Шүүх | Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бяхаржавын Баярцогт |
Хэргийн индекс | 122/2018/0013/з |
Дугаар | 15 |
Огноо | 2018-07-17 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 15
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баярцогт даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн иргэн Д.Оийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Иын даргад холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар аймгийн Иын даргын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 07 тоот “Д.Оийг албан тушаал бууруулах тухай” захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, аймгийн Иын мэдээлэл, орон нутгийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн томилуулах, цалингийн зөрүүг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие улсад 31 жил, төрийн албанд тангараг өргөснөөс хойш 23 дахь жилдээ ажиллаж байна. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 1998 оноос өнөөдрийг хүртэл 20 жил ажиллаж байгаа бөгөөд Иын ажилтан, ахлах мэргэжилтэн, орон нутгийн хэлтсийн дарга зэрэг ажлыг шат дараалалтайгаар хийж, гүйцэтгэж ажилласан.
Би аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ажиллах хугацаандаа боловсрол мэргэжилдээ байнга анхаарч өөрийгөө хөгжүүлж ирсэн. 2008 онд удирдлагын менежер, 2011 онд төрийн удирдлагын магистрын зэргийг хамгаалсан. Төрийн захиргааны албан хаагчийн ажил үүргийг, ажлын байрны тодорхойлолтод зааснаар чанартай гүйцэтгэж ирсэн. Миний зүгээс төрийн албанд зүтгэж, төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх явцдаа урьд нь ажлын алдаа эндэгдэл гаргаагүй бөгөөд сахилгын болон ямар нэгэн арга хэмжээ авагдаж байгаагүй.
Харин аймгийн Иын даргын болон салбарын тэргүүн зэрэг шагналуудыг авч байсан.
Гэтэл удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хангалтгүй биелүүлж, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэсэн хууль бус дүгнэлтээр орон нутаг хариуцсан хэлтсийн даргын албан тушаалаас бууруулж хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр томилсон 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 07 дугаартай захирамж гаргасан.
Урьд нь би ТЗ-9-5 гэсэн шатлалаар цалинжиж байсан.Захирамжид зааснаар үндэслэлгүйгээр миний эрх зүйн байдлыг дордуулж, аймгийн Иын Тэргүүлэгчдийн 56 дугаар тогтоолоор батлагдсан бүтэц, орон тоо нь байхгүй албан тушаал буюу хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр томилж, ТЗ-6-5 шатлааар цалинжуулах шийдвэр гаргасан.
Миний оронд Уулбаян сумын багийн Засаг даргаар ажиллаж байсан ийг томилсон.
Энэ захирамж нь төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх гэсэн төрийн албаны зарчим /Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5/-ыг илтээр зөрчсөн.
Би төрийн захиргааны мэргэшсэн албан хаагчийн хувьд уг захирамжийг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлийн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлд 2018 оны 02 дугаар сарын 23 нд гомдлоо гаргахад, Төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 09 тоот дүгнэлт гарсаныг миний бие 2018 оны 04 дүгээр сарын 19 нд гардан авч “уг маргааныг Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэсэн дүгнэлтийг үндэслэн энэхүү нэхэмжлэлийг гаргасан.
Иймд аймгийн Иын даргын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 07 тоот “Д.Оийг албан тушаал бууруулах тухай” захирамжийг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож, аймгийн Иын мэдээлэл, орон нутгийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн томилж, цалингийн зөрүүг гаргаж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан өмгөөллийн саналдаа: Төрийн албаны тухай хуулийн 19.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг үндэслэн албан тушаал дэвшүүлэх, зохих шатны сургалтад хамруулах, цол, зэрэг дэв олгох, цалин хөлсийг өөрчлөх, шагнаж урамшуулах, албан тушаал бууруулах асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан.Мөн Улсын Дээд Шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 08 тоот тогтоолоор Төрийн албаны тухай хуулийн 23.1.1, 23.1.2 дахь заалтыг тайлбарласан. Үүнд үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнээд тэр нь хангалтгүй дүн авсан тохиолдолд албан тушаал бууруулахаар заасан. Д.Оийн үр дүнгийн гэрээг үнэлээгүй, дүгнээгүй учраас аймгийн Иын дарга нь хувийн шалтгаанаар үндэслэлгүйгээр албан тушаал бууруулсан гэж үзэж байна.
Ажлын байрны тодорхойлолтыг харахаар фото альбом гаргах чиг үүрэг байхгүй байгаа. Мөн хурал.мн сайтыг ажиллуулах талаар зөвлөмж чиглэл өгөх гэж л байгаа. Тэрнээс биш хурал.мн сайтыг ажлуул гэсэн үүрэг байхгүй. Өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлдэг байсан гэж байна. Үүнийг үр дүнгийн гэрээгээр дүгнэх ёстой. Үр дүнгийн гэрээг дүгнээгүй байж үүнийг ярих боломжгүй. Нэхэмжлэгчийн зүгээс ажлын байрны тодорхойлолтод заасан үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэг байсан гэж хэлдэг.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг зөрчсөн гэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс урьдчилан шийдвэрлүүлэх журмын дагуу Төрийн албаны зөвлөлийн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлд гомдлоо гаргасан. Гомдлын хариуг 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гардаж авсан. Гардан авснаасаа хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Тиймээс үүнийг үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ажлын байрны тодорхойлолтонд заасан албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэж байгаа. Аймгийн Иын төлөөлөгч болон сумдын төлөөлөгч нараа оролцуулаад зургийн фото альбом гаргая. Үүний үндсэн загварыг гарга гэсэн үүрэг өгсөн байдаг. Энэ үүргийн биелэлт хэрэгжих боломжтой байсан гэж үзэж байна. Энэ үүргийг одоо болтол биелүүлээгүй байгаа. “Хурал.мн” сайтыг та хариуцаад явж байгаа. Ажлын байрны тодорхойлолтод энэ талаар зааж өгсөн.
Ажлын байрны тодорхойлолтод зааснаар сумдын хурлын байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч явдаг. Байгууллагын хурлын тэмдэглэл нотлох баримтаар хэрэгт ирсэн байгаа.
Д.О мэргэжилтэн “хурал.мн” сайтын талаарх бүх сургалтуудад хамрагдсан. Тэндээс та нэвтрэх эрх авч, арга зүйгээр хангагдсан. Одоо ч энэ ажлыг өөрөө хариуцан ажиллуулмаар байна гээд ажлуулж байгаа. Хийсэн ажлын тайланд энэ талаар тусгагдсан байна лээ. Тиймээс сумдын Иын нарийн бичгийн дарга нарын сургалтыг Д.О мэргэжилтэнг зохион байгуулж “хурал.мн” сайтын талаарх мэдээлэл өг, арга зүйгээр ханга гэж үүрэг өгсөн. Энэ үүргийг хангалтгүй биелүүлсэн.
Цагийн бүртгэлээр цагийн хоцрогдолтой байгаа. Энэ жилийн үр дүнгийн гэрээний тусгай захиалгат бүтээгдэхүүн дээр цагийн ямар нэгэн хоцрогдолгүй байна гэж зааж өгсөн байгаа. Манай ажилчид 2017 онд үр дүнгийн гэрээ байгуулаагүй явсан байдаг. Г.Жаргалсайхан, Д.О мэргэжилтэн хоёр үр дүнгийн гэрээ байгуулсан гэдэг боловч энэ гэрээ нь олддоггүй. Харин 2018 онд бүх ажилчид үр дүнгийн гэрээгээ байгуулаад ажиллаж байгаа.
Аймгийн Иын даргын Д.Оийг албан тушаалаас нь бууруулах тухай Б/07 тоот захирамж нь 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гарсан. Гэтэл Д.О нь шүүхэд гомдол гаргахдаа 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гаргасан байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг зөрчиж хугацаа хэтрүүлэн гомдлоо гаргасан байна.
Нэхэмжлэгч нь Төрийн албаны зөвлөлийн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлд гомдлоо гаргасан гэх боловч Төрийн албаны салбар зөвлөлөөс өргөдөл гомдол шийдвэрлэх 30 хоногийн хугацаа өнгөрсөн тохиолдолд шууд шүүхэд нэхэмжлэлээ гаргах ёстой байсан гэж үзэж байгаа.Гэтэл захирамж гарснаас хойш 60 хоногийн дотор шүүхэд хандах байтал хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэн нэхэмжлэл гаргасан.
Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээж авах боломжгүй гэж үзэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.О нь “аймгийн Иын даргын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/07 тоот “Д.Оийг албан тушаал бууруулах тухай” захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, аймгийн Иын мэдээлэл, орон нутгийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн томилуулах, цалингийн зөрүүг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Талуудын тайлбар болон хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шүүх дараах байдлаар үнэлээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
1. “Албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэлээр Д.Оийг албан тушаал бууруулсан нь дараах байдлаар эрх зүйн үндэслэлгүй байна:
Сүхбаатар аймгийн Иын даргын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/07 тоот “Д.Оийг албан тушаал бууруулах тухай” захирамжаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.1.1, 23.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3, 27.4.7, Засгийн газрын 2014 оны 332 дугаар тогтоол, аймгийн Иын Тэргүүлэгчдийн 2016 оны 56 дугаар тогтоолыг тус тус үндэслэн нэхэмжлэгч орон нутаг хариуцсан хэлтсийн дарга Д.Оийг удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хангалтгүй биелүүлж, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн үндэслэлээр албан тушаал бууруулж хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс томилжээ.
Нэхэмжлэгч Д.О нь төрийн албан хаагчийн тангарагийг 1995 оны 05 дугаар сарын 30-ны өдөр өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд “аймгийн Иын даргын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/07 тоот “Ажилд томилох тухай” захирамжаар орон нутаг хариуцсан хэлтсийн даргаар томилогдож, Хурлын нарийн бичгийн даргатай 2017 оны Үр дүнгийн гэрээг байгуулжээ.Улмаар Д.О нь илтгэх хуудсаар үр дүнгийн гэрээний биелэлтийг гаргаж дүгнэхэд бэлэн болгосон нь хэрэгт авагдсан үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх илтгэх хуудсаар тогтоогдож байна.
Хариуцагчаас хэрэгт авагдсан үр дүнгийн гэрээ, үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх илтгэх хуудас, ажлын байрны тодорхойлолтыг эх хувь нь тухайн байгууллагад байхгүй, эргэлзээтэй нотлох баримт гэж тайлбарладаг боловч нэхэмжлэгч өөрт байгаа хувийг нотариатчаар гэрчлүүлэн нотлох баримтын шаардлага ханган ирүүлсэн байх тул шүүх уг баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлж хэргийг шийдвэрлэлээ.
Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-т зааснаар “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж дүгнэж, тэрхүү үнэлгээг үндэслэн ... албан тушаал бууруулах асуудлыг шийдвэрлэх” бөгөөд 19.3-т “үнэлж дүгнэх журмыг Төрийн албаны зөвлөл тогтооно” гэж зааснаар Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын гуравдугаар хавсралтаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-д заасны дагуу үр дүнгийн гэрээг дүгнэж өгсөн үнэлгээг үндэслэлгүйгээр, захиргааны санаачилгаар өөр үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 23.1.2-т заасныг үндэслэн нэхэмжлэгч Д.Оийг орон нутаг хариуцсан хэлтсийн даргын албан тушаалаас бууруулсан нь хууль бус байна.
Учир нь: Талуудын тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэхэд хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгч Д.Оийг удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэж үзэж орон нутаг хариуцсан хэлтсийн даргын албан тушаалаас бууруулж, хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр томилсон нь үндэслэлгүй байна
Түүнчлэн нэхэмжлэгч Д.Оийн аймгийн Иын нарийн бичгийн даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг хуульд заасан журмын дагуу үнэлж дүгнээгүй байтал удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэж албан тушаал бууруулж, ажлаас чөлөөлсөн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 23 дугаар зүйлийн 23.1.1, 23.1.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч түүнийг албан тушаалаас нь бууруулсан захирамжийг гардан авсны дараа Төрийн албаны зөвлөлийн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлд хандаж гомдлоо гаргасныг салбар зөвлөл шалгаад 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хариуг өгсөн бөгөөд тус зөвлөл нь гомдлыг шалгах хугацааг 1 сарын хугацаагаар сунгасан болохоо дүгнэлтдээ тодорхой дурдсан байх тул нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
2. Нэхэмжлэгч нь цалингийн зөрүүг нэхэмжилсэн ба аймгийн Иын мэдээлэл, орон нутгийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “ ... бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж зааснаар түүнийг албан тушаал бууруулсан 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гартал буюу 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийг дуустал 5 сар 10 хоногийн хугацаанд /урьд авч байсан цалин 1313106 төгрөгөөс бага цалин болох 1042282 төгрөгийг хасаж тооцон 1313106-1042282=270824/ 1483080 төгрөгийн цалингийн зөрүүтэй тэнцэх олговрыг аймгийн Иын ажлын албанаас гаргуулан Д.От олгохоор шийдвэрлэлээ.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй тул нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг аймгийн Иын ажлын албанд даалгах нь зүйтэй байна. .
Иймд дээрх хууль зүйн үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул “аймгийн Иын даргын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/07 тоот “Д.Оийг албан тушаал бууруулах тухай” хууль бус захирамжийг хүчингүй болгож, түүнийг аймгийн Иын мэдээлэл, орон нутгийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн томилж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 23 дугаар зүйлийн 23.1.1, 23.1.2-т заасныг тус тус баримтлан Д.Оийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар аймгийн Иын даргын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/07 тоот “Д.Оийг албан тушаал бууруулах тухай” захирамжийг хүчингүй болгож, Д.Оийг Сүхбаатар аймгийн Иын мэдээлэл, орон нутгийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.От албан тушаал бууруулсан цалингийн зөрүүтэй тэнцэх олговорт 1483080 /нэг сая дөрвөн мянга дөрвөн зуун наян гурван мянга наян/ төгрөгийг олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг аймгийн Иын ажлын албанд даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч /Иын ажлын албан/-аас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.БАЯРЦОГТ