Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2018/01404

 

Б.Дын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

   Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн          

         2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2018/00449 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1074 дүгээр магадлалтай,

         Нэхэмжлэгч: Б.Д

         Хариуцагч: “Д” ХХК-д холбогдох

         47,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ү.А хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч И.А, хариуцагчийн төлөөлөгч Т.М, нарийн бичгийн даргад Э.Боролдой нар оролцов.

         Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Д зуслангийн хашаандаа 3 давхар канад хаус бариулахаар 2013-03-р  сард н.Эрдэнэбаяр, н.Батчулуун нартай холбогдсон. Тухайн үед Эрдэнэбаяр,  Батчулуун нар нь “...манайх үйл ажиллагаа явуулж байгаагүй, одоо л эхэлж байгаа учраас мөнгөө өгчихвөл бид богино хугацаанд, хямд зардлаар барилгыг барьж өгнө...” гэсэн. Эхлээд 2013-04-01-ний өдөр 64 м.кв талбай бүхий байшин бариулахаар тохирсон боловч 15 хоногийн дараа хэмжээг нь 138 м.кв болгосон. Ингээд хэмжээ томрохоор үнийн дүн өссөн, тэгээд 2013-4-15-нд гэрээ хийсэн. Барилгын ажил эхлээд санхүүжилтийг Б.Даас хэд хэдэн удаа гаргуулж 63 сая төгрөгөөр баригдах барилгад 74,5сая  төгрөгийг Д ХХК авсан.  51,5сая төгрөг, 23сая төгрөг шилжүүлсэн баримт байгаа. Мөн Батчулуун, Б.Даас Солонгос улсаас оруулж ирсэн Портер машиныг 10,5 сая төгрөгт тооцож авсан. Нийт 85 сая төгрөг болсон. Гэтэл 2013 оны зун барилгыг талд нь оруулаад бүрэн зогссон. Үүнээс хойш Б.Д  байшинг  дуусгах талаар утсаар ярьж, уулзахдаа болон нөхрөөрөө дамжуулж байнга ярьж байсан. Гэвч барилга баригдах боломжгүй нь тодорхой болсон тул  гомдол гаргасан. 2016-09-21-ний өдөр прокуророос эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Прокурор 2016-12-28-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Бид барилга 30 сая төгрөгийн үнэлгээтэй гэж үзээд 85 сая төгрөгнөөс хасч 55 сая төгрөг нэхэмжилсэн. Гэрээний 6.2-т зааснаар алдангид 27,5сая төгрөг нийт 82,5сая төгрөг шаардсан. Ингээд 2 талд барилгын үнийн зөрүү гарсан тул шинжээч томилуулсан. Шинжээчийн дүгнэлтээр барилгыг 53,466,850 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт гарсан. Иймд Д ХХК-д шилжүүлсэн 85 сая төгрөгөөс 53,5 сая төгрөгийг хасч, үлдэх 31,5 сая төгрөгийг алданги 15,750,000 төгрөгийн хамт нийт 47,250,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагч талаас гаргасан хариу тайлбартаа: Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг. Нэхэмжлэгч 2016 оны 9 дүгээр сард цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Энэ хэргийг прокурорын газар шалгаад хэрэгсэхгүй болгосон. 2013-04-15-ны өдөр Б.Д нь  н.Эрдэнэбаяртай гэрээ байгуулсан. Р.Эрдэнэбаяр нь Д ХХК-тай ямар ч холбоогүй. Б.Д нь 1 давхар барилга бариулна гэж тохирсон боловч 3 давхар болгоё гэсэн. Тэгэхээр анх тохирсон 63сая төгрөг хүрэхгүй нь ойлгомжтой. 2, 3 дахь давхар нь адилхан 63сая төгрөг болно. Нэхэмжлэгч 1 давхар барилгын үнээр 3 давхар барилга, гарааш бариулсан.  Мөнгө нь 3 давхар барилгад хүрэхгүй. Гэрээг  Эрдэнэбаяртай байгуулсан тул Д ХХК хариуцагч биш. Б.Д нь Эрдэнэбаяртай тохироод мөнгөө өгсөн. 2013-04-15-ны өдрийн барилгын засварын ажил гүйцэтгэх гэрээний дагуу Д ХХК-ийн ажилчид өгсөн мөнгөнийх  нь ажлыг сайн хийсэн, мөнгөө өгөөгүй тул  ажил зогссон.  Барилгад 58,461,450 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэсэн нь цаашдаа ийм зардлаар барилга босно  гэдгийг харуулсан. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2018/00449 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэг, 352 дугаар зүйлийн 352.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д ХХК-иас 39,827,275 төгрөг гаргуулж Б.Дд олгож, нэхэмжлэлээс үлдэх 7,422,175 төгрөгийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 570,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Д ХХК-иас 357,089 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1074 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2018/00449 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 355.6 дахь хэсэгт заасныг баримтлан Д ХХК-иас 26,538,550 төгрөг гаргуулж Б.Дд олгож, нэхэмжлэлээс 20,711,450 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, 2 дахь заалтын “357,089” гэснийг “290,642” гэж тус тус өөрчлөн хариуцагчийн гомдлыг хангахгүй орхижээ.

        Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Ажил гүйцэтгүүлэгч талаас шилжүүлсэн 85сая төгрөгөөсөө хийсэн ажлын төлбөрийг хасч үлдэх  26,558,550 төгрөгийг хариуцагчаас гаргуулах эрх үүссэн. Мөн барилгын засварын ажил гүйцэтгэх гэрээний 6.2-т заасан “Хэрэв гүйцэтгэгч энэхүү гэрээний 2.1-д заасан хугацаанд захиалагчид актаар хүлээлгэн өгөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.3 хувийн алданги тооцон захиалагчид төлнө” гэж заасны дагуу барилга баригдаж дуусах байсан 2013-06-01-ны өдрөөс  хойш алданги тооцож авах эрх үүссэн. Хариуцагчаас  нийт 39.827.275 төгрөг гаргуулсан шийдвэрийг эс зөвшөөрч  хэд хэдэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан ч   шүүх хүлээн аваагүй. Шүүх  алданги авах эрхгүй гэж  үзсэн байна.Нэхэмжлэгч гэрээг цуцлах талаар шийдвэр гаргаж, түүнийгээ хариуцагчид мэдэгдэж байгаагүй. Гэрээнээс татгалзсан үйлдлийг гаргаагүй, Иргэний хуулийн 355.6-г хэрэглэх боломжгүй гэж үзэж байна. Иймд  магадлалыг хүчингүй болгож,  шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

       Б.Д 2017-06-27-ны өдөр “Д” ХХК-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2013-04-15-ны өдрийн гэрээний үүрэгт төлсөн 85,000,000 төгрөгөөс гүйцэтгэсэн ажлын үнэ 53,500,000 төгрөгийг хасч, үлдэх 31,500,000 төгрөгийг алданги 15,750,000 төгрөгийн хамт нийт 47,250,000 төгрөг гаргуулахыг /хх 1, 99, 139/ шаардсаныг хариуцагч  зөвшөөрөөгүй /хх 20/ маргасан байна.    

       Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 39,827,275 төгрөгийн шаардлагыг хангахдаа “...барилга барихад 58 461 450 төгрөгийн зардал гарсан нь тогтоогдсон тул захиалагчаас Д ХХК-д шилжүүлэн өгсөн 85 000 000 төгрөгөөс уг мөнгийг хасаж үлдэх төгрөгийг 26 558 550 төгрөгийг алданги 13 269 275 төгрөгийн хамт гаргуулна...” гэсэн дүгнэлт хийжээ.   

        Давж заалдах шатны шүүх “...гэрээ цуцлагдсан тул гэрээний үүрэгтэй холбоотой алданги гаргуулах үндэслэлгүй...” гэж дүгнэн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлээс 26 558 550 төгрөгийн шаардлагыг хангасан байна.    

        Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Б.Д “Д” ХХК-тай 2013 оны 04-р сарын 01-ний өдөр “Барилгын засварын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж хариуцагч амины орон сууц барих, нэхэмжлэгч  ажлын хөлс төлөх үүрэг хүлээсэн нь тогтоогдсон тул шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд нийцжээ. 

        Ажил гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр байх тул үүргийн гүйцэтгэлийг талуудын хэн аль нь шаардах, хуульд заасан үндэслэлээр гэрээг цуцлах эрхтэй юм

        Захиалагч нь Д ХХК-д нийт 85 000 000 төгрөг төлсөн, барилгад 58 461 450 төгрөг зарцуулагдсан нь тогтоогдсон байна.

         Нэхэмжлэгч ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлсөн мөнгөний үлдэх хэсгийг буцааж  шаардсан, хариуцагч ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгээгүй байх тул талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан гэж үзэх үндэслэлтэй юм. Зохигч гэрээгээ цуцалсан байх тул гэрээний үүргийн биелэлтийг хангах тохиролцооны дагуу алданги гаргуулах үндэслэлгүй, энэ талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.       

        Хариуцагч гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байх тул магадлалыг хэвээр үлдээв.   

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1074 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 224.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ