Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 43

 

Ч.Э-ын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/01633/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхжаргал даргалж, шүүгч С.Оюунцэцэг, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 78 дугаар шийдвэртэй,  

           Нэхэмжлэгч Боржигон овогтой Ч-ын Э-ын нэхэмжлэлтэй,

           Хариуцагч Баатарван овогтой  Э-ийн Б-д холбогдох,

          “Машин худалдсаны үлдэгдэл үнэ болох 1.500.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

          Хариуцагч Э.Б-ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхцэцэг, хариуцагч Э.Б-, хариуцагчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.Э-аас:

Миний бие Соната-5 маркийн автомашин, иргэн Ж.Баатарсүрэнгээс худалдан авч, Э.Б-д 3.000.000 төгрөгөөр худалдаж, 1.500.000 төгрөг аваагүй байсан. 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэгч миний бие П.Дамдинжаваас Соната 5 маркийн 57-96 ДАА улсын дугаартай автомашин худалдан авч 1.500.000 төгрөгийг төлөөгүй үлдсэн ба П.Дамдинжав, Э.Б- бид 3 харилцан тохиролцож, хариуцагчаас авах ёстой автомашин зарсны үлдэгдэл 1.500.000 төгрөгийг П.Дамдинжавд өгөхөөр тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. Гэтэл П.Дамдинжавд, Э.Б- мөнгөө өгөөгүйгээс шүүхэд хандаж надаар төлүүлэх шийдвэр гарсан гэж хэлсэн.

Би дээрх 2 иргэний хооронд зээлийн гэрээ хийж, тохиролцуулснаас хойш 2 хоногийн дараа Ж.Баатарсүрэнг тээврийн газар дагуулан очиж өөрийн худалдсан машины бичиг баримтыг Э.Б-ийн нэр дээр шилжүүлж өгсөн.

Иймд 1,5 сая төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Б-эс:

 2015 оны 10 дугаар сарын 19-ны өдөр Ч.Э-аас Соната 5 маркын автомашиныг  3.000.000 төгрөгөөр худалдан авахаар болж, бэлнээр 1.500.000 төгрөгийг өгч, үлдэх 1.500.000 төгрөгийг 2 сарын дараа өгөхөөр тохиролцож 7 хоногийн дараа машин эвдэрч очиж засуулаад хэд хонож байтал машинд бага сага гэмтэл гарч эхэлсэн. Би Ч.Э-т энэ машин чинь чамаас авснаас хойш эвдэрч өдөр болгон 7000 төгрөгөөр рулийн шингэн авч хийж, бас доголдоод байна сайн янзлаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд би эсвэл буцаая гэж хэлэхэд яагаад буцааж байгаа юм бэ, би янзлаад өгье гээд хүнд үзүүлэхэд газан тэргийг бензин болгосон байна гэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, машиныг нь буцааж өгнө гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 78 дугаар шийдвэрээр:

            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Э.Б-эс 1 500 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Э-т олгож,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Э-ын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 38950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Б-эс 38950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Э.Б- давж заалдсан гомдолдоо:

            Ч.Э-аас машин худалдаж аваад 1.500.000 төгрөг өгч үлдэгдэл мөнгийг 2 сарын дараа өгөхөөр тохиролцсон. Машиныг авч байхад ямар нэгэн доголдол гарч байгаагүй харин 7 хоногийн дараа эвдэрч, засуулахад дахин шинэ эвдрэл гарсан. Би нэхэмжлэгч талд машиныг засаад өгөөч эвдрэл их гарч байна гэж удаа дараа хэлсэн. Ч.Э- өөрөө засварын газар ажиллуулдаг миний машиныг засч өгнө гэж явсаар байтал хугацаа их алдуулсан. Машинаа эрт засч өгсөн, эсвэл анхнаасаа сайн машин зарсан бол би үлдэгдэл төлбөрийг төлөх байсан. Намайг хуурч газ машиныг бензин болгосон атлаа үүнийгээ надад хэлэлгүй санаатай хууран мэхэлж зарчихаад шүүхээр далайлгаж мөнгө авч байна. Түүнчлэн хэрэгт нотлох баримт болгон гаргаж өгсөн машины гэрчилгээг засварлаж өөрт ашигтай байдлаар шатахууны төрлийг бензин болгож бичүүлж өгсөн. Анхан шатны шүүх бодит байдалд зөв дүгнэлт хийлгүй, гомдлын шаардлага гаргаад байхад үүргээ биелүүлээгүй нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, мөн хэргийн оролцогчийн эрх үүргийг надад шүүх танилцуулахдаа гарын үсэг энд зур гээд зуруулж байхдаа эрх, үүргийг уншиж танилцуулаагүй, хууль буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.   

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ч.Э- хариуцагч Э.Б-д холбогдуулж худалдсан машины төлбөрийн үлдэгдэл 1.500.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан харилцаа үүссэн байна гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Зохигчид 2015 оны 10 дугаар сард аман хэлцлээр Соната-5 маркийн 67-58 ДАР улсын дугаартай авто машиныг 3.000.000 төгрөгөөр худалдаж, худалдан авагч нь машины төлбөрөөс 1.500.000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл төлбөр 1.500.000 төгрөгийг П.Дамдинжавд дамжуулан төлөхөөр харилцан тохиролцож, түүнтэй бичгээр зээлийн гэрээ байгуулсан байна.

Машины бичиг баримтыг хариуцагч Э.Б-ийн нэр дээр шилжүүлсэн болох нь хэргийн 37 дугаар тал, машины үлдэгдэл төлбөр буюу зээлийн гэрээгээр тохиролцсон 1.500.000 төгрөгөө төлөөгүй болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, хэргийн 21 дүгээр талд авагдсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тус тус нотлогдоно.

Хариуцагч Э.Б- нэхэмжлэгчээс доголдолтой эд хөрөнгө худалдаж авсан гэж маргаж байгаа бөгөөд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй, Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-д заасан шаардлага гаргах эрхээ алдсан байна.

Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн  116.3-т заасан “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэж заасныг зөрчөөгүй байна.

Иймд хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Хариуцагч Э.Б-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 78 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

            2.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Э.Б-эс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38.950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

                                

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ЭНХЖАРГАЛ 

                               ШҮҮГЧИД                                                    С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                    Л.АМАРСАНАА