| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2020/00061/Э |
| Дугаар | 00059 |
| Огноо | 2020-06-02 |
| Зүйл хэсэг | 17.4.2.1., |
| Улсын яллагч | Н.Улсболд |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 00059
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Б.Ганзаяа
Улсын яллагч Н.Улсболд
Иргэний нэхэмжлэгч П.Ж
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уранчимэг
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Н.Улсболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Бт холбогдох 2032000040023 дугаартай Эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1980 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр, Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, * тоотод оршин суудаг, Ам бүл 6, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Таргууд овогт Баасанжавын Б /РД:*/,
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Б.Б нь 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хугацаанд “Дархан Нефть” хангамжийн салбарын Зүүнхараа-1, 3 шатахуун түгээх станцын эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж 18217567.19 төгрөгийг завшсан болох гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: ... Би 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Зүүнхараа сарбар “НИК” петровис ХХК-д 1,3 ШТС-ын эрхлэгчээр ажилд орсон. Тэгээд энэ хугацаанд танидаг хүн надад хандаж “сүлжээний бизнест элсэж ажиллавал мөнгө олж болдог юм байна” гэж санал тавихад нь би зөвшөөрч ажлаасаа мөнгө авч хэрэглээд хэрэглэсэн мөнгөө буцааж хийх гэж явж байгаад чадаагүй өнөөдрийг хүрсэн. Ийм үйлдэл хийсэндээ гэмшиж байна. Би хохирол төлбөрт 3000000 төгрөгөөр нэг төлөөд дараа нь нэг сарын цалин болох 418000 төгрөгөө бас өгөөд сая 4 дүгээр сард 1000000 төгрөг төлөөд, сүүлд 580000 төгрөг тус тус төлсөн гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт Иргэний нэхэмжлэгч П.Ж мэдүүлэхдээ: “...Би урьд нь өгсөн гэрчийн мэдүүлэг дээр тодорхой ярьсан. Одоо нэмж ярих юм гэвэл Б.Б 2019 оны 11 дүгээр сарын 01-нд 3.000.000 төгрөгний төлбөр төлсөн. Мөн 2019 оны 10 сарын 30-нд Б.Бын цалин болох 418.227 төгрөгний цалинг өрөнд суутгасан. Ингээд нийт үлдэгдэл нь 14.799.340 төгрөгний хохирол дутуу байна. Энэ үлдсэн хохирлоо яаралтай барагдуулах хүсэлтэй байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй. Хохирлоо бүрэн барагдуулаад авчих юм бол манайхаас ямар нэг гомдол санал байхгүй ээ...гэв.
Иргэний нэхэмжлэгч П.Ж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:...Тухайн 2 станцын орлого зарлагын гүйлгээг Б.Болортунаглаг хариуцаж хийдэг байсан. Түгээгч нар нь буухдаа салбарын эрхлэгч Бтай тооцоо нийлж тайлангаа өгдөг юм. Харин салбарын эрхлэгч Б.Б нь сарын сүүлээр Дархан-Уул аймагт байрлах төвдөө тайлангаа өгдөг. 8, 9 дүгээр сарын тооцооны мөнгөнөөс дутуу тушаасан байсанг 3 дугаар улирлын тайлан өгөхдөө мөнгө дутааснаа өөрөө хүлэн зөвшөөрөөд гарын үсгээ зурсан байдаг. Тэгээд 2019 оны 10 дугаар сард ажлыг нь хүлээж авсан. Акт №27 Зүүнхараа шатанхуун түгээх станцын тооцооноос гарсан борлуулалтын орлогоос дутсан мөнгө, №28 Зүүнхараа шатахуун түгээх 3 станцын борлуулалтын орлогоос дутсан мөнгө, №29 болохоор 1, 3 дугаар станцын тооцоо нийлсэн акт юм. Дээрх борлуулалтын орлогоос дутсан мөнгөний дэлгэрэнгүй баримтыг ШШҮХ-нд гаргаж өгсөн хэргийн материалд байгаа байх” гэжээ /хх-ийн 12-13 хуудас/,
Гэрч Б.Батсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ... “Манай эхнэр 2015 оны хавар ажилд ороод 2016 оны 10 сард жирэмсний амралтаа авсан. Тэгээд 2018 оны 5 сарын сүүлээр байх ажилдаа ороод 2019 оны 10 дугаар сарын дундуур ажлаасаа гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21 хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн мэргэшсэн шинжээч, цагдаагийн хошууч Д.Мөнхцэцэгийн “1. Шинжилгээнд ирүүлсэн баримтаар Дархан-Уул аймаг дахь Нефть хангамжийн салбарын Зүүнхараагийн ШТС-1,3 салбарт 18.217.567.19 төгрөгийн борлуулалтын тооцооны зөрүү дутагдал гарсан байна. Борлуулалтын дутагдлын тооцоог хавсралтаар харуулав. 2. Хөрөнгө мөнгөний бүртгэл тооцоо хэрхэн явагддаг талаарх холбоо бүхий баримтыг шинжилгээнд ирүүлээгүй байх тул хариулах боломжгүй байна. 3. Б.Бийн хариуцан ажиллаж байсан ШТМ-1, 3 дээр нийт 18.217.567.19 төгрөгний хохирол учирсан байна” гэх №051 дугаартай дүгнэлт /хх-ийн 25-27 хуудас/,
Яллагдагч Б.Бийн “Би Зүүнхараа дахь НИК шатахуун түгээх станцын эрхлэгчээр ажиллаж байхдаа шатахуун түгээх 1,3 дугаар станцын орлогын мөнгөнөөс нийт 18.217.567 төгрөгийг хувьдаа хэрэглээд буцааж хийх гэж байгаад чадаагүй юм.
...Би уг мөнгийг сүлжээнд оруулж эргэлдүүлэх санаатай байсан. Тэгээд чадаагүй нэг дор бүгдийг нь авч байгаагүй. Хувьдаа өөрийн хэрэгцээндээ зарцуулсан.
...Одоогийн байдлаар нийт 3.418.227 төгрөг төлсөн байгаа. Би өөрийн эзэмшлийн байраа зарах гээд зар тавьсан байгаа. Зарагдчихвал хохирлоо бүрэн барагдуулна... гэх мэдүүлгүүд /хх-ийн 37 хуудас/,
2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №09 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 45 хуудас/,
Дархан-Уул аймаг дахь Нефть хангамжийн салбарын даргын тушаал №100 /хх-ийн 69 хуудас/,
Дархан-Уул аймаг дахь Нефть хангамжийн салбарын даргын тушаал №199 /хх-ийн 70 хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон бусад хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 89 дүгээр хуудас/, Шүүгдэгч Б.Бийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /92 дугаар хуудас/, Ажилтны анкет /ХХ-ийн 87-88 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хугацаанд “Дархан Нефть” хангамжийн салбарын Зүүнхараа-1, 3 шатахуун түгээх станцын эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж 18217567.19 төгрөгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Иргэний нэхэмжлэгч П.Ж мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 12-13 хуудас/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн мэргэшсэн шинжээч, цагдаагийн хошууч Д.Мөнхцэцэгийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-27 хуудас/, Б.Бийн мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 37 хуудас/, 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №09 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 45 хуудас/, Дархан-Уул аймаг дахь Нефть хангамжийн салбарын даргын тушаал №100 /хх-ийн 69 хуудас/, Дархан-Уул аймаг дахь Нефть хангамжийн салбарын даргын тушаал №199 /хх-ийн 70 хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн иргэний нэхэмжлэгч гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Б.Бийг албан тушаалын байдлаа ашиглаж бусдын 18217567.19 төгрөгийг завшсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүхээс Б.Б нь 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хугацаанд “Дархан Нефть” хангамжийн салбарын Зүүнхараа-1, 3 шатахуун түгээх станцын эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж 18217567.19 төгрөгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Шүүх шүүгдэгч Б.Бт ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал, учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завших” гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор болох 10000 /арван мянга/ нэгж буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийдвэрлэв.
Энэ хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгчид нийт 18217567.19 төгрөгний хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Б.Б нийт 4598227 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх ба үлдэх 13619340 төгрөгийг шүүгдэгч төлж барагдуулахаа илэрхийлсэн тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Баас 13619340 /арван гурван сая зургаан зуун арван есөн мянга гурван зуун дөч/ төгрөг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч “НИК” ХХК, Дархан-Уул аймаг дахь Нефть хангамжийн салбар, итгэмжлэгдсэн төлөөлөгч Дархан-Уул аймгийн Дархан сумын 4-р баг, Төмөр замын 15-60 тоотод оршин суух Харчуун овогт Пүрэвхүүгийн Жд гаргуулан олгож, мөн шүүгдэгч Б.Бийн эзэмшлийн Сэлэнгэ аймгийн Мандал сум 3 дугаар баг Хөгжилийн 1-08 тоот 45 м2 /Ү1307007508/ улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө битүүмжилсэн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 09 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна. Мөн эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй зэргийг тус тус дурьдаад.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Таргууд овогт Баасанжавын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Быг 10000 /арван мянга/ нэгж буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Бын торгох ялыг 03 /гурав/ жил хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Баас 13619340 /арван гурван сая зургаан зуун арван есөн мянга гурван зуун дөч/ төгрөг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч “НИК” ХХК, Дархан-Уул аймаг дахь Нефть хангамжийн салбар, итгэмжлэгдсэн төлөөлөгч Дархан-Уул аймгийн Дархан сумын 4-р баг, Төмөр замын 15-60 тоотод оршин суух /РД:ИЮ79113004/ Харчуун овогт Пүрэвхүүгийн Жд олгосугай.
6. Б.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бичиг баримт болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурьдсугай.
7.Энэ хэрэгт Таргууд овогт Баасанжавын Бийн эзэмшлийн Сэлэнгэ аймгийн Мандал сум 3 дугаар баг Хөгжилийн 1-08 тоот 45 м2 /Ү1307007508/улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө битүүмжилсэн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 09 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
10.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.