Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 460

 

       

 

 

 

 

 

    2020         07           06                                   2020/ШЦТ/460

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Алтанцэцэг,

хохирогч Г.Г-,

шүүгдэгч С.А- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А- овогт С-ын А-д холбогдох эрүүгийн 19100291700000 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уулын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүл-1, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 21 дүгээр байрны 00 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, А- овогт С-ын А-.

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч С.А- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19-ийн үйлчилгээний төвийн гадна иргэн Г.Г-той Дархан Уул аймаг руу хамт явсангүй, гэрийнхээ хаягийг зааж өгсөнгүй гэх шалтгаанаар маргалдан нүүр болон толгойн хэсэгт цохих, цээж рүү цохих, багалзуурдах зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч С.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй... гэв.

 

Хохирогч Г.Г- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Би 2018 оны 10 дугаар сарын сүүлээр  найзаараа дамжуулан А-тэй танилцсан. Бид хоёр 2,3 сар хамтран амьдраад салсан. Түүнээс хойш 2019 оны 04 дүгээр сард намайг Дарханд байхад холбогдоод буцаж харилцаа тогтоон 2019 оны 03-аас 04 дүгээр сарын хооронд хамтран амьдарсан. Тэр хугацаанд надаар дамжуулан манай ээжээс 1 сая төгрөг авсан. 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр намайг гэртээ авчираад зодсон. Түүний дараа 2019 оны 12 дугаар сарын 14-ний шөнө над руу 03:40-06:40 хүртэл 46 удаа өөр дугаараас залгасан байсан. 12 сарын 14-нд би найзтайгаа уулзахаар очоод найзтайгаа уулзаж байтал над руу А- залгасан. Тэгээд надтай уулзъя гээд тухайн ресторанд уулзахаар ирсэн. Тэгээд бид уулзаж байгаад 2 муудалцсан. Би тэгээд муудалцаад хэрэггүй гэж бодоод ярилцаад эвлэрээд гарсан. Тэгээд намайг машинд суучих хүргээд өгий гэж хэлээд намайг машиндаа муулгасан. Тэгээд би гэрээ зааж өгөөд хүргүүлэхээр явсан. Тэгтэл намайг хамт Дархан явъя гэж хэлсэн. Би үгүй гэж хэлээд гэрийнхээ ойролцоо очоод буух гэтэл чи дандаа ингэдэг, гаднынханд биеэ үнэлдэг надтай унт гээд над руу дайраад бид хоёр маргалдсан. Тэгээд намайг зодсон. Нэг хэсэг ухаангүй болсон байж байгаад сэрээд хүмүүсээс аврал гуйж орилоод буух гэтэл намайг ална гэж хэлээд багалзуурдсан. Тэгээд миний ээмэг байхгүй байна гээд машин барьж байсан Бүрэнтөгс гэх найзтай нь ээмгээ хайгаад нэгийг нь олж авсан. Тэгээд би цагдаагийн газарт очно гээд найзыг дагуулаад цагдаагийн газар орсон. Цагдаагийн газар руу ортол цагдаа нар намайг хараад шууд байцаалт авсан. Бас Бүрэнтөгс гэх найзаас нь мэдүүлэг авсан. Тэгээд цагдаагийн газарт найзыгаа дуудаад хамтдаа гэмтлийн эмнэлэг орсон. Маргааш нь буюу 15-ний өглөө шүүх эмнэлэг орч гэмтлийн зэрэг тогтоолгосон... гэв.

 

Эрүүгийн 19100291700000 дугаартай хэргээс:

 

Хохирогч Г.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 13-15-р хуудас/,

Гэрч Н.Бүрэнзоригийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-23-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-27-р хуудас/,

Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 32-35-р хуудас/,

Шүүгдэгч С.А-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 49-50-р хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51-р хуудас/, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны тодорхойлолт /хх-ийн 68-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 69-р хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 70-р хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 71-р хуудас/, гэрч Ц.Цогтсайханы мэдүүлэг /хх-ийн 118-р хуудас/, гэрч Ш.Ганболдын мэдүүлэг /хх-ийн 120-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.А-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч С.А- нь 2019 оны 12 дугаар сарын 14-ний шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19-ийн үйлчилгээний орчимд хохирогч Г.Г-ыг гэрийнхээ хаягийг зааж өгсөнгүй,  Дархан-Уул аймаг руу хамт явсангүй гэх зэргээр шалтаглан маргалдаж толгой болон нүүр, цээж рүү нь цохих, багалзуурдах зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Хохирогч Г.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад өгсөн: ...2019 оны 12 дугаар сарын 14-ний 19 цагийн үед би найз охин Мөнхчимэгтэй Зайсангийн хоолны газарт хоол идэж байхад хамт амьдарч байсан А- над руу залгаад “амьд юм уу, таг чиг алга болчих юм, залгахаар утсаа авдаггүй” гэх мэтээр ярьсан. С.А- намайг хаана байгаа юм гээд асуухаар нь би байгаа газраа хэлсэн. Тэгтэл удалгүй миний байгаа газар ирсэн. Найз охин Мөнхчимэг болон А- бид гурав хоол идэж дуусгаад гарсан. Би найз охинтойгоо хамт явна гэхэд миний өмсөж байсан хувцаснаас зулгаагаад “би чамайг хүргээд өгнө” гэхэд манай найз охин яваад өгсөн. Би С.А-ийн машинд суухад танихгүй залуу машиныг нь барьж байсан. Би машины хойд суудалд С.А-тэй зэрэгцэж суусан. Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19-ийн үйлчилгээний төвийн гадаа ирэхэд С.А- намайг “хамт Дархан-Уул аймаг явчхаад ирье” гэхээр нь би “надад Дархан явах ажил байхгүй, би гэр рүүгээ орлоо” гэхэд “ганц хоног хамт явчих” гэж хэлсэн. Би “үгүй” гэхэд “Дарханд байгаа ээж, хүүхэдтэйгээ уулзаач, чи хотод юу хийх гээд байгаа юм, гадаад хүмүүст биеэ үнэлж явах гээд байна уу, би эсвэл гэрт чинь оруулаад өгье” гэсэн. Тэгтэл “чи гадны хүмүүстэй унтдаг биз дээ, надтай унт” гээд миний өмсөж байсан өмдийг тайлах гээд байсан. Би уурлаад эсэргүүцэл үзүүлэхэд миний нүүр болон тархи толгой руу алгадаж цохиж, гар хугалах гээд цээж рүү цохиод намайг багалзуурдаад байсан. Би хэсэг ухаан алдаад сэрсэн чинь машин барьж байсан найз нь “яах гээд байгаа юм бэ буулгаач” гэхэд С.А- “буулгахгүй яв, хөдөл Дархан явна” гээд байсан. Нарны гүүрний 4 замын уулзвар дээр зогсохоор нь би машинаас буух гэтэл намайг буулгаагүй. Тэгээд буцаж 19-ийн үйлчилгээний төвийн гадаа ирээд буух гэтэл буулгахгүй байсан. Би чихэндээ хүрсэн чинь миний монетон ээмэг байхгүй байсан. Би найзтай нь хамт ээмгээ хайсан боловч өрөөсөн ээмгээ олсон. Нөгөө ээмгээ хайгаад олоогүй. С.А- машинаас буугаад явсан байсан. Би тэр найзыг нь “намайг цагдаагийн газар хүргэж өг” гэж шаардаж байж хүргүүлсэн.... гэх мэдүүлэг /хх-ийн 13-15-р хуудас/,

Гэрч Н.Бүрэнзоригийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2019 оны 12 дугаар сарын 14-ний 21 цагийн үед намайг гэртээ байхад танил С.А- над руу залгаад “Дархан явах гэсэн юм. Намайг ирээд авчаач” гэсэн. Тэгээд би Зайсангийн “Сарнайх” дэлгүүрийн үүдэнд очиход С.А- нэг эмэгтэйтэй хөтлөлцөөд гарч ирсэн. Тэр хоёр миний машины хойд суудал дээр суугаад би машинаа бариад явж байсан чинь С.А- тэр эмэгтэйгээс “цуг Дархан явах уу” гээд асуусан чинь тэр эмэгтэй “үгүй” гэсэн “тэгвэл гэрт чинь хүргэж өгнө” гээд Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19-ийн үйлчилгээний төв рүү явчих гээд явж байхдаа урьд өмнөх амьдралаа яриад маргалдаад тэр эмэгтэй С.А- рүү дайраад орилж чарлаад байсан. 19-ийн үйлчилгээний төвийн харалдаа зогсчих гээд би зогссон чинь тэр эмэгтэй С.А- рүү яриад уйлаад орилоод байсан. Тэгээд С.А- өөрөөсөө холдуулж түлхээд байсан. Тэгтэл тэр эмэгтэй миний өрөөсөн ээмэг байхгүй байна гээд орилоод байсан. Би машиныхаа ойр орчмоор нь хайсан чинь байхгүй байсан чинь С.А-ийг “ээмэг олж өг” гээд орилоод байхаар нь А- “би явлаа” гээд машинаас буугаад явсан. С.А- буугаад явсан болохоор тэр эмэгтэйг би “машинаас буу” гэхэд буухгүй миний ээмэг гээд орилж хашхираад байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн

1. Г.Г-ын биед тархи доргилт, зүүн чамархай, чихний дэлбэн, шанаа, зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, хацрын дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, сарвууны зөөлөн эдийн няцрал, эрүү, баруун шуу, зүүн шуу, сарвуу, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

Шүүгдэгч С.А-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: ...2019 оны 12 дугаар сарын 14-ний орой 21 цагийн үед өмнө хамт амьдарч байсан Г.Г- намайг  “Зайсанд хүрээд ирээч” гэхээр нь би яваад очсон. Тэгэхэд Г- найз Мөөгийгийн хамтаар сууж байсан. Тэгээд бид гурав архи пиво ууж байгаад би Дархан-Улаанбаатарын хооронд таксигаар явдаг Бүрэнзоригийг дуудсан чинь хүрээд ирсэн. Үйлчлүүлж байсан газраасаа гараад би Г-ыг хүргэж өгөхөөр болоод явж байхад Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 19-ийн үйлчилгээний төвийн ойролцоо машин дотор Г- согтуурхаад “чи намайг хаяад явсан биз дээ” гээд маргаан болоод маажих гээд дайраад намайг маажсан. Би өөрөөсөө холдуулсан чинь орилж хашхираад байсан. Тэгээд бид хоёр ноцолдсон. Тэр үед таксины жолооч Бүрэнзориг Г-од хандаж болиоч гэж хэлж байсан. Тэгээд би 19-ийн ойролцоо машинаас буугаад такси бариад гэр рүүгээ явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 49-50-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

          Шүүгдэгч С.А- нь хохирогч Г.Г-ын нүүр болон толгой руу цохих, боох зэргээр зодсоны улмаас хохирогчийн биед “тархи доргилт, зүүн чамархай, чихний дэлбэн, шанаа, зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, хацрын дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, сарвууны зөөлөн эдийн няцрал, эрүү, баруун шуу, зүүн шуу, сарвуу, баруун гуянд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

 

          Иймд шүүгдэгч С.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

          Шүүгдэгч С.А- нь өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Г-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан ба хохирогч нь  “С.А-тэй хамт амьдарч байхад миний Самсунг-S-6 загварын гар утсыг эвдсэн тул гар утасны үнэ 500.000 төгрөг, манай ээжээс зээлсэн 1.000.000 төгрөг, эмчилгээний зардалд 3.500.000 төгрөг, нийт 5.000.000 төгрөг нэхэмжилнэ гэжээ.

           Шүүгдэгч С.А- нь толгой, хүзүү, цээжний томографийн шинжилгээ хийлгэсэн зардалд нийт 390.000 төгрөг, гэмт хэрэг гарах үед хохирогчийн зүүж явсан  өрөөсөн ээмэг алга болсон ба “Тэнцвэр Эстимэйт” ХХК-аас ээмэгний үнэлгээг 452.400 төгрөгөөр үнэлсэн /хх-ийн 32-35-р хуудас/ ба хавтаст хэрэгт 842.400 төгрөгийн баримт авагджээ. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч С.А-ээс 842.400 төгрөг гаргуулж хохирогч Г.Г-од олгохоор шийдвэрлэв.

          Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдах тул хохирогчоос “С.А-тэй хамт амьдарч байхад эвдсэн гэх Самсунг-S-6 загварын гар утасны үнэ 500.000 төгрөг, мөн хамт амьдарч байхдаа С.А-д зээлүүлсэн гэх 1.000.000 төгрөг нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хамаарахгүй тул хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

          Хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуульд заасан журмын дагуу шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч С.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч нь эрүүгийн хариуцлагын талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч С.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.А-д мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч С.А- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. А- овогт С-ын А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-ийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.А-д мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч С.А-ээс 842.400 төгрөг гаргуулж хохирогч Г.Г-од олгосугай.

 

5. Хохирогч Г.Г-ын нэхэмжлэлээс 4.157.600 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Шүүгдэгч С.А- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Х.ОДБАЯР