Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2018/01256

 

Ц.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 142/ШШ2018/00097 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 43 дугаар магадлалтай,

Ц.Бын нэхэмжлэлтэй

“Е Э” ХХК-д холбогдох

Ажиллаж байсан хугацааны цалин, амралтын мөнгө, алданги нийт 17.991.750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Бат-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Б, түүний өмгөөлөгч М.Хувцагаан, хариуцагчийн төлөөлөгч Ж.Бат-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 оны 04 дүгээр сарын хооронд 180 айлын орон сууцыг ашиглалтанд оруулсан бөгөөд тухайн үед Бет-Андууд ХХК-д Ж.Бат-Эрдэнэ гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан юм. Энэ үед ажиллаж байсан Бет-Андууд ХХК-ийн Ерөнхий захирал М.Мэндбаттай Ж.Бат-Эрдэнэ маргалдаж муудалцсаны улмаас 2014 оны 04 дүгээр сарын 24-нд ажилгүй болж ажлаас халагдсан ба намайг Ж.Бат-Эрдэнийн хүн гэж тооцон ажлаас халсан. 2014 оны 05 дугаар сараас эхлэн Ж.Бат-Эрдэнэ бид хоёр хамтран ажиллахаар хэлцэл хийж, хэлэлцэн тохирч 2014 оны 09 дүгээр сард миний ажлын хөлсөнд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Залуус хотхоны 2 өрөө орон сууцыг өгч 3-5 жил хамтран ажиллахаар тогтсон билээ. Ж.Бат-Эрдэнэ захирал надад 1 сарын ажлын хөлс цалинд 1,000,000 төгрөг өгнө гэж хэлсэн бөгөөд би 2 өрөө байранд нь амьдарч өөрийн орон сууцтай болсон учраас надад цалин хөлс болно гэж бодоод нэг сая төгрөгийг хүлээн зөвшөөрч ажилласан юм. Үүний хөдөлмөр хөлсийг би огт аваагүй юм. Би Ж.Бат-Эрдэнэтэй хамтран ажилласан хугацаандаа 2016 оны 06 дугаар сарыг хүртэл цувуулж авсан мөнгө, биет төгрөг 2.300.000 төгрөг болж байна. Түүнтэй ажилласан үеүүдэд энэ хүн мөнгөгүй байхад би энэ хүнээс мөнгө нэхэж зовоогоод яахав, намайг ойлгож цалин мөнгийг өгөх л байлгүй гэж бодсоор өнөөдрийг хүрсэн, цаашид би түүнээс цалин авч чадахгүй болж байгаа тул миний түүнтэй хамтран ажилласан үеийн буюу 2014 оны 05, 06, 07, 08 дугаар саруудын, 2015 оны 07,08,09,10 дугаар саруудын, 2016 оны 04,05 дугаар саруудын цалин авах ёстой байсан 18.000.000 төгрөгийг Ж.Бат-Эрдэнээс гаргуулж, хөдөлмөрийн хөлсийг надад олгуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Б нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 13 сар ажилласны 13 сая төгрөг авахаас 1.705.000 төгрөг авч үлдсэн 11.295.000 төгрөгийг аваагүй. Хөдөлмөрийн гэрээний 4.2.15-д ээлжийн амралт эдлэхээр заасан боловч амралт эдлээгүй учир ажлын 15 хоногоор бодож 1 өдрийн 45.454 төгрөгөөр бодоход 682.000 төгрөг болж байна. Ажил олгогч нь миний ажилласан хугацаанд НДШ, ЭМД төлөөгүй байх тул МУ-ын ЗГ-ын 2008 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 142 дугаар тогтоолын 02 дугаар хавсралтаар баталсан журмын дагуу цалингийн 12 хувиар ажил олгогч НД болон ЭМД-г байгууллагаас 13 сараар тооцож 1.500.000 төгрөгийг гаргуулах, Бат-Эрдэнэ нь ажилд авсан тушаал гаргаагүй мөн одоо хүртэл ажлаас халсан тушаал өгөөгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 141.3,141.4-ийг удирдлага болгон гэрээнд заасан хугацаанд цалин олгоогүй учир хожимдуулсан хоног тутмын 0,3 хувиар алданги тооцож 4.514.750 төгрөг, нийт 17.991.750 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Е Э” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ж.Бат-Эрдэнэ миний бие Бет-андууд ХХК-д гүйцэтгэх захирлаар 2011 оноос 2014 оны 3-р сар хүртэл ажилласан ба энэ хугацаанд Ц.Б нь тухайн компанид 2012 оны 6-р сараас даамлаар 2014 оны 3-р сар хүртэл ажиллаж байсан. Бид хоёр тухайн компанид цуг ажиллаж байсан болохоос би түүнийг цалинжуулах эрх, үүрэггүй байсан ба тухайн компанид ерөнхий захирлаар Д.Мэндбат ажиллаж байсан бөгөөд бид хоёр цуг халагдсан. Энэ үеийн цалинг ярих гэж байгаа бол Д.Мэндбаттай заргалдаж асуудлаа шийдүүлэх шаардлагатай болно. Би 2014 оны 4-р сард “Е Э” ХХК-ийг үүсгэн байгуулж барилга угсралтын тусгай зөвшөөрөл авч улмаар тендерийн ажил хөөцөлдөх үед Ц.Б нь би найдвартай хүнтэй яриад барилгын тендер олж өгье гээд тухайн үед Улаанбаатар сувиллын захирал Олдох гэдэг хүнтэй уулзуулж таван сая төгрөг надаас гаргуулж түүнд өгч байсан боловч тэр хүн сураггүй алга болсон. Тэгээд манай компани ямар ч ашиггүй он дуусган 2015 он гарсан билээ. Тиймээс Ц.Б нь 2014 оны 5,6,7,8 дугаар саруудад ямар ч ажил эрхлээгүй өмнө нь цуг ажиллаж байсан танил гэдгээс өөр харьцаа бид хоёрын дунд байгаагүй ба харин би түүнд идэш 600.000 төгрөгөөр авч өгч өөрийн орон сууцанд түрээсийг дараа авах нөхцөлтэйгээр 2014 оны 9-р сарын 18-наас байлгаж 1 жилээр гэрээ хийсэн. Харин тэрээр одоо болгол тэр байрыг чөлөөлж өгөхгүй байсаар байгаа. 2015 он гараад л тендерийн ажил олох гэж хөөцөлдсөөр 2015 оны 7-р сар хүргэж улмаар 2015 оны 7-р сарын 20-ны өдөр Бүтээгч ХХК-тай гэрээ хийж 9 давхар 63 айлын барилгын төмөр бетон карказ угсралт гүйцэтгэх ажлыг эхлүүлсэн. Энэ ажлын үед Ц.Быг 2015 оны 07 сарын 20-ны өдөр тушаал гаргаж, хөдөлмөрийн гэрээ хийж талбайн даамлаар авч ажиллуулсан. 2015 оны 7-р сарын 23-ноос ажил эхлээд 8, 9-р саруудад бүтэн ажилласан ба 2015 оны 10-р сарын 21-нээс захиалагч талаас барилгын ажил зогсоох шийдвэр гарч хүйтний улирлын зогсолт хийсэн. Энэ хугацаанд Ц.Б нь архи ууж ажил тасалдаг байсан тул цагийн бүртгэлийг үндэслэн зохих цалинг нь өгч байсан. Үүнийг баримтаар хавсаргана. 2016 он гарч хүйтний улирал дуусч урин цаг ирсэн тул 2016 оны 4-р сарын 4-ний өдрөөс захиалагч талын шийдвэрээр ажлаа үргэлжлүүлж 2016 оны 6-р сард барилга угсралтын гэрээт ажлаа дуусгасан. Энэ хугацаанд Ц.Б нь 2016 оны 4-р сард 12 хоног, 2016 оны 5-р сард 11 хоног ажиллаад ажлаа хаяад явсан юм. Түүнд ажилласан хоногт тохирсон цалинг өгч байсан. Ажил дээр архи уусан үедээ ирдэг байсан ба Бүтээгч ХХК-ны ХЭМАБ-ын албанаас ажлын байранд ажиллуулахгүй явуулдаг байсан. Ажилласан хугацааны цалинг санхүүжилт орж ирсэн тухай бүрт нь өгч байсан бөгөөд цалин олгох хүснэгтэнд гарын үсэг нь байгаа. Иймээс Ц.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 142/ШШ2018/00097 дугаар шийдвэрээр Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-д заасныг баримтлан Ц.Бийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 141 дүгээр зүйлийн 141.3-д заасныг баримтлан “Е Э” ХХК-наас 7.926.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бт олгож нэхэмжлэлийн шаардлагаас 10.065.750 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 247.950 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч “Е Э”ХХК-аас 141.766 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бт олгож шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 43 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 142/ШШ2018/00097 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, шийдвэрийн 2 дахь заалтанд ...10.065.750 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэснийг ...8.565.750 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн шийдвэрийн 2,3,4 дүгээр заалтыг 1,2,3 дугаар заалт болгон тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Б 1.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Ц.Бын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 176.010 төгрөгийг, хариуцагчийн төлөөлөгч Ж.Бат-Эрдэнийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141.766 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Бат-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нар хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг тус тус эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэтэрхий нэг талыг барьж, нэхэмжлэгчийн шаардлагыг үндэслэлгүйгээр хангасан, ИХШХШТХ- ийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан “шүүх ...хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ...” үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх “...Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 141 дүгээр зүйлийн 141.3-д заасныг баримтлан “Е Э” ХХК-иас 7 926 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бт олгож...” гэж шийдвэрлэснийг давж заадах шатны шүүх “...буруутгах үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.” гэснийг хүлээн зөвшөөрөх үндэсгүй байна. Үндэслэл нь: Нэг.Шүүхэд гаргаж буй маргаан нь шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг хэрэглэх боломжтой эсэх талаар: “...нэхэмжлэгч цалин, хөлстэй холбоотой асуудлаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах эрхтэй ...цалинг нь өгөхгүй байгаа талаархи гомдлыг хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад зохих хугацаанд нь гаргаагүй боловч энэ нь “Е Э” ХХК маргаан шийдвэрлэх комисс байгаагүйтэй холбоотой гэж тайлбарлаж байгаа нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй гэж үзэж, гэж шүүх дүгнэлт хийж байгаа нь хэтэрхий нэг талыг барьсан хийсвэр дүгнэлт болжээ. 1.1 “Е Э” ХХК-д хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй гэдгийн зөвхөн нэхэмжлэгчийн тайлбараар үнэлж байгаа нь хийсвэр дүгнэлт ээ. Хуульд заасан 3 сарын дотор Ц.Б “Е Э” ХХК болон хөдөлмөрийн эрхийг нь хамгаалах байгууллагад огт хандаагүй. Зөвхөн хариуцагчийн буруутгаж байгаа нь өрөөсгөл юм. 1.2 Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д “шүүх хянан шийдвэрлэхээр зааснаас бусад маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс анх дутам хянан шийдвэрлэнэ...” гэж заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн нь алдаа гэж үзэж байна. Хоёр. Хууль хэрэглээний талаар: 2.1 Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Хөдөлмөрийн хуулийн 128 дугаар зүйл /шүүхээр хянан шийдвэрлэх маргаан/-ийн 128.1.5-д зааснаар “энэ хуулийн 69 дүгээр зүйлд заасан асуудлаар гарсан маргаан" буюу “буруу халсан буюу шилжүүлсэн үеийн олговор” гэсэн зохицуулалтаар Ц.Бын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж байгаа үндэсгүй. Ц.Бын гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасан “...ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон...” гэсэн ажлаас үндэслэлгүй халсан тухай маргаан огт биш байхад энэ зохицуулалтыг хэрэглэж байна хууль хэрэглээний алдаа гэж үзэж байна. Гурав.Нэхэмжлэгч гэрээний дагуу цалин хөлсөө хариуцагчаас шаардсан тухайд: 3.1 Шүүхээс “...Нэхэмжлэгчийн 2016 оны 7 дугаар сараас 2015 оны 08, 09, 10 сар хүртэл ажиллаж, ...2016 оны 02, 03, 04, 05 сард нийт 8 сарын хугацаанд ажиллаж байсан нь цалин олгосон хүснэгтээр тогтоогдож байх тул 8 000 000 төгрөг шаардах эрхтэйгээс цалинд авсан баримтаар тогтоогдсон 2 296 000 төгрөгийг хасч, үлдэх 5 704 000 төгрөгийн үндсэн цалинг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ...” гэсний зөвшөөрөхгүй байна. Давж заалдах шатны шүүхээс “Далай ван” ХХК-ний дүгнэлтийг шүүх үнэлээгүй нь ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан шаардлагад нийцсэн байна гэж дүгнэсэн нь үндэсгүй байна. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээ шүүх хуралдаан дээр баталгаажуулсан. /Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд бий. Нэхэмжлэгчийн чөлөөтэй, амралттай байсан хугацааны цалин олговрыг хэрхэн тооцсон нь тодорхойгүй гэж шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэж, буруутгасан нь алдаа. “Цалингийн тооцоололыг гарт олгох цалин “...5 272 678 төгрөг тооцсон байхад зөвхөн гарт олгосон цалинг 2 шатны шүүх үнэлээд байгаа нь дэндүү хийсвэр дүгнэлт болжээ. Захиалагч “Бүтээгч” ХХКомпани нь ажлыг 2015 оны 11 сараас 2016 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл ажил зогсоосон. Хэрэгт “Бүтээгч” ХХК-ний албан бичиг бий. Санхүүжилт 2015 оны 12 дугаар сард, цагаан сарын өмнө 2016 оны 02 дугаар сард орж ирсэн учраас цалин олгосон тухай шүүх хуралдааны хэлэлцүүлэгт яригдсан. /Шүүх хуралдааны тэмдэглэлд бий./ Эдгээр баримтуудад шүүх дүгнэлт хийсэнгүй. 3.1 Шүүх “Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.3-д ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй саатуулсан нь нотлогдсон... ажил олгогч ““Е Э”” ХХК нь нэхэмжлэгч Ц.Бын цалинг сар бүр тогтмол, бүрэн гүйцэт олгож байгаагүй нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул дээрх заалтыг үндэслэн алданги тооцох үндэстэй ...2016 оны 05 сараас 2016 оны 08 дугаар сарын 31-ний хүртэл 90 хоногт ...1 504 000 төгрөг...” тооцож байгаа нь үндэсгүй байна. “Ц.Бын цалинг сар бүр тогтмол, бүрэн гүйцэт олгож байгаагүй...” гэсэн ямар баримтууд байгааг шийдвэрт тусгаагүй. Энэ тухай баримт хэрэгт байхгүй. Харин захиалагчаас олгосон санхүүжилтийн хүрээнд цалинг зохих ёсоор олгосон тухай зохигчид тайлбарладаг. Санхүүгийн баримтуудад шинжээч дүгнэлт хийсэн байгааг шүүх бодитоор үнэлээгүй. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн давж заалдах гомдолд “...гомдлын үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх гомдлыг хүлээн авах боломжгүй.” Нэг өгүүлбэрээр дүгнээд байгаа нь бодит байдалтай нийцэхгүй хийсвэр дүгнэлт байх тул хэргийг тал бүрээс нь нягтлан үзэж, 97 дугаартай шүүхийн шийдвэр, 43 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд заасан шүүхээр шийдвэрлэх маргаан мөн эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч “Е Э” ХХК-иас цалин, ээлжийн амралтын олговор, алданги нийт 18 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээ 17 991 750 төгрөг болгон багасгажээ. Хариуцагч нь нэхэмжлэлийг маргаж, “...нэхэмжлэгч нь ажлаа тогтмол хийж   байгаагүй, архи ууж ажил их тасалдаг, санхүүжилт ирэх болгонд олгох ёстой цалинг нь өгсөн...” гэсэн үндэслэл заасан байна.  

Анхан шатны шүүх нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээж, хариуцагчаас 7 926 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон бол давж заалдах шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэгч 1 500 000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байхад давж заалдах шатны шүүх алдаатай дүгнэлт хийснээс гадна хэрэгсэхгүй болгосон нэхэмжлэлд хамаарах хэсгээс буюу 1 500 000 төгрөгийн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсан нь шийдвэрт өөрчлөлт оруулах эрх зүйн үндэслэл болоогүй болохыг анхаараагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т нийцээгүй байна. 

Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргахдаа “...шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэг, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, шүүх шинжээчийн дүгнэлтийг үнэлээгүйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсгийг зөрчсөн...” тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө...” гэсэн гомдлыг хангах үндэслэлгүй болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Ц.Б нь “Е Э”ХХК-тай 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, талбайн даамлын үүрэгт ажлыг гүйцэтгэн, хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан хэдий ч үргэлжлүүлэн 2016 оны 5 дугаар сар хүртэл ажилласан, сарын цалин 1 000 000 төгрөг боловч ажилласан хугацааны цалинг бүрэн аваагүй, нийт 2 296 000 төгрөгийг авсан үйл баримт тогтоогдсон ба шүүх ажилласан хугацааны авах ёстой цалин, сул зогсолтын үеийн олговрыг тус тус тооцож, цалинд 5 704 000 төгрөг, алданги 1 540 000 төгрөг, ээлжийн амралтын олговор 682 000 төгрөг нийт 7 926 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3, 23 дугаар зүйлийн 23.3, 128 дугаар зүйлийн 128.1.5, 141 дүгээр зүйлийн 141.3 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

Ажилтны ажилласан хугацаа, сарын цалингийн хэмжээ, бодитой авсан цалингийн хэмжээ зэрэг эрх зүйн асуудлууд хэрэгт байгаа бичгийн баримтуудаар нотлогдсон, тусгай мэдлэгийг шаардахгүй тул шүүх шинжээчийн дүгнэлтэд тулгуурлахгүйгээр нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчөөгүй юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д “энэ хуулийн 69 дүгээр зүйлд заасан асуудлаар гарсан маргаан”-ыг шүүх шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд анхан шатны шүүх уг зохицуулалтыг баримталсан нь оновчгүй болсон хэдий ч ажилтны цалинг олгох талаарх шүүхийн эрх зүйн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д нийцсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан зөрчсөн алдаа гаргаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэсэн тул шийдвэрийг хэвээр үлдээв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 43 дугаар магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 142/ШШ2018/00097 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч, түүний  өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.                                                

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 141 766 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

           ШҮҮГЧ                                                                        П.ЗОЛЗАЯА