Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 496

 

       

 

 

 

 

 

    2020         07           24                                   2020/ШЦТ/496

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Алтанцэцэг,

хохирогч С.М-,

шинжээч эмч Т.Номинцэцэг,

гэрч С.Нарангэрэл, Б.Баярмаа, Ч.Алтангэрэл,

шүүгдэгч Д.П-, түүний өмгөөлөгч О.Батсүх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

  Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т- овогт Д-гийн П-д холбогдох эрүүгийн 19100292600000 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 00 дугаар байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй боловч, одоо Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо 122 дугаар байрны 000 тоотод амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Т- овогт Д-гийн П-

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.П- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 13-ны өдөрт шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ю-” зочид буудлын 3 давхарт шинэ жилийн арга хэмжээнд оролцож байсан иргэн С.М-тай хутга барьсан гэх шалтгаанаар маргалдан нүүрэн тус газар нь хоёр удаа алгадаж, цээжин тус газар нь хоёр удаа өшиглөж, баруун гар руу хоёр удаа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун зовхинд цус хуралт, духанд зулгаралт, баруун чамархайн хуйх, баруун хацар шанаанд зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.П- шүүхийн хэлэлцүүлэгт “...2019 оны 12 дугаар сарын 12-нд нарын хороололд шинэ жилд оролцсон. Удирдлагуудын ширээнд сууж байх үед М- гэх хүн 1 шил архи авч ирсэн. Алтангэрэл угаалгын өрөө орчихоод ирье гээд явах гэтэл хохирогч намайг доромжлоод байсан. Тэгтэл ширээн дээр байсан хутгыг аваад ална гээд дайрсан. Би шуунаас нь барьж аваад хутгыг нь салгасан. Хохирогч над руу дайраад байсан. Тайвшруулах зорилгоор би хацар руу нь 2 удаа цохисон. Би үүдэнд байж байтал би ширээн доогуур юм хайж байсан. Би хутга хайж байна гэж бодоод бөгс рүү нь өшиглөсөн. Тэгтэл хохирогч явсан байсан. Алтангэрэл бид хоёр орой 12 цагийн үед гарсан. Маргааш орой нь хохирогч над руу залгаад “би юмаа санадаггүй, чи намайг зодсон юм уу” гэж хэлсэн. Маргааш нь дахин залгаад бариулсан. Зураг авхуулах боломжгүй байна, мөнгө зээлээч гэсэн. Тэгээд зураг авхуулсныхаа дараа над руу залгаад “надад гэмтэл учирсан байна. Надад мөнгө өг” гэж хэлсэн. Дараа нь эхнэр нь залгаад “та нар нийлж зодсон байна. Энэ хүн шөнө хувцас нь шороо, цус болчихсон орж ирсэн. Та нар бүлгээрээ зодсон байна” гэж хэлсэн... гэв.

 

Хохирогч С.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шинэ жилийн арга хэмжээнд оролцохоор очсон. Би байгууллагын удирдлагуудын ширээн дээр очсон. Тэр үед нэг нь стакантай архийг даруулгагүй уусан. Би түүнээс хойш болсон явдлыг санахгүй байна. Маргааш өглөө нь гэртээ сэрсэн... гэв.

 

Гэрч С.Нарангэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...шөнө 03 цагийн үед С.М-г ажлынх нь газрын Отгонбаатар гэдэг залуу гэрт хүргэж ирсэн. Тухайн үед би унтаж байсан болохоор нөхрөө хараагүй. Маргааш өглөө нь харахад С.М-гийн хувцас нь цус, шороо, тоос болсон байсан... гэв,

 

Гэрч Б.Баярмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “ ...би буудлын ресейпшнээр тухайн өдөр ажиллаж байсан. Хүн ирээд 3-н давхарт хүмүүс зодолдоод байна гэхээр би очсон. Намайг очиход С.М-гийн хутгатай гарыг Д.П- ширээн дээр дарсан байсан. Би хутгыг ширээн дээрээс аваад тайзны хажуугийн ширээ рүү аваачиж тавиад ирэхэд С.М-, Д.П- 2 зууралдаж байсан. Д.П- хохирогчийн зүүн хацар руу алгадсан. Би Д.П-гийн найз өндөр залуутай нийлж тэр хоёрыг салгасан. Би Д.П-г лифтний хажууд үлдээгээд буцаад ирэхэд С.М-гаас өлгүүрийн номерыг асуухад тэрээр газар суугаад ширээн доогуур өлгүүрийн дугаараа хайж байхад Д.П- буцаж ирээд С.М-г өшиглөсөн. Би С.М-г дагуулж доод давхар руу буугаад өлгүүрээс хувцсыг нь авч өгөхөд бэлгээ асуусан. Би буцаад дээш гарч бэлгийг нь хайж байгаа бууж ирэхэд С.М- явсан байсан... гэв,

 

Гэрч Ч.Алтангэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Сууц өмчлөгчдийн хорооны шинэ жил болоод очсон. Хохирогч өөр ширээнд сууж байсан. Арга хэмжээ тарах дөхөж байхад маргаан үүсгэж эхэлсэн. Тухайн үед ариун цэврийн өрөө орчихоод ирэхэд М- гартаа хутга барьсан байсан. Шүүгдэгч гараас нь барьсан байсан. Би салгаад хутгыг нь ширээнд нь тавиад салгасан. Та өөрөө хутга бариад ингэж болдог юм уу гэж хэлээд салгасан... гэв,

 

Шинжээч эмч Т.Номинцэцэг шүүх хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Баруун зовхины цус хуралт хөнгөн зэргийн гэмтэл. Тухайн гэмтэл унах үед үүсэхгүй. Ирмэгтэй товгор зүйл мөргөхөд үүсэх боломжтой. Цус хуралт бүдэг ягаан туяатай харагдана. Зулгаралт үүсэхгүйгээр цус хуралт дангаар үүсэж болно... гэв

,

 

Эрүүгийн 1910029260000 дугаартай хэргээс:

 

 Хохирогч С.М-ы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 10-15-р хуудас/,

 Гэрч С.Нарангэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-18-р хуудас/,

 Гэрч Б.Баярмаагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-28-р хуудас/,

 Гэрч Ч.Алтангэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-31-р хуудас/,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 327 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32-33-р хуудас/,

 Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 32-35-р хуудас/,

 Хохирогч С.М-ы эмчилгээний баримтууд /хх-ийн 75-81-р хуудас/,

 Гэмтэл согог судлалын төвд хэвтэн эмчлүүлсэн баримтын хуулбар /хх-ийн 86-94-р хуудас/,

Шүүгдэгч Д.П-гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 50-56-р хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Э.Нямцэвээний мэдүүлэг /хх-ийн 65-66-р хуудас/, гэрч А.Мишээлийн мэдүүлэг /хх-ийн 67-68-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 57-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 60-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 61-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 62-р хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 63-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 64-р хуудас/, гэрч Э.Нямцэвээний мэдүүлэг /хх-ийн 65-66-р хуудас/, гэрч А.Мишээлийн мэдүүлэг /хх-ийн 67-69-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.П-гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Д.П- нь 2019 оны 12 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, “а” зочид буудлын 3 давхарт шинэ жилийн арга хэмжээнд оролцож байхдаа хохирогч С.М-г “хутга барьсан” гэх шалтгаанаар нүүр болон цээжин рүү нь цохих зэргээр зодож “баруун зовхинд цус хуралт, духанд зулгаралт, баруун чамархайн хуйх, баруун хацар шанаанд зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн өвдөгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Хохирогч С.М-ы: ...2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 18  цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “UB city” зочид буудлын 3 давхарт Сууц өмчлөгчдийн холбооны шинэ жилийн арга хэмжээ болсон. Би дарга нарын ширээ рүү очоод стаканаар 2 удаа архи уугаад тасарсан. Нэг мэдсэн чинь намайг ширээн дээр дарж аваад зүүн талаас Алтангэрэл, баруун талаас П- нар цохиж байсан. Түүнээс хойш юм болсныг санахгүй байна маргааш өглөө гэртээ сэрсэн. Миний толгой өвдөөд байсан тул маргааш нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлж, хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээний зардал 2.000.000 төгрөг нэхэмжилж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 13-15-р хуудас/,

 

 Гэрч С.Нарангэрэлийн ...2019 оны 12 дугаар сарын 13-ны шөнө 03:00 цагт манай нөхөр С.М- хувцас нь цус, шороо, тоос болчихсон “5 хүнтэй зодолдоод 2 хүнийг нь барсангүй” гэсэн. Тэрээр ажлынхаа Отгонбаатараар хүргүүлж ирсэн. Маргааш нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлэн, хэвтэж эмчилгээ хийлгэсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 16-18-р хуудас/,

 

Гэрч Б.Баярмаагийн ...3 давхарт хүмүүс зодолдоод байна гэхээр очиход Д.П-, С.М-г ширээн дээр дараад хутгатай гарыг нь барьж байсан. Би хутгыг нь аваад тайзны зүүн талын ширээн дээр аваачиж тавиад буцаж очиход тэр хоёр зууралдаж байсан. Д.П-гийн найз гэх өндөр залуу орж ирээд тэр хоёрыг салгаад Д.П-г гаргах гэсэн боловч үгэнд нь орохгүй С.М-ы нүүрэн тус газар нь 2 удаа алгадсан. Мөн С.М- ширээн доогуур өлгүүрийн номероо хайж байхад Д.П- нь С.М-ы  өгзөг рүү нэг удаа өшиглөсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 25-28-р хуудас/,

 

Гэрч Ч.Алтангэрэлийн ...Би ариун цэврийн өрөө орчоод ирэхэд С.М- хутга барьчхаад Д.П-тэй ноцолдож байсан. Би хутгыг нь аваад ширээн дээр тавьсан. С.М-г явган сууж байхад нь П.П- бие хэсэг рүү нь хөлөөрөө жийгээд, нүүр рүү нь 2 удаа алгадсан... гэх мэдүүлэг /хх-ийн 29-31-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 327 дугаартай  шинжээчийн

          1. С.М-ы биед баруун зовхинд цус хуралт, духанд зулгаралт, баруун чамархайн хуйх, баруун хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

         2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл  мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  1. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

           5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэмтэл байна. /хх-ийн 32-33-р хуудас/,

 

Шүүгдэгч Д.П-гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: ... С.М- “та нар аавынд сууж үзсэн юм уу” гээд өдөөд байхаар нь “та юу яриад байгаа юм бэ” гэсэн чинь ширээн дээр байсан хутга аваад “та нар шиг хүүхдүүд юу ч үзээгүй” гээд байсан. Гартаа байсан хутгыг нь барьж аваад зууралдаж байгаад ширээн дээр цээж тохойгоор нь дарж “болно, тайвшир, наад хутгаа тавь” гэсэн чинь “чамайг ална” гээд улам дайраад байсан. Найз Алтангэрэл болон буудлын ресейпшн 2 орж ирээд С.М-ы хутгыг нь булааж аваад бид хоёрыг салгасан чинь С.М- тайвшрахгүй “ална” гээд дайраад байхаар нь зүүн хацарт нь “одоо тайвшир” гээд зөөлөн 2 удаа алгадсан. Мөн ширээний доод хэсэгт юм хайж байхаар нь “одоо битгий янз бүрийн хутга хайгаад байгаарай” гээд гуяны ар хэсэгт нэг удаа өшиглөсөн ... гэх мэдүүлэг /хх-ийн 50-56-р хуудас/, болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

          Шүүгдэгч Д.П- “хохирогч С.М-гийн гараас хутгыг салгахаар хоёр гарын шуу хэсгээс нь барьсан. Мөн түүнийг тайвшруулахаар хацар руу нь  2 удаа алгадсан. Хохирогч ширээн доогуур юм хайгаад байхаар дахин хутга хайж байна гэж бодоод өгзөг рүү нь нэг удаа өшиглөсөн. Хохирогч С.М- нь “UB city” зочид буудлаас гараад шөнө 03 цагийн орчимд гэртээ харьсан байсан. Иймд хохирогч С.М-д учирсан гэмтлийг би учруулаагүй” гэж, шүүгдэгч өмгөөлөгч О.Батсүхээс “хохирогч С.М- “UB city” зочид буудлаас гэртээ харьтал хаагуур, хэнтэй, хэрхэн явсан маршрутыг тогтоогоогүй. Д.П- хохирогч С.М-гийн гараас хутгыг салгах зорилгоор гарын шуунаас нь барьсан тул Д.П-д холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү гэсэн санал гаргаж           мэтгэлцэв.

          Хохирогч С.М- нь шинэ жилийн баярын арга хэмжээнд оролцож байхдаа  шүүгдэгч Д.П-д хандан “аавынд сууж үзсэн үү” гэхчлэн үгээр өдөж гартаа хоолны хутга барих зэргээр согтуурхсан хууль бус үйлдэл энэ гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.

Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд: “UB city” зочид буудлын 3 дугаар давхарт зохион байгуулагдсан шинэ жилийн баярын арга хэмжээний үеэр шүүгдэгч Д.П-, хохирогч С.М- нарын хооронд маргаан үүссэн ба хохирогчийн гарт байсан хоолны хутгыг Д.П- салгасан ба маргааныг зохицуулахаар ирсэн буудлын ресейпшн гэрч Б.Баярмаа хутгыг холдуулж тайзны хажуугийн ширээнд тавих үед шүүгдэгч, хохирогч нар нь зууралдаж ноцолдож байсныг гэрч Б.Баярмаа, Ч.Алтангэрэл нар салгасан байна. Ийнхүү таарамжгүй харилцааны явцад маргалдаж улмаар шүүгдэгч Д.П- нь хохирогч С.М-гийн нүүр рүү алгадаж, хөлөөрөө өшиглөсөн хэргийн үйл баримт тогтоогдож байх тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас гаргасан “хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэх саналыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

         Шүүгдэгч Д.П-гийн хохирогч С.М-гийн биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч С.М-гийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан ба хохирогч нь эмчилгээ, оношилгоо, эм тарианы зардалд 824.463 төгрөг нэхэмжилж /хэргийн 75-80-р хуудас/ баримт ирүүлснээс 784.463 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангаж байна. Харин хэргийн 75, 80-р хуудаст шатахууны зардалд тус бүр 20.000 төгрөг, нийт 40.000 төгрөг нэхэмжилснийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.  

Дээрх баримтаар нотлогдож байгаа 784.463 төгрөгөөс шүүгдэгч Д.П-гээс хохирогч С.М-д төлсөн 170.000 төгрөгийг хасаж тооцох нь зүйтэй байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Д.П-гээс 614.463 төгрөг гаргуулж хохирогч С.М-д олгохоор шийдвэрлэв.

 

          Хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуульд заасан журмын дагуу шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Д.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргав.

 

Шүүхээс шүүгдэгч Д.П-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.П-д мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.П- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Т- овогт Д-гийн П-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.П-г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.П-д мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Д.П-гээс 614.463 төгрөг гаргуулж, хохирогч С.М-д олгосугай.

 

5. Хохирогч С.М- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэнд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Д.П- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч,түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Х.ОДБАЯР