Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 0019

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Б.О

Шүүгдэгч Б.Ү

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ү-д холбогдох эрүүгийн 1925006510463 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Б.Ү

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.Ү нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамлыг 2019 оны 8 дугаар сард Булган аймгийн Бугат сумын нутаг дэвсгэрээс худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, 9 дүгээр сарын 9-ний өдрийг хүртэл хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Б.Ү-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 8 дугаар сарын эхээр аав, ээж 2 дээрээ хадланд нь туслах гэж очсон. Энэ өвсний талаар хүн ярьснаас сонсож мэдсэн. Мөн бичлэг сошиол дээрээс харж байсан. Тэгээд тэр өвсөө мөн эсэхийг шалгаж үзэх гээд түүж ялгаж авсан. Бичлэг дээр байсан өвсний зурагтай адилхан харагдсан. Тэгээд Эрдэнэтэд ирээд хэрэглэж үзсэн. Эхлээд ороож дүнсэн тамхи шиг татаж үзсэн. 2-3 хоногийн дараа ундааны саванд өвсөө хийгээд асаагаад савныхаа бөөр хэсэгт цоолж мөнгө хуйлж хийгээд сорсон. Дараа нь баригдахынхаа урд өдөр мөнгөлөг цаасанд тамхи шиг хийгээд сорж үзсэн. Тэр өдөр найз охинтойгоо маргалдаад сэтгэл санаа тогтворгүй байсан. Тэгээд сорж үзсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Энэ хэрэгт орсноор ах дүү, ар гэрийнхнийгээ зовоож байна. Их харамсаж байна гэсэн мэдүүлэг,

 

-Гэрч Т.Н-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2019 оны 9 сарын 9-ний орой 21:00 цагийн үед миний найз Ү надтай утсаар яриад хаана байна гэхээр нь би саадан дээр байна гээд бид хоёр “Ээж төв” хүнсний дэлгүүрийн оройлцоо уулзаад бид хоёр Даш-Очирын гэрт нь явж очсон юм. Тэгтэл Даш-Очир ахынхаа хүүхдүүдтэй пиво уучихсан сууж байсан. Тэгээд гэрт ороод удаагүй байж байтал Даш-Очирын эгч нь орж ирээд араас нь 2 цагдаа орж ирээд бид нарыг цагдаа шалгатал Үын халааснаас ууттай өвс, мөнгөлөг цаас гарч ирсэн гэсэн мэдүүлэг /хх 11 ху /,

 

-Насанд хүрээгүй гэрч А.Д-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 9 сарын 9-ний өдөр би найз Алтанбагана, Нямтулга, Тэмүүлэн нарыг гэртээ оруулаад пиво уугаад сууж байтал гаднаас Нармандах, Ү хоёр орж ирсэн юм. Ингээд байж байтал манай эмээгийн хүүхэд Баярдалай эгч гаднаас гэнэт орж ирээд та нар яахаараа пиво уудаг юм бэ гээд загнаад байж байтал хоёр цагдаа орж ирсэн юм. Тэгээд бид нарыг бичиг баримт зэргийг шалгаж байгаад Үын халааснаас тортой дүнсэн тамхи шиг зүйл олсон гэсэн мэдүүлэг /хх 24 ху/,

 

-Гэрч Т.А-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2019 оны 9 сарын эхээр гэж санаж байна, тухайн үед найз Даш-Очирын гэрт Нямтулга, Тэмүүлэн нарын хамт байж байтал гаднаас Ү, Нарка хоёр орж ирсэн юм. Нарка нь Даш-Очирын гар утасны цэнэглэгчийг авсан юм. Ингээд байж байтал Даш-Очирын эгч нь орж ирээд бид нарыг пиво уулаа гэж загнаад байж байтал араас нь хоёр цагдаа орж ирсэн юм. Тэгээд бид нарыг бичиг баримт зэргийг шалгаж байгаад Үын халааснаас тортой зүйл олсон гэсэн мэдүүлэг /хх 25 ху/,

 

-Насанд хүрээгүй гэрч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... тухайн үед би Даш-Очир ахаас юмаа авчихаад гарах гэж байсан, тэгээд гарах гэтэл хоёр цагдаа урдаас гарч ирээд байсан газар руугаа буцаад ор гэсэн юм. Тэгээд яваад орсон чинь тухайн цагдаа нар бид нарт хандаж “та нар яагаад архидан согтуураад байна вэ” гээд шалгасан. Тэгээд бид нарын биед үзлэг хийсэн, энэ үед Ү ахын халааснаас жижиг хэмжээтэй тортой зүйл гарч ирсэн юм /хх 26 ху/,

 

-Яллагдагч Б.Ү-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 8 сарын сүүлчээр Булган аймгийн Бугат сумын Хужиртын гол гэх нэртэй газар оршин суудаг аавын гэрт очиж хадлан тэжээл авахад нь тусалсан юм. Тэгээд өвс хадлангийн үеэр мансууруулах төрлийн өвс ургамал нь өвсөн дотор буюу өвстэй хамт хадагдсан байхаар нь дундаас нь сугалж түүгээд авсан юм. Тэгээд түүж авсан ургамлаа уутанд хийгээд куртэкнийхээ халаасанд хийсэн юм. Тэгээд маргааш нь Орхон аймагт ирсэн. 2019 оны 9 сарын 9-ний өдөр город буюу Орхон аймгийн төвөөс гэр рүүгээ харих гэж явж байтал манай найз Нармандах миний гар утас руу залгаад “...чи хаана байна, уулзах уу, ирж байна уу...” гэхээр нь би Говил руу явж байна, очихоороо залгая гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд Говил багт ирээд Нармандах руу залгаж уулзаад ... бид хоёр Даш-Очирын гэрт очсон юм. Очиход Даш-Очир нь ангийнхаа хүүхдүүдтэй пиво уугаад сууж байсан. Тэгээд тэнд байж байтал Даш-Очирын эгч нь гаднаас орж ирээд та нар олуулаа юу хийж байгаа юм гээд загнасан юм. Ингээд байж байтал гаднаас эргүүлийн цагдаа нар орж ирсэн. Эргүүлийн цагдаа үзлэг хийж байгаад миний куртекний энгэрийн халаасанд байсан, хөдөөнөөс түүж бэлтгэсэн мансууруулах төрлийн өвсийг харчихаад төв цагдаа руу залгасан юм. ...би тухайн өдөр бол хэрэглээгүй байсан, өмнөх өдөр нь гэрийнхээ ойролцоо явж байгаад сонингийн цаасанд ороож /дүнсэн тамхи шиг/ байгаад татсан. Үүнээс өмнө ундааны савыг бөөр хэсэгт нь цоолж байгаад хуйлсан мөнгийг цоолсон нүх рүү хийгээд хуйлсан мөнгөний нөгөө үзүүр хэсэгт мөнгөлөг цаасыг гаанс шиг хэлбэртэй болгоод мансууруулах төрлийн гэх өвс ургамлыг гаанс шиг зүйл рүүгээ хийгээд ундааны таг орчимоос татаж сорж байсан юм...тухайн өвс ургамлыг анхнаасаа л куртекнийхээ энгэрийн халаасанд хийчихсэн байсан, тэгээд куртекээ өмсөхгүй байж байгаад цагдаад баригдахын өмнөх өдөр л өмссөн юм. Миний куртек гэрт л байж байдаг. Өөр ямар нэгэн газар хадгалаагүй. Би нийтдээ 2, 3 удаа л хэрэглэж үзсэн юм гэсэн мэдүүлэг /хх 31-32 ху/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5105 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн хар эрээн ууттай нунтаг ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэж байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн “...Б.Ү-аас хураан авсан 14,49гр гэж хаягласан хар эрээн ууттай 11,2229г жинтэй нунтаг ургамалд дельта-9-тетрагидроканнабинол илрэв.

3. дельта-9-тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэт нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг.

4. Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлийг дүгнэлтийн хамт буцаав. Шинжилгээнд зориулж ирүүлсэн ургамал мэт зүйлээс 0.1 граммыг зарцуулсан болно гэсэн дүгнэлт /хх 18 ху/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5107 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд Бадамгарав Ү ЯБ98040712 гэж хаягласан шээс хэмжээний хувьд хүрэлцэхүйц тул шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд Бадамгарав Ү ЯБ98040712 гэж хаягласан 50 мл хэмжээтэй шээсэнд тетрагидроканнабинол /THC/ илрэв.

3. Тетрагидроканнабинол /THC/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг гэсэн дүгнэлт /хх 21 ху/,

 

-Шүүх сэтгэц эмгэг судлалын 97 дугаартай дүгнэлтэнд:

1. Магадлуулагч Б.Ү нь сэтгэцийн хувьд одоо болон урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй.

2. Сэтгэцийн хувьд эрүүл.

3. Магадлуулагч Б.Ү нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвартай.

  1. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй.
  2. Хэрэг хариуцах чадвартай.

6. НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд багтдаг дельта-9-тетрагидроканнабинол ургамлыг хэрэглэхэд тодорхой хугацаанд энэ бодисын хэрэглэсний дараа донтох эмгэг үүсч болно. Одоогоор Үын хувьд донтолтын шинж илрээгүй байна гэсэн дүгнэлт /хх 55 ху/,

 

-Гэрэл зургийн үзүүлэлт /хх 5, 9, 19, 22 ху/

-Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх 6-7 ху/

-Хэл загвар, дээж авсан тэмдэглэл /хх 8 ху/

-Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл / хх 10 ху/

-Эд мөрийн баримтаар тооцох тухай /хх 14 ху/

-Б.Үыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 29, 31-32 ху/

            -Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 36 ху/ зэрэг болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Ү нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамлыг 2019 оны 8 дугаар сард Булган аймгийн Бугат сумын нутаг дэвсгэрээс худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, 9 дүгээр сарын 9-ний өдрийг хүртэл хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...8 дугаар сарын эхээр аав, ээж 2 дээрээ хадланд нь туслах гэж очсон. Энэ өвсний талаар хүн ярьснаас сонсож мэдсэн. Мөн бичлэг сошиол дээрээс харж байсан. Тэгээд тэр өвсөө мөн эсэхийг шалгаж үзэх гээд түүн ялгаж авсан. Бичлэг дээр байсан өвсний зурагтай адилхан харагдсан. Тэгээд Эрдэнэтэд ирээд хэрэглэж үзсэн.эхлээд ороож дүнсэн тамхи шиг татаж үзсэн. 2-3 хоногийн дараа ундааны саванд өвсөө хийгээд асаагаад савныхаа бөөр хэсэгт цоолж мөнгө хуйлж хийгээд сорсон. Дараа нь баригдахынхаа урд өдөр мөнгөлөг цаасанд тамхи шиг хийгээд сорж үзсэн. Тэр өдөр найз охинтойгоо маргалдаад сэтгэл санаа тогтворгүй байсан. Тэгээд сорж үзсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна“ гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч Т.Нармандах /хх 11 ху/, насанд хүрээгүй гэрч А.Даш-Очир /хх 24 ху/, гэрч Т.Алтанбагана /хх 25 ху/, насанд хүрээгүй гэрч Б.Нямтулга /хх 26/ нарын мэдүүлгүүд, шинжээчийн 5105, 5107, 97 дугаартай дүгнэлтүүд, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгаж хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

            Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

 

            Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Б.Үад Эрүүгийн хуулийн тусгай 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Б.Ү нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

            Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдлыг харгалзан хуульд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэх боломжтой гэж үзлээ.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Орхон аймгийн цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 11,2229 грамм өвс мэт зүйл, хуйлж ороосон 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, шүдэнз 1 ширхэг, ороосон тунгалган цаас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Ү-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ү-г хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ү нь тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоож, энэ хугацаанд хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Б.Ү нь тэнссэн хугацаанд шүүхээс хязгаарласан хязгаарлалтыг зөрчих, санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

 

            5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Үад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтаар хураагдсан Орхон аймгийн цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 11,2229 грамм өвс мэт зүйл, хуйлж ороосон 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, шүдэнз 1 ширхэг, ороосон тунгалган цаас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА