Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2017/00352

 

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2017/00352

Улаанбаатар хот

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 44/2 дугаар байрны 44 тоотод оршин суух, Халзад овогт Дансрангийн Батхуяг /РД-ЧЛ60032811/-ийн,

Хариуцагч: Баянгол дүүрэг, Сөүлийн гудамж-42, 3 дугаар хороо, өөрийн байранд оршин байгаа Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан гаргасан,

Тушаал хүчингүй болгуулж, ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8,253,000 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, мөн сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Батхуяг, түүний өмгөөлөгч Б.Батбаяр /шүүхэд төлөөлөх эрх-1960/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Батхуяг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би 1990 оны 01 дүгээр сараас УБТЗ-ын Тээш худалдааны төвд 27 жил тасралтгүй ажилласан бөгөөд уг хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлж, гүйцэтгэсээр ирсэн. Тэрээр 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс УБТЗ-ын Тээш худалдааны төвийн даргаар ажиллаж байгаад 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Б-II-100 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөндөө гомдолтой байна.

Дээрх тушаалд “Тээш худалдааны төвийн 2015 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн дотоод аудитын тайлан, түрээсийн гэрээ түүний хэрэгжилтийн талаар Санхүү нягтлан бодох бүртгэлийн албанаас хийсэн шалгалтаар тавигдсан актыг тус тус үндэслэн Тээш худалдааны төвийн дарга Д.Батхуягийг 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс ажлаас халах шийтгэл ногдуулсугай” гэжээ. Гэтэл ажил олгогчийн итгэлийг алдсан гэх аливаа буруутай үйлдэл гаргасан нь тогтоогдоогүй.

Мөн ажлаас халах тушаалыг намайг ээлжийн амралттай байх хугацаанд гаргасан бөгөөд намайг 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр ажилдаа ирэхэд чөлөөлсөн байсан. Надад тушаалыг өгч танилцуулаагүй.

Намайг 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн тушаалаар ажлаас чөлөөлсөн гэх атлаа би 8 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл ажлаа хийгээд, гарын үсгээ зураад явж байсан.

Ингэж үндэслэлгүй халагдсанаар миний 27 жилийн хөдөлмөр үгүйсгэгдэж, өндөр насны тэтгэвэр тогтоолгоход авдаг 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж авах боломжгүй болж байна.

Намайг түрээсийн гэрээ үндэслэлгүй байгуулж, 59,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэж ярьж байна. 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр санхүү нягтлан бодох бүртгэлийн албанаас илтгэх хуудас өгсөн. Аудитын тайлангаар 39 сая төгрөг төлөгдөөгүй гэсэн. Би дур мэдэн гэрээ хийж, Улаанбаатар төмөр замыг хохироогоогүй. Холбогдох хүмүүс нь зөвшөөрсний үндсэн дээр энэ гэрээг хийсэн. Хууль зүйн албанаас зөвшөөрөл авах гэсэн боловч 12 дугаар сарын 21-ний өдөр гэрээ орж ирсэн.

          Рояал шүр ХХК нь Улаанбаатар төмөр замын маш олон обьектыг түрээсэлдэг бөгөөд манай хуулийн алба бүх гэрээг дэмждэг байсан. Гол нь энэ компани надад төсвөө өгч хянуулаагүй, гүйцэтгэлийг нь гаргуулж өгөөгүй юм.

          Аудитын тайлантай холбоотой 7 акт, 6 шаардлага бүрэн хэрэгжсэн байдаг.

Иймд сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоон, ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 8,253,000 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэн, бичилт хийхийг хариуцагч талд даалгаж өгнө үү гэв.

Намайг ээлжийн амралттай байх хугацаанд ажлаас халсан учир өмнө нь эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 8,253,000 төгрөг гаргуулан, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчид 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халсан. Энэ тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.3 дахь хэсэг, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын дүрмийн 22а заалтуудыг удирдлага болгосон. Мөн 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн шуурхай хурлын тэмдэглэл, саналыг үндэслэсэн.

2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс хойш Тээш худалдааны төвийн  санхүүгийн үйл ажиллагаанд аудитын шалгалт хийж, 13 акт тавьсан. Эдгээр актуудыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Тиймээс зөрчил гаргасан ажилтан, албан тушаалтанд нэг сарын ажлаа сайжруулах хугацаа олгосон боловч ажил сайжруулах тухай удирдлагаас шаардсан шаардлагыг биелүүлээгүй. Тиймээс 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хурлаар зөрчил гаргасан ажилтан, албан тушаалтныг ажлаас чөлөөлөх саналыг хэлэлцэж, уг саналыг Замын даргад уламжлахаар шийдвэрлэсэн. Тиймээс Замын даргын гаргасан ажлаас халах тухай тушаал нь хууль хэрэглээний алдаагүй, бодит байдлын үндэслэлтэй гарсан гэж үзэж байна.

2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн шуурхай хуралд нэхэмжлэгч, нягтлан бодох бүртгэлийн албаны дарга, орлогч дарга, хэлтсийн дарга, эд хөрөнгийн бүртгэл, хууль зүйн алба, хүний нөөц, аудитын алба, Зорчигч үйлчилгээний тээврийн алба, Тээш худалдааны төв зэрэг нийт 25 ажилтныг оролцуулж, 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс хойш Тээш худалдааны төвийн санхүүгийн албанд тавигдсан 13 актуудыг хэлэлцсэн. Энэ хурлаар аудитын шалгалтыг үндэслэлтэй хийсэн эсэх, бодит нөхцөл байдалтай таарч байгаа эсэх, аудитын шалгалтаар хийсэн зөрчлүүд бүрэн нотлогдож байгаа эсэх талаар хэлэлцсэн. Аудитын шалгалтаар тавигдсан актууд нь бүгд баримтаар нотлогдож байгаа бөгөөд актуудыг үгүйсгэж, няцаах ямар нэгэн баримт гарч ирээгүй. Ингээд замын дарга хурлын тэмдэглэл, саналыг хянан үзэж, зөрчил гаргагч этгээдүүд нь санхүү, нягтлан бодох бүртгэлийн наад захын дүрэм, журам зөрчсөн байна, мөн Улаанбаатар төмөр замын эд хөрөнгөд бодитоор хохирол учруулсан гэж үзэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.3 дахь хэсгийг баримталж, сахилгын шийтгэл ногдуулсан.

Аудитын шалгалт нь 2015 оныг бүхэлд хамраагүй бөгөөд мөн оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс хойшхи үйл ажиллагаанд шалгалт хийж, тайлангаа тавьсан. Энэ тайланг 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хурлаар нэхэмжлэгчийн гаргасан алдаа, зөрчил, дутагдлыг эрх бүхий ажилтнууд хэлэлцэж баталсан. Ингээд тус хурлаас хойш 1 сарын хугацаа өнгөрөөгүй байхад буюу 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Замын даргын Б-II-100 дугаар тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтын субьект нь мөнгөн хөрөнгө, хөрөнгө, захиран зарцуулах эрх бүхий ажилтан байна гэж заасан. Тэгэхээр сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.3 дугаар зүйлүүдийг баримталсан нь хууль хэрэглээний алдаагүй юм.

Хоёрдугаарт, нэхэмжлэгч ээлжийн амралттай байхад ажлаас халсан гэж байгаа. Замын орлогч дарга өөрөө хурлыг удирдаж хийгээд 1 сарын хугацаа өгч, алдаа дутагдлаа арилгах үүрэг даалгавар өгөөд байхад нэхэмжлэгч ямар эрхтэй гэж замын орлогч даргын өгсөн үүрэг даалгаврыг зөрчиж, ээлжийн амралтаа авч байгаа юм бэ. Нэхэмжлэгч нь ээлжийн амралтыг бодитоор эдлээгүй бөгөөд амралттай байсан гэх хугацаандаа албан үүрэг гүйцэтгэхтэй холбоотой 56 баримт дээр гарын үсэг зурсан байдаг. Энэ нь түүнийг ээлжийн амралттай байсан биш, албан үүргээ гүйцэтгэж байсныг харуулж байгаа юм.

Мөн Д.Батхуяг нь 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаагүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан байгаа. Хэрэв энэ хугацааг өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас алдсан бол гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх тухай хүсэлт гаргаж байж, энэ хүсэлтийн үндсэн дээр нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээсний дараа нэхэмжлэл гаргах ёстой. Ингэж байж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа цааш үргэлжлэх юм. Нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргасан атлаа өөрөө нэхэмжлэлээ дэмжиж ирээгүй тул шүүх нэхэмжлэлийг буцаасан. Нэхэмжлэлээ дэмжиж ирээгүй хүнийг хуулийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэл байхгүй. Хууль мэдэхгүй нь хуулиас чөлөөлөх хууль зүйн үндэслэл болохгүй.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч “аудитын тайлан нь 2015 оныг бүхэлд нь хамруулсан” гэж тайлбарлаж байна. Гэтэл аудитын тайлан нь 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хийгдсэн байгаа.

Нэхэмжлэгч нь “Рояал шүр” ХХК-ийг 59.2 сая төгрөгийн түрээсээс дур мэдэн чөлөөлсөн байсан. Ямар санхүүгийн баримт, ямар хуулийг үндэслээд чөлөөлсөн тухай ямар нэгэн баримт байхгүй байгаа. Тиймээс ямар үндэслэлээр түрээсийн төлбөрөөс чөлөөлсөн тухай баримтыг бүрдүүлж өгөх шаардлага тавьсан боловч өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй. Түрээсийн гэрээнд нэхэмжлэгч өөрөө гарын үсэг зурж, гэрээг байгуулсан. Тэгэхээр гэрээний хариуцлагыг нэхэмжлэгч хүлээхээс биш, байгууллага хүлээх хууль зүйн үндэслэл байхгүй юм.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

                                                                               

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Д.Батхуяг нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан, тус Замын даргын 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Замын даргын Б-II-100 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан бүх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8,253,000 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах нэхэмжлэл гаргасан байна.

          Хариуцагч тал нэхэмжлэлийг эс зөвшөөрч, үндэслэлээ “... гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, ... Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-д заасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон учир сахилгын арга хэмжээ авч ажлаас халсан, ... ээлжийн амралтаа аваагүй, ажлаа хийж байсан ...” гэж тайлбарладаг. 

          Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзлээ.

          1.Гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны хувьд:

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэр хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заажээ.

Нэхэмжлэгч Д.Батхуяг нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын Сахилгын шийтгэл ногдуулах тухай 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Б-II-100 дугаар тушаалыг мөн оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн аваад гомдлоо мөн сарын 19-ний өдөр шүүхэд гаргасныг шүүх хүлээн авч тухайн сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн байна. /хх-185, 190 дугаар хуудас/

Ингэснээр Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалджээ.

          Улмаар 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжин ирээгүйгээс тус шүүхийн шүүгчийн 102/ШЗ2016/24979 дүгээр захирамжаар нэхэмжлэлийг буцааснаар хөөн хэлэлцэх хугацааны тасалдал зогссон байх ба нэхэмжлэгч Д.Батхуяг нь мөн сарын 20-ны өдөр шүүхэд дахин нэхэмжлэл гаргаснаар Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шинээр тоолох үндэслэл бий болжээ.

          Иймээс нэхэмжлэгч Д.Батхуягийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан гомдлын шаардлага гаргах хугацааг зөрчөөгүй гэж үзлээ.

          2.Сахилгын шийтгэл ногдуулсан зөрчлийн хувьд:

          Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын дарга нь 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Б-II-100 дугаар тушаал гарган, Тээш худалдааны төвийн дарга Д.Батхуягийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна. /хх-7 дугаар тал/

          Уг тушаалыг нэхэмжлэгч эс зөвшөөрч, шүүхэд нэхэмжлэл гаргасан ба үндэслэлээ “... Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-д заасан буруутай үйлдэл тогтоогдоогүй, ... нэхэмжлэгч 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс тус ажлыг хүлээж авсан байхад өмнөх ажилтай ялгаж, хохирлын хэмжээг зааглаагүй ...” гэж тайлбарлаж байгааг шүүх үндэслэлгүй гэж үзлээ. 

          Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас харахад Улаанбаатар төмөр замын дотоод аудит хяналтын хэлтсээс Тээш худалдааны төвийн 2015 оны 5  дугаар сарын 01-нээс, Дархан, Зүүнхараа, Чойр, Сайншанд, Замын-Үүд хэсгийн 2015 оны 5 дугаар сарын 01-нээс 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх санхүүгийн тайлан мэдээ, анхан шатны баримтууд, байгууллагын санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан, мэдээлэл, удирдлагын тушаал, гэрээнүүд болон бусад баримт материалд аудит хийжээ.

          Уг аудитын шалгалтын 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 61/04/08 тоот тайлангаар худалдааны борлуулалтын орлого буурснаас ашиг эрс буурсан, тээшийн хэсгийн алдагдал нь ашгийн төлөвлөгөөг тасрахад нөлөөлсөн, ногооны зоорь, хөргөх камер зэрэг обьектууд нь зориулалтын дагуу ажиллахгүй бүгд түрээсэнд очсон, санхүүгийн тайланг зохих журмын дагуу гаргасан боловч өглөг авлагын тооцоог нийлж бүрэн баталгаажуулаагүй, нягтлан бодох бүртгэлийг буруу зөрүү хөтөлж алдаа их гаргасан, анхан шатны баримтыг дутуу бүрдүүлдэг, гэрээний хэрэгжилтийг дүгнэдэггүй, худалдан авалтын хөнгөлөлт урамшууллын тооцоог хянадаггүй зэрэг зөрчил дутагдал байна гэж дүгнэсэн байх бөгөөд Улаанбаатар төмөр замын дотоод аудит хяналтын хэлтсийн аудиторын акт болон албан шаардлагаар илэрсэн зөрчлүүдийг арилган, актыг 2016 оны 8 дугаар сарын 31-ний дотор төлөхийг, албан шаардлагын биелэлтийг Дотоод аудитын хэлтэст 2016 оны 7 дугаар сарын 01-ний дотор ирүүлэхийг Тээш худалдааны төвийн дарга Д.Батхуягт хариуцуулсан байна. /хх-24-75 дугаар тал/

          Нэхэмжлэгч Д.Батхуяг нь Улаанбаатар төмөр замын Тээш худалдааны төвийн даргын албан тушаал эрхэлж байсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан гэдэгт хамаарах бөгөөд түүний хариуцаж байсан албаны зөрчил нь ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байна.

Иймээс нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан буруутай эс үйлдэхүй гаргасан гэж үзнэ.

Гэхдээ хариуцагч тал Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Батхуягт сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах ёстой байхад уг хугацааг хэтрүүлэн, Замын даргын 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн тушаалаар ажлаас халсан байдаг. /хх-7 дугаар тал/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан шүүх хуралдаанд нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулахыг 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хурлаар хэлэлцэж баталсан, хурал хийсэн өдрийг зөрчлийг илрүүлсэн өдөрт тооцно гэж мэтгэлцдэг. /хх-178-179 дүгээр хуудас/

Хэрэгт авагдсан Улаанбаатар төмөр замын Тээш худалдааны төвийн 2015 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн дотоод аудитын шалгалтын тайлангийн 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хурлын тэмдэглэлээс харахад хурлаар дотоод аудитын тайлангийн дүнг танилцуулан хэлэлцэж, тайлангаар илэрсэн зөрчилтэй холбогдуулан Д.Батхуягтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах саналыг Замын даргад уламжлахаар шийдвэрлэсэн байх тул зөрчлийг илрүүлсэн өдөр гэж үзэх боломжгүй юм. /хх-77-87 дугаар тал/

Харин нэхэмжлэгч нь дотоод аудитын тайлан, акт, албан шаардлагатай 2016 оны 5 дугаар сарын 25-нд танилцаж, гарын үсэг зурсан байх тул энэ өдрийг зөрчлийг илрүүлсэн өдөрт тооцно. /хх-61-75 дугаар тал/

Дээрхээс дүгнэхэд хариуцагч Улаанбаатар төмөр зам, ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх дууссан байхад нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ цуцалсан нь буруу болжээ. /хх-7, 61 дүгээр хуудас/

Түүнчлэн хариуцагч тал, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т заасан буюу ээлжийн амралттай байгаа ажилтны ажил албан тушаалыг хэвээр хадгалах заалтыг зөрчсөн байна.

          Хариуцагч тал Д.Батхуягийг тушаал гарах үед ажиллаж байсан гэж марган, шүүхэд Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Ээлжийн амралтын хуваарь батлах тухай” Б-III-11 дүгээр тушаал, Тээш худалдааны төвийн даргын тушаал, түүний гарын үсэг бүхий банкны чекүүд, төлбөрийн даалгавар, банкуудад явуулсан албан бичгүүдийг нотлох баримтаар гаргаж өгчээ. /хх-115-171 дүгээр тал/

          Хэдийгээр Д.Батхуяг нь Замын даргын баталсан тушаалаар 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс амрах хуваарь гарсан, мөн дээрх тушаал, албан бичигт гарын үсэг зурсан байгаа боловч 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс ээлжийн амралтаа албан ёсоор эдэлж байсан болох нь хариуцагч байгууллагын Хүний нөөцийн албаны 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн мэдэгдэх хуудас, цагийн бүртгэл, нэхэмжлэгчийн 2016 оны цалингийн картын нэгдсэн тайлан зэргээр нотлогдож байна. /хх-8, 103-104, 106-107 дугаар тал/

          Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Б-II-100 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Батхуягийг Улаанбаатар төмөр замын Тээш худалдааны төвийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Ажилгүй байсан бүх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх шаардлагын хувьд:

Нэхэмжлэгч нь ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор нэхэмжилж, ажилгүй байсан хугацааг 2016 оны 8 дугаар сарын 18-наас 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцон  8,253,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна.

Шүүх нэхэмжлэгч Д.Батхуягийг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон учир хариуцагч байгууллагад Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу ажилтанд ажилгүй байсан бүх хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох үүрэг үүссэн гэж үзлээ.

Ажилтны ажилгүй байсан хугацааг нийт ажлын 2016 оны 8 дугаар сарын 18-наас 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацаагаар, дундаж цалин хөлсийг нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7.а-д заасны дагуу нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 2, 3, 4 дүгээр сарын цалин хөлснөөс тооцоход ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор нь 8,230,950 төгрөг болж байгаа боловч хариуцагч тал нэхэмжлэгчийн шаардаж буй цалин, хөлсний хэмжээ буюу 8,253,000 төгрөгийн хувьд маргаагүй учир шүүх энэ хэмжээгээр нэхэмжлэлийг хангаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 8,253,000 /найман сая хоёр зуун тавин гурван мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Батхуягт олгохоор шийдвэрлэлээ.

Мөн хариуцагчид Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу нэхэмжлэгч Д.Батхуягийн нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих журмын дагуу сар бүр шимтгэл, хураамж төлсөн бичилт хийхийг үүрэг болгов.

Энэхүү маргаан нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг учир Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Батхуягийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу хариуцагч байгууллагаас 146,998 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Б-II-100 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Батхуягийг Улаанбаатар төмөр замын Тээш худалдааны төвийн даргын ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоон, хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 8,253,000 /найман сая хоёр зуун тавин гурван мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Батхуягт олгож, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу хариуцагч байгууллагад нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг үүрэг болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Батхуягийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 146,998 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

                   

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ч.ЦЭНД