Шүүх | Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бавуугийн Цэрэнханд |
Хэргийн индекс | 122/2018/0026/з |
Дугаар | 28 |
Огноо | 2018-11-27 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 28
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цэрэнханд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн иргэн Ч.Эийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Зд холбогдох
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Ж.Т
Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар аймгийн Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн “Ч.Эийг ажлаас чөлөөлж, түр орлон гүйцэтгэгч томилох тухай” Б/51 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгон, намайг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд Ж.Тыг томилсон захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Э, гуравдагч этгээд Ж.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Э шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хуулийн болон төрийн захиргааны байгууллагад 33 жил ажилласан, төрийн албан хаагчийн тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч билээ.
Аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 6-ны өдрийн Б/14 дүгээр захирамжаар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар томилогдож улмаар төрийн албаны зөвлөлөөс тухайн ажлын байран дээр зарласан удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орж тэнцэн, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн “Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцөд бүртгэх, нэр дэвшүүлэх тухай” 83 дугаар тогтоолоор төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцөд бүртгэгдэж, Төрийн албаны зөвлөлийн даргын 2017 оны 51 дүгээр тушаалаар Сүхбаатар аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн даргаар томилогдсон.
Гэтэл Ж.Э 2018 оны 5 дугаар сард аймгийн Зар томилогдож, томилогдсон өдрөөсөө эхлэн намайг ажлаа өгөхийг шаардаж улмаар албаны чиг үүргээ хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаж, гадаад, дотоодод томилолтоор явах, ээлжийн амралтаа эдлэх эрхийг хасч, ялгаварлан гадуурхаж, ажлын байрны хүчирхийлэл, сэтгэл санааны дарамт үзүүлж эхэлсэн. Долоо хоног тутам дуудаж ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өг гэж шахаж, дарамталж байсан ба энэ байдал 3 сар үргэлжилсний эцэст 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр уулзаж дахин өргөдлөө өгөхийг шаардан, “өргөдлөө өгөхгүй бол би шийдвэрээ гаргалаа” гээд аймгийн Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн “Ч.Эийг ажлаас чөлөөлж, түр орлон гүйцэтгэгч томилох тухай” Б/51 дүгээр захирамжаар мөн өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн болно.
Энэхүү захирамжид намайг албан үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн хэмээн буруутгасан боловч захирамжийн үндэслэх хэсэгт төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, ажлаас чөлөөлөх тухай Төрийн албаны тухай хууль, байгууллагын дотоод журам болон бусад холбогдох хууль тогтоомжийн заалтыг тусгаагүй бөгөөд захирамжийн үндэслэл нь түр орлон гүйцэтгэгч томилоход чиглэгдсэн байгаа юм.
Миний бие 2017 онд аймгийн Зтай үйл ажиллагаа, үр дүнгийн гэрээ байгуулан ажилласан бөгөөд гэрээний биелэлт 91.99 хувь “А” буюу маш сайн дүгнэгдсэн, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй болно. Гэтэл албан үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн хэмээн ажлаас халсан нь Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 6 сарын 14-ний өдрийн “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ыг зөрчсөн.
Захирамжид Захиргааны ерөнхий хуулийн 26.1, 27.3.3-т заасны дагуу ажлаас чөлөөлөх тухай ярилцлага, сонсох ажиллагаа зохион байгуулж, тайлбар авсан тухай дурдсан боловч надад бичгээр мэдэгдэл өгч, хариу тайлбар авч байгаагүй болно. Харин удаа дараа өргөдлөө өгөхийг шаардаж бусадтай нийлж, дарамталж байсныгаа сонсох ажиллагаа зохион байгуулсан, тайлбар авсан гэж үзэж байгаа бололтой. Түүнчлэн энэхүү захирамжийг гаргахдаа аймгийн Засаг даргын 2017 оны 9 сарын 01-ний өдрийн “Журам батлах тухай” А/486 дугаар захирамжийг зөрчиж, захиргааны шийдвэрийн төсөлд холбогдох албан тушаалтнуудаас санал аваагүй, орон тооны бус зөвлөх хэмээх Дтай зөвлөлдөж гаргасан болно.
Захирамжийг хүчингүй болгуулахаар 2018 оны 8 сарын 11-ний өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан боловч шалгаж, шийдвэрлэж хариу ирээгүй байна.
Иймд аймгийн Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн “Ч.Эийг ажлаас чөлөөлж, түр орлон гүйцэтгэгч томилох тухай” Б/51 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгон, намайг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгөхийг хүсч нэхэмжлэл гаргав гэжээ.
Нэхэмжлэгчээс 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Аймгийн З Ж.Э нь дахин захирамж гарган /огноо, дугаарыг мэдэхгүй/ аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд Ж.Тыг томилсон байдаг. Иймд тухайн захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.
Хариуцагч Сүхбаатар аймгийн З Ж.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ч.Э нь 2018 онд төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр олноор нь халж улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан нь шүүхийн байгууллагаар эцэслэн тогтоогдсон, шүүхийн шийдвэр биелүүлэхээс удаа дараа зайлсхийж, албан үүргээ хангалтгүй гүйцэтгэж байсан.
Энэ гаргаж байсан алдаагаа засахыг шүүхийн байгууллага болон миний зүгээс удаа дараа шаардсан. Гэтэл Ч.Э нь дээрх шаардлагыг биелүүлэхээс зайлсхийж, шүүхийн зарим шийдвэрийг албадан биелүүлэх хэмжээнд хүргэсэн.
Ийм учраас Ч.Этэй удаа дараа уулзаж, ажлаас чөлөөлөх болон халах шийдвэрийг танилцуулж сонсох ажиллагааг хийж байсан бөгөөд түүний өөрийнх нь хүсэлт, төрийн албанд олон жил ажилласан болон ар, гэр, амьдралынх нь байдлыг харгалзан үзэж Хууль, эрх зүйн хэлтсийн даргаар шилжүүлэн ажиллуулахаар тохиролцож байсан болно.
Гэвч Ч.Э нь шийдвэр гаргах хүртэл хугацаанд ажил албаныхаа хүрээнд өөр тушаал, шийдвэрийг удаа дараа хуулийн заалтуудыг илт зөрчсөн, алдаатай шийдвэрүүдийг гаргуулахаар санаатайгаар төлөвлөн оруулж ирж байсан, өөрийн ажилдаа хариуцлагагүй хандаж, ажлынх нь идэвхи эрс буурсан, төрийн албан хаагчид байж боломгүй авир гаргаж, өөрийн удирдлага болон удирдлагадаа ажиллаж байгаа төрийн албан хаагчдынхаа өмнө харьцааны ёс зүйн алдаа гаргаж байсан тул төрийн албанд 1 жил орох эрхгүйгээр халах шийдвэр гаргахад хүргэсэн.
Уг шийдвэрийг хэрэгжүүлэхээр сонсох ажиллагаа явуулах үед ажлаас халагдах нь миний цаашид өөр ажилд ажиллахад сөргөөр нөлөөлөх учраас ажлаас чөлөөлж өгөөч гэж хүсэлт тавьсных нь дагуу ажлаас нь чөлөөлсөн болно гэжээ.
Гуравдагч этгээд Ж.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 122/ШЗ2018/0125 дугаартай “Гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай” захирамжтай танилцаад Баруун-Урт сумын 7 дугаар багийн иргэн Ч.Эийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа үүгээр мэдэгдэж байна.
Учир нь 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 8 цаг 30 минутад аймгийн Засаг даргын зөвлөх Д гэх хүн ирж уулзахыг утсаар мэдэгдсэний дагуу очиж уулзсан. /Анх удаагаа уулзаж байгаа болно./ Уулзахад “аймгийн улс төрийн нөхцлийг ойлгож байгаа байх. Та ажлаа өгөх шаардлагатай болсон” гэж хэлсэн.
Ингэхээр нь “албан тушаалыг өгч болно, гэхдээ миний бие 4 өрхийн 10 гаран ам бүлийг авч явдаг. Надаас өөр ажилтай хүн байхгүй. Мөн ажлаа муу хийж байсан гэж бодохгүй байна. Өөрийгөө аймаг битгий хэл улсад нэр хүндтэй гэж боддог. Тийм болохоор ямар нэг ажилд шилжүүлсэн тохиолдолд албан тушаалаа өгөхөд бэлэн.
Надад ямар ажил өгөх вэ? гэж зөвлөхөөс асуухад мэдэхгүй гэж хэлснээр бид 2-ын уулзалт дууссан. Тэгсэн мөн өдрийн 11 цаг өнгөрөөгөөд аймгийн Засаг даргын туслах утсаар тантай яг одоо Засаг дарга уулзана гэнэ. Хурдан ир гэсэн. Ингээд Засаг даргын үүдний өрөөнд ирэхэд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Э болон бусад хүмүүс байсан. Ч.Э даргад З дуудаад ирж байна гэхэд чиний өмнө би орж уулзъя, дараа нь чи уулз гээд Засаг даргын өрөө рүү орсон. Өрөөн дотор хүмүүсийн дуу чанга, сул болж нилээн удаж байгаад Ч.Э дарга гарч ирсэн. Ингээд Засаг даргын туслах намайг Зтай уулз гэж хэлснээр миний бие Зтай уулзсан. /анх удаагаа уулзаж байгаа болно/ З “өглөө өөртэй чинь зөвлөх уулзсан. Аймгийн нөхцөл байдлыг өөрийг чинь ойлгож байгаа гэдэгт итгэж байна. Өөрт чинь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын ажил санал болгож байна” гэсэн. Миний бие маш их цочирдсон. Тэгээд “яг одоо би хариулж чадахгүй байна. Ийм том ажил надад санал болгоно гэж, мөн өөрөө ийм том ажил хийнэ гэж бодож байгаагүй. Нэг л итгэж чадахгүй байна. Мөн хүнийхээ хувьд Ч.Э даргатай уулзаж үнэхээр тэр хүн ажлаа өгнө гэсэн нь үнэн эсэхийг асуух ёстой. Намайг яагаад энэ албан тушаалд тавих санал тавьж байгаа юм бэ гэж асуусан” ингэхэд З болон зөвлөх 2 намайг өөртөө итгэлгүй байна уу гээд маргаашийн дотор хариугаа өгөөрэй гээд санал тавьсан шалтгаан чамд чухал биш биздээ гэснээр Засаг даргын өрөөнөөс гарч Тамгын газрын даргатай уулзсан. Зтай ярьсан яриагаа хэлж өөртөө итгэлгүй байгаагаа мөн хүн ёсныхоо хувьд уулзаж саналыг нь сонсохоор орж ирснээ хэлсэн.
Ингэхэд Ч.Э дарга “чамд энэ ажлыг санал болгосонд баярлаж байна. Чамаас өөр хүн байсан бол би зөвшөөрөхгүй байсан. Сая би Зтай тохирсон. Тийм болохоор чи санаа зоволтгүй гээд цалингаа тооны машинаар бодсоноо тавин мянга гарнаар буурах юм байна гээд тэгвэл чи одоо эндээс гараад хариугаа хэлчихгүй юу даа, Зд” гэж хэлсэн. Ингээд бид 2 ярилцаж байхад Ч.Э дарга 4 дэх өдөр хот явах тухай ярихаар нь би магистрын хичээлдээ сууж чадаагүй тэгвэл тантай цуг явж асуудлаа шийдэж ирье гээд хамт явахаар тохирсон
Тамгын даргын өрөөнөөс гараад шууд зөвлөх рүү утасдаж Тамгын даргын ажлыг хийхээ зөвшөөрсөн.
Хот явж ирэх замд “Тамгын газрын дарга болсныхоо дараа анхаарч ажиллах саналуудыг хэлж, зөвлөж хамгийн гол нь шалгалтандаа эртнээс сайн бэлтгэж, тэнцэх хэрэгтэй, утсан дээрээ аппликейшн тат, тест сайн бөглө гээд төрийн албаны зөвлөлөөс тестийн ном авч өгсөн.
7 дугаар сарын эхээр Ч.Э дарга надтай утсаар яриад шалгалтандаа хэр бэлдэж байна гэж асуугаад би өдий хүртэл ажилласан болохоор наадам өнгөрөөе, чи Зд наадмын дараа болъё гэж хэлэх үү гэсэн. Би Зтай дахиж холбогдоогүй, чимээгүй л байна гээд за гэж хэлсэн. Мөн би ээлжийн амралтаа авсан байсан. 7 дугаар сарын сүүлээр ЕС-ын дэмжлэгээр Солонгос улс руу 10 хоногийн хугацаатай явж 8 дугаар сарын 7-нд аймагтаа ирээд Ч.Э даргыг ажиллахгүй байгаа, чөлөөлөгдсөн гэдгийг мэдсэн. Ингээд 8 дугаар сарын 10-ны өдөр Засаг даргын Б/55 дугаар захирамжаар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон.
Д.Уий шүүх хурал зарлагдсантай холбоотойгоор Ч.Э даргатай утсаар холбогдож санал солилцон зөвлөгөө авсан. Ингэхэд Ч.Э дарга “ би Мыг Тамгын газрын дарга болж байгаа гэж сонсоод дургүй хүрээд Төрийн албаны зөвлөлийн Б даргатай уулзах далимдаа ажилгүй болсноо хэлэхэд намайг гомдол бичээд өгчих гэснийх нь дагуу гомдол гаргачихсан.
Гэтэл чи томилогдчихсон байна. Гэхдээ санаа зоволтгүй” гэж хэлсэн. Үүнээс хойш хэд хоногийн дараа Ч.Э дарга өөрөө над руу ярьж хүүгээрээ материалууд /өөрийнх нь 2017, 2018 оны үр дүнгийн гэрээ, түүний тайлан, үнэлгээ, ном, Уий хуралд ашиглах материал зэрэг/ явууллаа. Төрийн албаны зөвлөлөөс нотлох баримт гэвэл өгөөрэй гэж хэлсэн.
Дахиад хэд хоногийн дараа У, Ч нарын шүүх хуралтай холбоотойгоор утсаар холбогдсон энэ үед маргааш Орос явна, би шүүхэд нэхэмжлэл гаргасан, Этай нэгийгээ үзнэ ээ, харин чи өөрийнхөө ажилд буцаад очсон нь дээр эсвэл ажлын байраа хадгалж байсан нь дээр шүү гэсэн.
“Чамд энэ ажлыг өгөх болсондоо баяртай байна, зоригтой хийгээд үз, надад татгалзах зүйлгүй, “зөвшөөрч байна” гэж Зд хариугаа хэл, хурдан ажлын байраа баталгаажуулж ав, шалгалтандаа сайн бэлтгэ” гэж зоригжуулж байсан хүн Ж.Тыг томилсон захирамжийг хүчингүй болгуулъя гэж нэхэмжлэл гаргасанд үнэхээр харамсаж байна.
Ч.Э нь Төрийн албаны зөвлөлд гомдол, шүүхэд нэхэмжлэл гаргаснаар миний ажлын байр зарлагдахгүй, баталгаажихгүй болсон ба ингэснээр Ж.Т миний эрх хөндөгдөхийн зэрэгцээ төрийн ажил давхар цалгардаж байгаа болно. Ийм учраас Ч.Эийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн иргэн Ч.Эээс аймгийн Зд холбогдуулан “Сүхбаатар аймгийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Ч.Эийг ажлаас чөлөөлж, түр орлон гүйцэтгэгч томилох тухай” Б/51 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгон, намайг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгөх”-ийг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд Ж.Тыг томилсон захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээ ихэсгэсэн болно.
Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийж, дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Сүхбаатар аймгийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/51 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.10, 38 дугаар зүйлийн 38.5, Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалт, Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ыг тус тус үндэслэн төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр олноор нь халж улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан нь шүүхийн байгууллагаар эцэслэн тогтоогдсон, шүүхийн шийдвэр биелүүлэхээс удаа дараа зайлсхийж албан үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Эийг 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Нэхэмжлэгчээс дээрх актыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар “... Захирамжийн үндэслэх хэсэгт төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, ажлаас чөлөөлөх тухай Төрийн албаны тухай хууль, байгууллагын дотоод журам болон бусад холбогдох хууль тогтоомжийн заалтыг тусгаагүй, мөн албан үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн гэсэн нь үндэслэлгүй ...” гэж, хариуцагчаас “ ... Ч.Э нь 2017 онд төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр олноор нь халж улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан нь шүүхийн байгууллагаар эцэслэн тогтоогдсон, шүүхийн шийдвэр биелүүлэхээс удаа дараа зайлсхийж албан үүргээ хангалтгүй гүйцэтгэж байсан ...” гэж маргаж байв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч аймгийн Зас маргаан бүхий акт болох 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/51 дүгээр захирамжийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг тус тус үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/69 дүгээр захирамжаараа хүчингүй болгож, уг захирамжийг нотлох баримтаар хэрэгт ирүүлжээ.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай” захиргааны актыг илт хууль бус байхаар тодорхойлж, 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгох эрхийг захиргааны байгууллагад өөрт нь олгожээ.
Утга агуулгын илэрхий алдаатай захиргааны акт нь анхнаасаа хүчин төгөлдөр бус буюу гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй байх ба нэгэнт хариуцагчаас маргаан бүхий актыг утга агуулгын илэрхий алдаатай гэсэн үндэслэлээр өөрөө хүчингүй болгосон учир нэхэмжлэгч болон хариуцагчийн маргаж буй үндэслэлд шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй юм.
Төрийн жинхэнэ албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д зааснаар “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” нэмэгдэл баталгаагаар хангагдах бөгөөд хариуцагчийн зүгээс маргаан бүхий актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрч, өөрөө хүчингүй болгосон байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар аймгийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Ч.Эийг ажлаас чөлөөлж, түр орлон гүйцэтгэгч томилох тухай” Б/51 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, “Ж.Тыг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/55 дугаар захирамжийг хүчингүй болгож, Ч.Эийг Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Ч.Эийн ажилгүй байсан хугацаа болох 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэлх нийт 3 сар 17 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д заасны дагуу тооцоолж 6.761.678 (зургаан сая долоон зуун жаран нэгэн мянга зургаан зуун далан найм) төгрөгийг аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулан нэхэмжлэгч Ч.Эт олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.2, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар аймгийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Ч.Эийг ажлаас чөлөөлж, түр орлон гүйцэтгэгч томилох тухай” Б/51 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн “Ж.Тыг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” Б/55 дугаар захирамжийг хүчингүй болгож, Ч.Эийг Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6.761.678 (зургаан сая долоон зуун жаран нэгэн мянга зургаан зуун далан найм) төгрөгийг Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгч Ч.Эт олгож, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газраас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЦЭРЭНХАНД