| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2020/00080/Э |
| Дугаар | 00083 |
| Огноо | 2020-07-20 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Н.Улсболд |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 00083
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Н.Улсболд
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат
Шүүгдэгч Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Н.Улсболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Д.Тт холбогдох 20320000000045 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, "Цацраг дээж" ХХК-ний Хараагийн боргио хүнсний дэлгүүрт борлуулагч ажилтай, * тоотод оршин суух хаяггай, ам бүл 1, Улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь 2000 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2-р шүүхийн №32 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хорих ял онсгдуулж, оногдуулсан 01 жилийн хорих ялыг тэнсэж хянан харгалзсан,
2009 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн №64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар нийт 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан,
2010 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн №126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 03 сарын хугацаагаар баривчлах ял оногдуулсан,
2012 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Баянгол дүүргийн шүүхийн №253 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,
2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн №90 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар хэргийг хэрэсэхгүй болгож, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 01 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 01 жил 01 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Дашдоржийн Т /РД:*/
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Д.Т нь 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн нутаг дэвсгэрт шинээр баригдаж байгаа эмнэлгийн барилгын хашаанд С.Бдтой маргалдан улмаар зэвсэг буюу хутгаар түүний цээжин тус газарт хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Т мэдүүлэхдээ:...Би Мөнхөө, Батаа 2-той архи ууж байгаад салаад харих гэж явах замдаа төв Хаан банкны хажууд Бдтой таараад бид 2 газар сууж хэсэг зуур юм ярьсан. Тэгэхдээ би Бдоос 20000 төгрөг асуухад байхгүй өгөхгүй гэж байсан. Түүнээс биш бид 2-ын хооронд хэрүүл маргаан гараагүй. Урд нь 2-3 сарын өмнө Бд надаар цемент заруулсан юм. Тэгээд надад мөнгө төгрөг өгнө гэхээр нь би яах юм бэ хэрэггүй надад утас сэргээх 20000 төгрөг тэгэж байгаад өгчихөөрэй гэж хэлсэн байсан. Тэгээд тэр мөнгийг нэхэж байгаад ийм асуудал боллоо. Мөнгө асуухад байхгүй гэхээр нь айлгах санаатай хутгаар хатгахад биед нь нэвтэрсэн. Яг хатгах үед Бд бас өндийж таарсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэжээ.
Хохирогч С.Бд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "Би Өвөрхангай аймгаас Мандал сумын Түнхэл 5-р багт ирж шинээр баригдаж байгаа эмнэлгийн барилгын ажил дээр сахиулаар ажиллаж байгаа юм. 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 12 цагийн үед намайг барилгын хашааны гадаа машин оруулах гээд овоолготой шороог хүрзээр нурааж байхад Т ирээд шууд намайг ална шүү пизда минь гэсэн. Тэгэхээр нь чи жоохон согтуу байна шдээ битгий маяглаад бай харьж унт гэж хэлсэн. Тухайн үед би Тыг надтай тоглоод байна гэж бодсон. Тэгсэнээ Т гадуур өмсөж явсан куртикны зүүн халааснаас тонгорог хутга гаргаж ирээд би чамд хутга шаана шүү гээд байсан. Би ч арай хутгалчихгүй байх гэж бодож байтал миний баруун хөхний дээд хэсэгт шууд хутгалсан. Чи намайг хутгалчихлаа шдээ гэхэд Т худлаа яриад бай харья гэхээр нь би хутгалуулсан газраа гараараа дарж байсан болохоор цустай гараа харуулсан Т харчихаад миний буулгаж байсан шороон дээр суугаад үлдсэн.
....Т архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхийн хувьд хэрэглэсэн байсан Гэхдээ биеэ хянах чадвартай арай гайгүй харагдаж байсан" гэх мэдүүлэг /ХХ-ийн 15-16 хуудас/,
Гэрч М.Бт мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "Нөхөр бид хоёр Сэлэнгэ аймгийн Мандал сум Түнхэл 5 дугаар багийн шинээр баригдаж байгаа эмнэлгийн барилгын манаач хийдэг. 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 12 цагийн орчим манай нөхөр Бд хашааны араар кран оруулах гэж зам засах гээд гарсан. Удалгүй Бд намайг Т хутгалчихлаа эмч дуудаарай гэхээр нь би тухайн үед жижүүр эмч байсан Цогтбаатар эмчийг дагуулаад гэртээ үзүүлсэн" гэх мэдүүлэг /ХХ-ийн 19 хуудас/,
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ган-Эрдэнийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн "1. С.Бдийн биед цээжинд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд цус хуралат гэмтэл тогтоогдсон. 2. Дээрх шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй" гэх №48 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 23-24 хуудас/,
Хүний их эмч Б.Энхтөрийн тодорхойлолт /ХХ-ийн 25 хуудас/,
Яллагдагч Д.Тын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: "...Би Мөнхөө, Батаа 2-той архи ууж байгаад салаад харих гэж явах замдаа төв Хаан банкны хажууд Бдтой таараад бид 2 газар сууж хэсэг зуур юм ярьсан. Тэгэхдээ би Бдоос 20000 төгрөг асуухад байхгүй өгөхгүй гэж байсан. Түүнээс биш бид 2-ын хооронд хэрүүл маргаан гараагүй. Урд нь 2-3 сарын өмнө Бд надаар цемент заруулсан юм. Тэгээд надад мөнгө төгрөг өгнө гэхээр нь би яах юм бэ хэрэггүй надад утас сэргээх 20000 төгрөг тэгэж байгаад өгчихөөрэй гэж хэлсэн байсан. Тэгээд тэр мөнгийг нэхэж байгаад ийм асуудал боллоо. Мөнгө асуухад байхгүй гэхээр нь айлгах санаатай хутгаар хатгахад биед нь нэвтэрсэн. Яг хатгах үед Бд бас өндийж таарсан" гэх мэдүүлэг /ХХ-ийн 33-34 хуудас/ Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /ХХ-ийн 2 хуудас/,2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр "Д.Тын иргэн С.Бдыг хутгалсан гэх хутга нь 11 см урттай цагаан төмөр хүрээтэй шаргал өнгийн эврэн иштэй, 8 см урт ажлын хэсэгтэй /ажлын хэсэг дээд хэсгээрээ зураасан нүхтэй/, ишэндээ хүрэн өнгийн уяатай эвхдэг 1 ширхэг хутга байна" гэх үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ-ийн 11 хуудас/,Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 6-10 хуудас/, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /ХХ-ийн 12 хуудас/ болон бусад нотлох баримтууд авагджээ.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5-р багийн Түнхэл тосгоны Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 39 дүгээр хуудас/, “Цацраг дээж” ХХК-ны тодорхойлолт /ХХ-ийн 40 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруутай эсэх асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Т нь 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн нутаг дэвсгэрт шинээр баригдаж байгаа эмнэлгийн барилгын хашаанд С.Бдтой маргалдан улмаар зэвсэг буюу хутгаар түүний цээжин тус газарт хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч С.Бдийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 15-16-р хуудас/, Гэрч М.Бтын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 19-р хуудас/, 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн №48 дугаартай Шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 23-24-р хуудас/, Хүний их эмч Б.Энхтөрийн тодорхойлолт /ХХ-ийн 25-р хуудас/, Д.Тын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 33-34-р хуудас/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 6-10-р хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Д.Тыг хохирогч С.Бдийн зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Д.Т нь 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн нутаг дэвсгэрт шинээр баригдаж байгаа эмнэлгийн барилгын хашаанд С.Бдтой маргалдан улмаар зэвсэг буюу хутгаар түүний цээжин тус газарт хутгалж түүний биед цээжинд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.4-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нь нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж согтуурсан үедээ зүй бус авир гаргаж, зан харьцааны дутагдал гаргасан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Шүүх шүүгдэгч Д.Тт ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, харин хувийн байдал, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Д.Тыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар Д.Тыг 03 жил 04 сар 05 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багт байрлах ХААН банкны салбарын гадна хяналтын камерын 2020 оны 03-р сарын 21-ны өдрийн дуу дүрсний бичлэг бүхий 1 ширхэг хуурцаг /CD/-ыг хэргийн хадгалах хугацааг дуустал хадгалах, мөн 11 см урттай, цагаан төмөр хүрээтэй, шаргал өнгийн эврэн иштэй, 8 см урт ажлын хэсэгтэй /ажлын хэсэг дээд хэсгээрээ зураасан нүхтэй/ ишэндээ хүрэн өнгийн уяатай эвхдэг 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Д.Т нь шүүх хуралдаан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүйн улмаас таслан сэргийлэх арга хэмжээг 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс өөрчлөн 2020 оны 07 сарын 08-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 12 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй, хураагдан ирсэн бичиг баримтгүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжилсэн хөрөнгөгүй зэргийг тус тус дурьдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Дашдоржийн Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг хэрэглэн “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар Д.Тыг 03 /гурав/ жил 04 /дөрөв/ сар 05 /тав/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Тт оногдуулсан 03 жил 04 сар 05 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 11 см урттай, цагаан төмөр хүрээтэй, шаргал өнгийн эврэн иштэй, 8 см урт ажлын хэсэгтэй /ажлын хэсэг дээд хэсгээрээ зураасан нүхтэй/ ишэндээ хүрэн өнгийн уяатай эвхдэг нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, нэг ширхэг хуурцаг /СD/-ийг уг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалахаар зохих баримт үйлдэж хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Ганцэцэгт даалгаж, Д.Т нь бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт хураагдан ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт Д.Тын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 20-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 12 /арван хоёр/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Тт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, Д.Тын эдлэх ялыг нь 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.