Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 708

 

 

Д.Ичинхоролын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/00283 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Ичинхоролын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Уранбилэгт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 30 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч Д.Ичинхоролын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бямбадорж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.Уранбилэгт 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 30 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, гэрээгээр ямар нэгэн хүү, алданги тохироогүй, 3 сарын хугацаатай 3 хувааж төлөхөөр тохиролцсон. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр дууссан боловч графикт хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй. Б.Уранбилэг нь орчуулгын ном хэвлүүлж байгаа гэж зээлсэн. Иймд 30 000 000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргууж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч шүүхэд бичгээр тайлбар гаргаагүй болно.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-д заасныг баримтлан Б.Уранбилэгээс зээлийн гэрээний үүрэгт 30 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Ичинхоролын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Ичинхоролын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Ичинхорол давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн нь дараах байдлаар тогтоогдож байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх зээлийн гэрээ нь хэлбэрийн хувьд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаанд хамаарах боловч уг зээлийн гэрээг байгуулагдсан гэж үзэхгүй" гэсэн байна. Уг зээлийн гэрээг Иргэний хуульд заасан нөхцөл журмын дагуу байгуулж нотариатаар гэрчлүүлсэн бөгөөд энэхүү зээлийн гэрээ хавтаст хэрэгт байхад гэрээ байгуулагдаагүй гэж үзэх нь үндэслэлгүй.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Иймд мөнгө буюу эд хөрөнгийг зээлийн гэрээний дагуу шилжүүлэн өгөөгүй буюу гэрээ байгуулагдсанд тооцох хуулийн шаардлагыг хангаагүй үед зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах нь хуульд нийцэхгүй буюу үүсээгүй үүргийн гүйцэтгэлд нэхэмжлэгч 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж шүүх үзээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ" гэсэн нь шүүгч хавтаст хэрэгт хавсаргасан нотлох баримтуудыг гүйцэд шинжлэн судлаагүйн үүднээс үндэслэлгүй шийдвэр гаргасан хэмээн үзэж байна. Учир нь хавстаст хэрэгт мөнгө өгсөн, авсан баримтуудыг хавсаргасан байтал хариуцагчид огт мөнгө өгөөгүй байж түүнээс мөнгө нэхэмжилсэн болгож харагдуулж байна. Мөн хариуцагч нь шүүхэд ямарч тайлбар, нотлох баримт ирүүлээгүй, шүүх хуралдаанд оролцоогүй байхад түүний талд шийдвэр гаргаж байгаа нь шүүх хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Дээрх бодит байдлын үндэслэлийг нягтлан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Д.Ичинхорол нь хариуцагч Б.Уранбилэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30 000 000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

 

Шүүх хариуцагч Б.Уранбилэгт холбогдох Д.Ичинхоролын нэхэмжлэлтэй хэрэгт 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр шүүгчийн 183/ШЗ2017/00721 дүгээр захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд мөн өдөр хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулах, эрх үүрэг тайлбарлах, нөлөөлөлийн мэдүүлэгт гарын үсэг зуруулах, хэргийн материалтай танилцуулах, шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцүүлэх захирамж гаргах, шүүх хуралдааны товыг мэдэгдэх зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үе шаттай хийгдэх ажиллагааг нэгэн зэрэг явуулсан байна.

 

Тухайлбал, нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулж, хариу тайлбар өгөх, түүнтэй холбоотой нотлох баримтыг гаргах, бүрдүүлэх, цуглуулах хугацааг 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ирүүлэхээр тогтоосон байтал 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гаргаж, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-д заасан “бусад тохиолдол” гэж тодорхойлжээ.

 

Зүй нь хариуцагч хариу тайлбар гаргах, тайлбартай холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх шүүхээс тогтоосон хугацаа дууссаны дараа зохигч хүсэлт гаргаагүй, хэрэг үүсгэснээс хойш 60 хоногийн хугацаа өнгөрөөгүй ч тухайн хэргийг хэлэлцэн шийдвэрлэхэд боломжтой ач холбогдол бүхий нотлох баримт хангалттай цугларсан байгаа нөхцөлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-д заасан шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гаргах учиртай.

 

Гэтэл хэрэгт цугларсан баримтаас үзвэл дээрх нөхцөл байдал бий болоогүйгээс гадна иргэний хэрэг үүсгэсэн өдрөө хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шүүгчийн захирамжийг гаргаж, шүүх хуралдааны тов мэдэгдсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болно.

 

Өөрөөр хэлбэл, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан талуудын мэтгэлцэх эрхийг хэрэгжүүлээгүй, хэргийн оролцогчийг мөн хуулийн 25 дугаар зүйлд заасан эрхээ эдлэх боломжоор хангаагүй гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн оролцогчид хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох эрх тус тус үүсэж, мэтгэлцэх боломж бүрдэнэ.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/00283 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Ичинхоролын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.ТУЯА

 

 

                                         ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

 

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ