| Шүүх | Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Эрдэнэтуяа |
| Хэргийн индекс | 122/2017/0027/з |
| Дугаар | 19 |
| Огноо | 2018-11-07 |
| Маргааны төрөл | Газар, |
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 19
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Эрдэнэтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн иргэн Т.Зын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Зд холбогдох
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Б.Г
Нэхэмжлэлийн шаардлага: “Хүсэлт шийдвэрлэхгүй байгаа Засаг даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, “О” гэх газрыг өвөлжөөний зориулалтаар, “Ч” гэх газрыг хаваржааны зориулалтаар эзэмшүүлэхийг даалгаж өгөх”, “Сүхбаатар сумын засаг даргын “Малчдад бэлчээр гэрээгээр ашиглуулах тухай” 2011 оны 04 дүгээр сарын 20-ны 44 дүгээр захирамжийн хавсралтын 10 дугаарт Г.Т гэснийг Т.З гэж өөрчлөх”-ийг хүссэн нэмэгдүүлсэн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А, гуравдагч этгээд Б.Г, гэрч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.З шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Т.З нь 2011 оноос Сүхбаатар сумын 4 дүгээр багийн нутаг “О” гэх газар өвөлжиж, “Ч” гэх газар хаваржиж, “Чд” гэх газар зунжиж, намаржин мал аж ахуй эрхлэн амьдарч байна. Уг газрууд нь газар зүйн байршлын хувьд нэг дор байрлалтай бөгөөд уг бэлчээр нутгийг зөв зохистой ашиглахын тулд нэг өрх айл жилийн 4 улирал дээрх нутгуудаар сэлгэн нүүдэллэдэг юм. Миний аав Г.Т нь 2010 оноос “О”, “Ч”, “Чд” гэх газруудад өвөлжиж, хаваржиж, зунжиж, намаржин нутаглаж, мал аж ахуй эрхэлж байгаад 2011 онд нас барж, үүнээс хойш миний бие уг газруудад нутаглан мал аж ахуй эрхэлж байгаа.
Миний аав Г.Т нь 2011 оны 4 дүгээр сарын 18-нд Сүхбаатар сумын Зд хандаж, “О” гэх газрыг өвөлжөөний, “Ч” гэх газрыг хаваржааны зориулалтаар эзэмшихээр өргөдөл гарган шийдвэрлүүлж захирамж гаргуулсан боловч захирамжийн хувь олдохгүй байгаа бөгөөд харин Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газрын архивт тухайн үед бичиж байсан өргөдөл нь байсан болно.
Миний бие Т.З нь “О”, “Ч”, “Чд” гэх газруудад өвөлжиж, хаваржиж, намаржин нутаглаж, мал аж ахуй эрхэлж амьдарсаар 9 жил болсон байна.
“О” гэх газрын талаар: Нэгдлийн үед уг газарт чулуун хашаа баригдсан байсан бөгөөд чулуун хашааг нурааж, чулууг нь хүмүүс авч ашигласнаас хашааны буйр, балгас үлдсэн учир хүмүүс уг газар өвөлжиж ашиглаагүй олон жил болсон байсан. Миний бие уг газар блокоор хашаа барьж, мөн мал төллүүлэх зорилгоор битүү дулаан байр барьж, нийтдээ 10-аад сая төгрөг зарцуулж, уг газрыг одоо ашиглаж байгаа.
“Ч” гэх газрын талаар: Уг газар “О” гэх газраас 2 км орчим зайтай, нэгдлийн үед уг газарт чулуун хашаа баригдсан байсан бөгөөд чулуун хашааны зарим хэсэг нь нурж эвдэрсэн байсан тул сэргээн засварлаж, хаалганы бетон шон суурьлуулж, хаалга хийж, хажууд нь худаг гаргаж, тодорхой хэмжээний хөрөнгөөр засч, одоо ашиглаж байгаа.
Зд хандсан талаар: 2017 оны 9 дүгээр сарын 29-нд Сүхбаатар сумын Зд хандаж, “О” гэх газрыг өвөлжөөний, “Ч” гэх газрыг хаваржааны зориулалтаар эзэмшихээр хандсан болно. Одоо болтол асуудлыг шийдвэрлэж өгөөгүй, ямар нэг хариу өгөөгүй. 2018 он гарсаар уг асуудлаар Зтай 2 удаа уулзсан. Сураг сонсоход Г гэх хүн уг газруудыг эзэмших талаар Зд хандсан гэсэн.
Г нь сумын төв дээр амьдардаг, мал аж ахуй эрхэлдэггүй, өөрийн гэх мал маллах нутаг усгүй, Улаанбаатар хотын харъяалалтай хүний адууг хөлсөөр маллаж, нутгийн иргэдийн малын бэлчээрийг идүүлж, маргаан үүсгэж яваа хүн.
Мөн Гын найз Н гэгч нь 2018 оны 4,5,6 дугаар саруудад “О” гэх газар буюу манай өвөлжөөний худгийн тагийг эвдэж, маргаан үүсгэж, зодоон цохионы асуудал үүсэхэд хүргэж байсан.
2018 оны 8 дугаар сарын 30-нд багийн иргэдийн хурал болсон бөгөөд уг хурал дээр Г нь өөрийн найз нөхөд, хамаатан, садан төрлийн хүмүүсээ дагуулан ирж, миний ашиглаж байгаа өвөлжөө, хаваржааны газрыг авах талаар ярьсан болно.
Өвөлжөө, хаваржааны газрын асуудлыг шийдвэрлүүлэх талаар Зд хандсан, З уг асуудлыг шийдвэрлээгүй удсанаас иргэд хоорондын маргаан үүсч, цаашлаад бэлчээрийн асуудлаас болсон маргаан нь зодоон, хүч хэрэглэсэн асуудал үүсгэхэд хүрч болзошгүй байна.
Түүнчлэн Г /хулгайн хэргээр ял шийтгэгдэж байсан/, Н /хүчингийн хэргээр ял шийтгэгдэж байсан/ гэх хүмүүс нь миний ашиглаж байгаа “О”, “Ч” гэх газарт хүч хэрэглэн өвөлжих талаар ярих боллоо.
Иймд дээрх иргэдийн хүч хэрэглэсэн, хууль бус үйлдлийн талаар сумын Засаг захиргаа хяналтдаа авч, иргэдийнхээ амгалан тайван амьдрах нөхцлийг хангаж ажиллахыг Сүхбаатар сумын З, Засаг даргын Тамгын газарт үүгээр далимдуулан сонордуулж, асуудлыг хуулийн дагуу даруй шийдвэрлүүлэхийг хүсч байна.
Хууль зүйн үндэслэлийн талаар: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Төрөөс газрын талаар баримтлах зарчмыг” заасан бөгөөд мөн зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.3-д “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” гэж,
Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт “бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэж зохицуулна. Эс тохиролцсон тохиолдолд сумын З шийдвэрлэнэ” гэж тус тус заасан.
Миний бие Т.З нь өөрийн малын хашаа, саравч байгаа “О” гэх газрыг өвөлжөөний зориулалтаар, “Ч” гэх газрыг хаваржааны зориулалтаар эзэмших хүсэлтээ сумын Зд гаргасан бөгөөд хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “О” гэх газрыг өвөлжөөний зориулалтаар, “Ч” гэх газрыг хаваржааны зориулалтаар эзэмшүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний дүү Т.З нь 2011 оноос эхлэн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр буюу “О” гэх газар өвөлжиж, “Ч” гэдэг газар хаваржиж, “Чд” гэх газар зунжиж, намаржин мал аж ахуй эрхлэн амьдарч байна. Уг газрууд нь газарзүйн байрлалын хувьд нэг дор байрлалтай бөгөөд нутгийг зөв зохистой ашиглахын тулд уг газар нутагладаг айлууд бүлгийн зохион байгуулалтанд орж жилийн 4 улирал сэлгэн нүүдэлдэг. Миний аав Т нь 2011 оны 04 дүгээр сард Сүхбаатар сумын Зд “О” гэх газрыг өвөлжөөний, “Ч” гэдэг газар хаваржааны зориулалтаар эзэмшихээр өргөдөл гарган захирамж гаргуулсан боловч, уг захирамж нь олдохгүй байсан. 2018 ны 10 дугаар сард тухайн үед сумын Зд гаргаж байсан өргөдлөө, захирамжтай нь хамт сумын Засаг даргын Тамгын газраас олж авсан.
Дээрх газрууд нь нэгдлийн үед чулуун хашаа байсны чулууг нь авч ашиглан нурж, балгас болоод хүн өвөлжиж ашиглаагүй олон жил болсон. Тиймээс блокоор хашаа, мал төллүүлэх зорилгоор битүү пүнз барьж, өвсний хашаа зэргийг 10 гаруй сая төгрөгийн хөрөнгө зарсан. “Ч” гэдэг газар өвөлжөөнөөсөө 2 км орчим газрын зайтай. Уг газрын чулуун хашаа нь нурж эвдэрсэн байсныг сэргээн засварлаж, хаалганы бетон шон цутган хаалга хийж, хажуу талд нь шинээр худаг гарган тодорхой хэмжээний хөрөнгө засч одоо ашиглаж байгаа. Миний аав нас барсан тул эзэмшиж байгаа газрыг хүү Т.Зын нэр дээр шилжүүлэхээр 2017 онд өргөдөл гаргасан боловч одоог болтол шийдвэрлээгүй. Өргөдлийнхөө талаар сумын Зтай хоёр удаа уулзсан. Эхний удаа уулзахад Б.Г гэдэг хүн давхар өргөдөл өгсөн гэж хэлсэн бол дараагийн удаа уулзахад хуулийн дагуу шийдвэрлэж өгнө гэж хэлээд намайг өрөөнөөсөө гаргасан.
Б.Г нь сумын төв дээр амьдардаг, мал аж ахуй эрхэлдэггүй, өөрийн гэх мал маллах нутаг усгүй, Улаанбаатар хотын харьяалалтай хүний адууг хөлсөөр маллаж, нутгийн иргэдийн малын бэлчээрийг идүүлж, маргаан үүсгэж яваа хүн. Мөн Б.Гын найз Н гэдэг хүн сумын Зд өргөдөл өгсөн гэж хэлдэг.
Сумын З эдгээр асуудлыг шийдвэрлэж өгөхгүй байгаагаас болж иргэд хоорондоо маргаан үүсгэж маргаан нь зодоон цохионы асуудалд хүргэж байна.
Бид нар энэ орон нутагт шударгаар хөдөлмөрлөж байгаа. Сум орон нутгаас нэг ч төгрөгний дэмжлэг туслалцаа авч байгаагүй. Гэтэл сумын З шударгаар хөдөлмөрлөж байгаа өөрийн сумын иргэдийнхээ эрх ашгийг хамгаах бус Улаанбаатар хотын харъяалалтай иргэний малыг оруулж ирж, бэлчээрийн асуудалд хайхрамжгүй хандаж байгаад гомдолтой байна.
Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Сүхбаатар сумын засаг даргын “Малчдад бэлчээр гэрээгээр ашиглуулах тухай” 2011 оны 04 дүгээр сарын 20-ны 44 дүгээр захирамжийн хавсралтын 10 дугаарт Г.Т гэснийг Т.З гэж өөрчлөх” гэв.
Хариуцагч Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын З Г.Х шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Иргэн Т.З нь Чийн худгийг цоожилсон мөн Ч, Олон овооны орчмоор бэлчээрлэдэг айлын малыг хөөдөг зэрэг нь Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-г зөрчсөн.
Энэ “О” гэдэг газар дээр иргэн Б.Г, давхар өргөдөл өгсөн байсан учир Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.10-г баримтлан 4 дүгээр багийн иргэдийн нийтийн хурлаар шийдвэрийг гаргуулсан болно гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.З нь өөрийн нутаглаж байгаа нутаг усны ард иргэдтэй төдийлөн нийлдэггүй. Нийтийн эзэмшлийн худгийг цоожилж малчидтай хэрүүл тэмцэл хийж байдаг гэж надад сонсогдож байсан.
Энэ асуудлыг сумын Засаг даргын Тамгын газрын ажилчдын сонсгол дээр ярьж байсан учраас миний хувьд үүнийг сайн санаж байна. Т.З гэдэг хүн худаг ус цоожлоод байдаг гэсэн ойр орчмын малчдаас гомдол ирээд байна гэж байгууллагын дотоод хурал дээр ярьсан учраас үүнийг би хэлсэн. Өнгөрсөн оны 8 дугаар сард би сумын Зтай тэр хавийн нутгаар адуу эрж байхад З энэ худгийг цоожилдог гээд өргөдөл, гомдол ирээд байна. Очиж үзье гээд очиход төмөр таг тавьж цоожилсон байсан. Үүнийг би өөрийн нүдээр харсан гэв.
Гуравдагч этгээд Б.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 122/ШЗ2018/0127 тоот захирамж миний нэр дээр ирүүлсэнтэй танилцлаа. Захирамжид тус сумын 4 дүгээр багийн иргэн Т.З тус багийн “О” нэртэй газрыг өөрийн мэдэлдээ авах гэсэн санааг агуулж танайд нэхэмжлэл гаргажээ.
Т.З нь нэхэмжлэлдээ 2011 онд аав Т нь тус суманд шилжиж ирсэн гэжээ. О гэдэг газар өвөлжиж “С” байх үеийн чулуун хашааны зарим хэсэг нь нурж эвдэрсэнийг сэргээн засварлаж, хана хийж, худаг гарган ашиглаж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т бэлчээр нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно гэсэн заалт нь бэлчээр нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээний газрыг ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна гэсэн Үндсэн хуулийн 6 дугаар зүйл 6.1 дэх заалтын агуулгатай нэг байгааг ойлгоно гэдэгт итгэж байна.
Иймд “О” гэдэг нэртэй газрыг Т.З нь өмчлөх, эзэмших, ашиглах ямар ч үндэсгүй юм.
Нэгэнт бэлчээрийн маргаан үүсгэж байгаа бол Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасны дагуу багийн нийтийн хуралд гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх журамтай.
Багийн нийтийн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хурлаар иргэн Т.З нь Б.Г миний саналыг сонсож, эцэст нь Т.Зт “О” гэдэг газрыг бэлчээрийн зориулалтаар эзэмшүүлэх шийдвэр гаргах нь буруу.
Сумын З Г.Х оролцож “О” гэдэг газарт бэлчээрийн бус зөвхөн хашаа хорооны байршлын газрыг эзэмших гэрчилгээг Т.Зт олгоогүй гэдгийг баталж хэлсэн.
Иймд Үндсэн хууль болон Газрын тухай хууль зөрчиж багийн нийтийн хурлын шийдвэрийг эс тоож, гомдол гаргасанд харамсаж байна.
Би “Оын” өвөлжөөний хашааг нь эзэмшиж, ашиглана гээгүй. Зөвхөн “айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг” гэдэг өвөг дээдсийн уламжлалын дагуу ойр орчимд нь өвөлжих гэсэн юм.
Миний эцэг Б нь энэ нутагт насаараа нэгдлийн адууг хариулж байхад Зын эцэг Т нь аймагт жолооч байсан.
Нэхэмжлэлд намайг найз нөхөд, хамаатан садан төрлийн хүмүүсээ дагуулан ирж миний ашиглаж байгаа өвөлжөө, хаваржааны газрыг авах талаар ярьсан гэж багийн нийтийн хурлын жирийн иргэдийг дайрч доромжилсон байна.
Миний гэснийг бодвол хувьдаа өмчилж газар авсан юм шиг аашилсан байна.
Мөн өөрөө худаг ухаж гаргаагүй атал гаргасан юм шиг худал бичсэн мөн худгийг цоожилдог, малыг услуулахгүй хөөдөг туудаг. 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр манай адууг мотоциклиор элдэн хөөж байсаныг хүн гэрчилнэ гэв.
Гэрч Г.Э шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Манай сум бэлчээрийн маш том газар нутагтай байсан боловч, сүүлийн жилүүдэд мал их хэмжээгээр өссөнтэй холбоотойгоор бэлчээрийн даац эрс муудсан. Б.Гын аав дээр үед нэгдлийн адуу малладаг байсан. Гэхдээ гэр нь сумын төв дээр байдаг байсан. Өөрөө сумын төв дээрээс адуугаа хариулдаг хүн байсан. Миний хувьд нэгдлийн зоо техникчээр ажилладаг байсан учраас үүнийг мэднэ. Бэлчээрийн даац хэтэрснээс болоод өөр багийн нутаг руу нүүдэллэх тохиолдол байдаг. Гэхдээ Сүхбаатар сумын биш харьяалалтай хүний малыг өөрийн сумын нутаг дэвсгэрт оруулж ирэхийг сумаараа эсэргүүцэж байгаа
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн иргэн Т.З нь Сүхбаатар аймгийн З Г.Хэд холбогдуулан “Хүсэлт шийдвэрлэхгүй байгаа засаг даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, “О” гэх газрыг өвөлжөөний зориулалтаар, “Ч” гэх газрыг хаваржааны зориулалтаар эзэмшүүлэхийг даалгаж өгөх”-ийг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд ирүүлсэн.
Шүүх нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан субьектэд холбогдуулан гаргасан маргаан тул хэргийн харъяаллыг, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан “нэхэмжлэлийг тухайн шийдвэр гаргасан захиргааны байгууллагын оршин байгаа газрын захиргааны хэргийн шүүхэд гаргана” гэж заасны дагуу тус шүүхэд гаргасан нь нутаг дэвсгэрийн харъяаллыг тус тус зөрчөөгүйн дээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзэн хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэлийн шаардлагаа “Сүхбаатар сумын засаг даргын “Малчдад бэлчээр гэрээгээр ашиглуулах тухай” 2011 оны 04 дүгээр сарын 20-ны 44 дүгээр захирамжийн хавсралтын 10 дугаарт Г.Т гэснийг Т.З гэж өөрчлөх” гэж нэмэгдүүлсэн.
Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, гуравдагч этгээдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын үндэслэлийг хянаад дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Т.З нь 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр “О ” гэх газрыг өвөлжөөний, “Ч” гэх газрыг хаваржааны зориулалтаар эзэмших хүсэлтийг Сүхбаатар сумын Зд гаргасан байжээ.
Түүний аав Г.Т нь маргаан бүхийн газарт 2010 оноос нутаглаж байсан, Сүхбаатар сумын Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 20-ны 44 дүгээр захирамжаар О, Чийн бэлчээрийг гэрээгээр ашиглаж байсан байна.
Нэхэмжлэгч Т.З нь 2011 оноос дээрх газар нутагт амьдарч үе уламжлан мал маллан, тухайн газар худаг гарган, малын хашаа саравчийг сэлбэж засан, пүнз барин ашиглаж байгаа болох нь тогтоогдож байна.
Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “өргөдөл” гэж гомдлоос бусад асуудлаар төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан хүсэлтийг ойлгохоор тайлбарласан байна.
Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл гомдол гаргагчид мэдэгдэнэ” гэжээ.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан.
Сүхбаатар сумын З нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчим, 21 дүгээр зүйлийн 21.4.3, 52 дугаар зүйлийн 52.10-д газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхээ хэрэгжүүлэх үүргээ зөрчсөн байх бөгөөд хуулийн дээрх зохицуулалтуудын дагуу иргэн Т.Зын гаргасан газар эзэмших тухай хүсэлтийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэн хариу өгөх үүрэгтэй байна.
Ийнхүү хариуцагч Сүхбаатар сумын З нь хуульд заасан дээрх үүргээ зөрчиж иргэн Т.Зын гаргасан өргөдөлд хариу өгч шийдвэрлээгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдож байна.
Харин энэ хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татагдсан Б.Г нь цаг хугацааны хувьд нэхэмжлэгч Т.Заас сүүлд 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр олон овооны барилгыг эзэмших хүсэлт гаргаж байсан байна. Сүхбаатар сумын 4 дүгээр багийн иргэдийн нийтийн Хурлын 2018 оны 8 дугаар сарын 30-ны 10 дугаар тогтоолоор Б.Гынхыг нүүлгэн “О” гэх газарт нутаглуулах саналыг сумын Зд уламжилж шийдвэрлэжээ.
Газрын тухай хуулийн 52.10-т “... иргэдийн нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын З малчдад болзол, гэрээний дагуу ашиглуулж болно ”, 52.10-т “бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэж зохицуулна. Эс тохиролцсон тохиолдолд сумын З шийдвэрлэнэ” гэж зааснаас үзвэл иргэдийн нийтийн хурал зөвхөн санал гаргах эрхтэй бөгөөд бэлчээрийн талаархи маргааныг зохицуулж чадаагүй бол сумын З шууд шийдвэрлэх бүрэн эрхтэй гэж ойлгохоор байна. Хуулийн дээрх зохицуулалтаас харахад газрын талаархи дээрхи өргөдөл, маргааныг шийдвэрлэх бүрэн эрхийг сумын Зд олгожээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 52 дугаар зүйлийн 52.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Зын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар сумын засаг даргын 2011 оны 4 дүгээр сарын 20-ны 44 дүгээр “малчдад бэлчээр гэрээгээр ашиглуулах тухай захирамжийн хавсралтын 10 дугаарт Г.Т гэснийг Т.З гэж өөрчлөх, “О” гэх газрыг өвөлжөөний, “Ч” гэх газрыг хаваржааны зориулалтаар иргэн Т.Зт эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хариуцагч Сүхбаатар сумын Зд даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Шийдвэрийг үл биелүүлвэл албадан биелүүлвэл зохино.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, давж заалдах журмаар гомдол гаргаагүй этгээд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭТУЯА