Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 0025

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Б.О

Хохирогч Т.С

Шүүгдэгч А.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Н-д холбогдох эрүүгийн 1925007270478 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, А.Н

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч А.Н 2019 оны 8 сарын 19-ний өдөр цалингийн зээлийн үлдэгдлээ дараад шинээр зээл аваад эргүүлэн өгнө гэж итгэл төрүүлэн урдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн Т.С-с 3.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч А.Н-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Эрдмет ХХК-д ажилд орсон. Өмнө нь эмээгээрээ тэтгэврийн зээл авахуулсан байсан. Тэгээд ажлынхаа орлогоосоо хэрэглээд нөхөж хийж өгөөд явж байсан. Тэгээд тооллого хийхэд 3.000.000 орчим төгрөг дутсан. Тэгээд үүнийгээ нөхөж хийхгээд С эгчээс 3.000.000 төгрөг зээлж авсан. Банкнаас зээл авах гэж байгаа. Үлдэгдэл зээлээ хааж, зээл аваад өдөртөө өгнө гэж хэлээд авсан. Хохирлоо төлсөн. Дахиж ийм асуудал гаргахгүй. С ос авсан 3.000.000 төгрөгөөр байгууллагынхаа өрийг дарсан. Байгууллагынхаа мөнгөөр эмээгийнхээ зээлийг дарсан байсан. Дахин ийм асуудал гаргахгүй. Ар гэрийн байдлыг харгалзан үзнэ үү гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Т.С-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Н 8 сарын 19-нд залгаад мөнгө олоод өгөөч, цалингийн зээлийн үлдэгдэл хаагаад зээл авах гэсэн юм гэсэн. Надад мөнгө олдохгүй гэсэн. Тэгтэл байн байн залгаад оройдоо зээлээ аваад өгнө гэхээр нь итгээд 3.000.000 төгрөг зээлсэн. Тэгээд л өгөхгүй, өнөөдөр маргааш гээд яваад байсан. Тэгээд эгчээс нь асуухад “эгч нь өнөөдөр орой байрны мөнгө орж ирнэ, тэгээд өгчихнө” гэж хэлсэн. Гэтэл тэр эгч нь ажлынх нь хүн байсан. Дараа нь жинхэнэ эгчтэй нь ярьж энэ талаар мэдсэн. Хохиролд 3.000.000 төгрөгөө авсан гэсэн мэдүүлэг,

 

-Гэрч Б.О-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 08 сарын 19-ний өдөр С гэх эмэгтэйгээс Н т нь мөнгө авсан байгаа юм. Би тэр мөнгө авсан өдрөөс 2 хоногийн дараа мэдсэн. Яаж мэдсэн бэ гэхээр С гэх эмэгтэй миний утасны дугаарыг олоод тэгээд над руу залгаад “Танай эхнэр нь чинь надаас мөнгө зээлж авчихаад өгөхгүй байна”  гэсэн. С нь надаас танай эхнэр 3 сая төгрөг авсан гэж хэлсэн. Тэгээд би Ц-с өөрөөс нь асуухад 3.000.000 төгрөгийг 8 хувийн хүүтэй авсан гэж хэлсэн. Яг тухайн мөнгө зээлсэн үедээ бол Ц цалингийн зээлтэй байсан. Тэр С-н мөнгөөр зээлээ дараагүй. Н эмээгээсээ 1 000 000 төгрөг зээлж авсан байсан.  Тэр мөнгөө өгсөн. Тэгээд ажил дээрээ мах хулгайд алдсан гээд тэрний өр байсныг бас төлсөн гэсэн гэсэн мэдүүлэг /хх 15 ху/,

 

-Гэрч У.Н-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Ц нь С огоос мөнгө зээлчихээд байн байн надаас мөнгөний асуудалтай болчихлоо, Ц эхлээд С од би 1 500 000 төгрөг өгье та С д 1 500 000 төгрөг өгчих тэхүү гэж хэлэхээр нь би за гэж хэлээд нотариат манайх ийм гэрээ байгуулдаггүй гэж хэлэхээр нь үйлчилгээний төвийн доороос С о танидаг нэг эмэгтэйгээсээ гэрээ аваад тэгээд гэрээ байгуулсан юм. Тэгээд би тэр мөнгийг огт өгөөгүй юм. Надад бол тэр зээлийн мөнгийг дарах шалтгаан байхгүй л дээ. Н т нь надад хүүхдээ өргүүлсэндээ надаас мөнгө авна гэж боддог юм уу би сайн ойлгохгүй л байгаа. Энэ мөнгийг төлөх байтугай надад Отгон-Авир, Н т хоёр машин авсан мөнгөө бүрэн өгөөгүй надад өртэй байгаа гэсэн мэдүүлэг /хх 21-22 ху/,

 

-Гэрч П.М-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Хүлэг хүнсний зах дээр гараатай байхдаа буюу 2019 оны 6 сарын 1-ний өдрийн тооцоо тулгалтаар Н тын гараан дээр 2 800 000 мухар, 2-28-р байрны цэг дээрээс 302 000 төгрөгний алдангитай гарсан юм. Энэ нь болохоо мах юм уу мөнгө алга болсон нь мэдэгдэхгүй байгаа юм. Тэгээд Н т болохоор тухайн үедээ “Манай эгч банзны наймаа хийх гэсэн тэгээд манай эгч надаас аваад явсан юм” гэж хэлж байсан, тэрнээс өөрөөр огт юм хэлээгүй. Н нь цалин дээрээсээ сар бүр суутгал хийлгээд явдаг юм. Өөрийнх нь цалингийн зээлийн үлдэгдлийг аваад үлдсэн мөнгийг манай компани өрөндөө суутгадаг юм. Тэрнээс өөрөө бол мөнгө олж өгсөн асуудал бол байхгүй. Одоо ер нь ажлын бараа материалын дутагдлаар нийт 6 267 498 төгрөгний алдангтай ажиллаж байна гэсэн мэдүүлэг /хх 23 ху/,

 

-Яллагдагч А.Н-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...би 2019 оны 8 сарын 19-ний өдөр би С эгч рүү залгаад “зээл дарах гэсэн юм мөнгө зээлээч гэж хэлсэн” өдрийн хүү нь 150,000 төгрөг гэж С эгч хэлсэн. Тэгэхээр нь би за гээд /угаасаа төлчих байх гэж бодсон/ зээлсэн юм. Би С о эгчээс мөнгөө дансаар шилжүүлж авсан, өөрийнхөө данс руу авсан. Орхон аймгийн дугуй банкан дотор АТМ-ээс миний данс руу шилжүүлсэн. ...би зээлийн үлдэгдэлтэй байсан тэгээд тэр зээлийнхээ үлдэгдлийг дараагүй, би 2019 оны 8 сарын дундуур Хүлэг зах дээр Эрдметын салбар дээр гарч байгаад 2 800 000 төгрөгний өрөнд орчихсон. Тэгээд манай ажлаас тооцоо шахах гээд байсан, тэгэхээр нь би С о эгчид худлаа хэлээд 3 000 000 төгрөг авчихсан юм. Тэгээд уг нь С о эгчид өдөртөө эргүүлж ямар нэгэн аргаар өгнө гэж бодож байсан чадалгүй өдийг хүрчихлээ гэсэн мэдүүлэг /хх 29-30 ху/,

 

-А.Н-г яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 25, 29-30 ху/

              -Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 32 ху/ зэрэг болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч А.Н-т 2019 оны 8 сарын 19-ний өдөр цалингийн зээлийн үлдэгдлээ дараад шинээр зээл аваад эргүүлэн өгнө гэж итгэл төрүүлэн урдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн Т.С ос 3.000.000 төгрөгийг авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Эрдмет ХХК-д ажилд орсон. Өмнө нь эмээгээрээ тэтгэврийн зээл авахуулсан байсан. Тэгээд ажлынхаа орлогоосоо хэрэглээд нөхөж хийж өгөөд явж байсан. Тэгээд тооллого хийхэд 3.000.000 орчим төгрөг дутсан. Тэгээд үүнийгээ нөхөж хийхгээд С эгчээс 3.000.000 төгрөг зээлж авсан. Банкнаас зээл авах гэж байгаа. Үлдэгдэл зээлээ хааж, зээл аваад өдөртөө өгнө гэж хэлээд авсан“ гэсэн мэдүүлэг, хохирогч Т.Солонгын “Н 8 сарын 19-нд залгаад мөнгө олоод өгөөч, цалингийн зээлийн үлдэгдэл хаагаад зээл авах гэсэн юм гэсэн. Надад мөнгө олдохгүй гэсэн. Тэгтэл байн байн залгаад оройдоо зээлээ аваад өгнө гэхээр нь итгээд 3.000.000 төгрөг зээлсэн. Тэгээд л өгөхгүй, өнөөдөр маргааш гээд яваад байсан” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч Б.Отгон-Арвин /хх 15 ху/, У.Нарансоёл /хх 21-22 ху/, П.Мэндбаяр /хх 23 ху/ нарын мэдүүлгүүд, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

            Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

 

            Орхон аймгийн прокуророос шүүгдэгч А.Н-д Эрүүгийн хуулийн тусгай 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч А.Н нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, хохирлоо төлж барагдуулсан зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

            Хохирогч Т.С- нь шүүхийн хэлэлцүүлэгт “хохирол 3.000.000 төгрөг бүрэн төлөгдсөн. Гомдол саналгүй” гэж байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөр байхгүй байна.

 

            Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирлоо нөхөн төлсөн байх тул түүний хувийн байдлыг харгалзан хуульд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэх боломжтой гэж үзлээ.

 

            Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н-г хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н-д оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, энэ хугацаанд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

           

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            6. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА