Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2022/0179

 

 

 

 

 

 

 

“Г-Э”ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2021/0004 дүгээр шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч М.Б-н давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

          Шүүх бүрэлдэхүүн:

   Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү

   Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

   Илтгэсэн шүүгч С.Мөнхжаргал

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батдэлгэр

 

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч “Г-Э”ХХК

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс 

   Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яам

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 194 дүгээр шийдвэр, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2020/10 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2021/0004 дүгээр

Шүүх хуралдааны оролцогчид:

   Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.А

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х

   Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Д

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж

   Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

 

              Хэргийн индекс: 128/2020/0521/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2021/0004 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: “Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г-Э”ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” 2020/10 дугаар дүгнэлтийг болон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 194 дүгээр шийдвэрийг тус тус хүчингүй болгон” шийдвэрлэжээ.

 

2. Хариуцагч  Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: ““Г-Э”ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын М\/-020524 дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 194 дүгээр шийдвэрээр цуцалсныг Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 8/2665 тоот албан бичгээр шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлснийг тус компани хүлээн авч, мэдсэн тухайгаа 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурдсан байдаг. Үүнээс үзэхэд Төрийн захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.4, 43.8-т заасан захиргааны актыг мэдэгдэх үүргээ бүрэн хэрэгжүүлсэн байна.

2.2. Захиргааны акт нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл нэхэмжлэгч Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж заасны дагуу гомдол гаргахыг хуулиар нарийвчлан зохицуулсан. Гэтэл “Г-Э” ХХК нь Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2020 оны 6 дугаар сарын 09-ны өдрийн 8/2665 тоот албан бичгээр “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” мэдэгдлийг хүлээн авснаас хойш өнөөдрийг хүртэл Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т заасны дагуу манай байгууллагад хандаагүй мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр уг хугацааг хэтрүүлсэн байна.

Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д шүүгч нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах нөхцөлүүдийг тусгайлан заасан бөгөөд мөн хуулийн 54.1.3-т “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой" заасан шаардлагыг хангаагүй нөхцөлд шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх хуулийн нөхцөл бүрдсэн байна.

2.3. Дээр дурдсан хуулийн шаардлагыг хангаагүй нэхэмжлэлийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх байтал 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 0004 дугаар шийдвэр гаргаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх”, 106.4-т “шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэх шаардлагыг тус тус хангахгүй байх бөгөөд анхан шатны шүүх хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзэж байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2021/0004 дүгээр шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-т заасны дагуу нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянахад хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, гомдлыг  хангахгүй орхив.

2. Анхан шатны шүүх “Г-Э”ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин аялал, жуулчлалын яамны 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2020/10 дугаар дүгнэлт, түүнийг үндэслэн гарсан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 194 дүгээр шийдвэрийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Уг шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яам давж заалдах гомдол гаргаагүй, харин хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “... нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д заасны дагуу гомдол шийдвэрлэх эрх бүхий байгууллага болох манайд хандаж гомдлоо гаргаагүй, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т зааснаар хүлээн авахаас татгалзах байтал шийдвэрлэж, шийдвэр гаргасан нь мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4-т заасныг хангахгүй, шүүх хууль хэрэглээний алдаа гаргасан” гэжээ. 

4. Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн хариуцагч Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн хэлтсийн даргын 2020 оны 194 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасныг үндэслэж, нэхэмжлэгч “Г-Э”ХХК-ийн ашигт малтмал ашиглах МҮ-020524 дүгээр тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.

5. Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй.” гэж заасан.

6. Харин  Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д “Төрийн захиргааны байгууллага ... тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ”, 56.5-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 56.4-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрхтэй ...” гэж тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан хуульд Захиргааны ерөнхий хуульд зааснаас өөрөөр “шууд шүүхэд хандаж” болохоор заасан байх тул нэхэмжлэгчийг урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй гэж үзэхгүй.

7. Энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 0004 дүгээр шийдвэрийг  хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б-н давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                 Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                 С.МӨНХЖАРГАЛ