| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 171/2020/0026/Э |
| Дугаар | 0043 |
| Огноо | 2020-01-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.О |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 0043
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж
Улсын яллагч Л.О
Хохирогч Б.А
Шүүгдэгч Б.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.М нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 1925008190501 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Б.Б
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 11 сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Наран багийн автобусны эцсийн буудал дээр иргэн Б.Адъяатөмөрийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Б.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тэр өдөр найз Алтангэрэлтэй Богд гол бааранд суусан. Тэгээд явах болж такси барьж айлд очихоор явсан. Замд таксины жолооч найзыгаа авья гээд замдаа Адъяатөмөр гэдэг хүнийг авсан. Тэгээд явж байгаад Адъяатөмөртэй маргалдсан. Энэ машиныг Адъяатөмөрийнх гэж мэдээгүй. Бид 2 маргалдаж би түүний ам руу нь 2-3 удаа цохисон. Энэ хүний протезтой гэдгийг тухайн үед мэдээгүй. Сүүлд нь Алтангэрэлээс мэдсэн. Хохирогчид учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрнө. Хэргийн хувьд маргахгүй. Протезны үнэ 800.000 төгрөг нэхэмжилсэнийг төлнө. Тэр үед протез нь байсан эсэхийг мэдэхгүй байна. Үүн дээр эргэлзэж байгаа. Хохирогчийн мэдүүлгээс зөрөх зүйлгүй. Машинаас буугаад үснээс нь татан цохисон нь үнэн. Хохиролд 200.000 төгрөг төлсөн. Үлдэгдэлийг ББСБ-с зээл авахаар тохирсон байгаа. Өнөөдөр хурлын дараа 200.000 төгрөгийг өгнө. Үлдэгдэл 400.000 төгрөгийг цагаан сарын өмнө өгнө гэж тохирсон гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Б.А-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2019 оны 11 сарын 12-ны өдөр найзындаа очиж архи уусан. Найз Өлзийд машинаа өгсөн байсан. Тэгээд ирээд авчих гэсэн 2 залуу дотор нь сууж байсан. Намайг замдаа буу гэсэн. Тэгэхээр нь миний машин гэж хэлсэн. Тэгээд маргалдаад намайг 2-3 удаа цохисон. Машинаас буухад араас ирж үснээс татаад цохисон. Одоо гомдол санал алга, протез болох хиймэл нүдийг хийлгэхэд 800.000 төгрөг болдог. Энэ зардлаа гаргуулмаар байна. Энэ хиймэл нүдийг байнга хийдэг. Хийхгүй бол нүд ширгэдэг гэсэн. Тэгээд байнга хийдэг. Тухайн үед цохиулж байхад унасан байх. Эмнэлэгт очиж уруулаа оёулчихаад эргэж тэр газраа очоод хайгаад олоогүй гэсэн мэдүүлэг,
-Гэрч Э.С-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 11 сарын 13-ны 00 цаг өнгөрч байхад манай хүү Адъяатөмөр ээжээ би хүнд зодуулчихлаа хорооллын эцэс дээр байна гэхээр нь очтол Адъяатөмөр нэг залуутай машиныхаа гадаа муудалцчихсан байсан ба Адъяатөмөр энэ залуу намайг зодоод гээд амнаас нь цус гарчихсан байсан. ...Адъяатөмөрийг аваад эмнэлэг дээр ирсэн ба би нүд чинь хаачсан юм бэ гэтэл Адьяатөмөр би зодуулж байхдаа унагаачихлаа гээд Өлзийбадралын машин дотор болон хэрэг болсон газар очиж хайгаад олдоогүй гэсэн мэдүүлэг /хх 11 ху/,
-Гэрч Т.Ө-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би 2019 оны 11 сарын 12-ны орой таксинд явж байгаад 23 цагийн үед Цэцэг зочид буудлын урд талаас зүс таних Б, Аагий гэх 2 хүнийг аваад 5-р микрийн нэг дэлгүүрээс Б нэг пиво авсан. Тухайн үед миний унаж байсан машины эзэн Адъяатөмөр намайг ирээд авчих гэхээр нь би Хороолол руу явж ахмадын буудлаас Адъяатөмөрийг суулгаад хорооллын эцэс рүү явж байхад Б Адъяатөмөрийг “чи буу амьд дээрээ буу” гээд байсан чинь Адъяатөмөр би машиндаа суучихсан явж байна хүргүүлчихье ямар дарамттай юм бэ гэтэл Б Адъяатөмөр 2 машин дотор зодолдох гээд нэгэнтэйгээ барьцалдаж аваад байсан. Бын найз Аагий боль гээд салгачихаад хорооллын эцэс дээр буусан. Гэтэл Адъяатөмөр Б нар хоорондоо маргалдаад Б Адъятөмөрийн нүүр лүү нь 2-4 удаа цохисон. Гэтэл Аъяатөмөр машинаас бууж байгаад ээж ах хоёрыгоо дуудсан гэсэн мэдүүлэг /хх 7 ху/,
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 757 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Б.А-н биед дээд урууланд шарх, зөөлөн эдийн няцрал үүсчээ.
2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.
3. Дээрх гэмтэл нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.
4. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт / хх-15 ху/,
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 22 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Б.А-н биед гэмтэл тогтоогдсонгүй.
2. Шүүх эмнэлэг хиймэл эрхтэнд дүгнэлт гаргадаггүй гэсэн дүгнэлт /хх 27 ху/
-Эд зүйлийн үнэлгээ /хх 18-23 ху/
-Б.Б-ыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 31, 33-34 ху/
-Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 49 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 11 сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Наран багийн автобусны эцсийн буудал дээр иргэн Б.Адъяатөмөрийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...замдаа Адъяатөмөр гэдэг хүнийг авсан. Тэгээд явж байгаад Адъяатөмөртэй маргалдсан. Энэ машиныг Адъяатөмөрийнх гэж мэдээгүй. Бид 2 маргалдаж би түүний ам руу нь 2-3 удаа цохисон. Хохирогчид учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрнө. Хэргийн хувьд маргахгүй. Хохирогчийн мэдүүлгээс зөрөх зүйлгүй” гэсэн, хохирогч Б.Адъяатөмөрийн “...Найз Өлзийд машинаа өгсөн байсан. Тэгээд ирээд авчих гэсэн 2 залуу дотор нь сууж байсан. Намайг замдаа буу гэсэн. Тэгэхээр нь миний машин гэж хэлсэн. Тэгээд маргалдаад намайг 2-3 удаа цохисон. Машинаас буухад араас ирж үснээс татаад цохисон” гэсэн мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч Э.Сонинбаяр /хх 11 ху/, Т.Өлзийбадрал /хх 7 ху/ нарын өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн биед дээд урууланд шарх, зөөлөн эдийн няцрал үүссэнийг тогтоосон 757 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээчийн 22 дугаартай дүгнэлтүүд, эд зүйлийн үнэлгээ, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Энэ хэргийн улмаас хохирогч нь хиймэл нүд буюу протез алга болсон гэж 800.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч төлөхийг хүлээн зөвшөөрч маргаагүй бөгөөд хохирлоос 200.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 600.000 төгрөгийг нь цувуулан төлж барагдуулахаар шүүгдэгч хохирогч нар нь тохиролцсон байна. Иймд шүүгдэгч Б.Баас 600.000 төгрөгийг гаргуулж хохиргчид олгох нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Б нь торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд сард 75.000 /далан таван мянга/ төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.Б-аас 600.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ад-т олгосугай.
7. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА