| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2016/08714/И |
| Дугаар | 91 |
| Огноо | 2017-01-05 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 91
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 4-38 тоотод оршин суух ....н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол Улсын хуулийн этгээд . регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 14-253 тоотод оршин байх . ХХК-д холб..........огдох,
Гэрээний үүрэгт 101.390.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.И, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Г.Б нь Б ХХК д холбогдуулж 101.391.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. БХХК, Г.Б нар нь 2015 оны 10 сарын 16-ны өдөр №45 тоот бараа материал нийлүүлэх бартерын гэрээ байгуулсан. Гэрээгээр тохирсон тохиролцооны дагуу Г.Б нь гэрээний хавсралтад заасан үнийн дүнтэй дүйцэхүйц бараа материал буюу бүргэд хаалгыг нийлүүлэх, нөгөө талаас Б ХХК нь бараа материалын үнэтэй дүйцэхүйц үл хөдлөх эд хөрөнгө буюу Баянзүрх дүүрэгт байрлах 49.47 метр квадрат орон сууцыг Г.Бын өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохирсон байдаг. Г.Б нь гэрээнд заасан үүргээ 2 удаагийн үйлдлээр биелүүлсэн байдаг ба энэ нь хавтаст хэргийн 12,14 дэх хуудсанд байгаа санхүүгийн баримтаар нотлогдоно. Г.Б нь 2015 оны 11 сарын 04-ны өдөр 243.000 төгрөгийн нэг бүрийн үнэтэй 133 ширхэг хаалга, 235.000 төгрөгийн нэг бүрийн үнэтэй 110 ширхэг хаалга, нийт 247 ширхэг хаалга 66.065.000 төгрөгийн үнэтэй бараа материал шилжүүлсэн. 2015 оны 11 сарын 28-ны өдөр 245.000 төгрөгийн үнэтэй 88 ширхэг хаалга нийт 21.5660.000 төгрөгийн үнийн дүнтэй хаалгыг нийлүүлсэн ба нийт 87.625.000 төгрөгийн бүргэд хаалгыг БХХК-д шилжүүлсэн. Г.Б нь талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1 дэх хэсэгт заасан бараа материалын үнийн дүнтэй дүйцэх орон сууцыг шаардахад БХХК өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Энэ талаар Г.Б нь эрүүгийн журмаар гомдол гаргаж шалгуулахад иргэд хоорондын маргаан гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Б ХХК гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул бүргэд хаалганы үнэ болох 87.625.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Мөн 13.765.000 төгрөгийн хүү нэхэмжилж байгаа. Хүү нэхэмжлэх болсон шалтгаан нь Г.Б бүргэд хаалгыг хариуцагч Б ХХК-д нийлүүлэхийн тулд Ариг банк болоод хувь хүнээс мөнгө зээлсэн байдаг ба энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Г.Б нь Б ХХК-иас гэрээний үүргээ биелүүлж шилжүүлэх ёстой байсан орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч уг орон сууцаар зээлээ хаах зорилготой байсан боловч хариуцагч үүргээ биелүүлээгүй улмаас өнөөдрийг хүртэл зээлийг хааж чадалгүй, хүү төлж хохирч байгаа. Иймээс зээлийн гэрээний хүү 15.600.000 төгрөг, бүргэд хаалганы үнэ 87.625.000 төгрөг нийт 101.390.000 төгрөг нэхэмжилж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2015 оны 10 сарын 16-ны өдөр талуудын хооронд бараа материал нийлүүлэх бартерын гэрээ байгуулагдсан. Г.Б нь гэрээнд заасны дагуу 335 хаалга нийлүүлэх, Б ХХК Баянзүрх дүүрэгт байрлах 2 өрөө орон сууцыг Г.Бын өмчлөлд шилжүүлэх үүрэг тус тус хүлээсэн. Гэтэл Г.Б 2015 оны 11 сарын 28-ны өдрийг хүртэл үлдэгдэл хаалгыг нийлүүлээгүй юм. Үүний улмаас Б ХХК алдагдал хүлээсэн. Учир нь Г.Бын нийлүүлсэн хаалгыг БХХК нь ПХХК-д нийлүүлэх байсан боловч хаалгыг хугацаанд нь нийлүүлээгүйн улмаас ПХХК Б ХХК-тай байгуулсан гэрээгээ цуцалсан. Б ХХК хаалгыг П ХХК-д нийлүүлж орон сууц авах байсан ба ПХХК гэрээгээ цуцалсан тул Иргэний хуульд заасны дагуу бартерын гэрээ биелэгдэх боломжгүй болсон. Б ХХК нэхэмжлэгч Г.Бд Баянгол дүүрэг, 3 хороо, төмөр замд байрлах 2 өрөө орон сууцыг шилжүүлж, гэрээний үүргээ биелүүлэх гэтэл Г.Б орон сууцыг авахаас татгалзаж мөнгөн төлбөр авна гэсэн байдаг. Нэхэмжлэгч талаас хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол гэж байна. Г.Б өөрийн хаалга нийлүүлэх хугацааг хожимдуулсан буруутай үйлдлийн улмаас асуудал үүссэн. Г.Б нь 100 айлд барилгын бараа материал худалддаг байсан тул Б ХХК нь Г.Бтой гэрээ байгуулсан. Хэрэв хугацаа хожимдуулж хариуцлагагүй байдал үүсгэх байсан мөн бусдаас зээл авч барааг нийлүүлнэ гэдгийг мэдэж байсан бол Г.Бтой гэрээ байгуулах шаардлагагүй байсан. Г.Б зээл авсан нь хариуцагчид хамааралгүй. Бизнесийн эрсдлээ нэхэмжлэгч өөрөө хариуцах ёстой тул хүү нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй байна. Мөн хариуцагч тал нэхэмжлэгчээс 83.750.000 төгрөгийн хаалгыг хүлээж авсан. Гэрээнд 2 өөр үнийн дүн тусгасан байдаг ба нэмэгдэл 15.000 төгрөг нь Г.Боос нийлүүлсэн хаалгыг Б ХХК бусдад 15.000 төгрөг нэмж нийлүүлэх гэрээний зохицуулалт юм. Гэрээний хавсралтад 83.750.000 төгрөгийн хаалгыг нийлүүлнэ гэж заасан. Уг гэрээнд заасан үнийн дүн буюу 83.750.000 төгрөгийн хаалга бараа материалыг Б ХХК хүлээж авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй гэв.
Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Бнь хариуцагч Б ХХК-иас 101.390.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Зохигчдын хооронд 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Бараа материал нийлүүлэх бартерын гэрээ байгуулагдсан байх бөгөөд нийлүүлэгч тал болох Г.Б нь 83.750.000 төгрөгийн үнийн дүн бүхий барилгын материалыг нийлүүлэх, захиалагч тал болох Б ХХК нь нийлүүлэгч талын нийлүүлсэн бараа материалын төлбөрийг улсын бүртгэлийн Ү-2204072719 дугаартай Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 52/6 дугаар байрны 22 тоот хаягт байршилтай 49.47 метр квадрат талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр барагдуулахаар харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан гэрээ зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 8-10 дугаар тал/
Хариуцагч нь татгалзалын үндэслэлээ ... талуудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээ байгуулагдсан түүнчлэн нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн хугацаандаа барилгын материалыг нийлүүлээгүй буруутай үйл ажиллагааны улмаас гэрээнд заасан орон сууцыг хүлээлгэн өгөх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул мөнгөөр биш үнийн дүнд дүйцэх орон сууцаар үүргийг хангуулна гэж тайлбарлаж байх боловч хариуцагчийн татгалзал дараах үйл баримтаар няцаагдаж байна.
Учир нь талуудын хооронд байгуулсан гэрээг Бараа материал нийлүүлэх бартерын гэрээ гэж нэрлэсэн хэдий ч гэрээний 1.1-д энэхүү гэрээний үндсэн дээр нийлүүлэгч нь өөрийн бараа материалыг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх, захиалагч нь гэрээгээр тохиролцсон үнийг нийлүүлэгч талд төлөх ... үүсэх хамтын ажиллагааг зохицуулна гэж зааснаас үзэхэд Монгол улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д ... бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Гэрээний 3.2-т уг гэрээний Хавсралт №1-д заасан бараа материалыг 2015 оны 10 дугаар сарын 19-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хугацаанд бүрэн нийлүүлж дууссан байна гэжээ.
Нэхэмжлэгч Г.Б нь 2015 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр 33.320.000 төгрөгийн 136 ширхэг, 32.745.000 төгрөгийн 111 ширхэг бүргэд хаалгыг, 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 21.560.000 төгрөгийн 88 ширхэг бүргэд хаалга, нийт 87.625.000 төгрөгийн бараа материалыг хариуцагч Б ХХК-нд хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан Б ХХК-ийн орлогын 16010056, 15110170 дугаартай баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч 335 бүргэд хаалгыг хүлээн авсан үйл баримтад маргаагүй. /х.х-ийн 11-12 дүгээр тал/
Хариуцагч нь гэрээнд заасан хугацаа буюу 2015 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр бараа материалыг нийлүүлэх үүргээ биелүүлээгүй улмаас Б ХХК-ийн П адвантэж ХХК-ийн хооронд байгуулагдсан Худалдааны хамтран ажиллах гэрээ цуцлагдаж, улмаар уг гэрээ хэрэгжсэнээр авах байсан П ХХК-иас улсын бүртгэлийн Ү-2204072719 дугаартай Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 52/6 дугаар байрны 22 тоот хаягт байршилтай 49.47 метр квадрат талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хүлээн авах боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн гэрчээр Л.Мг байцаасан тэмдэглэлд ...төмөр хаалганууд 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ирсэн бөгөөд .... 103 ширхэг гэж бүртгэгдсэн, гэрээнд заасан бараа материал хоцорч ирсэн, мөн нийлүүлсэн бараа материал нь чанарын шаардлага хангахгүй гэдэг шалтгаанаар гэрээнд заасан байрыг манай компаний зүгээс өгөөгүй юм ... дан ганц төмөр хаалганаас болж гэрээнд заасан байрыг өгөхгүй болсон хэрэг биш юм гэснээс үзэхэд нэхэмжлэгч хугацаа хэтрүүлсэний улмаас хариуцагч үүргээ биелүүлэх боломжгүй болсон нь хангалттай нотлогдохгүй байхаас гадна нэхэмжлэгчээс хариуцагч 2015 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр хүлээн авсан бүргэд хаалгыг П ХХК-нд 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээлгэн өгсөн, харилцан хамааралтай гэж үзэхээргүй байна./х.х-ийн 86-87 дугаар тал/
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй, мөн зүйлийн 205.2.2-т үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан тал нь түүнийг ашиглаж байгаа буюу бусдын өмчлөлд шилжүүлсэн, эсхүл бусдын эрхээр хязгаарласан, түүнчлэн түүнийг боловсруулах замаар өөрчилсөн гэж заасныг үндэслэл болгон хүлээлгэн өгсөн бүргэд хаалгыг нэгэнт хариуцагч ашигласан болох нь тайлбараар нь тогтоогдож байгаа тул талуудын хооронд байгуулсан гэрээнээс татгалзаж, үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар бус мөнгөөр нэхэмжлэх үндэслэлтэй гэж тайлбарласан.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх заалтаар гэрээнд оролцогч талуудын үүрэг зөрчсөн эсэхээс үл хамаарч талуудад хэн алинд нь татгалзах боломжийг хуулиар олгосон зохицуулалт юм.
Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс үзэхэд гэрээний үүргийн гүйцэтгэлийг хүсээгүй, аль ч тохиолдолд гэрээнээс татгалзсаны үр дагаварыг шийдвэрлүүлэхээр шаардаж байгаа, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал буюу түүний үүргийн зөрчлийн улмаас гэрээнээс татгалзаж байгаа нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгах хуулийн зохицуулалтын хүрээнд хамаарахаар байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас орлогын баримтаар хүлээлгэн өгсөн бүргэд хаалганы үнэ 87.625.000 төгрөг, Ариг банк болон иргэн Б.Од зээлийн хүүнд төлсөн 13.765.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.
Хариуцагч нь гэрээнд зааснаар 83.750.000 төгрөгийн бараа материалыг хүлээн авсан, гэрээний хавсралтад заасан 15.000 төгрөгийн нэмэгдэлтэй үнэ нь П ХХК-нд худалдах үнэ тул 87.625.000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж, нэхэмжлэгч гэрээний 8.5-д төлбөр тооцоог хийхдээ захиалагын хуудас, падааны мөнгөн дүн, хугацаа, гарын үсгийг үндэслэх тул мөнгөний дүн, хүлээн авсан хүлээлгэн өгсөн нярав, жолоочийн нэр, гарын үсэг нь тодорхой бичигдсэн байна гэж зааснаар хүлээлгэн өгсөн орлогын падаан болон хэрэгт авагдсан сэжигтэн Д.Сгийн мэдүүлэгт 88.775.000 төгрөгийн үнийн дүнтэй бүргэд хаалгыг хүлээлгэн өгөхөөр тохиролцсон гэсэн зэрэг баримтаар нэхэмжлэх үндэслэлтэй гэж тус тус маргасан. /х.х-ийн 82 дугаар тал/
Талуудын хооронд байгуулсан гэрээний 6.1-д ... 83.750.000 төгрөгийн үнийн дүн бүхий барилгын материалыг нийлүүлнэ гэж, 6.2-т нийлүүлсэн бараа материалын төлбөрийг ... 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөө барагдуулна гэж тус тус заасныг Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасан журмаар тодорхойлоход гэрээнд оролцогч талуудын хүсэл зориг нь 83.750.000 төгрөгийн үнийн дүнгээс хэтрээгүй бараа материалыг хүлээн авах, тухайн үнийн дүнд тохирсон орон сууцыг хүлээлгэн өгөхөөр талууд хүсэл зоригоо илэрхийлсэн агуулгаар тайлбарлагдахаар байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т зааснаар учруулсан хохирлыг арилгуулах иргэний эрх зүйн хамгаалалтын аргаар хангагдах боломжтой бөгөөд гэрээ байгуулахаас өмнөх байдалд нь сэргээж, нэхэмжлэгчид учирсан шууд хохирол буюу 83.750.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас шууд бус хохиролд нэхэмжилсэн Ариг банк, иргэн Б.О зээлийн хүүнд төлсөн 13.765.000 төгрөгийн шаардлага нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдоогүй, нэхэмжлэгч энэхүү шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.
Нэхэмжлэгчээс дээрх шаардлагаа нотолж шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Ариг банктай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ, 2015 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн Б.Отай байгуулсан зээлийн гэрээгээр нэхэмжлэгчид 13.765.000 төгрөгийн бодитой хохирол учирсан болох нь тогтоогдохгүй байна. /х.х-ийн 13-18 дугаар тал/
Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Б ХХК-иас 83.750.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Бд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 17.640.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б ХХК-иас 83.750.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Бд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 17.640.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүйболгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 664.990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,хариуцагч Бт ХХК-иас 576.700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Бд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ