| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2020/0486/Э |
| Дугаар | 506 |
| Огноо | 2020-07-28 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 506
2020 07 28 2020/ШЦТ/506
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Одонтуяа,
иргэдийн төлөөлөгч С.Цэрэнханд,
шинжээч эмч Ц.Бадрал,
хохирогчийн өмгөөлөгч Г.Мөнхбат,
шүүгдэгч Ц.Ж-, түүний өмгөөлөгч Ч.Шүрэнцэцэг, Х.Сэргэлэнбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж- овогт Ц-ийн Ж-ад холбогдох эрүүгийн 20100054200000 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1966 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ш харуул хамгаалалтын компанид хамгаалагч ажилтай. Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол 1 дүгээр байрны 000 тоотод оршин суух,
урьд Нийслэлийн шүүхийн 1985 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 207 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 168 дугаар зүйлийн Б-д зааснаар хувьд ногдох хөрөнгөнөөс 100 төгрөг хурааж 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 1987 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж байсан, Ж- овогтой Ц-ийн Ж-
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ц.Ж- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нархан хотхоны 61 дүгээр байрны 28 тоотод иргэн М.Ж-ын хүзүүний цагаан мөгөөрсөн хоолойн өмнөд ханыг хутгаар гэмтээж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Ж- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 2 найзтайгаа архи уусан. Такси бариад Э.Батсайханы гэр рүү явсан. Би согтоод унтсан өглөө эрүүлжүүлэх байранд сэрсэн. Би хохирогч М.Ж-тай нэг байранд амьдардаг бидний хооронд таарамжгүй харьцаа байхгүй. Би тасарсан байсан тул ийм хэрэг хийгээгүй гэв.
Эрүүгийн 2010005420000 дугаартай хавтаст хэргээс
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-14-р хуудас/
Хохирогч М.Ж-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг / хх-ийн 17-22-р хуудас /,
Гэрч Б.Ангарагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг / хх-ийн 24-25, 35-37-р хуудас/,
Гэрч Э.Батсайханы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг / хх-ийн 26-29-р хуудас /
Гэрч Л.Оюунбилэгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3298 дугаартай шинжээчийн дүгнэлт / хх-ийн 47-49-р хуудас /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 1266 дугаартай криминалистикийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт/ хх-ийн 54-57-р хуудас /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 1499 дугаартай ДНХ-н шинжээчийн дүгнэлт / хх-ийн 61-65-р хуудас /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 1500 дугаартай ДНХ-н шинжээчийн дүгнэлт / хх-ийн 69-71-р хуудас /
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 76-77-р хуудас/
Шүүгдэгч Ц.Ж-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 99-102, 155-157-р хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Ц.Одмаагийн мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 129-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 130-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 131-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 132-р хуудас/, гэрлэлтийн цуцлалтын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 133-р хуудас/, Хаан банк дахь дансны хуулга /хх-ийн 134-135-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 136-р хуудас/, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 138-141-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.Ж-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Ц.Ж- нь 2020 оны 03 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нархан хотхоны 61 дүгээр байрны 28 тоот иргэн Э.Батсайханы гэрт М.Ж-, Б.Ангараг, Э.Батсайхан нартай нийлж архидан согтуурсан үедээ хохирогч М.Ж-ын хүзүүг хутгаар зүсэж гэмтээсний улмаас хохирогчийн биед цагаан мөгөөрсөн хоолойн өмнөд ханыг гэмтээсэн нэвтэрсэн зүсэгдсэн шарх бүхий амь насанд нь аюултай хүнд гэмтлийг санаатай учруулсан болох нь:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: ...Уг гал тогооны ширээний тавцан дээр Хараа нэртэй 0.75 литрийн дотроо шингэн зүйлтэй шил байв. Хөлдөөгчийн урд шалан дээр шар өнгийн хар судалтай бариултай нийт 30 см урттай, ажлын хэсэг нь 18.5 см, бариул хэсэг нь 11.5 см хутга улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хутга байв. Уг өрөөний буйдангаас 1 м 60 см зайд хойд хананаас 3 м 30 см зайд цус мэт улаан хүрэн зүйл бүлэгнэсэн байдалтай шалан дээр бохирлогдсон байв. Улаан хүрэн зүйлээр бохирлогдсон талбай 4 м 70 см харьцах 2 м 30 см байсныг тэмдэглэв. ...Угаалгын өрөөний хаалганы босго хэсэгт улаан хүрэн өнгийн зүйл туссан байсан. ...Үзлэгээр дотроо шингэн зүйлтэй 0.75 литрийн Хараа архины шил, хутга, заазуур гэх мэт зүйлүүдийг хураан авав... гэжээ. гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-14-р хуудас/
Хохирогч М.Ж-ын мөрдөн байцаалтад өгсөн ...2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Э.Батсайхан над руу залгаад “би танай байрны гадаа ирчихлээ, гараад ир” гэхээр нь би гараад очтол Э.Батсайхан жижиг суудлын автомашинтай ирчихсэн байхаар машинд нь ороод суусан. Э.Батсайхан намайг “архи уух уу” гээд ууттай архиа үзүүлэхээр нь би байрны таньдаг ах Ц.Ж-, дүү Б.Ангараг нарыг дуудахад хүрээд ирсэн. Бид дөрөв Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нархан хотхоны 61 дүгээр байрны 28 тоотод 21 цаг өнгөрч байхад очоод Хараа архи 0.75 литрийн 4 шил архинаас 1 шилийг нь дуусгасан. Хоёр дахь шил архиа уугаад талдаа орж байхад би Ц.Ж-, Б.Ангараг хоёрыг “явъя” гээд дагуулаад явах гэтэл Ц.Ж- над руу “би явахгүй, чи яв, зайл гөлгөө” гэж хэлээд хэл амаар доромжлоод байсан. Би Ц.Ж-ыг орноос татаж буулгахад намайг хөлөөрөө тийрэхээр нь би гараараа 2-3 удаа цохиод чирээд явах гэж байхад Э.Батсайхан Ц.Ж-ыг байрныхаа хаалгаар гаргасан. Б.Ангараг бид хоёр “нимгэн хувцастай байгаа хөлдөөд үхчихвэл яана” гэж хэлээд буцаад оруулж ирсэн. Ц.Ж- орж ирээд над руу хэл амаар доромжлоод хэрэлдээд дайраад байсан. Э.Батсайхан, Б.Ангараг хоёр Ц.Ж-ыг бариад байж байхад тайвшраад Ц.Ж- бид хоёр эвлэрсэн. Тэр үед Э.Батсайхан, Б.Ангараг хоёр цаад өрөө рүү яваад орсон. Тэрнээс цааш үйл явдлыг би санахгүй байгаа. Нэг мэдэхэд эмнэлэг дээр байсан. Тухайн үед миний биед Ж- гэмтэл учруулсан. Би гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Надад учирсан хохиролд 1.279.800 төгрөгийн баримтаа гаргаж өгсөн байгаа. Ж- бид хоёрын дунд хувийн таарамжгүй харьцаа болон өс хонзонгийн асуудал байхгүй. Ц.Ж- нэлээн согтсон байсан. ...Б.Ангараг, Э.Батсайхан бид гурав согтолт багатай байсан. Болсон явдлыг санаж байгаа. Миний биед учирсан гэмтлийг тухайн өрөөнд надтай цуг байсан Ц.Ж- учруулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 17-22-р хуудас /,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3298 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. М.Ж-ын биед хүзүүнд цагаан мөгөөрсөн хоолойн өмнөд ханыг гэмтээсэн нэвтэрсэн зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.9-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт / хх-ийн 47-49-р хуудас /
Гэрч Б.Ангарагийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 22 цагийн орчимд Э.Батсайхан, М.Ж- нар цагаан өнгийн жижиг суудлын машинтай ирээд намайг дуудсан. Би Э.Батсайхан ах, Ц.Ж- ах, М.Ж- ах нарын хамтаар сууж байгаад машинаас буугаад уух газар олдохгүй болохоор нь бид нар ярилцаж байхад Э.Батсайхан ах “манай гэрт очиж ууя” гээд бид нар явахаар болсон. Тэгтэл Томоо “явахгүй” гэхээр нь дэлгүүрээс авсан архиа Томоод өгч явуулсан. Бид нар такси бариад Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Нархан хотхонд Э.Батсайхан ахын гэрт очиход хүнгүй байсан. Бид нар Хараа архинаас 0.75 литрийн нэг шилийг ууж дуусгаад дараагийн шил архиа талд оруулаад ууж байхад М.Ж- ах гэнэт “Батсайханаа мөнгө өгчих явъя, харья” гээд явах гэтэл Ц.Ж- ах “унтаад явъя, Та нар явж бай, би энд хононо” гэж хэлсэн. М.Ж- ах Ц.Ж- ахын хөлөөс нь татаад орноос унагасан. Ц.Ж- ах уурлаж М.Ж- ахын гар руу нь өшиглөхөд М.Ж- ах гараараа Ц.Ж-ын нүүр рүү 2-3 удаа цохисон. Тэгэхэд М.Ж- ах Ц.Ж- ахын өмдний шуумгаас нь татаад хаалга хүртэл чирээд тэр хоёр хоорондоо хэрэлдэж байсан. Тэгэхэд Э.Батсайхан ах Ц.Ж- ахын хувцаснаас нь барьж өргөөд байрныхаа хаалгыг онгойлгож коридорт гаргасан. Бид гурав ярилцаж байгаад Ц.Ж- ахыг буцаагаад оруулъя гээд оруулж ирээд том өрөөний буйдан дээр хэвтүүлсэн. Ц.Ж- ах уурлаад босож ирэхээр нь Э.Батсайхан ах бид хоёр салгаж холдуулаад 2-3 минут орчим болоход хоорондоо хэрэлдэхээ больсон. Ингээд Э.Батсайхан ах бид хоёр тал шил архиа аваад зурагттай өрөө рүү орсон. Би архиа хундагалаад Э.Батсайхан ахад өгч байхад том өрөөнд эрэгтэй хүний орилох чимээ гарахаар нь би өрөөнөөс гүйж очоод харахад М.Ж- ах газар хэвтчихсэн, Ц.Ж- ах хажууд нь зогсож байснаа намайг анзаарснаа цааш гүйж нэг юм шидсэн. Тухайн өрөөнд харанхуй байсан учир би буцаж очоод Э.Батсайхан ахад “М.Ж-ын хоолойг Ц.Ж- ах хэрчсэн байна” гэж хэлээд цугтаа өрөөнөөс гарч очиход М.Ж- ах газарт хэвтчихсэн хоолойноос нь цус гарч байсан. Харин Ц.Ж- ах гал тогооны тавилгын гол хэсэгт зогсож байсан. Э.Батсайхан ах бид хоёр гүйж гараад хаалгаа цоожлоод 102, 103 дугаар руу залгахад утасны сүлжээ унаад байхаар нь байрнаас гарч такси бариад шууд цагдаа дээр ирээд болсон асуудлын талаар хэлээд цагдаа нартай буцаж Э.Батсайхан ахын гэрт очсон. Э.Батсайхан ахын гэрт ороход М.Ж- ах хэвтсэн чигээрээ цус их гарсан байдалтай. Харин Ц.Ж- ах хажууд нь хэвтэж байсан. Ингээд цагдаа нар баривчлаад аваад явсан. ...Цагдаа ирчихсэн байхад Ц.Ж- ах “наад гөлгийг чинь би алчихсан яадаг юм, удахгүй та хоёртой би шоронд уулзана” гээд байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 24-25, 35-37-р хуудас/,
Гэрч Э.Батсайханы мөрдөн байцаалтад өгсөн: ...2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 20 цагийн үед би М.Ж-ыг дуудаж дэлгүүрээс архи аваад ууж байхад М.Ж- хүн дуудахад хоёр эрэгтэй хүн ирснээ уулзаж байхаар нь би “энэ юу хүн юм бэ” гэхэд “манай хуурай ах байгаа юм” гэсэн. М.Ж-ын хуурай ах гэх хүнтэй нь танилцахад өөрийгөө Ц.Ж- гэж танилцуулсан. Ингээд бид нар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нархан хотхоны 61 дүгээр байрын 28 тоотод ирээд авсан архиа хувааж уусан. Хараа архи 0.75 литрийн нэг шилийг хувааж уугаад дуусаж хоёрдох шил архиа хувааж байхад М.Ж- гэнэт над руу хандаж “Батсайханаа мөнгө өгчих цуг явъя, харья” гэсэн. Би мөнгө олж өгөх гээд байж байтал Ц.Ж- гэх хүн нь унтаж байснаа “би хононо. Та нар яв” гэсэн. Тэгэхэд М.Ж- “яв” гэж хэлээд хөлөөс нь татаад орноос унагахад нөгөөх нь уурлаж хэрэлдээд байхаар нь “яв, зайл” гээд өргөөд хаалгаар гаргасан. Нөгөө хоёр “цааш явж байгаад хөлдөөд үхчихвэл хэцүү юм болно” гэхээр нь би буцаад оруулсан. Ц.Ж- гэх нөхрийг буйдан дээр дарж, түлхэж байгаад тайвшрахаар нь Б.Ангараг бид хоёр тал шил архиа аваад зурагттай өрөө рүү ороод Б.Ангараг архиа хундагалаад надад өгөөд уух гэж байхад том өрөөнд эрэгтэй хүний орилох чимээ гарсан. Б.Ангараг гарч явснаа буцаж орж ирээд “М.Ж- хутгалуулчихсан байна” гэсэн. Би очиж үзэхэд хоолойноос нь цус гоожиж байсан. Би Б.Ангарагийг дагуулаад гэрийнхээ хаалгыг гаднаас цоожлоод байрнаас гарч такси бариад цагдаагийн хэлтэс дээр ирээд дуудлага өгсөн. ... Зурагт үзэнгээ архиа хувааж уух гээд жижиг өрөө рүү орсон. Тэр үед М.Ж- зүгээр байсан. Манай гэрийн хоёр хутга шалан дээр байсан. Уг хутганууд гал тогооны өрөөний шургуулгад байдаг. М.Ж-, Ц.Ж-, Б.Ангараг бид дөрвөөс өөр хүн байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 26-29-р хуудас /
Гэрч Л.Оюунбилэгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүү Э.Батсайхантай уулзахаар гэрт нь очсон. Э.Батсайхан хаалга онгойлгож өгөөд өөрийнхөө өрөө рүү явж байх шиг байсан. Том өрөөний буйдан дээр нэг согтуу эрэгтэй хүн сууж байсан. Гэр доторх эд зүйлээ шалгахад Хараа нэртэй 0.75 литрийн 4 хоосон шил, 2 пивоны лааз байхаар нь хогийн саванд хийж хаясан. Цагдаа нар ирэхээр нь гэрт байсан хүмүүсийг эрүүлжүүлэхэд өгч явуулсан. ...Манай хүү Э.Батсайхан архины хамааралтай тул бид нар байранд нь оруулж гаднаас нь цоожилдог байгаа. Манай хүүд найз гэх хүмүүс байхгүй. Гудамжны архичин хүмүүсийг байнга авчирч байдаг... гэх мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 1499 дугаартай ДНХ-н шинжээчийн дүгнэлтэд:
...1. Сэжигтэн Ц.Ж-ын өмсөж явсан гэх цэнхэр өнгийн жинсэн өмд, цэнхэр өнгийн жинсэн цамц, хөх өнгийн эмжээртэй бор шаргал өнгийн ноосон майк, ягаан өнгийн футболк, унтлагын өрөөний хаалганаас шаргал толботой марль, 6 гэж тэмдэглэсэн цус мэт дээж гэх ногоон шаргал өнгийн марль, 1 хохирогч байсан газар, 5 дугаар, 4 дүгээр, 9 гэж тэмдэглэсэн, хутганаас гэсэн хаягтай хөвөн бамбарт шингээсэн арчдас дээр цус илэрсэн. Биологийн гаралтай өөр бусад толбо илрээгүй.
2. Сэжигтэн Ц.Ж-ын өмсөж явсан гэх цэнхэр өнгийн жинсэн өмд, цэнхэр өнгийн жинсэн цамц, хөх өнгийн эмжээртэй бор шаргал өнгийн ноосон майк, ягаан өнгийн футболк дээр нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц илэрсэн тул эрэгтэй хүний цус илэрсэн. Уг илэрсэн эрэгтэй хүний цус нь М.Ж- гэж хаягласан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.
3. 1 хохирогч байсан газар, 5 дугаар, 4 дүгээр, 9 гэж тэмдэглэсэн хаягтай хөвөн бамбарт шингээсэн арчдас дээр нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц илэрсэн тул эрэгтэй хүний цус илэрсэн. Уг илэрсэн эрэгтэй хүний цус нь М.Ж- гэж хаягласан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.
4. Унтлагын өрөөний хаалганаас шаргал толботой марль, 6 гэж тэмдэглэсэн цус мэт дээж гэх ногоон шаргал өнгийн толботой марль, хутганаас гэсэн хаягтай хөвөн бамбарт шингээсэн арчдас дээр локусын аллелиуд бүртгэгдээгүй тул ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй.
5. Хохирогч М.Ж-, сэжигтэн Ц.Ж-, гэрч Э.Батсайхан, Б.Ангараг нарын гэх цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов... гэх дүгнэлт /хх-ийн 61-65-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 1500 дугаартай ДНХ-н шинжээчийн дүгнэлтэд:
1. Хүрэн өнгийн судалтай шар өнгийн бариултай хутган дээр цус илэрсэн. Биологийн гаралтай өөр бусад толбо илрээгүй.
2. Хүрэн өнгийн судалтай шар өнгийн бариултай хутган дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоцтой хохирогч М.Ж-ын гэх цусны ДНХ-ийн тогтоц нь тохирч байна. гэх дүгнэлт / хх-ийн 69-71-р хуудас /
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: Уг бичлэг нь 4 минут 1 секунд үргэлжлэх ба саарал өнгийн 28 гэсэн дугаартай хаалгыг цагдаагийн албан хаагч 32 секундэд онгойлгож хаалгаар ороход том өрөөний шалны гол хэсэгт цэнхэр өнгийн хувцастай Ц.Ж- нь дээш харсан байдалтай, хоёр хөлийн өвдгөө хагас нугалсан, хоёр гар нь хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байдалтай хэвтэж байна. Ц.Ж-ын баруун гар талд нь хар бараан өнгийн хувцастай зүүн талаараа хэвтсэн, хоёр хөлөө хагас нугалсан байдалтай М.Ж- хэвтэж байна. Цагдаагийн албан хаагч Ц.Ж-ыг хоёр гараас нь барьж М.Ж-аас холдуулахад Ц.Ж- “би чамайг яагаа ч үгүй” гэж хэлж байна. Үүний дараа 01 минут 08 секундэд Ц.Ж- “би ялаа үүрнэ” гэж хэлж байна. 01 минут 14 секундэд М.Ж- босож сууж байна. Ц.Ж- 01 минут 34 секундэд “би хүн алчихсан, би хүн алчихсан шүү, балиар юмнууд” гэж хэлж байна. ...Э.Батсайхан Б.Ангараг хоёрыг 01 минут 54 секундэд цагдаа байрнаас гаргаж байхад Ц.Ж- “би чамайг алсан шүү, би чамайг хэзээ ч чихэхгүй, үхсэн үхсэн би өөрөө мэдэж байгаа” гэж хэлж байна. М.Ж- руу 02 минут 27 секундэд цагдаа очиход хоолойны хэсэгт зүсэгдсэн, цус их гарч байна. Ж- 02 минут 58 секундэд “би чамайг алсан” гэж хэлж байна. Үүний дараа 03 минут 07 секундэд Ц.Ж- “би үнэнээ хэлье, би алчихсан, би алчихсан, алчихсан, би алсан шүү, намайг уучлаарай, би алчихсан шүү, алсан, алсан, яагаа ч үгүй алсан, би нил цус болсон байна, чи хар би яг алсан пизда чинь дургүй хүргээд байхаар нь, надад ямар ч амьдрал байхгүй, би үхлээ дуусаа, би алчихсан юм аа” гэж хэлээд 04 минут 01 секундэд бичлэг дуусав...гэжээ. /хх-ийн 76-77-р хуудас// зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Ц.Ж-, түүний өмгөөлөгч Ч.Шүрэнцэцэг, Х.Сэргэлэнбат нараас “Гэрч Э.Батсайхан, Б.Ангараг нарын мэдүүлэг хоорондоо зөрүүтэй. Хохирогч М.Ж- мөрдөн байцаалтад хоёр удаа мэдүүлэг өгөхдөө зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Хэргийн газрын үзлэг хийхэд ашиг сонирхлын зөрчилтэй Э.Батсайханыг байлцуулсан. Мөн хутганы иш дээр гарын мөр илрээгүй. Хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй тул Ц.Ж-ыг цагаатгаж өгнө үү” гэсэн санал гаргаж мэтгэлцэв.
Хууль тогтоогчоос энэ хуульд заасан “зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно...” гэж тайлбарлажээ.
Шүүгдэгч Ц.Ж- нь хохирогч М.Ж-тай нийлж согтуурсан үедээ түүний хүзүү хэсэгт хутгалсан үйлдлийн улмаас хохирогчийн биед “цагаан мөгөөрсөн хоолойн өмнөд ханыг гэмтээсэн нэвтэрсэн зүсэгдсэн шарх” бүхий хүнд гэмтэл учирсныг нотолсон шууд болон шууд бус нотлох баримтууд хэрэгт хангалттай авагдсан, шүүгдэгч Ц.Ж- нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, уг үйлдлээс хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учирч болзошгүйг мэдсээр атал түүнийг хүсэж үйлдсэн шинжтэй байх тул “санаатай” үйлдсэн гэж үзнэ. Шүүгдэгч Ц.Ж-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж учруулсан гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хохирогч М.Ж-, гэрч Э.Батсайхан, Б.Ангараг нарын мэдүүлэг агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Иймээс шүүгдэгч Ц.Ж-, түүний өмгөөлөгч нараас гаргасан “Ц.Ж-ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэх санал нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтуудаар няцаагдаж байх тул хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн “шүүгдэгч Ц.Ж-ыг гэм буруутай” гэсэн дүгнэлт гаргав.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Гэмт хэргийн улмаас хохирогч М.Ж-ын эрүүл мэндэд учирсан хүнд гэмтэл учирсан ба хохирогчийн биед учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ оношилгоо хийлгэх болон бусад зайлшгүй гарсан зардал нь хохирол учирсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдоно.
Хохирогч М.Ж- нь эмчилгээ, оношилгоо болон эм тарианы зардалд зарцуулсан баримтууд /хх-ийн 82-87-р хуудас/, мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгчөөс нэмж гаргасан баримтуудын нийлбэр дүн 1.626.745 төгрөгийн баримт хэрэгт авагджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ж-, түүний өмгөөлөгч нараас хохирогч М.Ж-ын эмчилгээ оношилгоонд зарцуулсан баримтаар нотлогдсон зардлыг нөхөн төлөхөөр завсарлага авах хүсэлт гаргасан ба энэ хугацаанд шүүгдэгч нь хохирогч М.Ж-д 1.630.000 төгрөг төлж барагдуулсан тул шүүгдэгч Ц.Ж-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хохирогч М.Ж- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 10 жилийн хорих ял оногдуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат, Ч.Шүрэнцэцэг нар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан хуульд заасан хорих ялаас доогуур ял оногдуулж өгнө үү гэсэн санал гаргав.
Шүүгдэгч Ц.Ж-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж чанар, хохирол, хор уршгийн хэмжээг харгалзан 7 жилийн хорих ял оногдуулах, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгав.
Шүүгдэгч Ц.Ж-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба шийтгэх тогтоол гарсан энэ өдрийн байдлаар нийт 5 хоног цагдан хоригдсон хугацааг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ж- овогт Ц-ийн Ж-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Ц.Ж-ыг 7 /долоо/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ж-ад оногдуулсан 7 /долоо/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Ж-ын цагдан хоригдсон 5 хоногийг түүний ял эдэлсэнд хугацаанд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ж- нь хохирогч М.Ж-д гэм хорын хохиролд 1.630.000 төгрөгийг нөхөн төлснийг дурдсугай.
6. Хохирогч М.Ж- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Ц.Ж-аас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Шүүгдэгч Ц.Ж- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Columbia tinlang company гэсэн бичиг бүхий 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.Ж-ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.ГАНБАТ
ШҮҮГЧИД Д.ДОРЖСҮРЭН
Х.ОДБАЯР