| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2020/00055/Э |
| Дугаар | 00054 |
| Огноо | 2020-05-14 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Н.Улсболд |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 00054
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Б.Ганзаяа
Улсын яллагч Н.Улсболд
Шүүгчдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа
Шүүгдэгч Ж.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Н.Улсболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ж.Дд холбогдох 2032000260053 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, халх, 1976 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 7, нөхөр 5 хүүхдийн хамт амьдардаг, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, * тоотод оршин суух хаягтай, Улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь: Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1994 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №314 дугаар Таслан шийдвэрлэх тогтослоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн №450 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хорих ялаар, Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 1999 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №546 дугаар Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар нийт 02 жилийн хугацаагаар хорих ялаар,Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн №147 дугаартай Шийтгэх тогтолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгг зааснаар 02 жилийн хорих ялаар, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн №314 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 03 жилийн хугацаагаар тэнссэн, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 07 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан хэрэг хариуцах чадвартай, Сэчин овогт Жигмэддоржийн Д РД:/*/
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Ж.Д нь 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Минжийн хангайн 07 тоотод оршин суух иргэн Ж.Лсгийн гэрээс нийт 180.000 төгрөгний үнэ бүхий Самсунг Дуос, Самсунг Нөт-1 загварын 2 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 20 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р баг, Төвийн 2 дугаар хэсэг Төмөр замын 01 тоотод оршин суух иргэн А.Швын гэрээс 116.000 төгрөгний үнэ бүхий 10 кг үхрийн мах, 5 литр сүү зэрэг эд зүйлс хулгайлж нийт 116.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Д мэдүүлэхдээ: ...”Би мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд дахин мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү”... гэв.
Хохирогч Ж.Лсгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "2020 оны 01 сарын 25-ны өдрийн 15 цагийн үед байхаа гэрээсээ гарсан. Манай гэрт манай хүү Л.Анар, охин Амин-Эрдэнэ, дүү Мөнгөншагай нар үлдсэн. Би гэрээсээ гарахдаа хашааны хаалгаа цоожилсон юм. Манай хашааны хаалга кодоор онгойдог. Тухайн үед би хашааны хаалгаа хаагаад гарсан юм. Тэр эмэгтэй яаж орсоныг мэдэхгүй юм. Тухайн үед Самсунг Дуос маркийн гар утсыг хөргөгчиний хажууд цэнэглээд үлдээсэн. Харин самсунг Нөт-1 загварын гар утсыг гал тогооны тавилга дээр тавьсан. Би эргээд 2 цаг орчим хугацааны дараа ирсэн. Тэгэхэд манай нөхөр хашааны гадаа байж байсан. Тэгээд гэр лүү орсон чинь цэнэглэж байсан гар утас байгаагүй. Тэгэж л мэдсэн. Тэгэхээр нь үлдсэн хүүхдүүдээс асуутал нэг эгч орж ирээд талх гуйгаад гарсан гэж хэлсэн. Тэгсэн нөхөр хэлэхдээ "намайг түрүүн гэр лүү явж байхад нэг эмэгтэй хашааны гадна байсан. Тэр эмэгтэй бараг авсан байх гээд худалдааны зах руу явсан. Тэгсэн тэр эмэгтэйтэй таараад цагдаа дээр авчирсан. Удалгүй цагдаа нар 2 ширхэг гар утсыг олж өгсөн" гэх мэдүүлэг /хх-ийн 22 хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Л.Анарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "Би 2 дүүтэйгээ гэртээ тоглож байтал нэг танихгүй эгч гэрт орж ирээд аав ээжийн чинь найз байна аав ээж чинь араас жимс ундаа аваад ирж байгаа гээд хөргөгч онгойлгоод хөргөгчинд байсан 2 талхны нэгийг нь авчих уу гэхээр нь би үгүй манай дүүгийн дайх үргээхэд хэрэглэх гэж байгаа юм гэсэн чинь аан заза гэж хэлээд гарч явахдаа хөргөгчиний ойролцоогоос нэг зүйл аваад гарсан. Тухайн үед би анзаараагүй. Тэгсэн дараа нь 2 гар утас алга болсон байсан. Би дараа нь тэр эгчийг цагдаа дээр байхад харсан мөн байсан. Тэгээд манай гэрээс авсан 2 ширхэг гар утсыг буцааж өгсөн. ...Манай гэрийн хаалга цоожгүй байсан. Харин манай хашаа кодтой түгжээтэй байсан. Тэр эгч яаж орж ирсэнийг мэдэхгүй байна" гэх мэдүүлэг /хх-ийн 23 хуудас/
Гэрч Л.Абын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "2020 оны 01 сарын 25-ны өдрийн 15 цагийн үед байхаа би гэртээ байж байхад гэрээс гарсан. Манай эхнэр бас надтай цуг гарсан. Бид 2 охины дайхыг үргээх гээд гарсан. Тэгээд айлаас ууц чанадаг тогоо авах гээд гэрийнхээ ойролцоо айлын гадаа иртэл гэрт нь хүн байдаггүй. Тэндээс манай гэр харагддаг юм гэр лүү харсан чинь нэг эмэгтэй манай гэрийн гадаа зогсоод байгаа харагдсан. Тэгээд тогоо авах айлын хүн маань байхгүй байхаар нь гэр лүүгээ яваад очтол нөгөө эмэгтэй хашааны гадаа зогсож байсан. Би юу хийж яваа талаар нь асуутал такси барих гээд явж байна гэхээр нь би хойд зам дээрээс барь гээд явуулсан. Тэгээд гэртээ ороод гэрээс юм авсан байж магадгүй гээд ууц, буузаа хартал байж байсан. Өөр алдагдсан зүйл байхгүй болохоор эргэж гараад нөгөө хүүхнийг хайтал хойшоо засмал зам руу явж байсан. Ингээд би дэлгүүр орж юм цуглуулаад гэртээ иртэл цэнэглэж байсан гар утас байдаггүй. Хайгаад олдоггүй. Тэгэхээр нь хүүгээс асуутал нэг танихгүй эгч орж ирээд би ээж аавын чинь найз байна гээд хөргөгч онгойлгоод талхнаас нэгийг авна гэхээр нь үгүй гэсэн чинь гараад явсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэнэт нөгөө хашааны гадаа зогсож байсан согтуу авгай мөн байна гэж бодоод худалдааны зах руу яваад очтол байж байсан. Тэгэхээр нь дагуулаад цагдаа дээр ирсэн. Гэрт хүүхдүүд үлдсэн болохоор гэрийн хаалгыг цоожлоогүй. Харин хашааны хаалгыг хаагаад гарсан. Хаачихаар өөрөө цоожлогддог. Онгойлгоход код хэрэгтэй байдаг юм. Гэр болон хаалганы цоож эвдэрсэн зүйл байхгүй байна лээ яаж орсоныг нь мэдэхгүй байна" гэх мэдүүлэг" /хх-ийн 24 хуудас/,
Гэрч И.Сцийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "2020 оны 01 сарын 25-ны өдрийн 16-17 цагийн үед байсан. Би худалдааны зах дээр лангуун дээрээ байсан. Би малын гэдэс толгой зардаг юм. Тэгсэн Ж.Д гэх эмэгтэй орж ирээд саарал гадаргуутай Самсунг Нөт-1 маркийн гар утас гаргаж ирээд энэ утсыг авах уу гэхээр нь үгүй гээд явуулсан. Эргэж ирээд тэр эмэгтэй "манай цахилгааныг таслах гээд байна, авчих л даа" гэж гуйгаад байхаар би 20.000 төгрөгөөр бодож авсан. Тэгсэн 10.000 төгрөгөнд нь гэдэс аваад 10.000 төгрөгөөр бэлнээр аваад явсан" гэх мэдүүлэг /хх-ийн 25 хуудас/,
2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Самсунг duos” “Самсунг-note-1 гар утаснуудыг 180.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 28-р хуудас/
Хохирогч А.Швын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "2020 оны 04 сарын 10-ны өдрийн 20 цагийн үед байхаа би байшингийнхаа 2 давхарт юм хийгээд эхнэр, хүүхдийн хамт юм хийж байсан. Тэгсэн доод нэг давхарт хаалга дуугарах шиг болохоор би эхнэрээ нэг давхарт хаалга дуугараад байна, гараад хардаа гэж хэлсэн. Тэгсэн эхнэр доошоо буусан. Би цонхоороо хартал нэг эмэгтэй хүн ногоон шуудайтай зүйл үүрчихсэн зүүн тийш явж байсан. Тэгсэн эхнэр уулзаад хөдөөнөөс ирсэн хүн гэнэ айл андуурсан гэнээ гэхээр нь би юу яриад байгаа юм бариад ав гэж хэлээд гүйж очоод бариад автал тэр эмэгтэй надад хэлэхдээ "би хөдөөнөөс явж байгаа юм энэ талд ээж байгаа" гэж хэлэхээр нь явуулсан. Тэгсэн хашааны завсараар нь гараад явсан. Тэгээд би гэр лүүгээ буцаад явж байгаад тэр шуудайтай зүйлнээс барьж үзэхэд хүйтэн байсан даа гэж бодоод гэр лүүгээ ороод нэг давхарт ороод хөргөгчөө шалгатал үхрийн 10 кг хөшигөлбөр мах, савтай 5 кг-ын хөлдөөсөн үхрийн сүү зэрэг зүйл алдагдсан байсан. Тэгэхээр нь эхнэр бид 2 нөгөө хүүхний араас гүйгээд олдохгүй байхаар нь буцаж ирээд машинаа унаад нилээн хайж байгаад эхнэрийнхээ гар утас руугаа залгасан чинь Ж.Д гэдэг хүн юм байна. Би гэрт нь ирсэн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрт нь яваад очтол хүүхдүүд нь байсан. Би цагдаад хэлэх гээд очтол эхнэр эргэж залгаад нөгөө хүүхэн чинь ирсэн гэхээр нь цагдаа дагуулаад очсон. Тэгсэн Ж.Д би аваагүй гээд намайг харсанаа энэ хүн намайг 10.000 төгрөг өгөөд хүчиндсэн хүн байна би гомдол мэдүүлнэ энэ тэр гээд сонин юм яриад байсан. Тэгээд би гэртээ хариад байж байтал цагдаа шинжээч ирж хэргийн газрын үзлэг хийж байхад Ж.Д гэх эмэгтэй өөр цагдаа дагуулж ирээд миний алдсан мах, сүүг хүлээлгэж өгсөн" гэх мэдүүлэг /хх-ийн 53 хуудас/
Гэрч Д.Эцийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "2020 оны 04 сарын 10-ны өдрийн 19 цаг 40 минутын үед байхаа нөхөр, охин бид 3 гэртээ байж байтал нөхөр доод хаалга дугарлаа гараад хараадхаач гэж хэлсэн. Тэгэхээр нь би гарах гэж байтал нөхөр цонхоороо харчихаад хашаанд нэг эмэгтэй ногоон шуудайтай зүйл үүрчихсэн явж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гараад нөгөө хүүхэнтэй чинь уулзсан чинь надад хэлэхдээ "айл хайж явна" гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи наад шуудайндаа юу хийсэн юм бэ гэж асуутал Баярмаад өгөх гэж байгаа юм гэж хэлсэн. Тэгсэн цаанаас нөхөр гараад ирсэн. Тэгсэн нөхөр худлаа яриад байгаа ч гээд шуудайнаас нэг атгаад авсан чинь тэр хүүхэн худлаа гэвэл хашааны буланд манай ээж байгаа та 2 харахгүй юу гэж хэлсэн. Нөхөр бид 2 итгээд яваад өгсөн. Тэгээд гэртээ дөнгөж ортол нөхөр чи нэг давхарт байдаг хөргөгчөө нэг үздээ гэж хэлсэн. Тэгэхээр нь хөргөгчөө шалгатал үхрийн хөшигөлбөр цул мах, хөлдүү сүү 2 байснаас 1 нь алга болсон байсан. Тэгээд нөхөр бид 2 нөгөө хүүхнийг хайгаад салсан. Би зүүн тийшээ явж байгаад хэдэн хүүхдүүд тоглож байхаар асуусан чинь тэр эгч баруун тийшээ явсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрийнхээ ойролцоо байдаг хүүхдээс асуусан чинь би танина ш дээ гэр нь ийшээ байгаа гээд намайг тэр эмэгтэйн гэрийг зааж өгсөн. Би гэрт нь орсон чинь хүүхдүүд нь ээж байхгүй гэж хэлсэн. Тэгээд байж байтал нөхөр гэх залуу ирсэн. Тэгэхээр нь би танай эхнэр манай гэрээс юм хулгайлчихлаа гэж хэлээд би нөхөр А.Швыг утасдаж дуудаад А.Шв ирээд хүүхэд нь ээж ийшээ айл руу явсан байх заагаад өгье гээд нөхөртэй нь цуг явсан. Би гэрт нь үлдээд байж байтал нөгөө манай хашаанаас шуудайтай зүйл үүрээд гарч явсан эмэгтэй мөн байсан. Тэгээд цагдаа дуудсан цагдаа ирээд Ж.Дыг аваад явсан. Манай нөхөр хараад манай хашаанаас шуудайтай юм үүрээд гарч байсан эмэгтэй мөн байна ш дээ гэж хэлсэн. ...Манай байшингийн нэг давхарын салхивчаар орсон юм шиг байна лээ цагдаа ирээд үзлэг хийхдээ нэг салхивч онгорхой байна гэж хэлсэн. Очоод харсан чинь нээрээ онгорхой байсан. Бид нар цонхоо онгойлгоогүй түлхээд онгойлгосон юм шиг байна лээ. Хувцас хунар зөөгөөд өөр газар тавьсан байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 55 хуудас/
Гэрч Д.Нггийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн орой 20 цагийн үед бйахаа би гэртээ байж байтал манай гэрт Ж.Д гэх эмэгтэй нэг такси бариад ирсэн. Тэгээд нэг шуудайтай юм гаргаж ирээд манай гэрт оруулаад тавьсан. Тэгэхээр нь би гайхаад юу юм бэ гэтэл Ж.Д би Тэмээтийн хонхор яваад ирлээ хөдөөнөөс ирсэн гэж хэлээд 1000 төгрөг байна уу энэ таксинд өгчих гэхээр нь би тэр таксины С.Бя гэх залуу 1000 төгрөг өгөөд явуулсан. Ногоон шуудайтай мах, хөлдөөсөн сүү зэрэг байсан Ж.Д надад хэлэхдээ Тэмээтийн хонхороос хөдөөнөөс ирсэн гэж хэлсэн. С.Бягаас асуусан чинь үгүй ээ вокзалаас ирсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би С.Бяд энэ зүйлийг хулгайлсан байж магадгүй цагдаад хэлээрэй гэж хэлсэн" гэх мэдүүлэг /хх- ийн 57 хуудас/,
Гэрч С.Бягийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "Би төмөр замын вокзалаас өөрийн Тоёота Приус 10 маркийн 93-91 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслээрээ таксинд явдаг юм. 2020 оны 04 сарын 10-ны өдрийн 20 цагийн үед төмөр замын вокзалын нүхэн гарцны урд иртэл тэр эмэгтэй ногоон шуудайтай зүйлээ хажуудаа тавьсан төмөр хашлага дээр сууж байсан. Тэгээд над руу ирээд таксинд явж байгаа юу гэж хэлсэн. Тэгэхээр нь би явж байна гэтэл би гэр лүүгээ хүргүүлье гэж хэлсэн хаана вэ гэтэл ахуй үйлчилгээний гудамжинд гэж хэлсэн. Тэгээд машинаа суулгаад хөдлөөд Спортын ордны хажууд явж байтал Нар дэлгүүрийн урд байдаг Нг гэх айлын гадаа бууна гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүргээд өгтөл нөгөө шуудайтай зүйлээ Нг гэх айл руу оруулаад эргэж гарч ирээд надад 1000 төгрөг өгөөд тэндээ үлдсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 59 хуудас/,
2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн №246-247 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 63 хуудас/ болон бусад нотлох баримтууд авагджээ.
Ж.Д нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “… 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн үдээс хойш байхаа би Цэрэндолгортой цуг архи уугаад нилээн согтсон байсан тэгсэн Цэрэндолгор чи манай гэрт очоод байж бай би жоохон идэж уух юм цуглуулаад араас чинь очъё гэсэн тэгэхээр нь би Минжийнхангайн гудамжинд байдаг Цэрэндолгорын гэр лүү явж байгаад андуураад айлд орсон байна лээ тэгээд тэр айлд ороход 2 жоохон хүүхэд байсан байхаа тэгэхээр нь ээж нь араас ирж байгаа гээд нилээн өлссөн байсан болохоор тэр айлын хөргөгчийг онгойлгосон чинь талх байхаар нь талхнаас нь гуйсан чинь үгүй гэсэн тэгэхээр нь гарах гэж байхад 2 ширхэг гар утсыг цэнэглэж байгааг хараад аваад гарсан юм. Тэгээд зах дээр нөгөө 2 гар утсаа зарах гээд явж байтал цагдаа ирээд намайг саатуулаад гар утсыг аваад хүмүүст нь хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлэг /ХХ-ийн 38-р хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгч Ж.Дын ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /ХХ-ийн 83 дугаар хуудас/, Шийтгэх тогтоолын хуулбарууд /ХХ-ийн 84-128 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ж.Д нь 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Минжийн хангайн 07 тоотод оршин суух иргэн Ж.Лсгийн гэрээс нийт 180.000 төгрөгний үнэ бүхий Самсунг Дуос, Самсунг Нөт-1 загварын 2 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 20 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р баг, Төвийн 2 дугаар хэсэг Төмөр замын 01 тоотод оршин суух иргэн А.Швын гэрээс 116.000 төгрөгний үнэ бүхий 10 кг үхрийн мах, 5 литр сүү зэрэг эд зүйлс хулгайлж нийт 116.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Ж.Лсгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 22 хуудас/, Насанд хүрээгүй гэрч Л.Анарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 23 хуудас/, Гэрч Л.Абын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг" /хх-ийн 24 хуудас/, Гэрч И.Сцийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 25 хуудас/, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Самсунг duos” “Самсунг-note 13 гар утаснуудыг 180.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 28-р хуудас/, Хохирогч А.Швын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 53 хуудас/, Гэрч Д.Эцийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 55 хуудас, Гэрч Д.Нггийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх- ийн 57 хуудас/, Гэрч С.Бягийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 59 хуудас/, 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн №246-247 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 63 хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Ж.Дыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ж.Дын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүнд” гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасныг баримтлан шүүгдэгч Ж.Дд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.3 дах хэсэгт заасныг журамлан шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн /гар утасыг хохирогчид буцааж өгсөн, хохирогч нар шүүгдэгчээс нэхэмжилэх зүйлгүй, гомдол, саналгүй гэсэн/, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хуульд заасан хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах, мөн оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ж.Д нь хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Хохирогч нар нь эд зүйлээ бүрэн хүлээн авсан тул нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад шүүх хуралдаанаас
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Сэчин овогт Жигмэддоржийн Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Ж.Дыг 01 /нэг/ жил 05 /тав/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Дд оногдуулсан 01 жил 05 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Энэ хэрэгт Ж.Д нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөггүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ж.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Ж.Дын эдлэх ялыг нь 2020 оны 05 дугаар сарын 14-ны өдрөөс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэх ба Улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Г.Ганцэцэгт даалгасугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.