Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 29

 

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цэрэнханд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийж,

       Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн иргэн Г.Жы нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: Сүхбаатар аймгийн Иын даргад холбогдох

       Нэхэмжлэлийн шаардлага: “Аймгийн Иын даргын 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Б/18 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, эрхэлсэн ажилдаа буцаан тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын хураамжийг тооцуулах, нөхөн олгуулах”, мөн “аймгийн Иын даргын 2018 оны 06 дугаар сарын 06-ны Б/13 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Г.Ж шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие өвчний учир аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотрын тасагт 2018 оны 7 сарын 15-ны өдрөөс 10 хоног хэвтэн эмчлүүлж, 7 сарын 26-ны өдөр эмнэлгээс гарсан. Улмаар 8 сарын 01-ний өдрөөс Эрүүл мэндийн сайдын баталсан өвчтөн илгээх АМ-13А маягтын дагуу УКНЭ болох 3 дугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, эмчилгээ хийлгэх зорилгоор явж байгаа талаараа цалингүй чөлөө хүссэн өргөдлөө аймгийн Иын дарга Б.Мад бичгээр гарган, мөн эмнэлгийн маягт, эмч нарын зөвлөгөөний шийдвэрийг хавсаргаж өгсөн юм. Гэтэл намайг олон хоног ажил тасалсан мэтээр үндэслэлгүйгээр ажлаас илт хууль бусаар төрийн хууль зөрчин өвчтэй байх үед ажлаас халсан байдаг.
Би 2018 оны 9 сарын 17-ны өдөр ажилдаа ирэхэд өөрийгөө 2018 оны 8 сарын 6-ны өдөр ажлаас халагдсанаа мэдсэн. Ажлаас халагдсан шийдвэр Б/18 тоот тушаалынхаа үндсэн эх хувийг нэхэл дагуул болон байж 2018 оны 9 сарын 19-ний өдөр авсан юм. Аймгийн Иын даргын 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Б/18 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, эрхэлсэн ажилдаа буцаан тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын хураамжийг тооцуулан, нөхөн олгуулж өгнө үү гэжээ.

       Нэхэмжлэгч 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шүүх хуралдаанд бичгээр гаргасан тайлбартаа: 1. Аймгийн Иын дарга Б.М нь 2018 оны 4 сарын 10-нд Г.Жд ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр албан тушаалын цалингийн 3 сараар 10 хувиар бууруулах Б/10 тоот захирамж гаргасан. Энэ нь 2018 оны 7 сарын 4-нд дууссан.
       Гэтэл Б.М 2018 оны 6 сарын 8-нд Б/13 тоот захирамж гаргаж Г.Жы албан тушаалын зэрэглэлийг хууль бусаар бууруулж, цалин хөлсөөр хохироосон.
       Мөн зөвхөн нэг хүнд зориулж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд анх удаа ёс зүйн хороо байгуулж, Г.Жд хариуцлага тооцох хууль бус хурал зохион байгуулсан.
       Ингэж аймгийн Иын дарга Б.М Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх заалт “нэг төрлийн сахилгын шийтгэлийг давхардуулан ноогдуулж болохгүй” гэснийг ноцтой зөрчсөн байна.
       Иймд хууль бус шийдвэр болох аймгийн Иын даргын 2018 оны 6 сарын 6-ны өдрийн Б/13 тоот захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах
       2. 2018 оны 7 сарын 15-ны өдрөөс аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотрын тасагт 10 хоног хэвтэн эмчлүүлсэн.
       Улмаар 2018 оны 8 сарын 01-ний өдрөөс эрүүл мэндийн сайдын баталсан өвчтөн илгээх АМ-13А маягтын дагуу УКНЭ болох 3-р нэгдсэн эмнэлэгт зүрх судасны чиглэлээр онош тодруулах, хэвтэн эмчлүүлэх, эмчилгээ хийлгэхээр 2018 оны 8 сарын 01-ээс явсан. Энэ талаар аймгийн Иын дарга Б.Мын гарт хаяглан цалингүй чөлөө хүссэн хүсэлт, эмнэлгийн бичгийг битүүмжлэн хүргүүлсэн байтал 2018 оны 8 сарын 6-ны өдөр Б/18 тоот Г.Жыг ажлаас халах тухай хууль бус захирамж гарган иргэн намайг хохироосон нь баримтаар нотлогдоно.
       Иймд аймгийн Иын даргын 2018 оны 8 сарын 6-ны өдрийн Г.Жыг ажлаас халсан тухай Б/18 тоот захирамжийг хүчингүй болгуулах, эрхэлсэн ажилдаа буцаан тогтоолгох, ажилгүй хүлээлгэсэн хугацааны нөхөн олговор, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын хураамжаа төлүүлэх, тооцуулах шийдвэр гаргуулахыг хүссэн нэхэмжлэлээ дэмжиж байна.
       3. Аймгийн Иын дарга нь Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтын дагуу “сонсох ажиллагаа” явуулаагүй. Зөвхөн 2018 оны 7 сарын 9-ний өдөр 213 тоот албан бичиг явуулсан төдийгөөр хуулийг илтээр зөрчсөн.
       4. Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу ажлаас халах тохиолдолд нэг сарын өмнө албан ёсоор мэдэгдэл өгөх ёстой байтал өгөлгүй хуулийг ноцтой зөрчсөн.
       5. Аймгийн Иын дарга Б.М нь 2018 оны 8 сарын 02-ны өдөр 226 тоот албан бичгээр төрийн албанд /жилийн/ хугацаанд орох эрхгүйгээр халах шийдвэрийг гаргаж хүргүүлэх болсноо мэдэгдсэн тоот, ажлаас халсан Б/18 тоот захирамжийн хуулбарыг шууданд хийж, 2018 оны 9 сарын 17-нд өгч санаатай хууль зөрчсөн байна. Иргэний эрхээ хамгаалуулах хуулийн хугацааг алдагдуулсан. Ажлаас халсан Б/18 тоот захирамжийн үндсэн хувийг ажилтанд өгөхгүй нэхэл дагуул болж 2018 оны 9 сарын 20-нд өгсөн.
       6. Аймгийн Иын дарга Б.М Үндсэн хуулиар олгогдсон эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхийг бүдүүлгээр зөрчиж, хууль бус шийдвэр гаргаж ажлаас халсан гэж үзэж байна гэжээ.  

Хариуцагч Сүхбаатар аймгийн Иын дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Г.Ж нь аймгийн Иын ажлын албанд ажиллах хугацаандаа удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй тул Иын даргын 2018 оны Б/10 дугаар захирамжаар сахилгын шийтгэл ногдуулж, цаашид алдаа дутагдал гаргахгүй байх талаар анхааруулсан байдаг. Гэтэл Г.Ж нь дахин зөрчил гаргаж Дарьганга суманд албан томилолтоор ажиллах хугацаандаа архи ууж согтууран ажлын албаны мэргэжилтэн Я.Эг зодож танхайран энэ талаар байгууллагын ёс зүйн хороонд гомдол гарч зөрчил нь тогтоогдсон дүгнэлт гарсан. Мөн түүнчлэн Г.Ж нь 2018 онд байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтээ эхний хагас жилийн хүрээнд F үнэлгээтэй үнэлүүлсэн бөгөөд гэрээнээс улирал болон хагас жилээр хийгдсэн байх ёстой олон ажлууд тасарч үйл ажиллагааны үр дүн гараагүй байдаг.
Иймээс Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтууд болон холбогдох бусад хууль эрх зүйн актуудыг үндэслэн үүрэгт ажлаас нь халах шийдвэр гаргасан нь хууль тогтоомжид нийцэж байгаа болно.
Мөн Г.Ж нь сонсох ажиллагааны мэдэгдлийг биечлэн хүлээн авсан бөгөөд 2018 оны 7 сарын 16-ны өдрөөс эхлэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр олон хоногоор ажил тасалсан бөгөөд энэ хугацаанд эмнэлгийн акт магадлагаа, албан ёсны чөлөө зөвшөөрөл авах тухай санал хүсэлт, өргөдөл зэргийг гаргаагүй. Харин бидний зүгээс утсаар удаа дараа ирүүлэхийг хүсч холбогдсоныг дурдах нь зүйтэй. Иймээс гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талын зүгээс гаргасан шийдвэрээ хуульд нийцсэн, хуулийн дагуу гарсан гэж үзэж байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжихгүй байна. Төрийн захиргааны албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д зааснаар “албан үүргээ 2 ба түүнээс дээш удаа хангалтгүй биелүүлсэн, мөн хуулийн 26 дугаар зүйлд зааснаар ёс зүйн зөрчил гаргасан гэсэн 2 үндэслэлээр ажлаас халахаар хуульд заасан. Хуульд заасан энэ хоёр үндэслэлийн хоёуланг нь үндэслэн Г.Жыг ажлаас халсан.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын ажлын албанд ёс зүйн хороо хуулийн хүрээнд байгуулагдсан. Засгийн газраас тогтоосон журмын дагуу 10 ба түүнээс дээш албан хаагчтай байгууллага ёс зүйн хороо байгуулж болохоор тогтоож өгсөн. Үүний дагуу ёс зүйн хороо байгуулагдсан. Мөн нийт ажилчдын хурлаараа ярилцаж байгаад байгууллагын дотоод журмаа хэлэлцээд баталсан.
Байгууллагын дотоод журманд олон хоногоор ажил тасалсан тохиолдолд ажлаас чөлөөлөх үндэслэл болно гэж зааж өгсөн. Тухайлбал 16 цагаас дээш хугацаагаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан тохиолдолд ажлаас халахаар дотоод журамд зааж өгсөн.
Г.Жд Хурлын даргын захирамжаар урьд нь сахилгын шийтгэл ногдуулсан байсан. Үүнд нь Г.Ж Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч, үүнийг нь шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа гэдгийг хэлмээр байна. Мөн Төрийн захиргааны албан хаагчийн үр дүнгийн гэрээг дүгнэх журмын дагуу 2018 онд байгуулсан үр дүнгийн гэрээг хагас жилээр нь дүгнэхэд гэрээнд заагдсан ажил хийгдээгүй хангалтгүй байсан учраас 40 хувьтай үнэлүүлсэн. Үнэлгээг нь өөрийг нь дуудан уулзаж танилцуулсан. Өөрөө үүнийгээ хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. Хэрвээ үнэлүүлээгүй хийгдсэн ажил байгаа бол нотлох баримтаа гаргаад дахин үнэлүүлээрэй гэж өөрт нь хэлж байсан.
Ёс зүйн хороо хуралдаад дүгнэлтээ гаргасан. Манай аймагт 2018 оны 05 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд зүүн бүсийн аймгуудын Иын ажлын албаны ажилтнуудын зөвлөгөөнийг Дарьганга суманд зохион байгуулсан. Энэ ажилд хурлын ажлын албаныхан бүгд зохион байгуулалттайгаар томилогдон ажилласан. Г.Жы ажилласан томилолтыг хэрэгт нотлох баримтаар өгсөн байгаа. Харин томилолттой холбоотой тооцоог хийгээгүй байгаа.
Учир нь Г.Ж нь томилолтоор ажиллаж байхдаа ёс зүйн зөрчил гаргасан байдаг. Нэгэнт томилолтоор ажиллаж байгаа тохиолдолд архи ууж болохгүй гэсэн шаардлага тавьж ажилладаг. Гэтэл ажлын албаны мэргэжилтэн Я.Эг заамдан авч зодсон асуудал гаргасан. Тэр зодооныг салгасан хүн нь би өөрөө байна. Дарьганга сумаас аймгийн төв рүү ирэх замдаа мөн Я.Эг дахин зодсон байсан. Үүнийг нь Хэнтий аймгийн Иын нарийн бичгийн дарга Б хараад зодооныг нь салгаж, олон нийтийн арга хэмжээн дээр хүмүүсээ ийм байдалтай байлгамааргүй байна гэсэн шаардлагыг тавьж байсан. Ёс зүйн хороогоор энэ асуудал хэлэлцэгдсэн. Г.Ж өөрөө ёс зүйн хорооны хурал дээр ирээд “та нар надад зориулж ёс зүйн хороо байгуулсан юм уу?, наанаас чинь ямар шийдвэр гардаг юм. Түүнийгээ гарга” гэж хэлээд явсан байдаг. Өөр ямар нэгэн тайлбар өгөөгүй. Энэ асуудлыг мөн ажилчдын сонсгол дээр хэлэлцэж сахилгын шийтгэл ногдуулна гэж танилцуулагдаж байсан. Ёс зүйн зөрчил гаргасан нь ёс зүйн хорооны дүгнэлтээр тогтоогдсон гэж миний зүгээс харж байгаа. Я.Эгийн хувьд эмнэлэгт үзүүлээд хөнгөн зэргийн гэмтэл гарсан байсан. Гэхдээ Г.Ж гуйсан учраас цагдаагийн байгууллагаар шалгуулаагүй байдаг.
2018 оны 07 дугаар сарын 01-09-ний өдрийг хүртэлх эмнэлгийн актаа надад ирүүлсэн байсан. Үүнийнх нь цалинг би өгсөн. Харин 07 дугаар сарын 16-аас хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзэхээр байгаа. Энэ хугацаанд өвчтэй байсан гэсэн эмнэлгийн акт надад ирүүлээгүй. 2018 оны 07 дугаар сарын 16-20-ны хооронд өвчтэй, чөлөөтэй байсан гэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа. Үүнийг шүүгч анхаарч үзэхийг хүсэж байна. 2018 оны 07 дугаар сарын 20-нд цалин бодох болсонтой холбоотойгоор миний зүгээс ня-бо Г.Мийг Г.Жтай холбогдож өвчтэй байгаа эсэх талаар асуу гэхэд Г.Мэ холбогдож асуухад одоохондоо гадуур үзүүлж байгаа гэсэн хариу өгсөн байдаг. Мөн бичиг хэрэг дээр ямар нэгэн байдлаар өргөдөл гаргаж өгсөн зүйл байдаггүй. Хурлын даргад чөлөө хүссэн хүсэлтээ өгсөн гэж ярьдаг. Тийм хүсэлт огт ирээгүй. Хэрвээ ирсэн бол бичиг хэрэг дээр ирээд цаашаа цохогдох ёстой. Өөрөө Хурлын дарга болон надтай нэг ч удаа уулзаагүй. Харин бид нарыг Алтан овооны наадамд явсан хойно 07 дугаар сарын 30-ны өдөр ажил дээр ирж цагийн бүртгэл дээр ирсэн гэж бүртгэгдсэн байсан учраас энэ өдрийнх нь цалинг нь өгсөн. Ер нь бол Г.Жы хувьд удирдлагуудтайгаа уулзаад, ойлголцоод явах бүрэн боломжтой байсан гэж харж байгаа.
Сонсох ажиллагааг 07 дугаар сарын 09-ний өдөр явуулсан. Өөрөө сонсох ажиллагааг гардаж хүлээж авсан. 07 дугаар сарын 16-ны дотор хариу тайлбараа өгөөрэй гэж тодорхой хугацаа тогтоож өгсөн. Хариу тайлбар ирүүлээгүй учраас Хурлын даргын 226 дугаартай албан бичгийг Г.Жд хүргүүлсэн байдаг.
Энэ албан бичгээр өмнө нь сонсох ажиллагаа явуулсан. Одоо шийдвэрээ гаргах гэж байгаагаа мэдэгдсэн. Мэдэгдсэнээс хойш 4 хоногийн дараа буюу 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Г.Жыг халах шийдвэр гарсан байдаг.
Өөрийнх нь утас холбогдохгүй байсан учраас албан ёсны шуудангаар хүргүүлсэн боловч, өөрөө хүлээн авахаас татгалзаж байсан. Шийдвэрээ 2 хувь гаргаад нэгийг нь ня-бод, нөгөөг нь бичиг хэрэг дээр хадгалагдахаар өгсөн. Харин Г.Жд хуулбар үнэн тэмдэг дараад явуулсан. Үүнийг би хууль зөрчөөгүй гэж харж байгаа. Хүлээн авахаас татгалзсан гол үндэслэл нь хуулбар баримт бичиг авахгүй гэсэн байдаг. Тиймээс гуравдагч хувийг Хурлын даргыг байхад дахин гаргаж 08 дугаар сарын 19-нд гардаж авсан байдаг.
Г.Жтай хамтарч ажиллая гэж удирдлагын зүгээс хичээсэн. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 27-ны өдөр ажлын байран дээр архи ууж согтуурсан. Тухайн үед нь би хэлээд л өнгөрсөн. Миний өрөөнд орж ирээд чи бол хууль бус дарга, чиний удирдлаганд би ажиллахгүй, тиймээс би чамайг ажлын албаны дарга гэж хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлж байсан. Хэрвээ би цагдаагийн байгууллагад хандаад ёс зүйн зөрчил гаргасан гээд явсан бол тухайн үед ажлаас халагдах байсан. Тухайн үед нь би томилогдоод удаагүй байсан учраас асуудал үүсгээд яах вэ гээд гэрт нь хүргүүлж байсан.
Ажилчдын цагийн бүртгэл дээр 10 минут хоцрохоор нь энэ талаар нь тэмдэглэхээр “чи намайг хоцорсон гэж бүртгэдэг хэн юм бэ?” гээд бүртгэлийн дэвтэр дээр “хуц” гээд биччихдэг. Ёс зүйн иймэрхүү дутагдал удаа дараа гаргаж байсан.
2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан. Энэ өдөр Хурлын дарга, ажлын албаны дарга намайг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар өргөдөл өгсөн байсан. Авлигатай тэмцэх газраас шалгаад хэргийн бүрэлдэхүүнгүй гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.10-т зааснаар Засгийн газар шийдвэр гаргаж Төрийн захиргааны албан тушаалтны ангилал зэрэглэлийг тогтоож өгдөг. Үүний дагуу 2007 онд 354 дугаартай Засгийн газрын тогтоол гарсан байдаг. Энэ тогтоолын хавсралт хэсгийн Дэс түшмэл гэсэн ангиллын ТЗ-5 гэсэн зэрэглэл дээр Иын ажлын албаны ажилчид энэ зэрэглэлээр цалинжина гэж заасан байгаа. Тиймээс Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс ТЗ-6-аар цалинжиж байсныг ТЗ-5 болгож хуульд нийцүүлсэн.
Аймгийн Иын даргаар Б.Г гэдэг хүн ажиллаж байхдаа бүтцийн өөрчлөлт хийсний дараа ажилчдаа буцаан томилохдоо ТЗ-5-аар цалинжиж байсан Г.Жыг ТЗ-6 болгож, ямар нэгэн үндэслэлгүйгээр албан тушаалын зэрэглэл нэмсэн байсан. Үүнийг нь хуульд нийцүүлэх үүднээс аймгийн Иын даргын 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/13 дугаар захирамж гарсан гэв.                   

ҮНДЭСЛЭХ нь:

       Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн иргэн Г.Жаас аймгийн Иын даргад холбогдуулан “Аймгийн Иын даргын 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Б/18 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, эрхэлсэн ажилдаа буцаан тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын хураамжийг тооцуулах, нөхөн олгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд гаргаж, шүүх хуралдааны явцад “Аймгийн Иын даргын 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/13 тоот захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээ ихэсгэсэн болно.

       Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийж, дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

    Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ ... Намайг өвчтэй байхад олон хоног ажил тасалсан мэтээр үндэслэлгүйгээр ажлаас халсан, Төрийн албаны тухай хуульд заасан “нэг төрлийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулж болохгүй” гэснийг ноцтой зөрчсөн, 2018 оны 06 дугаар сарын 06-нд Б/13 дугаар захирамж гаргаж миний албан тушаалын зэрэглэлийг хууль бусаар бууруулж, цалин хөлсөөр хохироосон ...” гэж маргаж байгаа бол,

харин хариуцагчийн зүгээс “ ... Аймгийн Иын даргын 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/10 дугаар захирамжаар удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хангалтгүй биелүүлсэн Г.Жд албан тушаалын цалингийн хэмжээг 3 сараар 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж байсан, мөн албан томилолтоор ажиллах хугацаандаа архи ууж согтууран ажлын албаны мэргэжилтэн Я.Эг зодож танхайрсан, 2018 оны эхний хагас жилийн үр дүнгийн гэрээний биелэлтээ F үнэлгээтэй дүгнүүлсэн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр олон хоног ажил тасалсан зэргийг үндэслэн Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлийн 26.1.3-т зааснаар төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр үүрэгт ажлаас нь халсан, харин Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолын дагуу Г.Жы албан тушаалын зэрэглэлийг ТЗ-5 болгосон тул Б/18, Б/13 дугаар захирамжууд нь хууль тогтоомжид нийцсэн акт ... ” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

1. Аймгийн Иын даргын 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Б/18 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, эрхэлсэн ажилдаа буцаан тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын хураамжийг тооцуулах, нөхөн олгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Сүхбаатар аймгийн Иын даргын 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Б/18 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.17, 25 дугаар зүйлийн 25.3, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 25 дугаар зүйлийн 25.1, 25.1.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.4.3, 27.4.6, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 129 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам”-ын 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалт, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоол, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 122/ШШ2018/0014 дүгээр шийдвэр, Байгууллагын дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.5.3, Байгууллагын ёс зүйн хорооны 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 01 дүгээр дүгнэлтийг тус тус үндэслэн ёс зүйн зөрчил гаргаж, удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн Иын Тэргүүлэгчдийн ажлын албаны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, хууль эрх зүй, цагаатгах ажил хариуцсан мэргэжилтэн Г.Жыг 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр үүрэгт ажлаас нь халжээ.

а. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн бол төрийн албанаас халах” зохицуулалттай бөгөөд “хангалтгүй биелүүлсэн” гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгоно.

Аймгийн Иын ажлын албаны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, хууль эрх зүйн ажил хариуцсан мэргэжилтний ажлын байрны зорилго нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах орон нутгийн салбар зөвлөлийн үйл ажиллагааг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, иргэд, хуулийн байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагуудаас зохион байгуулж буй ажлыг аймгийн хэмжээнд уялдуулан зохицуулах, Иын хууль эрх зүйн асуудлыг хариуцан иргэдийн Төлөөлөгчдийн Хурал түүний Тэргүүлэгчдэд зөвлөн туслах чиг үүрэгтэй байтал нэхэмжлэгч нь албан тушаалын чиг үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн болох нь дараах баримтаар тогтоогдож байна.

Аймгийн Иын даргын 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/10 дугаар захирамжаар удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр Иын ажлын албаны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, хууль эрх зүй, цагаатгах ажил хариуцсан мэргэжилтэн Г.Жд албан тушаалын цалингийн хэмжээг 3 сараар 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Энэ захирамжийг Г.Ж эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 14 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Мөн нэхэмжлэгч нь 2018 онд ерөнхий менежер, төсвийн шууд захирагчтай ажлын байрны гол ажил үйлчилгээний талаар харилцан тохиролцож үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж, 2018 оны эхний хагас жилээр үр дүнгийн гэрээгээ 40 хувь буюу “F” үнэлгээтэй дүгнүүлжээ.

б. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид сануулах, албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гэжээ.

Нэхэмжлэгч Г.Ж нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д заасан төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүргээ биелүүлээгүй болох нь дараах байдлаар тогтоогдоно.

2018 оны 05 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд болсон зүүн бүсийн аймгуудын Иын ажлын албаны зөвлөлдөх уулзалтын үеэр Г.Ж нь ажлын албаны мэргэжилтэн Я.Эг цохиж, хэл амаар доромжилж “Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 5.3.1, 5.5.1 дэх заалтуудыг зөрчсөн болох нь аймгийн Иын ажлын албаны ёс зүйн хорооны 01 дүгээр дүгнэлтээр тогтоогдож байна.

Түүнчлэн нэхэмжлэгчээс өөрийг нь өвчтэй байхад олон хоногоор ажил тасалсан мэтээр үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж маргаж байгаа боловч хүндэтгэн үзэх шалтгааныхаа талаар холбогдох эрх бүхий этгээд болох Иын дарга, нарийн бичгийн дарга нарт албан ёсоор мэдэгдэж чөлөө аваагүй, холбогдох нотлох баримтаа өгөөгүй, олон хоногоор ажил тасалсан болох нь хэрэгт авагдсан аймгийн Иын 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 02/325 дугаар албан бичиг /хх-ийн 61-р хуудас/, аймгийн Иын ажлын албаны албан хаагчдын цагийн бүртгэл /хх-ийн 60-р хуудас/, Иын ажилчдын хурлын тэмдэглэл /хх-ийн 112 дугаар хуудас/ зэрэг нотлох баримт болон хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

в. Нэхэмжлэгчээс “... ажлаас халах талаараа хуульд заасан мэдэгдэх, сонсох ажиллагааг явуулаагүй, нэг төрлийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулж болохгүй гэсэн Төрийн албаны тухай хуулийн заалтыг ноцтой зөрчсөн ...” гэж хариуцагчийг буруутгаж байгаа боловч хэрэгт нотлох баримтаар авагдсан аймгийн Иын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 02/214, 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 01/226 дугаар албан бичгүүдээс үзвэл хариуцагчийг Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох, мэдэгдэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан гэж үзэхээр байна.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлээр төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл, зарчим, сахилгын шийтгэлийн төрлийг зохицуулсан ба нэхэмжлэгчид нэг төрлийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймээс хариуцагч нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтыг үндэслэн төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд гаргасан хууль ёсны акт байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Аймгийн Иын даргын 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/13 тоот захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Аймгийн Иын даргын 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/13 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.17, 25 дугаар зүйлийн 25.3, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.10, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.4.3, 27.4.6, Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Иын Тэргүүлэгчдийн ажлын албаны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, хууль эрх зүй, цагаатгах ажил хариуцсан ажилтан Г.Жы албан тушаалын зэрэглэлийг ТЗ-5-5 байхаар тогтоож 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн цалин олголтод мөрдөж ажиллахыг нягтлан бодогчид зөвшөөрчээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... Хурлын ажлын албаны ажилтан Г.Ж нь ТЗ-6 зэрэглэлээр цалинжиж байсныг Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолд нийцүүлж ТЗ-5 болгосон. Хууль болон тогтоол зөрчиж ТЗ-6 зэрэглэлээр цалинжуулж байсан нь Аудитын байгууллагын шалгалтаар тогтоогдсон. Аудитын дүгнэлт нь албан ёсоор албажиж гараагүй байгаа ... ” гэж тайлбарлаж байгааг үндэслэлтэй гэж үзэв.

Тодруулбал Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар аймгийн Иын ажлын албаны ажилтныг төрийн захиргааны албан тушаалын ТЗ-5 зэрэглэлтэй байхаар баталжээ.

Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.10-д зааснаар төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоосон Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолд нийцүүлэн аймгийн Иын ажлын албаны ажилтан Г.Жы албан тушаалын зэрэглэлийг ТЗ-5 байхаар шийдвэрлэсэн аймгийн Иын даргын 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/13 дугаар захирамж нь “ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх” төрийн албаны үндсэн зарчимтай нийцсэн акт байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй юм.  

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.10, 13 дугаар зүйлийн 13.1.5, 25 дугаар зүйлийн 25.1, 25.1.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Жы “Сүхбаатар аймгийн Иын даргын 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Г.Жы албан тушаалын зэрэглэлийг хуульд нийцүүлэх тухай” Б/13, 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “Г.Жыг ажлаас халах тухай” Б/18 дугаар захирамжуудыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, эрхэлсэн ажилдаа буцаан тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын хураамжаа тооцуулах, нөхөн олгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

       2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.





ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Б.ЦЭРЭНХАНД