Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2022/0217

 

Ж.Д-гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Э.Лхагвасүрэн,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Б.Тунгалагсайхан,

Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч Ж.Д,

Нэхэмжлэгч: Ж.Д,

Хариуцагч: Завхан аймгийн Шилүүстэй сумын Сайхан багийн иргэдийн Нийтийн Хурал,

Гуравдагч этгээд: С.О,

Нэхэмжлэлийн шаардлага: “Завхан аймгийн Шилүүстэй сумын Сайхан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр явагдсан дахин санал хураалтыг хууль бус болохыг тогтоож, Сайхан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Сайхан багийн Засаг даргыг сонгох 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн сонгуульд олонхийн санал авсан нэр дэвшигч Ж.Д-г томилуулахаар уламжлаагүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Сайхан багийн Засаг даргад томилуулахаар эрх бүхий албан тушаалтанд санал болгохыг даалгах тухай“,

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 06 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Баасандэмбэрэл,  гуравдагч этгээд С.О нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Улаанмуна,

Хэргийн индекс: 118/2021/0044/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.Д Завхан аймгийн Шилүүстэй сумын Сайхан багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан маргасан байна.

2. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 06 дугаар шийдвэрээр: ”2006 оны Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалтуудыг баримтлан Завхан аймгийн Шилүүстэй сумын Сайхан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр явагдсан дахин санал хураалтыг хууль бус болохыг тогтоолгох, тус сумын Сайхан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, тус сумын Сайхан багийн Засаг даргыг сонгох 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн сонгуульд олонхийн санал авсан нэр дэвшигч Ж.Д-г томилуулахаар уламжлаагүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Сайхан багийн Засаг даргад томилуулахаар эрх бүхий албан тушаалтанд санал болгохыг даалгуулах шаардлага бүхий иргэн Ж.Д-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Анхан шатны шүүх зарим саналын хуудсыг шаардлагад нийцээгүй гэж хүчингүйд тооцсон хэрнээ зарим саналын хуудас тэмдэглэгээ буруу ч хэнийг дэмжсэн нь тодорхой гэх байдлаар өөрийн үзэмжээр хүчинтэйд тооцсон байгааг шүүх зөвтгөж үзсэн.

3.2. Энэ нь төрийн үйл ажиллагаа хууль ёсны байх, хүн бүр хуулийн өмнө, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд нийцээгүй гэж үзэж байна.

3.3. Хэргийн материалаас үзэхэд нэр дэвшигчийн өмнөх дугаарыг дугуйлж зохих ёсоор авагдсан саналын дүн нь нэхэмжлэгч надад 108, гуравдагч этгээдэд 107 санал авагдсан байдаг.

3.4. Гэтэл үүнийг харгалзан саналын тоо тэнцсэн гэж дүгнэсэн нь хууль ёсны болж чадаагүй.

3.5. Иймд Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагч, гуравдагч этгээд нар нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангасангүй. Үүнд:

2.1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай (2006 оны) хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, ... тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно гэж заасан.

2.2. Завхан аймгийн Шилүүстэй сумын Сайхан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хуралдаанаар  хуралдаанд оролцсон 219 иргэдээс Сайхан багийн Засаг даргад нэр дэвшсэн Ж.Д 97, С.О 82, Б.Г 40 иргэдийн санал авч, нэр дэвшигчдийн хэн нь ч хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал аваагүй учир хамгийн олон санал авсан 2 нэр дэвшигчдийн дунд дахин санал хураалт явуулж, Ж.Д, С.О нар тус тус 109, 1 саналын хуудсыг хүчингүйд тооцсон нь хэрэгт авагдсан Сайхан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн тэмдэглэл, гуравдагч этгээдийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлгүүд, шүүхийн үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан баримт зэрэг баримтуудаар тогтоогджээ.

2.3. Улмаар хуралдааныг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр үргэлжлүүлэхээр тогтсон, уг хуралдаанд нэр дэвшигч Ж.Д өмнөх өдрийн санал хураалтын дүнтэй маргалгүй, дахин санал хураалтад оролцжээ.

2.4. Завхан аймгийн Шилүүстэй сумын Сайхан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанаар нэр дэвшигч Ж.Д 114, С.О 128 иргэдийн санал авсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

2.5. Тодруулбал, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд нэр дэвшигч С.О 129 санал авсан гэж тэмдэглэсэн ч санал хураалтын саналын хуудаст хийсэн шүүхийн үзлэгээр 128 санал авсан нь тогтоогдсон, энэ нь тухайн санал хураалтаар 114 санал авсан нэр дэвшигч Ж.Д-гийн эрэмбэд нөлөөлөхгүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэжээ.

2.6. Мөн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2 дахь санал хураалтаар нийт саналын хуудсуудад нэр дэвшигч нарын нэрийн өмнөх дугаарыг давхар тэмдэглэсэн зэргээр хүчингүйд тооцсон тохиолдол үүсээгүй, нэр дэвшигч С.О-ийн овгийн эхний үсгийг тэмдэглэсэн 2, Ж.Д-гийн нэрийн өмнөх дугаарыг тэмдэглэсэн 1 саналын хуудсуудыг тооллогын комисс тухайн нэр дэвшигч нарыг дэмжсэнд тооцсон, анхан шатны шүүх тухайн тэмдэглэгээг “нэр дэвшигч нарын хэнийг дэмжсэн нь тодорхой” гэж дүгнэснийг буруутгах боломжгүй.

2.7. Иймд энэ талаар “анхан шатны шүүх 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хоёр дахь санал хураалтаар “саналын тоо тэнцсэн” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй” гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

2.8. Энэ тохиолдолд хариуцагч Завхан аймгийн Шилүүстэй сумын Сайхан багийн иргэдийн Нийтийн Хурал 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 03 дугаар тогтоолоор С.О-ийг багийг Засаг даргаар сонгогдсонд тооцож, батламжлуулахаар сумын Засаг даргад уламжилсан нь нэхэмжлэлийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн “хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх зарчимд нийцээгүй” гэх гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

2.9. Эдгээр нөхцөл байдалд анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.Д-гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                   Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                   Б.ТУНГАЛАГСАЙХАН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР