Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
Хэргийн индекс | 182/2017/00043/и |
Дугаар | 237 |
Огноо | 2017-01-27 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 237
2017 оны 01 сарын 27 өдөр | Дугаар 182/ШШ2017/00237 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа би
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Наран 21Б байрны 13 тоотод оршин суух, Алтан овоо овогт Алдархишигийн Алтантуяа /РД:ТЖ79052261/,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 10 дугаар гудамжны 12 тоотод оршин суух, Сонгоол овогт Цэрэнхандын Баярсайхан /РД:УС52071631/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 42 дугаар гудамжны 14 тоотод оршин суух, Хэрэйд овогт Дэжхүүгийн Гантулга /РД:ТИ67090611/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэг 20,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Алтантуяа, Ц.Баярсайхан нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хариуцагч Д.Гантулгаас зээлийн гэрээний үүрэг 20,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Д.Гантулга шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие А.Алтантуяа, Ц.Баярсайхан нарын нэхэмжилж байгаа 20,000,000 төгрөгийг бүрэн хэмжээгээр бүрэн төлж дуусгана” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантулга шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Хариуцагч Д.Гантулга нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Алтантуяа, Ц.Баярсайхан нар нь хариуцагч Д.Гантулгаас зээлийн гэрээний үүрэг 20,000,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч Д.Гантулга нь нэхэмжлэлийн шаардлага болох 20,000,000 төгрөгийг бүрэн хэмжээгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Д.Гантулгаас 20,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн А.Алтантуяа, Ц.Баярсайхан нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Д.Гантулгаас 128,975 төгрөг, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн 2611016627 тоот данснаас 128,975 төгрөгийг тус тус гаргуулж А.Алтантуяа, Ц.Баярсайхан нарт олгож, нэхэмжлэгч нараас 2016.12.25-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгийн үлдэх хэсгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА