үзэж байгаа.

Хариуцагч нарын зүгээс гэрээний 3.2 дахь хэсэгт гэрээний төлбөр төлөх хугацаа, хэсэгчлэн төлөх үнийн дүнг графикаар тохирсон бөгөөд нэхэмжлэгч тал хариуцагчийг боломжоороо төлөхийг зөвшөөрсөн байдаг.

Нэхэмжлэгч тал төлбөрийн үлдэгдэл болон алдангийг ам.доллараар тооцон нэхэмжилж байгаа нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1 дэх заалтуудыг зөрчсөн.

Мөн үүрэг үүсэх үеийн ханшаар биш 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Монгол банкны албан ёсны ханшаар тооцсоны улмаас 29,386,151 төгрөг болж байна. Гэтэл Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д “төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж заасан.

Нэхэмжлэгчээс хэт өндөр ханшаар нэхэмжилж байгаа тул гэрээнд талуудын хүсэл зориг бүрэн илэрхийлэгдээгүй гэж үзэж байна.

Тухайлбал, хоосон зай орхисон хэсгүүд дээр 48,875 ам.долларыг хэдэн төгрөгөөр тооцож орон сууцыг үнэлсэн нь харагдахгүй байна.

Манай зүгээс гэрээ байгуулах үеийн ханшаар тооцон, үлдэгдэл төлбөрийг төлөх нь зүйтэй гэж үзэж байгаа.

Хэрэгт авагдсан 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Монгол банкны ханшийн лавлагаагаар 1 ам.доллар 1297 төгрөг байх ба уг ханшаар тооцвол 48,875 ам.доллар нь 66,390,873 төгрөг болж байна.

Үүнээс төлсөн 52,579,969 төгрөгийг хасахад зөрүүд 10,810,906 төгрөг болно. Алдангийг уг мөнгөнөөс тооцох ёстой. Иймээс уг үнийн дүнд тохируулан гэрээний үүргийг биелүүлэх хүсэлтэй байна гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг  шинжлэн судлаад

                                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Ганьт” ХХК нь Ё.Мядагмаа, Н.Баянмөнх нараас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 29,386,150 төгрөг нэхэмжилж байна.

Хариуцагч тал нэхэмжлэлийг эс зөвшөөрч, үндэслэлээ “... гэрээ нь хууль тогтоомж зөрчсөн ..., ... үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлнө ...” гэж тайлбарладаг. /хх-64 дүгээр хуудас/

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хангав.

Хариуцагч Ё.Мядагмаа нь “Ганьт” ХХК-иас Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж буй орон сууцны 40д байрны 1 дүгээр орцны 12 дугаар давхрын 57,5 м.кв талбай бүхий 2 өрөө байрыг 1 м.кв-ыг нь 850 ам.доллараар тооцон  48,875 ам.доллараар худалдан авахаар тохиролцож, 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр “Захиалгаар орон сууц барих, бариулах” нэртэй гэрээ байгуулсан байх ба хариуцагч нь уг өдрөө байрны түлхүүрээ гардан авсан болох нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, зохигчдын тайлбар зэргээр тогтоогддог. /хх-7-14, 64-65 дугаар хуудас/

Улмаар хариуцагч Ё.Мядагмаагийн хүсэлтээр талууд гэрээндээ өөрчлөлт оруулан захиалагчийн нэрийг түүний нөхөр Н.Баянмөнхөөр сольсон байна.

Ингэснээр хариуцагч Н.Баянмөнх нь үүрэг гүйцэтгэгч болж, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний үүргийн харилцаа үүсчээ.

Маргалдагч талууд байрны үнээс төлсөн төлөлт, үлдэгдэл төлбөрийн дүнгийн хувьд маргаагүйн гадна хариуцагч тал үүргээ бүрэн биелүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрч, харин гэрээний үнийг гадаад валютаар тооцохоор тохиролцсон нь Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн, төлбөрийн үлдэгдлийг үүрэг үүсэх үеийн ханшаар тооцох ёстой” гэж  мэтгэлцдэг. /хх-16-20, 53-55, 64 дүгээр хуудас/

Зохигчид гэрээгээр байрны төлбөрийг 4 шатлалтайгаар, тухайн үеийн ам.долларын ханшаар тооцон хэсэгчлэн төлөхөөр тохиролцон хуваарь гаргахдаа 4 дэх шатны төлөлтийн дүн, хугацааг тодорхой тогтоогоогүй байх боловч гэрээний 3.3-т үлдэгдэл төлбөрийг гүйцэтгэгч талаас байрны түлхүүрийг хүлээн авах өдрөө төлж барагдуулахаар гэрээнд тусгасан байна. /хх-8-9/

Гэвч нэхэмжлэгч компанийн хувьд гэрээ байгуулсан өдрөө байрны түлхүүрийг гардуулан өгсөн байдаг бөгөөд хариуцагч тал нь байрны үнээс 39,130 ам.доллар буюу 52,579,969 төгрөгийг цувуулан төлж, үлдэх төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй байна. /хх-16-20, 53-55 дугаар тал/

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй учир шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан дээрх худалдах-худалдан авах гэрээг Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т нийцсэн, уг хуульд харшлаагүй, хуулийн хүчин төгөлдөр гэрээ гэж үзлээ.

Хариуцагч Н.Баянмөнх, “Ганьт” ХХК-д хандан, Улсын бүртгэлийн газарт байрны төлбөрийг 100 хувь төлсөн гэсэн тодорхойлолт гаргуулахыг хүсч, үлдэгдэл төлбөрийг 2011 оны 11 дүгээр сард төлж барагдуулахаар амлаж байсан болох нь түүний 2011 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн өргөдлөөр нотлогдож байна. /хх-22 дугаар тал/

Түүнчлэн хариуцагч Ё.Мядагмаа нь нэхэмжлэгч “Ганьт” ХХК-ийн 2012 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 12/140 тоот, үлдэгдэл төлбөрөө мөн сарын 20-ны дотор төлөх тухай мэдэгдлийг мөн сарын 14-ний өдөр хүлээн авч байжээ. /хх-23 дугаар тал/

Дээрхээс дүгнэхэд маргалдагч талууд 4 дэх шатны үүрэг гүйцэтгэх хугацааг гэрээнд заагаагүй учир хариуцагч Н.Баянмөнх нь үлдэгдэл төлбөрийг Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн шаардсанаар үүргийг нэн даруй гүйцэтгэх ёстой байна.   

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үлдэгдэл төлбөр болон алдангийг үүрэг үүсэх үеийн ханшаар буюу 2010 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ханшаар тооцох ёстой гэж мэтгэлцэхдээ Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх заалтыг үндэслэл болгодог.

Хуулийн уг заалтаас харахад төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан тохиолдолд үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэж ойлгогдохоор байна.

Хариуцагчийн хувьд төлбөр төлөх хугацаа нь өнгөрсөн учир нэхэмжлэгч талын шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн Монгол банкны албан ёсны ханшаар гадаад мөнгөн тэмдэгтийг төгрөгт шилжүүлэн тооцон нэхэмжилж байгааг буруутгах боломжгүй юм.

Түүнчлэн хариуцагч Н.Баянмөнх, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс гэрээний 5.2-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар тооцон алданги төлөх үүрэг үүсчээ.

Иймээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Н.Баянмөнхөөс 29,386,150 /хорин есөн сая гурван зуун наян зургаан мянга нэг зуун тавин/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ганьт” ХХК-д олгож, хариуцагч Ё.Мядагмаад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 304,881 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Н.Баянмөнхөөс 304,881 төгрөг гаргуулан “Ганьт” ХХК-д буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Н.Баянмөнхөөс 29,386,150 /хорин есөн сая гурван зуун наян зургаан мянга нэг  зуун тавин/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ганьт” ХХК-д олгож, хариуцагч Ё.Мядагмаад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

          2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 304,881 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Н.Баянмөнхөөс 304,881 төгрөг гаргуулан “Ганьт” ХХК-д буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 119.5-д заасны дагуу хүргүүлснийг гардан авсанд тооцох бөгөөд 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ч.ЦЭНД