Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 0042

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Л.Э

Шүүгдэгч Б.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-т холбогдох эрүүгийн 1925003930442 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Б.Б

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.Б нь иргэн Т.Энхжаргалын 2018 оны 11 сарын 23-ны өдөр “ЭТББС” ХХК-н дансанд тендэрийн барьцааны мөнгө болгон байршуулсан 6.250.000 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Б.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2018 оны 11 сарын үед хуурай ах Энхболд таарч “Эрдэнэт үйлдвэрийн тендерт оролцох гэсэн юм, танай компанийг нийлүүлээд ормоор байна гэсэн. Тэгээд тендерийн баталгаа гээд компанийн дансанд 6.250.000 төгрөгийг Энхжаргал гэдэг хүн байршуулсан. Гэвч тендерт тэнцээгүй гэдэг аман яриа гарсан байсан. Тэр үед хотод сургуулийн хашааны эвдрэл, манаачийн цалин зэрэгт энэ байршуулсан мөнгийг нь 2018 оны 12 сарын 21-нд авч хэрэглэсэн. Энжаргалаас зөвшөөрөл аваагүй. Тухайн үед мөнгөний асуудал байсан. Би Энхжаргалд мөнгийг нь төлж өгнө гээд бичиг бичиж өгсөн. Гэтэл Энхжаргал хотод аавын бие тааруу гээд ярихаар хотод байдаг манай байранд амьдарч бай гээд түлхүүрийг өгсөн. 3 сар байраа хэрэглүүлсэн. Сүүлд нь түлхүүрээ авсан. Тендерт шалгараагүй гэдэг нь урьд нь мэдэгдсэн байсан. Албан ёсны хариу 2018 оны 12 сарын 21-нд ирсэн. Үүнээс өмнө энэ мөнгийг авсан. Энхболд ах энэ тендерийг найдвартай авна гэж хэлж байсан. Тэгээд би ажил бүтчих юм байна тэгэхээр энэ мөнгийг хэрэглэхэд асуудалгүй юм байна гэж бодсон. Энэ мөнгийг захиран зарцуулах эрх байхгүй. Мөнгө байршуулсан өдрөө тендер нээгдсэн. Материалыг нь Энхболд аваачиж өгсөн. Тендерийн хурлаас өмнө тэнцэх тэнцэхгүй талаар матерал дутуу гээд албан бичиг ирдэг. Бага ял оногдуулж өгнө үү гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Т.Э-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2018 оны 11 сард миний танил Энхболд гэж хувиараа хөдөлмөр эрхлэдэг залуу надтай уулзаад Эрдэнэт үйлдвэр ХХК-аас зарлаж байгаа краны засварын тендер шалгаруулалтанд найз Бын компаний нэр дээрээс би өөрөө орох гэсэн юм. Тендер ороход баталгаа болох 6.250.000 төгрөг Б гэж хүний нэр дээр бүртгэлтэй ЭТСББ ХХК-ийн Хас банкны дансанд байршуулах шаардлагатай байна. Чамд мөнгө байвал ЭТСББ ХХК-ийн Хас банкны дансанд байршуулаад өгөөч, тендерийн ажил бүтэх юм бол ажлаа хийчихээд мөнгийг чинь гаргаад өгье гэж хэлсэн. Энхболдтой найз нөхдийн харилцаатай болохоор бас тус болох санаатай 2018 оны 11 сарын 23-ны өдөр ЭТСББ ХХК-ийн Хас банкны дансанд 6.250.000 төгрөгийг би өөрөө байршуулж өгсөн. Тендерийн хариу 45 хоногийн дараа гарна гэж байсан. Энхболд “ЭТСББ” ХХК-ийн захирал Б гэх залуугийн хамт байхдаа надад тендерийн хариу гарангуут мөнгийг чинь аваад өгнө. Санаа зовох зүйл байхгүй гэж хэлсэн. Гэтэл 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр байна уу 03-ны өдөр байна уу Энхболд надруу утсаар яриад Б чиний мөнгийг аваад хэрэглэсэн юм шиг байна. Чи банкин дээр очоод мөнгө байршуулсан дансыг шалгаж үзэж болох нь уу үгүй юу үзээч гэхээр нь Хас банкинд дээр очоод асуусан чинь Бын нэр дээр бүртгэлтэй ЭТСББ ХХК-ийн хас банкны дансанд байршуулсан 6.250.000 төгрөгнөөс 4.250.000 төгрөг нь гараад 2 сая төгрөг дансанд үлдсэн байсан. Тэгэхээр нь Энхболд руу утсаар яриад ЭТСББ ХХК-ийн Хас банкны дансанд байршуулсан мөнгөнөөс 4.250.000 төгрөг гарчихсан байна. Одоо миний мөнгийг олж өг гэж хэлсэн. Үүнээс хойш Энхболдоос мөнгөө нэхэхээр Б удахгүй зохицуулаад өгнө гээд байна гэж хэлдэг. Быг өөрийг нь хайгаад явахаар олдохгүй байгаа гэсэн /хх 10-11 ху/, ...Энэ мөнгийг зээлсэн гэж хэлэхэд хэцүү. Тендэрийн баталгаа болгож л байршуулсан болохоос биш Энхболд, Б нар тэр мөнгийг данснаас авч өөртөө зарцуулах талаар ямар нэгэн зүйл ярилцаж тохироогүй гэсэн /хх 12-13 ху/ мэдүүлгүүд,

 

-Гэрч Ч.Э-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2018 оны 11 сарын 27-ны орчим Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас зарлагдсан Баяжуулах үйлдвэрийн бутлан тээвэрлэх хэсгийн гүүрэн краны засварын ажил гүйцэтгэх тендерийн ажилд Б.Бын компанитай хамтран оролцох болсон. Тендерт орох гэсэн чинь баталгааны мөнгөгүй болоод өөрийн танил Энхжаргалаас 6.250.000 төгрөгийг зээлж Б.Бын нэр дээр бүртгэлтэй ЭТСББ ХХК-ийн Хас банкин дахь дансанд байршуулсан. ...Тендерээс татгалзсан хариу ирсэн. Үүний дараа Т.Энхжаргал тендерийн баталгаа болгон гаргасан мөнгө авна гэсэн шаардлага тавьсан. Би тэгэхээр нь Т.Энхжаргалд чиний мөнгийг би аваагүй. Бид нар бүгдээрээ хамт байж байгаад Б.Бын ЭТСББ ХХК-ийн Хас банкны дансанд хийсэн шүү дээ. Чи Бтай холбогдоод мөнгөө ав гэдэг хариу өгсөн. Гэтэл энэ үеэс хойш Б.Б хаана байгаа нь мэдэгдэхгүй хаашаа явсан нь тодорхойгүй алга болчихсон. ...тендерт орох баталгаа болгож л Б.Бын дансанд тухайн мөнгийг байршуулсан. Түүнээс Б.Быг өөрөө аваад цааш нь өөрийнхөө хэрэгцээнд зарцуулаарай гэж хэлсэн, зөвшөөрч дансанд нь хийсэн зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх 19-20 ху/,

 

-Б.Б-г яллагдагчаар татах тухай прокурорын, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 22-24 ху/

              -Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 34 ху/

              -Хас банкны дансны хуулга /хх 43-44 ху/

              -Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт /хх 70 ху/ зэрэг болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч Б.Б нь иргэн Т.Энхжаргалын 2018 оны 11 сарын 23-ны өдөр ЭТББС ХХК-н дансанд тендэрийн барьцааны мөнгө болгон байршуулсан 6.250.000 төгрөгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би 2018 оны 11 сарын үеэр хуурай ах Энхболд таарч Эрдэнэт үйлдвэрийн тендерт оролцох гэсэн юм. Тендерийн баталгаа гээд компанийн дансанд 6.250.000 төгрөгийг Энхжаргал гэдэг хүн байршуулсан. Гэвч тендерт тэнцээгүй гэдэг аман яриа гарсан байсан. Тэр үед хотод сургуулийн хашааны эвдрэл, манаачийн цалин зэрэгт энэ байршуулсан мөнгийг нь 2018 оны 12 сарын 21-нд авч хэрэглэсэн. Энжаргалаас зөвшөөрөл аваагүй“ гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Т.Энхжаргалын “....Энхболдтой найз нөхдийн харилцаатай болохоор бас тус болох санаатай 2018 оны 11 сарын 23-ны өдөр “ЭТСББ” ХХК-ийн Хас банкны дансанд 6.250.000 төгрөгийг би өөрөө байршуулж өгсөн. Тендерийн хариу 45 хоногийн дараа гарна гэж байсан. Энхболд “ЭТСББ” ХХК-ийн захирал Б гэх залуугийн хамт байхдаа надад тендерийн хариу гарангуут мөнгийг чинь аваад өгнө. Санаа зовох зүйл байхгүй гэж хэлсэн. Гэтэл 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр байна уу 03-ны өдөр байна уу Энхболд надруу утсаар яриад Б чиний мөнгийг аваад хэрэглэсэн юм шиг байна. Чи банкин дээр очоод мөнгө байршуулсан дансыг шалгаж үзэж болох нь уу үгүй юу үзээч гэхээр нь Хас банкинд дээр очоод асуусан чинь Бын нэр дээр бүртгэлтэй “ЭТСББ” ХХК-ийн хас банкны дансанд байршуулсан 6.250.000 төгрөгөөс 4.250.000 төгрөг нь гараад 2 сая төгрөг дансанд үлдсэн байсан. Тэгэхээр нь Энхболдруу утсаар яриад “ЭТСББ” ХХК-ийн Хас банкны дансанд байршуулсан мөнгөнөөс 4250000 төгрөг гарчихсан байна. Одоо миний мөнгийг олж өг гэж хэлсэн. Үүнээс хойш Энхболдоос мөнгөө нэхэхээр Б удахгүй зохицуулаад өгнө гээд байна гэж хэлдэг”  гэсэн /хх 10-11, 12-13 ху/, гэрч Ч.Энхболдын /хх 19-20 ху/ мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

            Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

 

            Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Энэ хэргийн улмаас хохирогчид 6.250.000 төгрөгний хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлж барагдуулсан зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

            Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Б нь торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд сард 225.000 төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

            5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.