| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Адъяа |
| Хэргийн индекс | 167/2020/0051/Э |
| Дугаар | 50 |
| Огноо | 2020-05-29 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөнтуяа |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 50
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж
Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Мөнгөнтуяа,
Шүүгдэгч Б.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөнтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Б.Ж-д холбогдох эрүүгийн 1919003220044 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1997 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Ш” ХХК-д жижүүр ажилтай, ам бүл 4, ээж, дүү нарын хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг Мааньзав гудамжны 2-6 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, М овогт Б.Ж, регистрийн дугаар ЕЗ9712****,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Ж нь гэм буруугийн санаатай хэлбэрээр 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ч” ХХК-ний 5 дугаар цахим худагны вакум цонхыг хагалж, дотор нь байсан ус түгээх төхөөрөмжийн мэдрэгчтэй смарт дэлгэцийг хууль бусаар гэмтээсний улмаас “Ч” ХХК-нд бага хэмжээнээс дээш буюу 472 500 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Ж шүүхийн хэлэлцүүлэгт: “…2019 оны 09 дүгээр сарын 12-ны 14 цагт өмнө нь Эм энд Ди телевизэд хамт ажиллаж байсан Ү гэдэг ахтай манай гэрийн ойролцоо гудамжинд уулзаад, дэлгүүрээс ууж, идэх юм аваад, найзынх нь машин дотор К банкны урд байж байсан. Шөнө 2-3 цаг хүртэл согтууруулах ундаа хэрэглэсэн. Дахиж дэлгүүр явж нэмж аваад үүрийн 5 цаг хүртэл уусан. Тэгээд би гарч яваад 75-ын урдуур гараад, Дэлгэрэх бөөний төвийн урдуур яваад Мааньзав хотхоны хойгуур гараад 5 дугаар цахим худгийн урдаас нь хойшоо гарч ирсэн. 5 дугаар цахим худгийн хажуу талын хөндлөн гудамжнаас нэг сүүлгүй цагаан нохой гарч ирээд дайрсан. Би худгаас 3-4 метрийн зайд байсан. Сандрахдаа чулуу аваад шидтэл худгийн цонхыг хагалчихсан. Дахиж худгийн доор очиж тоосго аваад араас нь урагшаа хөөж байгаад худгийнхаа зүүн талаар тойроод гэрлүүгээ явсан…” гэв.
2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Уг худаг нь байрлалын хувьд 3 гудамжны уулзвар хэсэгт байрлах ба ертөнцийн зүгээр урд талд нь буюу худгийн цонхруу харсан хяналтын камер, мөн худгийн дотор талд байрлуулсан хяналтын камерууд ажиллаж байв. Тухайн худгийн цонхоор 5*4 см хэмжээтэй чулуу шидэгдэн орсон байх ба уг чулуу нь цонхонд суурилуулсан төхөөрөмжийн түгээх дэлгэцийг хагалсан байдалтай байв...” гэжээ. Гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 7-10 дугаар хуудас/,
Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол / хх-ийн 11-12, 17 дугаар хуудас/,
Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоолд: “...Ч ХХК-ний ажилтан Б.М-с гаргаж өгсөн цагаан өнгийн цаасан дугтуйнд хийсэн “NUMBER 2017” гэх бичиглэлтэй... сиди хэрэгт ач холбогдолтой тул хэрэгт хавсаргах...” гэжээ / хх-ийн 13 дугаар хуудас/,
Эд зүйл хураан авч, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэлд: “...Б.Ж-ээс хар цагаан өнгөтэй ар хэсгээрээ улаан өнгөтэй, улаан өнгийн ултай 43 размерын жордан брендийн 1 хос пүүзийг хураан авав...” гэжээ / хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
Хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ний 2019 оны 09 сарын 20-ны өдрийн ТХҮ-219-11 тоот: “...ус түгээх төхөөрөмжийн мэдрэгчтэй смарт дэлгэц 1 ширхэг 454 500 төгрөг, вакум цонхны шил 2 ширхэг 18 000 төгрөг нийт 472 500 төгрөг ...” гэсэн дүгнэлт / хх-ийн 40-44 дүгээр хуудас/,
Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 13-ны өглөө 08 цагт ажил эхлэхийн үед Ч ХХК-ний нарийн бичиг Тунгалаг нь 99440295 дугаараас миний өөрийн дугаар луу залгаж “5-р ус түгээгүүрийн цонх нь хагарсан юм шиг байна” гэж хэлний дагуу тухайн худгийн гаднах хяналтын камерыг үзэхэд 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өглөө 06 цаг 17 минутын үед үл таних этгээд цонх руу чулуу шидэж, гэмтээсэн талаар мэдээд цагдаагийн байгууллагад хандсан...манай байгууллагад смарт төхөөрөмжийн дэлгэц нь 500 000 төгрөг, вакум цонх 50 000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний байгууллага элэгдэл хорогдол тооцож нийт 472 500 төгрөгний хохирлын үнэлгээ гаргасан тул 472 500 төгрөгийг нэхэмжилнэ... 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр бэлнээр 472 500 төгрөгийг надад өгсөн. Одоо манай байгууллага болон миний зүгээс ямар нэгэн гомдол, санал байхгүй...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 28-31 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Б.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Үүрийн цолмон гэдэг ахтай 14 цагийн үед уулзалдаад хамт 6 баатарын урд нэрийг нь мэдэхгүй зүс харж байсан ахын гэрт очоод 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өглөөний 5 цаг хүртэл архи ууцгаасан. Би нилээн согтчихсон, 05 цагийн үед тэдний гэрээс ганцаараа гараад гэрлүүгээ алхаж явсан. Тэгтэл 75 худалдааны төвийн зүүн тийшээ 5 дугаар цахим худагтай гудамжаар ороод явж байтал худгийн хажуу талын гудамжнаас цагаан өнгийн нохой гэнэт гарч ирээд хазах гээд дайраад байхаар нь чулуу аваад шидчихсэн чинь худагний цонхыг хагалчихсан...” гэсэн мэдүүлэг /хх- ийн 55-56 дугаар хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Б.Ж нь гэм буруугийн санаатай хэлбэрээр 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ч” ХХК-ны өмч болох 5 дугаар цахим худагны вакум цонхыг хагалж, дотор нь байсан ус түгээх төхөөрөмжийн мэдрэгчтэй смарт дэлгэцийг хууль бусаар гэмтээсний улмаас “Ч” ХХК-нд бага хэмжээнээс дээш буюу 472 500 төгрөгний хохирол учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хяналтын камерыг үзэхэд 2019 оны 09 сарын 13-ны өдрийн 06 цаг 17 минутын үед үл таних этгээд цонх руу чулуу шидэж, гэмтээсэн талаар мэдээд цагдаагийн байгууллагад хандсан... Үнэлгээний байгууллага элэгдэл хорогдол тооцож нийт 472 500 төгрөгний хохирлын үнэлгээ гаргасан тул 472 500 төгрөгийг нэхэмжилнэ. 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр бэлнээр 472 500 төгрөгийг надад өгсөн. Одоо манай байгууллага болон миний зүгээс ямар нэгэн гомдол, санал байхгүй...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Б.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 сарын 13-ны өдрийн 05 цаг хүртэл архи ууцгаасан. Би нилээн согтчихсон, 05 цагийн үед тэдний гэрээс ганцаараа гараад гэрлүүгээ алхаж явсан. Тэгтэл 75 худалдааны төвийн зүүн тийшээ 5 дугаар цахим худагтай гудамжаар ороод явж байтал худгийн хажуу талын гудамжнаас цагаан өнгийн нохой гэнэт гарч ирээд хазах гээд дайраад байхаар нь чулуу аваад шидчихсэн чинь худагний цонхыг хагалчихсан...” гэсэн мэдүүлгүүд, 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн: “...Уг худаг нь байрлалын хувьд 3 гудамжны уулзвар хэсэгт байрлах ба ертөнцийн зүгээр урд талд нь буюу худгийн цонхруу харсан хяналтын камер, мөн худгийн дотор талд байрлуулсан хяналтын камерууд ажиллаж байв. Тухайн худгийн цонхоор 5*4 см хэмжээтэй чулуу шидэгдэн орсон байх ба уг чулуу нь цонхонд суурилуулсан төхөөрөмжийн түгээх дэлгэцийг хагалсан байдалтай байв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай: “...Ч ХХК-ний ажилтан Б.М-с гаргаж өгсөн цагаан өнгийн цаасан дугтуйнд хийсэн “NUMBER 2017” гэх бичиглэлтэй... сиди хэрэгт ач холбогдолтой тул хэрэгт хавсаргах...” гэсэн мөрдөгчийн тогтоол, эд зүйл хураан авч, эд зүйлд үзлэг хийсэн тухай “...Б.Ж-ээс хар цагаан өнгөтэй ар хэсгээрээ улаан өнгөтэй, улаан өнгийн ултай 43 размерын жордан брендийн 1 хос пүүзийг хураан авав...” гэсэн тэмдэглэл, хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ний 2019 оны 09 сарын 20-ны өдрийн ТХҮ-219-11 тоот: “...ус түгээх төхөөрөмжийн мэдрэгчтэй смарт дэлгэц 1 ширхэг 454 500 төгрөг, вакум цонхны шил 2 ширхэг 18 000 төгрөг нийт 472 500 төгрөг ...” гэсэн үнэлгээний дүгнэлт болон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Ж нь гэм буруугийн талаар маргаагүй, зүйлчлэлийг зөвшөөрч байгаа боловч “...нохой гарч ирээд хазах гээд дайрахаар нь чулуу аваад шидтэл худагны цонх хагалчихсан...” гэсэн агуулга бүхий мэдүүлэг өгсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, хэрэгт авагдсан нотлох баримт болох камерын бичлэгийг шүүх хуралдаанд шинжлэн судлахад уг камерын бичлэг нь худгын 2 талаас нь бичсэн бичлэг байх ба аль ч талаас нохой гарч ирсэн тохиолдолд харагдах боломжтой байна. Бичлэгээр нохой гарч ирэн Ж рүү дайрсан, нохой руу чулуу шидэж байгаа ямар ч дүрс бичигдээгүй, харин Ж нь гуйвсан байдалтай байгаа нь түүний согтуу болохыг харуулахаас гадна цонх руу чулуу шидэж, худгийн зүүн талаар тойрч цааш явах дүрс тод харагдаж байгаагаар няцаагдаж байх тул түүнийг болгоомжгүйгээр эд хөрөнгийг гэмтээсэн гэх үндэслэлгүй байна.
Шүүгдэгч Б.Ж-ийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, хэргийн зүйлчлэл бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Иймд шүүгдэгч М овогт Б.Ж-г бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Ж өөрийгөө өмгөөлж “...би тогтсон ажилтай, тодорхой хэмжээний орлоготой тул прокурорын зүгээс санал болгосон нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь тохирохгүй, харин торгуулын ял оногдуулж тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтой...” гэсэн саналыг улсын яллагчийн зүгээс эсэргүүцэж нэмэлт тайлбар гаргаагүй, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж улсын орлогод оруулах нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Б.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн жордан брендийн 1 хос пүүзийг шүүгдэгч Б.Ж-д буцаан олгож, теле камерын хяналтын бичлэг бүхий сиди 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч М овогт Б.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж нь торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн жордан брендийн 1 хос пүүзийг шүүгдэгч Б.Ж-д буцаан олгож, теле камерын хяналтын бичлэг бүхий сиди 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Б.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА