| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2020/00034/Э |
| Дугаар | 36 |
| Огноо | 2020-06-30 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Амаржаргал |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 36
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хонгорзул
Улсын яллагч Н.Амаржаргал
Хохирогч Ж.З, У.М
Шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Н.Амаржаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Хөвдүүд овогт Тулгын Б-д холбогдох эрүүгийн 2040000440048 дугаартай хэргийг 2020 оны 06 сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хот Багануур дүүрэгт төрсөн, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Батширээт сумын 4 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Т.Б.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Т.Б нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 37-41 тоотод оршин суух Ж.З гэрт түр амьдарч байхдаа түүний ХААН банкны виза картны нэвтрэх нэр, нууц үгийг мэдэж авснаар виза картыг 2020 оны 02 сарын 10-ны өдөр гэрээс нь хулгайлан авч, Улаанбаатар хотод 2020 оны 02 сарын 11-ний өдөр ирж офицерийн ордны дэргэд байршилтай ХААН банкны АТМ-ээс виза картаар нэвтрэх нэр, нууц үгийг уншуулан 965.000 төгрөгийг,
Мөн 2020 оны 02 сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг Хангайн 1200 тоотод оршин суух У.М гэрт нь байхдаа түүнийг интернэт банкаар гүйлгээ хийх үед нь нэвтрэх нэр, нууц үгийг мэдэж авч улмаар Улаанбаатар хот явах замдаа 2020 оны 02 сарын 11-ний өдөр өөрийн утсаар У.М ХААН банкны ............. тоот данс руу нэвтрэн орж интернэт банкнаас 14 цаг 39 минутад 1.000.000 төгрөг, 14 цаг 40 миунтад 1.164.000 төгрөг нийт 2.164.000 төгрөгийг авч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 3.129.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Т.Б нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг оршин суух Ж.З гэрт түр амьдарч байхдаа түүний ХААН банкны виза картны нэвтрэх нэр, нууц үгийг мэдэж авснаар виза картыг 2020 оны 02 сарын 10-ны өдөр гэрээс нь хулгайлан авч, Улаанбаатар хотод 2020 оны 02 сарын 11-ний өдөр ирж офицерийн ордны дэргэд байршилтай ХААН банкны АТМ-ээс виза картаар нэвтрэх нэр, нууц үгийг уншуулан 965.000 төгрөг, виза картны үнэ 15.000 төгрөг, нийт 980.000 төгрөгийг
Мөн 2020 оны 02 сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг Хангайн 1200 тоотод оршин суух У.М гэрт нь байхдаа түүнийг интернэт банкаар гүйлгээ хийх үед нь нэвтрэх нэр, нууц үгийг мэдэж авч улмаар Улаанбаатар хот явах замдаа 2020 оны 02 сарын 11-ний өдөр өөрийн утсаар У.М ХААН банкны ............. тоот данс руу нэвтрэн орж интернэт банкнаас 14 цаг 39 минутад 1.000.000 төгрөг, 14 цаг 40 миунтад 1.164.000 төгрөг нийт 2.164.000 төгрөгийг авч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 3.144.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн, хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
-Хохирогч Ж.З 2020 оны 03 сарын 05-ны өдөр өгсөн: “...Би 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гэртээ эхнэр хүүхдийн хамт байхад 14 цагийн миний Хаан банкны ............. тоот дансанд 2020 оны 01 дүгээр сарын цалин болох 919.000 төгрөг орсон. Тэгээд тус өдөр миний Хаан банкны ............. тоот данснаас 15 цаг 36 минутанд 965.000 төгрөгний зарлага гарсан. Миний утсанд мэдээлэл ирсэн. Би өөрийн Хаан банкны данснаас ямар нэгэн гүйлгээ хийгээгүй мөн манай эхнэр ямар нэгэн гүйлгээ хийгээгүй. Миний Хаан банкны интернэт банкны нууц үгийг би ганцаараа мэднэ өөр хүн мэдэхгүй. Тэгтэл гэнэт гүйлгээ хийгдсэн. Би Хаан банкны цэнхэр өнгийн олон улсын виза карттай. Би тэгэхээр нь Хаан банкны лавлах 1800-1917 дугаар руу залгаад асуухад Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг Офицерийн Хаан банкны АТМ-ээс виза картаар авсан байна гэж хэлсэн. Миний Хаан банкны виза картны нууц үг 7925 гэсэн байгаа ба эхнэр бид хоёроос өөр хүн мэдэхгүй. Намайг ажилтай үед эхнэр ашигладаг байсан. Би өөрийн интернет банкаа ашигладаг. Манай гэрт 2020 оны 02 дугаар сарын эхэн үеэр урьд нь Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрт 2019 оны 10 сараас 2019 оны 12 cap хүртэл хамт ажиллаж байгаад ажлаасаа гарсан Т.Б гэх залуу манай гэрт ирээд Бор-Өндөрт амьдарч байсан айлын гэрт хүмүүс ирчихсэн болохоор очиж болохгүй байна танай гэрт хэд хоноё гэж хэлээд ирсэн. Тэгэхээр нь эхнэр бид 2 гэртээ хэд хонуулсан. Тэр үед би виза картаа хүнд өгч гаргаж байсан ба тэр үед Б миний виза картны нууц үгийг сонссон. Тэгээд 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр намайг ажилдаа яваад ирэхэд явсан байсан. ...Би өөрийн интернэт банкны нууц үгийг хэн нэгэнд хэлээгүй, би болон манай эхнэр бид хоёр Б-д ямар нэгэн өр, авлагын асуудал байхгүй” гэх мэдүүлэг /хх-н 16-17 хуудас/
-Хохирогч У.М 2020 оны 03 сарын 03-ны өдөр өгсөн: “...Би 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гэртээ байхад 14 цаг 40 минутын үед миний Хаан банкны ............. тоот дансанд 2020 оны 01 дүгээр сарын цалин болох 2.800.000 төгрөг орсон. Тэгээд тус өдөр гэртээ эхнэрийн хамт байхад миний Хаан банкны ............. тоот данснаас 14 цаг 39 минутанд 1.000.000 төгрөг 111 гэсэн утгатайгаар өөр хүний данс руу шилжсэн мэдээлэл утсанд ирсэн. Тэгээд 14 цаг 40 минутанд дахин 1.164.000 төгрөг 111 гэсэн утгатайгаар өөр хүний данс руу шилжсэн мэдээлэл утсанд ирсэн. Би өөрийн Хаан банкны данснаас ямар нэгэн гүйлгээ хийгээгүй, мөн манай эхнэр ямар нэгэн гүйлгээ хийгээгүй. Миний хаан банкны интернэт банкны нууц үгийг манай эхнэр бид 2-оос өөр хүн мэдэхгүй. Тэгтэл гэнэт гүйлгээ хийгдсэн. Мөн тэр шилжүүлсэн данс нь Хаан банкны данс биш Хас банкны данс учраас мэдээлэл дээр дансны дугаар харагдаагүй. Нийт 2 удаагийн гүйлгээгээр 2.164.000 миний данснаас гарсан. ...Хамт ажилладаг байсан Б гэх залуу манай гэрт орж ирээд “Би Бор-Өндөрт хувийн уурхайд ажилд орох гэж байгаа шөнө ажилд гарна, үсээ засуулах гэсэн юм 7.000 төгрөг өгөөч” гэж хэлэхээр нь би 7.000 төгрөг Хаан банкны данс руу шилжүүлсэн. Тэр үед Б миний хажууд байсан учраас интернет банкны нууц үгийг цээжилсэн байж магадгүй...” гэх мэдүүлэг /хх-н 69-70 хуудас/
-Гэрч Э.Д-ийн 2020 оны 03 сарын 03-ны өдөр өгсөн: “...Тэгээд бид банкнаас дансны хуулгыг нь аваад үзэхэд Хаан банкны ............. тоот данснаас 14 цаг 39 минутанд 1.000.000 төгрөг 111 гэсэн утгатайгаар өөр хүний данс руу шилжсэн мөн 14 цаг 40 минутанд дахин 1.164.000 төгрөг 111 гэсэн утгатайгаар өөр хүний данс руу шилжсэн байсан. Би болон манай нөхөр Хаан банкны данснаас ямар нэгэн гүйлгээ хийгээгүй. Манай нөхрийн Хаан банкны интернэт банкны нууц үгийг манай нөхөр бид 2-оос өөр хүн мэдэхгүй. ...Тэгээд дараа нь нөхрөөсөө юу болсон талаар асуухад Б үс засуулна гээд 7.000 төгрөг нөхрөөс авсан байсан. Тэгээд би данснаас 2.164.000 төгрөг алдагдахаар нь нөхөртөө Т.Б 7.000 төгрөг авахдаа хажууд чинь байсан юм уу гэхэд манай нөхөр Т.Б миний хажууд зогсож байсан гэж хэлсэн. Манай нөхрийн интернет банкны нэвтрэх нэр 93112913 нууц үг Dulmaa1102 гэж байсан” гэх мэдүүлэг /хх-н 75-76 хуудас/
-Яллагдагч Т.Б : “...Би 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр тэдний гэрээр очоод гарахдаа З цэнхэр өнгийн Хаан банкны виза картыг нь аваад гарсан. З гэрийн том өрөөний ширээн дээр байхад нь түүнд мэдэгдэлгүй нууцаар аваад гарсан. Тухайн үед 15 цаг болж байсан байх. З гэрээс гараад У гэрт очиж байж байгаад орой тэдний гэрт хоносон. У гэрт хоночихоод 2020 оны 02 дугаар сарын 11-ний өглөө автобусаар Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатар хотод очоод офицерт байдаг Хаан банкны АТМ-д З Хаан банкны виза картыг хийгээд код 7925-ыг хийхэд нэвтэрч байсан. Тэгэхээр нь картанд байсан 965.000 төгрөгийг гаргаж авсан. Би энэ мөнгийг өөрийнхөө хувийн хэрэгцээнд зарцуулсан”
...У.М эс үс засуулах 7.000 төгрөг гуйсан чинь өөрийнхөө утсаар Хаан банкны интернет банкыг ашиглаад над руу 7.000 төгрөг шилжүүлсэн. Над руу мөнгө шилжүүлэхээр Хаан банкны интернет банк руу орж байхад нь би нэвтрэх нэр, нууц үгийг нь хараад цээжилсэн. 2020 оны 02 дугаар сарын 11-ний өглөө автобусаар Улаанбаатар хотод очоод явж байхдаа би өөрийнхөө утсанд М Хаан банкны интернет банкны нэвтрэх нэрийг хийгээд нууц үгийг нь хийсэн чинь нэвтрээд орсон. Тэгэхэд М цалин нь буусан 2.800.000 төгрөг дансанд нь орсон байсан, тэгээд үлдэгдэл 2.164.000 төгрөг байхаар нь эхлээд 1.000.000 төгрөгийг би өөрийнхөө Хас банкны 5002838688 дугаартай дансанд 111 гэсэн утгатай шилжүүлсэн. Дараа нь 1.164.000 төгрөгийг 111 гэсэн утга бичээд өөрийнхөө Хас банкны ........... дугаартай дансанд шилжүүлж авсан. М данснаас авсан 2.164.000 төгрөгийг өөрийнхөө хувийн хэрэглээнд зарцуулаад дуусгасан. Үүнээс 800.000 төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлд авсан, бусад мөнгийг нь түрээсийн байр болон хэрэглээндээ зарцуулсан” гэх мэдүүлэг /хх-н 43-44, 92-93 хуудас/
Хаан банкны дансны хуулга /хх-н 67 хуудас/
-Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Ж.З данснаас 965.000, олон улсын виза картны үнэ 15000 төгрөг, нийт 980.000 төгрөг, У.М интернэт банкны нүүц үгийг ашиглан 2.164.000 төгрөг авсан нь үнэн. Гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй юм.
Шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр үйлдсэн байна. Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан хэр нь түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгох бол шунахайн сэдэлт гэдэгт өөрт болон бусад этгээдэд эдийн болон эдийн бус баялаг олж авах, эд хөрөнгийн ашиг хонжоо олох гэсэн эрмэлзлэлээр тодорхойлогдоно.
Шүүгдэгч Т.Б нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.
2.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар
Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.З, У.М нарт 3.144.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол хохирол учирсан нь тогтоогдсон байна.
Хохирогч Ж.З, У.М нар нь шүүхийн хэлэлцүүлэгт “хохирлоо аваагүй” гэж мэдүүлсэн болно.
3.Шүүхээс шүүгдэгч Т.Б-д хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, бусад баримтаар тогтоогдож байгаа мөн улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлттэй нийцэж байна.
Шүүгдэгч Т.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хувийн байдал, хохирогч нарын эд хөрөнгөндөө хэт хайхрамжгүй хандсанаас үүдэлтэй зэргийг харгалзан үзэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.Б нь хохирогч нарт учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй байдлыг “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал”-д тооцлоо.
Дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Т.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас Прокурорын санал болгосон 08 сарын хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Т.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тогтоолд дурдаж, шүүгдэгч Т.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорихоор шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гэх ХААН банкны АТМ-н зураг нь хэрэгт хавсаргагдсан тул эд мөрийн баримтнаас хасч, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2, 3, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Хөвдүүд овогт Т.Б-ийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Хөвдүүд овогт Т.Б 08 /найм/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Т.Б оногдуулсан 08 /найм/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ялтан Т.Б 980.000 /есөн зуун наян мянга/ төгрөг гаргуулж МР89102011 регистрийн дугаартай, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг, оршин суух, ЖЗ-д, 2.164.000 /хоёр сая нэг зуун жаран дөрвөн мянган/ төгрөг гаргуулж регистрийн дугаартай, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг, оршин суух, У.М д тус тус олгосугай.
5.Ялтан Т.Б нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн гэх ХААН банкны АТМ-ны зургийг эд мөрийн баримтнаас хасч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
7.Ялтан Т.Б урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ