Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2022/0183

 

Б.Дын нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга,

Гуравдагч этгээд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг дарга

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага: Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 4 дүгээр хуралдааны 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Тэргүүлэгчдийг чөлөөлөх тухай” 01, “Хуралдааны удирдах дарга сонгох тухай” 02, “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгож батлах тухай” 03, “Хуралдааны дэгт өөрчлөлт оруулах тухай” 04, “Сумын Засаг даргыг огцруулах тухай” 05, Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгож батлах тухай 06, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” 02 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 38 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Д, түүний өмгөөлөгч Т.Д,

Хариуцагч Н.Батбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Г.Н,

Гуравдагч этгээд Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 126/2021/0035/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Даас Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 4 дүгээр хуралдааны 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Тэргүүлэгчдийг чөлөөлөх тухай” 01, “Хуралдааны удирдах дарга сонгох тухай” 02, “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгож батлах тухай” 03, “Хуралдааны дэгт өөрчлөлт оруулах тухай” 04, “Сумын Засаг даргыг огцруулах тухай” 05, Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгож батлах тухай 06, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” 02 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 38 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.5-д заасныг баримтлан шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Олонхийн баталсан шийдвэрт гарын үсэг зурахаас татгалзах эрхийг Хурлын даргад хуулиар олгоогүй байх бөгөөд харин ч эсрэгээрээ гарын зүсэг зурах үүрэгтэй байна. Тэгэхээр даргалж явуулсан хуралдаанаасаа гаргасан 1 дүгээр тогтоолд гарын үсэг зурахаас татгалзах үйлдэл нь хуульд нийцэхгүй байх бөгөөд уг шийдвэрийг өөрийн эрхийг зөрчсөн хэмээн үзэх нь хуульд нийцэхгүй.

3.2. Шүүхийн шийдвэрт “...1 дүгээр тогтоол маргаан бүхий захиргааны актын улмаас ... хурлын даргын эрх хэмжээнд халдаж, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчсөн хэмээн үзлээ” гэжээ. Нэхэмжлэлд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д зааснаар “нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” талаар заах ёстой. Гэтэл шүүхэд гаргасан нэхэмжлэлд энэ талаар огт заагаагүй тул бүрдүүлбэр хангаагүй нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, хууль зөрчин захиргаан хэрэг үүсгэсэн. Түүнчлэн ямар субъектив эрх эсхүл хууль ёсны ямар ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн талаар нэхэмжлэгч талаас шүүх хуралдаан дээр хууль зүйн талаас тайлбарлаагүй. Өөрөөр хэлбэл даргын хувьд зөрчигдсөн эсхүл иргэний хувьд эрх зөрчигдсөн талаар тайлбарлаж чадаагүй. Тэгэхээр талуудын маргаангүй асуудлаар шүүх дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д заасныг зөрчиж байна.

3.3. Шийдвэрт “... олонхийн буюу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлгийн 9 төлөөлөгчид хуралдаж, шийдвэрлэсэн нь хуул бус дур зоргийн үйл ажиллагаа гэж үзэх үндэслэлтэй” гэжээ. Шүүх хуралдаан дээр олонх, цөөнхийн тухай буюу ирц хүрсэн тухай асуудал яригдсан ба үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэх тал дээр шүүх дүгнэлт өгөх ёстой.

3.4. Шийдвэрт “... уг хуралдаанаар гаргасан бүхий л тогтоол шийдвэрүүд нь хууль бус, үндэслэлгүй актууд юм” гэжээ. Зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хамгаалах нь шүүхийн үүрэг болохоос аливаа шийдвэр, үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэхийг шалган тогтоох ёсгүй юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг тогтоож, түүнийг сэргээх болохоос маргаагүй асуудал буюу хурлаас гаргасан шийдвэрүүд нь хуульд нийцсэн эсэх дүгнэлт гаргах ёсгүй.

3.5. Шийдвэрт “... тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах шаардлагыг хангаагүй байна. Иймээс дээрх хэргийн нөхцөл байдлаас дүгнэж үзвэл 01, 02, 03, 06 дугаар тогтоолыг ..02 дугаар тогтоолын холбогдох заалтыг тус тус хүчингүй болгох үндэслэлтэй” гэжээ. 1 дүгээр тогтоолыг олонх баталсан, харин бусад тогтоол нь нэхэмжлэгч рүү чиглээгүйгээс гадна захиргааны актын шинжийг агуулаагүй тул хүчингүй болгох үндэслэлгүй.

Иймд бүрдүүлбэр хангаагүй нэхэмжлэлийг хүлээн авч, хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү”,

4. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

4.1. “... өөрийнхөө баталсан тогтоолыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж байгаа нь үндэслэлгүй юм. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргаж буй аливаа шийдвэр нь тухайн хурал даргалагчийн дан ганц шийдвэр биш ба тухайн хуралдаанд оролцогч нийт төлөөлөгчдийн дийлэнх олонхийн саналаар баталгаажиж шийдвэр гарж хэрэгждэг. Хурлын шийдвэр нь Үндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль зэргийг үндэслэн гаргасан ба Засаг даргын ажилд үнэлэлт, дүгнэлт өгөх тухай асуудал нь хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд батлагдсан дараалал ёсоор хэлэлцээд шийдвэрээ гаргах ёстой.

Хэргийг бүхэлд нь хянаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, уг зөрчил шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д “Энэ хуулийн 52.2.4-д заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна”, 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3-д “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана”, 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж заасан.

3. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авмагцаа нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг шаардлага тус бүрийн хүрээнд бүрэн дүүрэн тодруулсны үндсэн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах үүрэгтэй.

4. Нэхэмжлэгч Б.Даас гаргасан “Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн хуралдааны “Тэргүүлэгчдийн чөлөөлөх тухай” 01, “Хуралдаан удирдах дарга сонгох тухай” 02, “Сумын иргэдийн Тэргүүлэгчдийг сонгож батлах тухай” 03, “Сумын Засаг даргыг огцруулах тухай” 05 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг шүүх дээрх хуульд заасан журмын дагуу нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах замаар эдгээр нэхэмжлэлийг шүүхээр шийдвэрлүүлснээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргэж, хангагдах талаар буюу сумын иргэдийн Хурлын Тэргүүлэгчдийг чөлөөлсөн, сонгосон, Засаг даргыг огцруулсны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн хөндөгдсөн гэж үзэж байгаа талаар, Хурлын тэргүүлэгчид болон Засаг даргаас огцорсон иргэнийг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй эсэхийг тодруулалгүйгээр хэрэг үүсгэсэн,  улмаар нэхэмжлэгч Б.Даас сумын Хурлын Тэргүүлэгчдийг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй талаар тайлбарлаагүй, холбогдох баримтыг шүүхэд гаргаагүй байхад түүний нэхэмжлэлээр Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Тэргүүлэгчдийг чөлөөлөх тухай” 01, “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгож батлах тухай” 03 дугаар тогтоолуудыг бүхэлд хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцээгүй байна.

5. Түүнчлэн шүүх “... уг хуралдаанаас гарсан бүхий л тогтоол шийдвэрүүд хууль бус, үндэслэлгүй ...” гэж дүгнэсэн нь, мөн нэхэмжлэгчээс итгэмжлэл, төлөөлөл авсан талаарх баримтыг шүүхэд гаргаагүй атлаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Сумын Засаг даргад холбогдох Хурлын шийдвэртэй маргасан байхад энэ талаар тодруулалгүйгээр тэдгээрт холбогдох шийдвэрүүдийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь тус тус Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчсөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд хамаарна.

6. Мөн анхан шатны шүүх “Хуралдааны дэгт өөрчлөлт оруулах тухай” 04, “Сумын Засаг даргыг огцруулах тухай” 05, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуралдааны “Тогтоол хүчингүй болгох тухай” 02 дугаар тогтоолын зарим заалт”, “2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүй болгох” тухай  нэхэмжлэлийн шаардлагуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.5-д тус тус заасныг баримтлан хүлээн авахаас татгалзсан байх боловч татгалзаж байгаа шалтгаан үндэслэлээ тайлбарлаагүй, дүгнээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасантай нийцээгүй байна.

 

Ийнхүү анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн зарим шаардлагатай холбогдуулан үндэслэлийг тайлбарлаж, дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэсэн алдааг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 38 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА

 

ШҮҮГЧ                                                           Н.ДОЛГОРСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ