| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Борхүүгийн Бямбаабаатар |
| Хэргийн индекс | 188/2020/1015/Э |
| Дугаар | 0840 |
| Огноо | 2020-07-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Туяана |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 0840
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбаабаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран
улсын яллагч Д.Туяана,
Шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ц.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008003660415 дугаартай нэг хавтаст хэргийг 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2020 оны 07 дугаар сарын 24-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1978 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилтай, ам бүл-6, эхнэр, хүүхдүүдийн хамт тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Ц.А
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)
Шүүгдэгч Ц.А нь 2020 оны 01 дүгээр сарын 02-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчин 110 дугаар гудамж 63 тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.Оийг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун хацар, бугалга, гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.А мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
1. Хохирогч Б.Оийг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Тухайн өдөр буюу 2020 оны 01 дүгээр сарын 02- ны орой Ц.А бид 2 хүү А.Д, Дэлгэрмөрөнгийн хамт амарч байхад орой 22 цагийн үед Ц.А гар утсаа аваад гэрээс гараад явахаар нь би Ц.Аыг гэрээс гарах гэж байгаа бол гадаа машинаа хучаарай гэж хэлсэн. ...Тэгэхэд намайг түлхэж гаргаад хаалга хаагаад дотроос нь татаад оруулахгүй байхаар нь би гэрийн хаалганаас татсаар байгаад орох гэхэд Ц.А гэрээс гарч ирээд намайг хувцаснаас чирээд цасан дээр унагаад хөлөөрөө миний баруун гуя руу 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд миний үснээс чирээд байхаар нь Ц.Аын цамцны захаас гараараа татаад босч ирээд би шууд урд гэр лүү орж ирээд салсан. Би шууд урд гэрлүү орж ирээд толинд өөрийгөө харсан чинь үс сэгсийсэн байхаар нь үсээ боож байхад миний баруун нүд хөхөрчихсөн байсан. Араас Ц.А орж ирэхээр нь чи миний нүд рүү цохиод хөхрүүлчихсэн байна. Би олон хүнтэй ажилладаг гээд орилж хашгирах үед Ц.А гараад явсан. Миний биед учирсан гэмтлийг Ц.А хөлөөрөө гуя руу өшиглөж, үснээс зулгааж чирээд тархи доргилт гэмтлийг учруулсан. Харин баруун хацарт хөхөрсөн гэмтлийг тухайн үед яаж учруулсан талаар мэдэхгүй байна. Гэртээ орж ирээд толинд харах үед баруун нүдний доод хэсэгт хөхөрсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 135-136 хуудас/
2. Насанд хүрээгүй гэрч А.Дий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед би хувцас давхарлаж өмсөөгүй, нүцгэн бие дээгүүрээ куртик нөмрөөд гараад ирсэн даараад байсан болохоор урд гэрт орж өмдөө өмсөөд гараад ирэх хооронд аав ээжийг цасан дээр зуураад босч ирэхээр нь би хажуунаас нь дэмжиж босгоод гэрт орж ирэхэд ээж толинд өөрийгөө хараад “нүд хөхөрсөн байна” гээд байсан чинь аав араас орж ирээд ээжид хандан “...энэ миний босгосон гэр орон болохоор чи эндээс зайл...” гэж хэрүүл хийж байгаад хойд гэр лүү унтахаар явсан. Тэгээд ээж унтах гэхэд ээжийн баруун хөлний дотор тал, гарын гадна талд бага зэрэг хөхөрсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 141-142 хуудас/
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн 1097 дугаар:
1. Б.Оийн биед тархи доргилт, баруун хацар, бугалга, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.4.5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
6. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
7.8. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас)
4. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 37-45 дугаар хуудас)
5. Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 70 дугаар хуудас)
6. Шүүгдэгч Ц.А мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:
“...Б.Оийн биед учирсан гэмтлийн хацар луу нь алгадаж, гуяа хэсэг рүү нь өшиглөж учруулсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 86 дугаар хуудас),
7. Шүүгдэгч Ц.Аын хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 69 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 76 дугаар хуудас), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 71 дүгээр хуудас), “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ тодорхойлолт (хавтаст хэргийн 68 дугаар хуудас), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 72 дугаар хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 75 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн яллагдагч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.Ат холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Ц.А нь 2020 оны 01 дүгээр сарын 02-ны тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.Оийг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун хацар, бугалга, гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
- хохирогч Б.Оийг мэдүүлэг (хх135-136), насанд хүрээгүй гэрч А.Дий мэдүүлэг (хх141-142), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн 1097 дугаар дүгнэлт (хх26-27), шүүгдэгч Ц.А мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хх-86) зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн….”-г хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг ойлгох ба мөн хуулийн 5 дугаар зүйлд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, ....бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилж, тайлбарлажээ.
Шүүгдэгч Ц.А, хохирогч Б.О нарыг 2003 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр гэр бүл болсныг Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 2003 оны 02 дугаар сарын 25-ны өдөр бүртгэсэн талаарх гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хх-70)-гаар тогтоогдож байна.
Хууль зүйн хувьд гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.Оийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан шүүгдэгч Ц.Аын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийг шинжийг хангасан байх тул түүнд дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Харин улсын яллагчаас шүүгдэгч Ц.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.”гэж энэ хууль үйлчлэх цаг хугацааг тогтоосон ба шүүгдэгч Ц.А нь 2020 оны 01 дүгээр сарын 02-ны шөнө үйлдсэн гэмт хэргийн шинжид буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн гарчиг болон уг зүйлийн 2 дахь хэсэгт “санаатай” гэсэн агуулга байгаагүй.
Эрүүгийн эрх зүйн онолоор, гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш батлагдсан болон нэмэлт, өөрчлөлт оруулсан Эрүүгийн хуулиар аливаа үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн бол дагаж мөрдөхөөс өмнөх үеийн үйлдэл, эс үйлдэхүйд хэрэглэх явдлыг хууль буцаан хэрэглэх гэж тодорхойлдог.
Гэтэл 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйлээр 2015 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн гарчгийн, мөн зүйлд “хохирол” гэсний дараа “санаатай” гэж тус тус нэмэлт оруулсан боловч оногдуулах ялын төрөл, хэмжээг огт хөндөөгүй байна.
Нөгөөтээгүүр хуулийн энэхүү нэмэлт нь хууль зүйн техникийн шинжтэй засвар байх бөгөөд эрүүгийн эрх зүйн уламжлал болон 2015 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдсөнөөс хойш хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хуульд “санаатай” гэж тусгаагүй хэдий ч гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байхаар хэрэглэж ирсэн билээ.
Иймд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй гэж дүгнэх бөгөөд, хууль үйлчлэх цаг хугацаа тогтоосон журмын дагуу гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Шүүхийн энэхүү дүгнэлт, техникийн шинжтэй өөрчлөлт нь шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнээс хэтрэхгүй, гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болохыг дурдав.
Мөн шүүгдэгч Ц.А нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх эрх”-ийг нь хангасан болохыг тэмдэглэв.
- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх баримтыг хохирогч Б.О хэрэгт ирүүлээгүй ба “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр эвлэрсэн болохоор хамт амьдарч байгаа...” гэх мэдүүлгийг (хх-136) өгсөн байх тул шүүгдэгч Ц.Аыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг шүүгдэгч Ц.А нь мэтгэлцээгүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Ц.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан улсын яллагчийн торгох ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.Ат оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Эрүүгийн тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Ц.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ц.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Аыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.Ат оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Ц.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБААБААТАР