Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 00066

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

             Нарийн бичгийн дарга                  С.Төртулах

             Улсын яллагч                                Н.Улсболд

                         Шүүгдэгч                                              Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Н.Улсболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ж.Бод холбогдох 2032000560063 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 29-ний өдөр, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд терсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Журмак" ХХК-д жолооч ажилтай, *тоотод ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Жарантайн Б РД:/*/.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Ж.Б нь 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар баг, Хараа 4-402 тоотод Ө.Мбыг “гэрээс гарсангуй гэх шалтгааны улмаас” түүний нүүрэн тус газар нь мөргөж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б мэдүүлэхдээ:...Би мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхийн шатанд дахин мэдүүлэг өгөхгүй. Хийсэн зүйлдээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

         Хохирогч Ө.Мб мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ... “Би 2020 оны 03 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 03 цагийн үед гэртээ ирсэн. Энэ үед над руу манай үеэл эгч Мз өөрийнхөө юнителийн дугаараас залгаад намайг хаана байгааг асуугаад гэртээ байна гэхэд манайд ороод ир, ярих зүйл байна гэсэн. Тэгэхээр нь би гэртээ хоол идчихээд манайхтай ойролцоо 2 айлын цаана байдаг Мз эгчийн гэрт очсон. Намайг тэдний гэрт очиход Мз эгч нөхөр болох Б, өөр Бж гэх энэ 3 хүн архи уугаад дууссан бололтой халамцуу дуу нь чангарчихсан сууж байсан. Тэгээд надад цай хийж өгөхөөр нь би уусан. Тэгсэн чинь Мз эгч за миний дүү энэ ахдаа /Бж/ нэг дуу дуулаад өгчих гэхээр нь харанхуй шөнө би яаж дуу дуулах вэ чадахгүй ээ гэхэд би чамайг дуул гэж байна гээд над руу дайрч шээс, пизда гэж элдвээр хэлсэн. Намайг дуу дуулахгүй гэхэд дуул гээд над руу ширээн дээр байсан аягыг шидсэн нь намайг оноогүй. Та яаж байгаа юм гэхэд яасан ч яадаг юм гээд ширээ тойрч ирээд зүүн шанаа руу гараараа нэг цохиод зайл гэсэн. Тэгэхээр нь би гараад явсан. Араас Мз эгч элдвээр хэлээд үлдсэн. Намайг тэднийхээс гарахад араас Мз эгч гарч ирээд дахиад цохих гэхээр нь би гарыг нь бариад авсан чинь араас нь нөхөр Б нь гарч ирээд намайг боож нүүр лүү буюу уруул руу мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуудас/

                 Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ган-Эрдэнийн 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “1. Ө.Мбын биед зүүн дээд 1-р шүд хөдөлгөөн орсон, урууланд шарх, зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй” гэх №40 дугаартай дүгнэлт /хх-ийн 8-9 хуудас/

                 Гэрч Б.Мз мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Энэ үед миний нөхөр Ж.Б унтаж байгаад босч ирээд бид хоёрын дундуур ортол би Бод түлхэгдээд гэрийн үүдэнд унасан. Энэ надад ямар нэгэн гэмтэл учраагүй. Б намайг татаж босгоод хувцасаа гөвөөд хартал Мб гараад явчихсан байсан. Б бид хоёр араас нь хашааны гадаа гарч хараад байхгүй болохоор нь хаалга түгжээд гэртээ байж байтал Мб ээж Хштэй 03 цагийн орчим орж ирээд та хоёр намайг зодож, миний шүдийг хугалчихлаа гээд уруул нь цус болсон байдалтай өнгөрсөн жил хүнд цохиулаад хугалуулсан шүдээ харуулаад би цагдаад хэлсэн гэж хэлээд гараад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуудас/

                 Гэрч Х.Бж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ“...Удалгүй Мб Мз нар хоорондоо утсаар ярьж байгаад ирсэн. Тэгээд удалгүй юунаас болсныг мэдэхгүй Мб, Мз нар хоорондоо маргалдаад Мз нь хүүхдүүд унтаж байна гар гээд ширээн дээр байсан асаагуурыг авч Мб луу шидээд хүчээр Мбыг гэрээсээ түлхэж гаргаад хаалгаа цоожилсон Мб хаалгыг чанга нүдээд, угзарч татаад байхаар нь Мз хаалга онгойлгоод Мбыг гэрт оруулахгүй гээд түлхээд гэрээсээ гарсан. Энэ үед Б сэрээд тэр 2-ын араас гарсан. Удалгүй 5 орчим минутын дараа Б, Мз 2 орж ирэхээр нь би харихаар гарахад хашааны гадаа Мб цагдаад өгнө гээд зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуудас/

                 Гэрч Ц.Хш мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ... “2020 оны 03 дугаар сарын эхээр байх би одоо өдрийг нь санахгүй байна. Намайг гэртээ амарч байхад манай хүү Мб нүүр ам нь цус болчихсон бусдад зодуулсан байдалтай орж ирсэн. Тэгэхээр нь би юу болсон талаар асуухад Мзгийн нөхөр Б гэрийнхээ гадаа намайг зодлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүүгээ дагуулаад Бын гэрт очиход Б гэрийнхээ гадаа байсан. Боос ямар учраас манай хүүг зодсон талаар асуухад дуугарахгүй байсан тул би хүүгээ дагуулаад тэндээсээ шууд хэсгийн төлөөлөгч рүү явсан. Нүүр ам нь цус болчихсон, мөн үүдэн шүд нь хөдөлчихсөн байсан… гэх мэдүүлэг /хх-ийн 27 хуудас/

                  Ж.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:”...Би 2020 оны 03-р сарын 08 ний орой эхнэр Мз хүүхдийн хамт Мандал сум Түнхэл тосгон хайрханы 4-402 тоот гэртээ байж байтал 21 цагийн үед эхнэр Мзгийн хамаатны эгч нар болох Хш, Эрдэнэцэцэг нар нэлээн халамцуу согтууруулах ундааны зүйл хэргэлсэн байдалтай 0,75 гр хэмжээтэй нэг шил Хараа нэртэй архи барьчихсан манай гэрт ирсэн. Тэр хоёр ойрд танайхаар орж ирсэнгүй баярын өдөр гээд эхнэр Мз бид хоёрыг архиар шахаад байхаар нь би маргааш Улаанбаатар хотруу ажилдаа явна гээд уг архинаас уугаагүй. Манай эхнэр Мз Хш, Эрдэнэцэцэг нар авчирсан архийг нь хувааж ууж дуусгаад манай гэрт байсан 0,5 гр хэмжээтэй Хараа архи гаргаж уусан. Энэ үед Эрдэнэцэцэгийн нөхөр Батмөнх, Ганхуяг нар орж ирээд хоол идчихээд гэрийнхээ түлхүүрийг аваад явсан. Би хэсэг унтаад сэртэл Бж ах ирчихсэн хоол идээд сууж байсан. Хш, Эрдэнэцэцэг нар архи уугаад сууж байсан. Би эргээд унтаж байтал цагийг нь сайн мэдэхгүй байна 02 цагийн үед хүн хэрэлдээд чимээ шуугиан гараад байхаар нь босоод байшингийн үүдэнд гартал эхнэр Мзгийн садангийн залуу Мб ирчихсэн эхнэртэй хэрэлдээд зогсож байсан. Тэгтэл Мб Мөнхзаяг яг цохих гэж байгаа юм шиг харагдахаар гүйгээд тэр хоёрын дундуур ортол би Мбын нүүр хэсэгтэй толгойгоороо мөргөлдөөд хойшоо савахдаа эхнэр Мөнхтуяаг түлхээд унагаасан. Мзг татаж босгоод хартал Мб гүйгээд хашааны хаалгаар гараад явчихсан. Гэртээ орж иртэл манай хүүхэд уйлчихсан Бж ах тэвэрчихсэн сууж байсан. Эрдэнэцэцэг эгч унтаж байсан. Бж эх манай хүүг надад өгөөд гэрлүүгээ яваад өгсөн. Удалгүй Мб ээж Хшийн хамт орж ирээд та миний шүдийг хуга цохчихлоо гээд уруулаа сөхөж хуучин хугархай шүдээ үзүүлчихээд цагдаад өгнө гээд гараад явсан. Би өглөө  нь 08:40 цагийн вагоноор Улаанбаатар хотруу ажилдаа явсан. Ийм л зүйл болсон...” /хх-ийн 18 хуудас/ гэх мэдүүлэг болон бусад нотлох баримтууд авагджээ.

           Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар багийн Түнхэл тосгоны Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 28 дугаар хуудас/, Шүүгдэгч Ж.Бын ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /52 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ж.Б нь 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар баг, Хараа 4-402 тоотод Ө.Мбыг “гэрээс гарсангуй гэх шалтгааны улмаас” түүний нүүрэн тус газар мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: Хохирогч Ө.Мбын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-17 хуудас/, Гэрч Х.Бжын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-16 хуудас/, Гэрч Б.Мзгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-21 хуудас/, Гэрч Ц.Хшийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 27 хуудас/ Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээчийн №40 дугаартай дүгнэлт /хх-ийн 8-9 хуудас/, болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Ж.Быг хохирогч Ө.Мөнхбатаарын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Ж.Быг 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар баг, Хараа 4-402 тоотод Ө.Мбыг “гэрээс гарсангуй гэх шалтгааны улмаас” түүний нүүрэн тус газар нь толгойгоороо  мөргөж, зүүн дээд 1-р шүд хөдөлгөөн орсон, урууланд шарх, зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах ” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Хохирогч нь хохирол төлбөр нэхэмжилэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна. Мөн шүүгдэгч Ж.Бын үйлдсэн хэрэгт ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй зэргийг тус тус дурьдаад.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Жарантайн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах ” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Быг 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин   мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан Ж.Бын торгох ялыг 06 /зургаа/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Ж.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бичиг баримт болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.ЭРДЭНЭБАТ.