| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2020/0485/Э |
| Дугаар | 494 |
| Огноо | 2020-07-23 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Т.Мижиддорж |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 494
2020 07 23 2020/ШЦТ/494
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бат-О- хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Мижиддорж,
шүүгдэгч Г.А-, түүний өмгөөлөгч Д.Гомбо нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт Г-ийн А-т холбогдох эрүүгийн 20100071000000 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1987 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Нефтийн 1-0000 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,
Баянхонгор аймгийн Сум дундын шүүхийн 2003 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 00 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил хугацаагаар хорих ялаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 250 цаг албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, Б- овогт Г-ийн А-/
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Г.А- нь 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо И-март худалдааны төвийн баруун талын автомашины зогсоол дээр хохирогч А-ийн Самсунг А-10 маркийн гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 345,600 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах О- худалдааны төвийн үүдэнд хохирогч С.Ц-гийн халааснаас Iphone XS маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1.246.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.
Эрүүгийн 20100071000000 дугаартай хэргээс:
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-4, 40-42-р хуудас/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 6-р хуудас/
Хохирогч А-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/
Хохирогч С.Ц-гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 44-45-р хуудас/
Дамно ХХК-ны 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлангаар хулгайд алдагдсан Самсунг А10 маркийн гар утсыг 345.600 төгрөгөөр үнэлсэн тайлан /хх-ийн 20-21-р хуудас/
Дамно ХХК-ны 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлангаар хулгайд алдагдсан Iphone XS маркийн гар утсыг 1.246.000 төгрөгөөр үнэлсэн тайлан /хх-ийн 50-51-р хуудас/
Эд мөрийн баримтаар тооцсон тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/
Шүүгдэгч Г.А-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 30, 63-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч С.Алтансүхийн мэдүүлэг /хх-ийн 66-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 68-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 69, 77-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 71, 89-р хуудас/, шийтгэх тогтоолуудын хуулбарууд /хх-ийн 83-87-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.А-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Г.А- нь 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо И-март худалдааны төвийн баруун талын автомашины зогсоол дээр хохирогч А-ийн Самсунг А-10 маркийн гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 345,600 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах О- худалдааны төвийн үүдэнд хохирогч С.Ц-гийн халааснаас Iphone XS маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.246.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: ...А- баруун гартаа эд зүйл барьсан явах ба түүний араас хар өнгийн нимгэн юүдэнтэй куртиктэй, хар өнгийн өмдтэй, хар өнгийн пүүзтэй, цайвар өнгийн амны хаалт зүүсэн эрэгтэй хүн дагаж хар өнгийн жижиг машин, цагаан өнгийн Тоёота Приус 30 маркийн машины голоор ороход нь гүйцэж очин А-ийн гадуур хувцасны халааснаас эд зүйл авч өөрийн зүүн халаасанд хийж буй дүрс бичлэг... /хх-ийн 3-4, 40-42-р хуудас/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд: ...Самсунг А10 маркийн хөх цэнхэр өнгийн, арын таг дээрээ 352119119463935 имей кодтой, сим картгүй, асаалттай, хагарал гэмтэлгүй, дэлгэц кодгүй гар утсыг А-т хүлээлгэн өгөв... /хх-ийн 6-р хуудас/
Хохирогч А-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2020 оны 04 дүгээр сарын 01-ний 20 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо И-март худалдааны төвөөр үйлчлүүлсэн. 20 цаг 20 минутын орчим И-Март дэлгүүрээс гараад зогсоол дээр байсан машинд суухаар нэг гартаа пицца, нэг гартаа тортой эд зүйл бариад алхаж байхад араас үл таних эрэгтэй ирээд гадуур хувцасны халаасанд байсан Самсунг А10 маркийн хар хөх өнгийн гар утас хулгайлсан байсан. ...Би гар утсаа Капитрон банкнаас зээлээр 630.000 төгрөгөөр авсан. Зээлээ 6 сар төлсөн байгаа. Би гар утас худалдаж авсан 630.000 төгрөгөө нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг / хх-ийн 12-13-р хуудас/
Хохирогч С.Ц-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 19 цагийн үед Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо “О-” худалдааны төвөөр үйлчлүүлсэн. Хоёр гартаа тортой юм бариад гараад машиндаа суутал цамцны халаасанд байсан Iphone XS маркийн гар утас минь алга болчихсон байсныг мэдсэн юм. Тэгээд би гар утас руугаа залгаж үзэхэд холбогдох боломжгүй байсан. Би алдсан гар утсаа 800.000 төгрөгөөр үнэлнэ. Би дэлгүүрээс гараад явж байх үед миний торны бариул тасарч газар хамаг юмаа асгаад буцаагаад хийгээд явах үед ард 3 залуу дагаад яваад байх шиг байсан. Би сайн анзаараагүй. Намайг түлхсэн, шүргэсэн, шахсан зүйл байхгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас/
Дамно ХХК-ны 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайланд: Самсунг А10 маркийн гар утсыг 345.600 төгрөгөөр үнэлэв. /хх-ийн 20-21-р хуудас/
Дамно ХХК-ны 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайланд: Iphone XS маркийн гар утсыг 1.246.000 төгрөгөөр үнэлэв. /хх-ийн 50-51-р хуудас/
Шүүгдэгч Г.А-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: ...2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 19-20 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах “М” худалдааны төвийн гадаа ганцаараа зогсож байхад пицца барьсан эмэгтэй явж байсан. Тэгэхээр нь зүүн талын халааснаас нь Самсунг А10 маркийн гар утсыг нь мэдэгдэлгүй авсан. Зам гараад таксинд суугаад гэртээ харьсан. Гар утсыг гэртээ байлгаж байгаад цагдаагаас дуудахад гар утасны эзэн гэх эмэгтэйд өгсөн. Хулгай хийхдээ ганцаараа явсан. Хийсэн хэргээ хүлээж байгаа. Би эрхэлсэн тодорхой ажилгүй болоод хулгай хийсэн. Би 4-6 настай 2 хүүхэдтэйгээ гурвуулаа амьдардаг. ...Зайсанд байрлах “О-” худалдааны төвийн гадаа нэг эмэгтэй тортой юм гартаа барьчихсан явж байсан. Хойноос нь очоод мэдэгдэлгүй гар утсыг нь аваад Теди төвийн гадна танихгүй хүнд 250.000 төгрөгөөр зарсан. Одоо тэр хүнээ хараад танихгүй.... гэх мэдүүлэг /хх-ийн 30, 63-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
“Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” шууд санаатай гэмт үйлдлийг “Хулгайлах” гэмт хэрэг гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчилжээ.
Шүүгдэгч Г.А-, түүний өмгөөлөгч нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Г.А- нь 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо И-март худалдааны төвийн баруун талын автомашины зогсоол дээр хохирогч А-ийн Самсунг А-10 маркийн гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 345.600 төгрөгийн хохирол учруулсан
Мөн 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах О- худалдааны төвийн үүдэнд хохирогч С.Ц-гийн Iphone XS маркийн маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.246.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан байна.
Хохирогч А-ийн Самсунг А10 маркийн гар утсыг Дамно ХХК-ны 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайланд: 345.600 төгрөгөөр /хх-ийн 20-21-р хуудас/, хохирогч С.Ц-гийн Iphone XS маркийн гар утсыг Дамно ХХК-ны 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайланд: 1.246.000 төгрөгөөр /хх-ийн 50-51-р хуудас/ тус тус үнэлсэн баримт хэрэгт авагджээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч А-т 345.600 төгрөгийн хохирол учирсан ба хохирогчид гар утсыг биет байдлаар буцаан олгосон. Хохирогч С.Ц-д 1.246.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 1.246.000 төгрөгийг нөхөн төлсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Г.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээгээ ял оногдуулж өгнө үү гэсэн санал гаргав.
Шүүгдэгч Г.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогч нарт учруулсан хохирлыг төлж барагдуулсан байдал болон тэрээр 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн бага насны хоёр хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Г.А-т мэдэгдэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хавтаст хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээв.
Шүүгдэгч Г.А- нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүйг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б- овогт Г-ийн А-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-ийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Г.А-т мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Г.А- нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүйг дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хавтаст хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч,түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР