Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2018/01352

 

 “Э” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч   Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхий    

         2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 130/ШШ2018/00057 дугаар шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 212/МА2018/00040 дүгээр магадлалтай,

         Нэхэмжлэгч: “Э” ХК

         Хариуцагч: “К” ХХК,

         Хариуцагч : “К” ХХК-ийн Баян-Өлгий салбарт холбогдох 

         Нийт 11.525.514 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: “К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Я, нарийн бичгийн даргад Э.Боролдой нар оролцов.

         Нэхэмжлэгч тал нэхэмжлэл болон тайлбартаа: Манай компани нь дулааны эрчим хүч үйлдвэрлэн түгээх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тус аймагт үйл ажиллагаа явуулдаг “К” ХХК-ийн Баян-Өлгий салбар нь 2014, 2015, 2016, 2017 онуудад манай компаниас дулааны эрчим хүч авч ашигласан.Тус салбар нь хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөрийг цаг хугацаанд төлөхгүй явж ирсэн. 2014 онд зөвхөн 1 дүгээр сард 456.456 төгрөг, 5 дугаар сард 152.152 төгрөг, 12 дугаар сард 456.456 төгрөг, бүгд 1.065.064 төгрөг төлж, 2.282.280 төгрөг төлөөгүй. 2015 оны 10 дугаар сард 456.456 төгрөг, 12 дугаар сард 456.456 төгрөг, бүгд 912.912 төгрөг төлж, 2.662.660 төгрөг төлөөгүй. 2016 оны 3 дугаар сард 456.456 төгрөг, 5 дугаар сард 1.521.252 төгрөг, 10 дугаар сард 456.456 төгрөг, бүгд 1.065.064 төгрөг төлж, 2.282.280 төгрөг төлөөгүй. 2017 оны эхний хагас жилд 2, 3, 4 дүгээр саруудад тус бүр 456.456 төгрөг, бүгд 1.369.368 төгрөг төлж, 1 дүгээр сарын төлбөр болох 456.456 төгрөг төлөөгүй. Одоогийн байдлаар нийтдээ 7.683.676 төгрөгийн өр төлбөртэй байна. Салбар, компани хооронд байгуулсан гэрээний 3 дахь хэсгийн 2-т “Төлөх үүргээ биелүүлээгүй бол төлбөрийн төлөгдөөгүй үлдэгдэлд хоног тутамд 0,5 хувь хүртэл алданги хүлээнэ” гэж тодорхой заасан. Гэрээний энэ заалтын дагуу алданги тооцвол 2014 оны төлбөрийн үлдэгдэл 2.282.280 төгрөгт алданги /2015-01-01-с 2017-08-08-ны өдөр хүртэл 981 хоног/ 1.119.4583,4 төгрөг гарч байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зохицуулсан тул үндсэн төлбөр болох 7.683.676 төгрөгийн төлбөрийн 50 хувиар тооцож 3.841.838 төгрөгийн алданги нэхэмжлэх хууль зүйн үндэстэй юм. Иймд “К” ХХК-ийн Баян-Өлгий салбараас хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөр 7.683.676 төгрөг, алданги 3.841.838 төгрөг, бүгд 11.525.514 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

        Хариуцагч нар  хариу тайлбартаа: Манай байгууллага Баян-Өлгий аймагт 2005 онд анхлан үйл ажиллагаагаа эхэлснээс хойш тодорхой урт хугацаанд "Э" ХК-тай халаалт дулаанаар хангах тухай гэрээ байгуулан хамтран ажиллаж ирсэн. Гэрээний нийлүүлэгч тал буюу нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлж бид зохих ёсоор дулаанаар хангагдаж байсан үед ашигласан дулааны төлбөрийг 10 жилийн туршид тогтмол төлж байсан ба саатуулж байсан тохиолдол байгаагүй. Харин нэхэмжлэгч нь хэрэглэгч байгууллага болох манай байгууллагатай байгуулсан гэрээний үүргээ биелүүлэхгүй, дулаанаар хангах цорын ганц монополь байгууллага болох "Э" ХК учир өөр эх үүсвэрээс дулаан халаалт авч чадахгүй бидний эрх зөрчигдөж ирсэн. Манай байгууллага нь нийтэд үйлчилдэг үйлчилгээний байгууллага учир харилцагч үйлчлүүлэгчид маань хэвийн орчинд үйлчилгээ авч чадахгүй, ажилтнууд маань хүйтэн орчинд ажиллахад хүрч зарим нь эрүүл мэндээр хохирч байсан тул бид дулаан нийлүүлэгч монополь байгууллагад гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж удаа дараа мэдэгдэж ирсэн. Үүний дагуу нэхэмжлэгчийн төлөөллүүд удаа дараа манай байгууллагад ирж нөхцөл байдалтай танилцаж халаалт ирэхгүй байгаа шалтгааныг тогтоож халаалтыг хэвийн болгох амлалт авч байсны зэрэгцээ тухай бүр шаардахад шалтгааныг тодруулж байна гэдэг боловч тодорхой үр дүн гаргаагүй. Бид халаалт нийлүүлж буй “Э" ХК-ийн төлөөлөл болон удирдлагуудад, тэд халаалтыг хэвийн нийлүүлсэн сард өмнө тооцож байсан тарифын дагуу төлбөр төлөх ба халаалт аваагүй нөхцөлд аваагүй үйлчилгээнийхээ төлөө төлбөр төлөх боломжгүй гэдгийг удаа дараа мэдэгдэж, сүүлийн жилүүдэд дулаан нийлүүлэгч "Э" ХК-тай тэднийг гэрээний үүргээ биелүүлэх эсэхэд эргэлзэж дулаанаар хангуулах тухай гэрээ байгуулахаас татгалзсан ба хэдий тийм боловч зарим нэгэн хэвийн халаалттай байсан саруудад хүнлэг шударга зарчмыг дээдлэн өмнөх тарифаар халаалтын төлбөр төлж байсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан, тэдний нийлүүлээгүй буюу бидний авч ашиглаагүй ажил үйлчилгээний төлбөрийг биднээс нэхэмжилж байгааг шударга бус гэж үзэж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

       Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 130/ШШ2018/00057 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т зааснаар “К” ХХК-ийн Баян-Өлгий салбараас хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөр 7.683.676 төгрөг, алданги 3.841.838 төгрөг, нийт 11.525.514 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Э" ХК-нд олгож, хамтран хариуцагч “К” ХХК-нд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

        Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 212/МА2018/00040 дүгээр магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 130/ШШ2018/00057 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдолдоо: Магадлал гаргахдаа ИХШХШТХ-ийн 44.2, 44.4-г зөрчигдсөн байна гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй байна. ИХШХШТХ-ийн  44.2-р бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно. Хариуцагчийн төлөөлөгч М.Ержанаас гаргаж өгсөн Кны цахилгааны төлбөр төлж байсан дотоодын дансны хуулга /хэргийн 96-100 дахь тал/, 2011 оноос 2018 он хүртэл халаалт өгч байсан саруудад халаалтын төлбөр тушааж байсныг нотлохоор гаргаж өгсөн Кны халаалтын төлбөр төлж байсан дотоодын дансны хуулга /хэргийн 101-102 дахь тал/ зэрэг баримтуудад Кны ахлах ажилтны тэмдэг дарж гарын үсэг зурж ирүүлснийг  шүүх үнэлж, зөв дүгнэлт хийсэн бөгөөд үүнд анхан шатны шүүхийг буруутгах үндэслэл байхгүй юм. ИХШХШТХ-ийн  44.2-т зааснаар шүүх нь тухайн нотлох баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгсөн тохиолдолд шаардлагатай гэж үзвэл жинхэнэ эхийг шаардан авах, зохигчийн аль нэг нь хүсэлт гаргасан тохиолдолд үзлэг явуулахаар зохицуулсан. Хариуцагчаас гаргаж өгсөн дээрх нотлох баримтууд нь нотариатаар гэрчлүүлсэн хуулбар биш, нөгөө талаас тухайн нотлох баримтуудад үзлэг хийлгэхээр зохигчийн аль нэг нь хүсэлт гаргаагүй учир анхан шатны шүүх 44.2-т заасан журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн хуулийн 44.4-т заасан үндэслэл нь шүүхэд хамаарахгүй, тухайн нотлох баримтыг бүрдүүлж өгч байгаа хуулийн этгээдэд хамааралтай заалт учир энэ нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хуулийн 219.1, 232.6, 243.1-г буруу тайлбарласан гэх хэрнээ хэрхэн буруу тайлбарласанг дурдаагүй байна. Түүнчлэн, магадлалд хэрэглэвэл зохих Эрчим хүчний тухай хуулийн холбогдох шаардах эрхийг тодорхойлсон зохицуулалтыг хэрэглээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрчим хүчний тухай хуулийн  30.1.2 дахь хэсгийг үндэслэн шийдвэр гаргасан бөгөөд энэ нь шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад тодорхой байгаа юм. Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлд Эрчим хүчний төлбөр хийх, торгууль ногдуулах журмын талаар зааж өгсөн хэдий ч анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 232.6-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар алданги тооцож шийдвэр гаргасан нь Эрчим хүчний тухай хуулийн 31.3, 31.4 дэх хэсгийн заалттай нийцэж байгаа тул энэ нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Иймд  магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

         “Э” ХК 2017-08-09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, хариуцагч нараас дулааны эрчим хүчний төлбөр 7.683.676 төгрөг, алданги 3.841.838 төгрөг нийт  11.525.514 төгрөг шаардсан байна. Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ. 

          Анхан шатны шүүх К ХХК-ийн Баян-Өлгий салбарт холбогдох нэхэмжлэлийг бүрэн хангаж, К ХХК-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна. 

         Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

         Анхан шатны шүүхийн шийдвэр хэрэгт буй баримтад үндэслэгдээгүй байна. Тухайлбал, “Э” ХК нь хариуцагчаас мөнгө гаргуулахыг шаардахдаа  “Эрчим” ХК-ийн “Дулаан эрчим хүчээр хангах, хэрэглэх аж ахуйн гэрээ”-г  үндэслэл болгосон байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу байна.   

        Түүнчлэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй тохиолдолд шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн эсэх талаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт өгөх, улмаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

        Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн, өөрчлөлт оруулах боломжгүй байх тул магадлалыг хэвээр үлдээв. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 212/МА2018/00040 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бакений гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 199.359 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                        Б.УНДРАХ