Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 00057

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                   Б.Ганзаяа

             Улсын яллагч                                 Б.Эрхэмбаатар

             Гэрч                                                А.Дд

              Шүүгдэгчийн өмгөөлөгч                 У.Хүрэлсүх, Б.Чулуунгэрэл

                         Шүүгдэгч                                              Ц.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ц.Пд холбогдох 1931000640104 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн. 1987 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Сэргээгдэх эрчим хүчний инженер мэргэжилтэй, *оотод оршин суух хаягтай гэх, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Олхонууд овогтой Цоодолын П /РД:*/

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 Ц.П нь “Электрик ком" ХХК-ны хөдөлмөр хамгааллын инженерээр ажиллаж байхдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас буюу Барилгын норм ба дүрмийн 12-03-04-ийн 4.11 дэх хэсэгт заасныг зөрчсөнөөс Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дугээр багийн нутагт байхлах “Петровис” шатахуун түгээх станцын орчим "Шинэ Суурьшлын бүсийн цахилгаан дамжуулах агаарын шугам, 250 кВт АТП-ийн" хүрээнд 2 километр кабелийн нүх ухахдаа Хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны журам зөрчин анхааруулах тууз болон тэмдэг, тэмдэглэгээ байрлуулаагүйгээс уг нүхэнд иргэн Б.Дс нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өглөөний 07 цагийн орчим ухсан нүхэнд унасны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.П мэдүүлэхдээ: ... Би 2018 оны Улаанбаатар хотод эрчим хүч түгээх хангах тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг компанид ерөнхий инженерээр ажиллаж байсан. 2018 оны 11 сар болоод 12 сард Зүүнхараад ирж ажиллаж байгаагүй. Энэ нь манай компаний ажилтнууд болон хавтаст хэрэгт байгаа баримтуудаар тогтоогдож байгаа. Би 2019 оны 2 сараас “Электрик ком" ХХК-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа. Тухайн үеийн удирдлагад гүйцэтгэх захирал Бямбацогт байсан. ...Хохирогчид өөрийн зүгээс нийт 1380000 төгрөгний хохирол төлсөн бөгөөд эрүүл мэндийн “Манал” бурхан бүтээж өгсөн... гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч А.Дд мэдүүлэхдээ: ...Манай байгууллага Сэлэнгэ аймаг Мандал суманд шинэ суурьшилын бүсийн цахилгаан дамжуулах агаарын шугам барих ажлын хүрээнд 2 километр урт кабелийн нүх ухсан. Манай байгууллага эрчим хүчний яамнаас 2018 оны 05 дугаар сарын орчим Сэлэнгэ аймаг Мандал суманд суурьшилын бүсийн цахилгаан дамжуулах агаарын шугам 250 кВт АТП барих ажил хийх тендер зарлахад оролцоод шалгарсан юм. Ингээд Эрчим хүчний яамтай 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэрээ хийж 2018 оны 10 дугаар сарын сүүлээр яг өдрийг нь санахгүй байна Сэлэнгэ аймгийн Мандал сумын кабелийн трасс нүх ухсан. Би ажил эхэлсэний дараа 7 хоногт 2 удаа ирж ажлаа шалгадаг байсан. Гэхдээ ухасан нүхийг бол харж байсан ба нүхний 2 талаар анхааруулах тууз болон анхааруулах тэмдэг байруулаагүй нүхнийхээ 2 талд шороог нь овоолоод явсан..., П Зүүнхараад байнга байдаггүй, гүйцэтгэх захирал Бямбацогт ирээд ажил шалгаад явдаг байсан, П Зүүнхараад амралтын өдрөөр ирж ажил шалгадаг байсан, сардаа 2 удаа л ирж ажил шалгадаг байсан, яг хэн ХАБ-ын инженерээр ажиллаж байсанг мэдэхгүй байна... гэв.

Хохирогч Б.Дс мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:”...2018 оны 11 дүгээр сарын 29-ний өглөө 07 цаг өнгөрч байхад явдаг маршрутаараа явж байгаад кабелийн ухсан нүх рүү хальтраад уначихсан. Ингээд босоод гарах гээд гарч чадахгүй байж байтал 13-15 орчим насны өндөр нам 2 эрэгтэй хүүхэд явж байгаад өндөр эрэгтэй хүүхэд нь нүхэн дээр алцайгаад зогсож байгаад миний хоёр суга руу гараа хийгээд намайг өргөж нүхнээс гаргаж өгсөн. Оройдоо миний толгой өвдөөд түргэн дуудсан. Түргэний эмчээр Цэцгээ эмч ирсэн. Цэцгээ эмч намайг үзээд эмнэлэг рүү авч явна гэсэн. Би хүүхдүүд ирэхээр очино гээд дагаж яваагүй. Тухайн үед миний нүүр ам хөхөрч хавдчихсан байсан.Миний цээж амьсгаа авч болохгүй өвдөөд байсан болохоор би бартай лент авч наасан. Намайг Улаанбаатар хот руу 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр авч яваад томографикт харуулсан. Хариугаа хүлээгээд байж байгаад би ухаан алдчихсан байсан. Нэг мэдэхэд гэмтлийн эмнэлэгт сэрсэн. Тэгэхэд тархины хагалгаанд орчихсон байсан.М анай гэрийн ар талаар нилэнхүйдээ нүх ухчихсан байгаа. Би нүхний хажуугаар явж байтал хялмаалсан цасан дээр халтираад нүхний амсар дээр иртэл ирмэг нь нураад тэгээд уначихсан. Хамгийн захын эзэнгүй айлын хашааны хажуугаар нүх их ойрхон байдаг тэр хэсгээр явж байгаад ийм юм болчихлоо. Миний бие тархины архаг хэлбэрийн цус хуралт гээд хагалгаанд орсон. Тухайн үед нүүр ам хавдаж хөхөрчихсөн байсан. Мөн цээжээр өвдөөд байсан..." гэсэн мэдүүлэг /1-р ХХ-ийн 25-28-р хуудас/

Гэрч Д.Цг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “... 2018 оны 11 дүгээр сард намайг 103-д ээлжтэй байхад үүрээр буюу 03-04 цагийн орчим Б.Дс эгч бие хямраад өвдөөд байна гэж дуудлага өгсөн. Би дунд өлөнтөд дуудлаганд явж байгаад шууд очисон. Намайг очиход Б.Дс эгчийн нүүр ам нь хөхөрч хавдчихсан зүүн талынх нь гар нь шалбарч хавдчихсан байсан. Би Б.Дс эгчийг яачихсан юм гэхэд би нүхэд уначихсан гэж байсан. Би Б.Дс эгч өмнө нь унаж тусдаг манай байгууллагын хяналтанд байдаг байсан болохоор санаа зовоод таныг эмнэлэг рүү авч явна гэхэд би зүгээрээ эгч нь чамайг хөөдөхгүй гээд яваагүй..." гэсэн мэдүүлэг /1-р ХХ-ийн 29-р хуудас/

          Гэрч Б.Тд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “... Манай Петровис-2 шатахуун түгээх станцын араар ухсан кабелийн нүхийг ямар байгууллага ухсан талаар мэдэх зүйл байхгүй. Харин 2018 оны 10 дугаар сард ухаж эхэлсэн санагдаж байна. Нэг Старекс автомашинтай, нэг жижиг ковштой 4-5 хүмүүс байсан. Би тэр хүмүүстэй юм ярьж үзээгүй. Кабелийн нүх ухсан хүмүүс нүх ухахдаа ч, нүх ухаж дууссаны дараа ч нүхний 2 талд ямар нэгэн тэмдэг, хамгаалах тууз татаагүй. Уг нүх манай байгууллагын араар 5-6 метрийн зайтай хажууд учраас би сайн мэдэж байна. одоо ч гэсэн байхгүй..." гэсэн мэдүүлэг/1-р ХХ-ийн 34-35-р хуудас/

            Гэрч Т.Бг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ..."Нүхийг ухсаны дараа нүхний 2 талаар ямар ч тууз татаагүй. Мөн анхааруулах тэмдэг тавиагүй. Энэ хойд хэсгийн айлын хүмүүс нүхэн дээгүүр хариагаад л явчихдаг..." гэсэн мэдүүлэг /1-р ХХ-ийн 37-р хуудас/

            Гэрч А.Дд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:”...Манай байгууллага Сэлэнгэ аймаг Мандал суманд шинэ суурьшилын бүсийн цахилгаан дамжуулах агаарын шугам барих ажлын хүрээнд 2 километр урт кабелийн нүх ухсан. Манай байгууллага эрчим хүчний яамнаас 2018 оны 05 дугаар сарын орчим Сэлэнгэ аймаг Мандал суманд суурьшилын бүсийн цахилгаан дамжуулах агаарын шугам 250 кВт АТП барих ажил хийх тендер зарлахад оролцоод шалгарсан юм. Ингээд Эрчим хүчний яамтай 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэрээ хийж 2018 оны 10 дугаар сарын сүүлээр яг өдрийг нь санахгүй байна Сэлэнгэ аймгийн Мандал сумын кабелийн трасс нүх ухсан. Учир нь хүйтрэхээс өмнө кабел аа буулгах гэж ухсан юм. Кабел ирээгүй манай ажил 7 хоногоор хойшилсон. Ингээд 11 дүгээр сарын сүүл болоод кабел сунгаж булах боломжгүй болсон. Кабел сунгахад нэгт кабел хөлдөөд, элс татах боломжгүй шалтгаанаар ажлаа зогсоосон. Манай ажил эхлэх зөвшөөрөл хоцорч гарсан. Би нух ухаж байхад нь хажууд нь байгаагүй. Би ажил эхэлсэний дараа 7 хоногт 2 удаа ирж ажлаа шалгадаг байсан. Гэхдээ ухасан нүхийг бол харж байсан ба нүхний 2 талаар анхааруулах тууз болон анхааруулах тэмдэг байруулаагүй нүхнийхээ 2 талд шороог нь овоолоод явсан..." гэсэн мэдүүлэг /1-р ХХ-ийн 39-40-р хуудас/

             Гэрч Б.Бс мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ "...Манай байгууллага шинэ сууршилын бүсийн цахилгаан дамжуулах агаарын шугам 250 кВт АТП барих ажлын хүрээнд Сэлэнгэ аймгийн Мандал суманд ажиллах үед инженер А.Дд хариуцаж байсан. Манай байгууллагад тухайн үед Хөдөлмөр хамгааллын инженерээр ерөнхий инженер байсан одоо захирал Ц.П ажиллаж байсан. Гэхдээ Ц.П Мандал суманд байнга байгаагүй. Ирэн очин байдаг байсан..." гэсэн мэдүүлэг /1-р ХХ-ийн 41-42-р хуудас/

             Гэрч А.Бл мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ "...Би "Электрик ком" ХХК нь Шинэ суурьшлийн бүсийн цахилгаан дамжуулах агаарын шугам, 250 кВт АТП барих ажпын хүрээнд Сэлэнгэ аймгийн Мандал суманд 2 км кабелийн нүх ухаж байхад нь бол ирээгүй. Харин 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ирээд кабелийн нүхний хажууд бөөнөөрөө байж байхад анхааруулах тууз, самбар, гарц гармыг тэмдэглэсэн тэмдэглэгээ, цацруулагч зэргийг хийхийг амаар анхааруулсан..." гэсэн мэдүүлэг /1-р ХХ-ийн 43- 44-р хуудас/

                Гэрч П.Мб мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Манай ээж Б.Дс нь 2018 оны 11 сарын 21-ний өдөр өглөө 09 цаг өнгөрч байхад гар утсаараа залгаад ээж нь гэрийнхээ араар ухсан нүхэнд уначихлаа тэрүүгээр явж байсан 2 хүүхэд гаргаж өглөө гэж хэлсэн. Би тэгээд бие нь яаж байна эмнэлэг дуудсан юм уу гэхэд нүүр ам жоохон хөхөрч хавдчихсан гэж хэлсэн. Манай ээж 2-3 жилийн өмнө унадаг эмнэлгийн хяналтанд байсан. Гэхдээ сүүлийн 2 жил унаж тусдаг асуудал байхгүй болж эмнэлгийн хяналтнаас гарч тэтгэвэр тогтоолгосон..." гэсэн мэдүүлэг /1-р ХХ-ийн 57-р хуудас/

                Гэрч Ч.Цх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ "...Манай эхнэр Б.Дс 2018 оны 11 сарын сүүлээр өглөө салхинд гарчихаад ирье гээд гэрээсээ гараад явсан. Нилээн удаж байгаад манай эхнэр хувцас хунар, нүүр ам нь нил шороо болчихсон энэ араар ухсан кабелийн нүхэнд уначихлаа гэж хэлсэн..." гэсэн мэдүүлэг /1-р ХХ-ийн 58-р хуудас/

               Хүний биед шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн №62 дугаартай дүгнэлт: “...

Б.Дсгийн биед тархины хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдалт, тархины хаван, хоёр талын нүдний ухархайн дотор хана, хамар ясанд хуучин хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Тархины хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдалт, тархины хаван гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд ухсан нүхэнд унах үед үүсгэгдэх боломжтой. Хоёр талын нүдний ухархайн дотор хана, хамар ясанд хуучин хугарал гэмтлийн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Тархины хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдалт, тархины хаван гэмтлийг аваад хэдий хэр хугацаанд өөрийн биеийг авч явах чадвартайг тогтоох боломжгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна..." гэсэн дүгнэлт /1-р ХХ-ийн 64-65-р хуудас/

            Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, тусгай хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ц.Бадмаагийн 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн №05-031/15 дугаартай "...Электрик ком ХХК-н захирал Ц.П нь тус компанид 2012 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс гүйцэтгэх захиралаар томилогдсон. Хэргийн материалд Ц.Пыг 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс хөдөлмөр хамгааллын инженерийн албан тушаалд томилогдсон захирлын 10/2018 тоот тушаал авагдсан байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27.4 дэх заалт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар инженер техникийн болон эрүүл ахуйн боловсролтой мэргэшсэн хүнийг ажиллуулна гэж заасны дагуу Ц.П нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан мэргэжилтнээр мэргэшүүлэх сургалтанд хамрагдан 20141208 дугаартай сертификат авсан байна. Иймд тухайн үед "Электрик ком" ХХК-н хөдөлмөр хамгаалал хариуцсан ажилтан Ц.П байжээ. Иймээс Ц.П нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27.3.2 дахь заалт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогголцоог нэвтрүүлэх хэрэгжилт үр дүнд хяналт тавих, 27.3.3 дахь заалт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн дүрэм, журам хэрэгжилтийн байдалд үзлэг шалгалт хийлгэх илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авахад заасан чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй ба энэ үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн гэж дүгнэж байна..." гэсэн шинжээчийн дүгнэлт /1-р ХХ-ийн 94- 96-р хуудас/

          Шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн №1007 дугаартай "...Б.Дсгийн биед зүүн дух, чамархай, зулай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдалт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Б.Дсгийн биед учирсан гэмтлүүд нь толгойны комютер томограммын шинжилгээ болон толгойны мэс заслын эмчилгээгээр тогтоогдож байна. Б.Дсгийн биед тархины хатуу хальсан доорх архаг цус хуралт гэсэн нь КТГ-н шинжилгээнд +21 НU нягтралтай гэсэн, мэс заслын эмчилгээний үед Тархины хатуу хальсыг тах хэлбэрээр нээхэд зузаан өнгөр тогтож бүрхүүл үүссэн 2018 оны 11 сарын 21-ний өдөр үүссэн байх боломжтой архаг явцтай цусан хураа байна. Дээрх гэмтэл нь 1 метр 15 см өндөртэй нүхэнд унах үед үүсэх боломжтой. Урьд гаргасан №43, N262 тоот дүгнэлтүүд үндэслэлтэй байна. Зүүн дух, чамархай, зулай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдалт, тархи доргилт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмлтийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Тархины хатуу хальсан доорх цусан хураа тархи дарагдалт, тархи доргилт гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн унах, цохих, цохигдох хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ГССҮТ-н №16062 тоот өвчний түүхийн 2018-12-10-ны мэс заслын тэмдэглэлд бичигдсэнээс цусан хураанаас эдийн шинжилгээ авагдаагүй байна. Мэс заслын тэмдэглэлд бичигдсэн цусан хурааны бүтэц шинж байдал, мөн 2018-12-10, 11-ний өдрийн 2019-01-17-ны өдрийн Мед траума эмнэлгийн толгойн КТГ-д хариунд тусгагдсан зүүн дух, чамархай, зулай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдалт, тархи доргилт гэсэн онош нь батлагдаж байна. Эд эсийн шинжилгээгээр тусгай будгийн арга ашиглан гэмтэл авсан цаг хугацааг баримжаалан тогтоох боломжтой..." гэсэн шинжээчийн дүгнэлт /2-р ХХ-ийн 20-23-р хуудас/

           Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн №776 дугаартай "...Тухайн мэс заслын тэмдэглэлд тархины хатуу хальсан доорх зузаан өнгөр бүхий капсулаас дээж авсан тухай тэмдэглэгдээгүй болно..." гэсэн албан бичиг..." /2-р ХХ-ийн 30-р хуудас/

           Монгол Улсын Эрчим хүчний яамнаас гаргуулан авсан "Электрик ком" ХХК-ны 4 тендэрийн магят болон тендэрт оролцоход бүрдүүлсэн материалууд..." /2-р ХХ-ийн 73-100-р хуудас/ болон бусад хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруутай эсэх асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

  Шүүгдэгч Ц.П нь Электрик ком" ХХК-ны хөдөлмөр хамгааллын инженерээр ажиллаж байхдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас буюу Барилгын норм ба дүрмийн 12-03-04-ийн 4.11 дэх хэсэгт заасныг зөрчсөнөөс Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дугээр багийн нутагт байхлах “Петровис” шатахуун түгээх станцын орчим "Шинэ Суурьшлын бүсийн цахилгаан дамжуулах агаарын шугам, 250 кВт АТП-ийн" хүрээнд 2 километр кабелийн нүх ухахдаа Хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны журам зөрчин анхааруулах тууз болон тэмдэг, тэмдэглэгээ байрлуулаагүйгээс уг нүхэнд иргэн Б.Дс нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өглөөний 07 цагийн орчим ухсан нүхэнд унасны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь: Хохирогч Б.Дсгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг/1-р ХХ-ийн 34-35-р хуудас/, Гэрч Т.Бгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /1-р ХХ-ийн 37-р хуудас/, Гэрч А.Ддн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /1-р ХХ-ийн 39-40-р хуудас/, Хүний биед шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн №62 дугаартай дүгнэлт /1-р ХХ-ийн 64-65-р хуудас/, Шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн №1007 дугаартай дүгнэлт /2-р ХХ-ийн 20-23-р хуудас/, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, тусгай хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ц.Бадмаагийн 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн №05-031/15 дугаартай дүгнэлт /1-р ХХ-ийн 94- 96-р хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Ц.Пыг хохирогч Б.Дсгийн эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

   Иймд шүүхээс шүүгдэгч Ц.П нь “Электрик ком” ХХК-ны хөдөлмөр хамгааллын инженерээр ажиллаж байхдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас буюу Барилгын норм ба дүрмийн 12-03-04-ийн 4.11 дэх хэсэгт заасныг зөрчсөнөөс Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дугээр багийн нутагт байхлах “Петровис” шатахуун түгээх станцын орчим "Шинэ Суурьшлын бүсийн цахилгаан дамжуулах агаарын шугам, 250 кВт АТП-ийн" хүрээнд 2 километр кабелийн нүх ухахдаа Хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны журам зөрчин анхааруулах тууз болон тэмдэг, тэмдэглэгээ байрлуулаагүйгээс уг нүхэнд иргэн Б.Дс нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өглөөний 07 цагийн орчим ухсан нүхэнд унасны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Шүүх шүүгдэгч Ц.Пд ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д заасан ялын төрөл, хэмжээний дотор болох хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтанаар ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй зэргийг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Олхонууд овогт Цоодолын Пыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Пыг хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтнаар ажиллах эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

4.Ц.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй зэргийг тус тус дурьдсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Пд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

7.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.ЭРДЭНЭБАТ.