| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2020/00005/Э |
| Дугаар | 00009 |
| Огноо | 2020-01-15 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Н.Улсболд |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 00009
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Нарийн бичгийн дарга Д.Соёлзул
Улсын яллагч Н.Улсболд
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч А.Нц, түүний өмгөөлөгч С.Сувдаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Улсболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн О.Нд холбогдох 1932001630211 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1956 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 64 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин, жолооч мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдрах, *тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ өндөр насны тэтгэвэрт байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Отгоны Н. /РД:*/
Шүүгдэгч О.Н нь 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр оройн 21 цагийн орчимд өөрийн эзэмшлийн Тоёота раум загварын 01-77 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцон явахдаа Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг Буудай нэртэй хүнсний дэлгүүрийн орчимд төв засмал зам дээр Хайрхан нэртэй мотоциклийг түрж явсан иргэн П.Пцгийн ард алхаж явсан Н.Сггийн араас мөргөж зам тээврийн осол гаргаснаас иргэн Н.Сггийн амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Нгийн өгсөн …… 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотоос Мандал сум руу Тоёота раум маркийн 01-77 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон эхнэр Ц.Убын хамт явсан юм. Тэгээд Сэлэнгэ аймаг Мандал сумын Хэрх тосгоны нутагт байрлах Хэрлэн-2 хүнсний дэлгүүр өнгөрөөд явж байтал гэнэтхэн замын баруун гар талаас хохирогч орж ирсэн. Би тоормоз гишгээд зүүн гар тийш дарсан. Тэгтэл тэр үед машины баруун талд нэг хүн унах шиг болсон. Тэгээд машинаа зогсоогоод буугаад ирэхэд хохирогчийн нөхөр нь гэх хүн хохирогчийг хоёр сугаар нь тэвэрчихсэн сууж байсан. Юу болов яав гэхэд нөхөр нь манай хүн ингэж унадаг юм та яв яв гэсэн. Тэгэхээр нь эхнэр бид хоёр ямар ч байсан цагдаа дуудъя гэсэн. Тэгтэл нэг приус машин ирээд хохирогчийг Хэрх тосгон эмнэлэг рүү авч явсан. Би хэргийн газар дээр үлдэж цагдаа ирэхээр нь хэмжилт хийлгэчихээд машинаа журмын хашаанд тавьсан. Тэгээд хохирогчийг Мандал сумын эмнэлэг дээр байхад нь очиж уулзаад ар гэрийнх нь хамт шөнийн суудлаар Улаанбаатар хот руу авч явсан боловч хохирогч замдаа 253 дугаар точик дээр нас барсан. Оршуулгын зардалд нийт 11275000 төгрөгийг төлсөн байгаа гэх мэдүүлэг
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч А.Нцийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ....... 2019 оны 08 дугаар сарын 12-ны орой Пц над руу утасдаад Сг аваарт орчихлоо гэж хэлсэн. Би талийгаач Сггийн төрсөн ээж нь юм. Хэрх тосгоны эмч үзээд Мандал сумын нэгдсэн эмнэлэг рүү авчирсан. Тэр үед ямар ч ухаангүй гар хөл нь хөрчихсөн байсан. Эмч үзээд хүүхдээ яаралтай хот авч яв гэж хэлсэн. Тэгээд би охиноо нөхөр, хүргэн нарын хамт авч явсан. Бас Н гуайн талынхан хамт явсан. Шөнийн галт тэргээр Улаанбаатар хот авч явж байхад охин маань замдаа нас барсан. Тэгээд бид нар галт тэрэгний даргатай ярилцаад 253 дугаар точик дээр бууж охиныхоо шарилыг аваад нааш машинаар ирсэн. Оршуулгын зардалд 11274320 төгрөг болсныг бүгдийг төлж барагдуулсан. Одоо 2441600 төгрөгийг нэмж нэхэмжилж байна. Энэ нь охины маань нөхөр Пцгийн ээж Ш.Золзаяа Архангай аймгаас 4 удаа нааш цааш ирж очсоны зардал бөгөөд 1743200 төгрөг нь ирж очсоны зардал, 698400 төгрөг нь 18 хоног ажлаас чөлөө авсны цалин болох юм. Талийгаачийн 5 хүүхдэд нь тэжээгчээ алдсаны тэтгэмж Нийгмийн даатгалын байгууллагаас тогтоогдоогүй байгаа. Иймд тогтоогдсоных нь дараа тэтгэмжийн зөрүүг иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлнэ. Гомдолтой байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Гэрч Ц.Убын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ........... Манай нөхөр Н бид хоёр 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн Мандал сум руу гэртээ харихаар 17 цагийн үед гэр бүлийн хэрэгцээндээ унаж хэрэглэдэг Тоёота раум загварын 01-77 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй гарсан. Бид хоёр Сэлэнгэ аймаг Мандал сумын Хэрх 4 дүгээр баг Бороо голын орчим явж байтал зам дээр нэг эрэгтэй хүн гар өргөсөн манай нөхөр О.Н машинаа зогсоож уулзтал тэр хүн Зүүнхараа руу хүн аваад явчихаач эмнэлэгт үзүүлэх хоёр хүүхэд хоёр эмэгтэй хүн байгаа гэж хэлэхээр нь зөвшөөрөөд хойд талын суудалд суулгасан. Бага насны хүүхэдтэй хоёр эмэгтэй хүн байсан. Тэгээд 2019 оны 08 дугаар сарын 12-ны орой 21 цагийн үед Хэрх 4 дүгээр багийн нутагт засмал зам дээр явж байтал манай машины урд гэрэлгүйхаранхуй мотоциклтой хүн шүргэгдэж газарт унасан. Манай нөхөр О.Н машинаа зогсоож бид хоёр бууж хартал цэнхэр өнгөтэй мотоцикль газарт зам дээр уначихсан, нэг эрэгтэй согтуу хүн ухаангүй байдалтай нэг эмэгтэй хүнийг цээжээр нь өргөөд тэвэрчихсэн манай авгай ингэж ухаан алдаж унадаг юм та хоёр яв яв гэж хэлсэн. Нөхөр бид хоёр тухайн үед чи юу ярьж байгаа юм бэ цагдаа дуудна эмнэлэг рүү авч явна гэж хэлсэн. Тэр эрэгтэй согтуу хүн эгчээ цагдаа дуудаж яах юм бэ манай эхнэр ингэж унадаг юм ингэж байгаад гайгүй болчихно бид хоёр найзуудтайгаа жаахан архи уусан гэж ярьсан.
Ингээд замаар явж байсан жижиг суудлын машиныг зогсоож тэр гэмтсэн эмэгтэй хүнийг нөхөртэй нь хамт аваад Хэрх 4 дүгээр багийн Эрүүл мэндийн төв дээр очсон. Хэрх 4 дүгээр багийн эрүүл мэндийн төвийн эмч нар Мандал сумын нэгдсэн эмнэлэг рүү авч явна гэхээр нь би осол хэрэг болсон газарт нөхөртэйгээ хамт үлдсэн гэх мэдүүлэг /Хх-н 54-55 дугаар хуудас/
Гэрч П.Пцгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Эхэндээ эхнэр бид хоёр шороон замаар түрээд явсан чинь шавхайтай болохоор нь төв засмал зам дээр гарч би мотоциклийн баруун талд буюу буруу талд гарч явган хүний зам дээр гишгээд мотоциклио түрж явсан. Харин манай эхнэр Сг мотоциклийн хойд талд засмал замын зорчих хэсэг дээр дэлгүүрээс авсан тортой зүйлээ зүүн гартаа бариад явж байсан. Тэр үед засмал замаар олон машин явж зөрж өнгөрч байсан. Би засмал замаас гарч гудамж руугаа орох гээд байж байтал машинууд зөрж өнгөрөөд болохгүй байсан. Тэгтэл эхнэр бид хоёрын хойд талаас ирсэн машин хурдтай давхиж ирээд манай эхнэр Н.Сгг мөргөсөн. Манай эхнэр Сг машинд мөргүүлээд агаарт хөөрч бараг 3 метр газарт шидэгдсэн. Тэр машин мотоциклийг бас шүргэж би ертөнцийн зүгээр замын зүүн гар тал руу шидэгдсэн. Би осол болсны дараа шууд босч очоод эхнэр дээрээ очиж цээжийг нь тэвэрч аваад хамрынх нь дор дарсан чинь сэргэж босч ирээд ханиа хань нь унтлаа гэж хэлээд ухаан алдаад уначихсан. Тэгээд замын машин зогсоож Хэрх 4 дүгээр багийн эрүүл мэндийн төв рүү явж анхны тусламж үзүүлж дараа нь Мандал сумын нэгдсэн эмнэлэг рүү авч явж хэвтүүлсэн. Мандал сумын нэгдсэн эмнэлгээс 2019 оны 08 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 02 цаг 20 минутын галт тэргээр эхнэр Сгг Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхээр ухаангүй байдалтай авч явсан. Тэгтэл тэр шөнө 02 цаг 50 минутын үед манай эхнэр Н.Сг гэмтлийн улмаас галт тэргэн дотор нас барсан. Ингээд бид нар Сэлэнгэ аймаг Мандал сумын Тарни 8 дугаар багийн Үнэгт өртөөн дээр зогсоод талийгаачаа буулгаж авч Мандал сумын нэгдсэн эмнэлгийн моорогт хийсэн гэх мэдүүлэг /Хх-н 56 дугаар хуудас/
Гэрч Б.Ацийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Тэгтэл миний сууж явсан машин гэнэт тоормослож зүүн гар тал руугаа огцом эргэж зогссон. Машин тоормослох үед машинд нэг юм мөргөгдөж түс хийх чимээ гарсан. Жолооч эхнэртэйгээ хамт бууж харсан. Ээж бид хоёр хүүхэдтэйгээ машинаас буугаагүй. Машины цонхоор хартал цэнхэр өнгөтэй мотоцикль машинд шүргэгдэж засмал зам дээр унасан байсан. Мотоциклийн хажууд нэг эрэгтэй хүн зогсож газарт нэг эмэгтэй хүн хэвтэж байсан. Газарт унасан хүнийг тэр эрэгтэй хүн нь өргөөд замаас гаргаж сэгсрээд байсан. Ээж бид хоёр машинаас буухгүй сууж байгаад Зүүнхараагийн төвөөс машинтай ахыгаа дуудаж машинд нь суугаад явсан. Иймл зүйл болсон гэх мэдүүлэг /Хх-н 60 дугаар хуудас/
Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн акт № 27 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр......... Дүгнэлт:
1.Талийгаач Н.Сггийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр баруун чамархай ясны хугарал, баруун зүүн нүдний ухархайн дээд хана, нугасны нүх чиглэлтэй үргэлжилсэн хугарал, хатуу хальсан доорх цусан хураа, баруун тал бөмбөлгийн тархины эдийн няцралт, баруун мөр, зүүн гарын сарвууны ар хэсэг, баруун хөлийн өвдөгний үе, шилбэнд зулгаралт, баруун зүүн нүдний зовхи, хуйхны дотор гадаргуу, барауун зүүн чамархайн булчин, баруун гуянд цус хуралт, баруун зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
2. Талийгаач Н.Сггийн цогцост учирсан гэмтлүүд нь зам тээврийн осол хэргийн үед үүсгэгдсэн байх боломжтой.
3. Талийгаач Н.Сг нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ гэх /Хх-н 74-75 дугаар хуудас/
Шинжээчийн дүгнэлт 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр № 4631...... Дүгнэлт:
1.Шинжилгээнд ирүүлсэн Н.Сг МЗ92020267 гэж хаягласан хуруу шилтэй цусанд 1,0 промилли спиртийн агууламж илэрч байна.
2. Цусан дахь 1,0 промилли нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэх /Хх-н 93 дугаар хуудас/
Шинжээчийн дүгнэлт 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн № 38 ....... Хариулт:
1.Тоёота раум загварын 01-77 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч О.Н нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12. Тээврийн хэрэгслийн хурд. 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэв.
2. Хайрхан загварын цэнхэр өнгийн мотоциклийн жолооны хүрднээс түрж явсан П.Пц нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна.
3. Хайрхан загварын цэнхэр өнгийн мотоциклийн араас нь түрж явсан Н.Сг нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 5. Явган зорчигчийн үүрэг 5.1. Явган зорчигч нь явган хүний замаар тийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна. Явган хүний зам хөвөө байхгүй буюу түүгээр явах боломжгүй тохиолдолд явган зорчигч нь унадаг дугуйн зам, эсхүл зорчих хэсгийн захаар /тусгаарлах зурвастай замд зорчих хэсгийн гадна талын захаар/ цуварч явна. 5.2. Харанхуй үед гэрэлтүүлэггүй замд болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд зорчих хэсгийн зах буюу хөвөөгөөр явах тохиолдолд явган зорчигч нь жолоочид харагдах нөхцлөө сайжруулах үүднээс аль болох тод гэгээлэг өнгийн, боломжтой бол гэрэл ойлгох шинж чанар бүхий хувцас хэрэглэл, эд зүйлстэй явбал зохино. Мотоцикль, мопед, унадаг дугуй түрж яваа хүн тээврийн хэрэгслийнхээ гэрэлтүүлэх хэрэгсэл, гэрэл ойлгуурыг халхлахгүй явна гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэв.
4. Явган зорчигч Н.Сг нь 5.1. Явган зорчигч нь явган хүний замаар, тийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна. Явган хүний зам, хөвөө байхгүй буюу түүгээр явах боломжгүй тохиолдолд явган зорчигч нь унадаг дугуйн зам эсхүл зорчих хэсгийн захаар /тусгаарлах зурвастай замд зорчих хэсгийн гадна талын захаар/ цуварч явна. 5.2. Харанхуй үед гэрэлтүүлэггүй замд болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд зорчих хэсгийн зах буюу хөвөөгөөр явах тохиолдолд явган зорчигч нь жолоочид харагдах нөхцлөө сайжруулах үүднээс аль болох тод гэгээлэг өнгийн, боломжтой бол гэрэл ойлгох шинж чанар бүхий хувцас хэрэглэл, эд зүйлстэй явбал зохино. Мотоцикль, мопед, унадаг дугуй түрж яваа хүн тээврийн хэрэгслийнхээ гэрэлтүүлэх хэрэгсэл, гэрэл ойлгуурыг халхлахгүй явна.
Жолооч О.Н нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэв. Тайлбар: тээврийн хэрэгслийн хурдыг тухайн үед хэдэн километр цагийн хурдтай явсныг тогтоох боломжгүй байна.
5.Дээрх асуултуудаар хариулсан болно гэх /Хх-н 108 дугаар хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл / Хх-н 07-15 дугаар хуудас/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 22-24 дүгээр хуудас/
О.Нг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг Алкотест-6820 багажаар шалгахад 0,00 % зааж байв гэсэн согтуурал шалгасан тухай тэмдэглэл /Хх-н 29 дүгээр хуудас/
Туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 41-44 дүгээр хуудас/
Сэлэнгэ аймаг Мандал сумын Минжийн хангайн 7 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 121 дүгээр хуудас/
О.Нгийн иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 122 дугаар хуудас/
О.Н нь урьд нь ял шийтгүүлсэн талаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 125 дугаар хуудас/
3700000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Нцт хүлээлгэн өгсөн баримт /Хх-н 138 дугаар хуудас/
Хохирол нэхэмжилсэн баримтууд /Хх-н 148-163 дугаар хуудас/
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн хохиролд 500000 төгрөгийг 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр, 3 сая төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр, 3575000 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр тус тус төлсөн баримт, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн 2441600 төгрөгийг нэхэмжилсэн баримт зэрэг болно.
Шүүгдэгч О.Н нь 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр оройн 21 цагийн орчимд өөрийн эзэмшлийн Тоёота раум загварын 01-77 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцон явахдаа Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг Буудай нэртэй хүнсний дэлгүүрийн орчимд төв засмал зам дээр Хайрхан нэртэй мотоциклийг түрж явсан иргэн П.Пцгийн мотоциклийн ард алхаж явсан Н.Сггийн араас мөргөж зам тээврийн осол гаргаснаас иргэн Н.Сггийн амь нас хохирсон болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь хуульд заасан шаардлага хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч О.Н нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж зам тээврийн осол гаргаснаас нэг хүний амь нас хохирсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ..... Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ ..... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт .... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ..... гэж тус тус заажээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч А.Нц нь талийгаачийг оршуулах болон бусад гарсан зардалд мөрдөн байцаалтад 11274328 төгрөгийг нэхэмжилснээс шүүгдэгч О.Н нь 11275000 төгрөгийг бүрэн төлж хохирлыг барагдуулсан боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч А.Нц нь шүүх хуралдаанд шинээр 2441600 төгрөгийг гаргуулахаар нэмж нэхэмжилсэн нэхэмжлэлийг нотлох баримтын хүрээнд тооцон үзэхэд талийгаачийн нөхөр П.Пцгийн төрсөн ээж Ш.Золзаяагийн Архангай аймгаас Сэлэнгэ аймгийн Мандал суманд талийгаачийн оршуулах ёслол болон 49 хоног, О.Нд холбогдох эрүүгийн хэргийг шүүхээр хянан хэлэлцэх шүүх хуралдаанд 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр, 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд буюу нийт 4 удаа ирж очсоны зардалд 1743200 төгрөгийг нэхэмжилсэн 2 хуудсанд нааж үдсэн 24 ширхэг НӨАТ-ын баримтаас нэг ширхэг баримтыг хасахгүйгээр бүгдийг нотлох баримтаар үнэлж тооцон үзэхэд 1281310 төгрөг болж байх ба уг мөнгийг 1743200 төгрөг гэж тооцооллын алдаатай нэмж нэхэмжилснээс хасч тооцон илүү нэхэмжилсэн 461890 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож 1281310 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох, Ш.Золзаяагийн Архангай аймгаас Сэлэнгэ аймаг Мандал суманд 4 удаа ирж очихдоо ажлын 18 хоногийн чөлөө авсны цалинд 698400 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч цалинтай болон цалингүй чөлөөний алиныг авсан, сард хэдэн төгрөгний цалин авдаг болохыг нотлох байгууллагын санхүүгийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтууд байхгүй тул цалингийн тооцоог хийх боломжгүй гэж үзэн холбогдох нотлох баримтуудыг бүрдүүлэн иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэхээр уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүйгээр орхих үндэслэлтэй байна.
Талийгаач Н.Сг нь нөхөр П.Пц болон 02-13 насны 5 хүүхдийн хамт амьдардаг байсан бөгөөд 5 хүүхдэд нь Нийгмийн даатгалын байгууллагаас тэжээгчээ алдсаны тэтгэмжийг шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх үед тогтоогоогүй байх тул шүүх Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт заасныг баримтлан нас барагчийн сарын цалин хөлс, орлогоос буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг тооцож олгохоор шийдвэрлэх боломжгүй байна.
Харин талийгаачийн 5 хүүхдэд нь Нийгмийн даатгалын байгууллагаас тэжээгчээ алдсаны тэтгэврийг тогтоосон үед хохиргчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч А.Нц нь холбогдох нотлох баримтыг бүрдүүлэн нас барагчийн сарын цалин хөлс, орлогоос буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон төлбөрийн зөрүүг гаргуулах нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн дагуу гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолд зааж өгөх нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.Нгээс 1281310 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч А.Нцт олгохоор шийдвэрлэсэн боловч шүүгдэгч талаас хохирол төлөхөөр шүүх хуралдааныг 20 минутын завсарлага авч хохирогч талд 1281310 төгрөгийг бэлнээр төлж барагдуулсан бөгөөд нийт 12555630 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болохыг дурьдах нь зүйтэй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч С.Сувдаа нар нь юугаар ч нөхөж баршгүй эрдэнэт хүний амь нас хохирсон байхад талийгаачийг оршуулах ёслолд гарсан зардал болон бусад зардалд төлсөн 12555630 төгрөгийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг арилгасан гэж үзэх үндэслэл болохгүй тул шүүгдэгч О.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулж, оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх санал гаргасан улсын яллагчтай санал нэг байна гэснийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэв.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...... Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно ..... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт .....Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно..... гэж тус тус заасан ба хүний амь нас хохирсон тохиолдолд юугаар ч үнэлж баршгүй бөгөөд хуульд энэ талаар хэрхэн үнэлэхийг нарийвчлан зохицуулаагүй тул шүүхийн практикт энэ төрлийн гэмт хэрэг буюу гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хохирогч талаас нэхэмжилсэн нэхэмжлэлийг хохиролд тооцон үзэж түүнийг төлсөн тохиолдолд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж үздэг болно.
Шүүгдэгч О.Нгийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн болон насны байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тодорхой хугацаагаар хасч мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тэнсэж, 7.1 дүгээр зүйлийн 3-д зааснаар хуульд заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч О.Н нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.Н нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Нцт талийгаачийг оршуулах ёслол болон бусад гарсан зардалд 12555630 төгрөг төлсөн нь тогтоогдож байх ба нотлох баримтаар нэхэмжилсэн гэмт хэргийн хохирол төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул О.Нгийн эзэмшлийн Тоёота раум загварын 01-77 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, О.Нгийн № 720887 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг эрх бүхий байгууллагад шилжүүлэх, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Шүүгдэгч Боржигин овогт Отгоны Нг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан О.Нгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэж, 01 жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Н нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар О.Нд тогтоосон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Тоёота раум загварын 01-77 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох, О.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөг, иргэний нэхэмжлэгч А.Нцийн 13715920 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 12555630 төгрөгийн шаардлага хангагдсан, 698400 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон, илүү нэхэмжилсэн 461890 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг дурьдсугай.
7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч А.Нц нь 5 хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг холбогдох нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц О.Нгийн № 720887 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Мөнхзаяад даалгасугай.
9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.Нд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН