Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
Хэргийн индекс | 182/2017/00075/и |
Дугаар | 315 |
Огноо | 2017-02-07 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 315
2017 оны 02 сарын 07 өдөр | Дугаар 182/ШШ2017/00315 | Улаанбаатар хот |
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа би
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, 48/1, Капитал хаусын 3 дугаар давхарт байрлах “Шунхлай Петролиум” ХХК /РД:5512972/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймгийн Хутаг-Өндөр сум, Хонгор 5 дугаар багт байрлах бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүрэг 5 дугаар хороо, Виктори центр, А хаалга, 3 давхар 303, 304 тоотод байрлах “Ургац хангай” ХХК /РД:3185877/-д холбогдох
Гэрээний үүрэгт 76,104,945.52 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Шунхлай Петролиум” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ургац Хангай” ХХК нь тус компанитай 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдөр П/112 тоот “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан ба бид худалдан авагч талын хэрэгцээт, захиалгат шатахууныг цаг тухайд нь нийлүүлсээр ирсэн билээ.
Бидний хооронд харилцан тохиролцож байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.9 дэх хэсэгт худалдан авагч шатахуун болон барааны үнийг бэлнээр буюу дансаар төлнө”, 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт “Худалдан авагч барааг хүлээн авснаас хойш хуанлийн 30 /гуч/ хоногийн дотор хүү тооцохгүй, 31 /гучин нэг/дэх хоногоос эхлэн сарын 3 хувийн хүү тооцон үнийг 2015 оны 12 дугаар сарын 25-нд бүрэн төлж барагдуулсан баих үүрэгтэй гэсэн боловч, Худалдан авагч буюу хариуцагч “Ургац Хангай” ХХК нь гэрээний дагуу үүссэн төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөлгүй биднийг хохироосоор байна.
Гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т Худалдагч нь “Гэрээгээр тогтоосон хугацаанд үнийг төлөх, гэрээний дагуу анз төлүүлэхээр худалдан авагчаас шаардах эрхтэй”, 3 дугаар зүйлийн 3.6-т худалдан авагч газрын тосны бүтээгдэхүүнийг тогтоосон хугацаанд хүлээн аваагүй ба хүлээн авах, үнийг төлөхөөс татгалзах, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, энэхүү гэрээтэй холбоотой дагалдах бусад гэрээнд өөрөөр заагаагүй тохиолдолд худалдагч тал гэрээг цуцлах буюу цуцлахгүйгээр учирсан хохирлыг төлүүлэх, гэрээний үүргийг шаардах эрхтэй” хэмээн тохиролцсон.
Түүнчлэн, Гэрээний 3 дугаар зүйлийн 3.11 дах хэсэгт худалдан авагч нь “Гэрээгээр тогтоосон хугацаанд шатахуун болон барааны үнэ, хүү, тээврийн зардал, үүргээ гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээгээр тогтоосон хэмжээгээр алданги төлөх үүрэгтэй”, 5 дугаар зүйлийн 5.2 дах хэсэгт “Худалдан авагч нь шатахуун болон барааны төлбөрийг тээврийн хөлсний хамт гэрээний 4.4-т заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувиар тооцон худалдагчид алданги төлнө. Алдангийг үүссэн үүрэг тус бүр /шатахуун болон барааны нийлүүлэлт тус бүр/-д тооцох ба алдангийн нийт хэмжээ нь гүйцэтгээгүй үүрэг тус бүрд тооцсон алдангийн нийлбэрээр тодорхоилогдоно” гэж заасан.
Мөн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.8 дахь хэсэгт энэхүү гэрээгээр шатахууны үнэнд хүү тооцохоор харилцан тохиролцсон бол хүүг дараа сарын 5-ны өдрйин дотор худалдагч талд төлнө. Худалдан авагч тал хүүг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй нөхцөлд төлсөн шатахууны үнээс суутган авна хэмээн гэрээнд тусгасан.
Хариуцагч “Ургац хангай” ХХК нь 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн П/112 тоот “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу үүссэн үндсэн төлбөр 45,338,060 төгрөг, хүү 8,097,855.52 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн байдлаарх алданги 79,291,314.70 төгрөгийг тус тус өнөөдрийг хүртэл төлөөгүй биднийг хохироосоор байна.
Иймд гэрээний харилцаанаас үүссэн гүйцэтгээгүй үүргийн үндсэн дүн 45,338,060 төгрөг, гэрээний дагуу хуримтлагдсан хүү 8,097,855.52 төгрөг, гэрээний дагуу тооцсон хуульд заасан буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний алданги 22,669,030 төгрөг, нийт 76,104,945.52 төгрөгийг “Ургац хангай” ХХК-с гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд:
1.1. Энэхүү Эвлэрлийн гэрээг /цаашид “Энэхуү гэрээ” гэх/ нэг талаас “Шунхлай Петролиум” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Батхишиг /цаашид “Үүрэг гүйцэтгүүлэгч” гэх/, нөгөө талаас “Ургац Хангай” ХХК-ийн захирал Э.Тэнгис /цаашид “Үүрэг гүйцэтгэгч ” гэх/ нар Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийг баримтлан талуудын харилцан тэгш эрх, сайн дурын үндсэн дээр, хөндлөнгийн хүчин зүйл, шахалт дарамт нөлөөлөлгүй, харилцан тохирсны дагуу дараах нөхцөлтэйгөөр байгуулав.
1.2. Энэхүү гэрээ нь талуудын эрх тэгш, шударга ёсонд нийцсэн бөгөөд гэрээний бүх зүйл заалтгай бүрэн танилцаж хүлээн зөвшөөрөгдсөн байх, талууд хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн байх зарчимд тулгуурласан болно.
2.1. “Шунхлай Петролиум” ХХК нь “Ургац Хангай” ХХК-д холбогдуулан 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн П/112 тоот “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах” гэрээний үүрэгт үндсэн төлбөр 45,338,060 төгрөг, гэрээний дагуу тооцсон, хуульд заасан буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний алданги 22,669,030 төгрөг, гэрээний дагуу хуримтлагдсан хүү 8,097,855.52 төгрөг, нийт 76,104,945.52 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт зохигчид сайн дурын үндсэн дээр эвлэрч, Иргэний хуулийн 42 дугаар зүйл, Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлийг баримтлан шүүхэд үүсгэсэн байгаа дээрх иргэний эрх зүйн маргааныг харилцан тохиролцсон нөхцөлөөр эцэслэн шийдвэрлэхэд энэхүү гэрээний зорилго оршино.
2.2. Шүүх Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасны дагуу энэхүү эвлэрлийн гэрээг хүлээн авч захирамж гаргаж, баталгаажуулснаар гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.
2.3. Эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх бөгөөд Үүрэг гүйцэтгэгч сайн дураар биелүүлээгүй бол албадан гүйцэтгэнэ.
3.1.Үүрэг гүйцэтгүүлэгч нэхэмжлэлээр шаардсан нийт төлбөр 76,104,945.52 төгрөгийн алданги болон хүү болох нийт 30,766,885.52 төгрөгөөс татгалзаж, Үүрэг гүйцэтгэгч үндсэн төлбөр болох 45,338,060 төгрөг төлөхийг зөвшөөрч байна.
3.2.Үүрэг гүйцэтгэгч нь энэхүү гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан нийт төлбөл зохих 45,338,060 төгрөгийг дараах хуваарийн дагуу хэсэгчлэн төлөхийг зөвшөөрч байна. Үүнд: 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 5,000,000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 13,000,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 13,000,000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 14,338,060 төгрөг
3.3.Улсын тэмдэгтийн хураамж болон шүүхийн зардлыг хуульд заасан үндэслэлээр шүүхээс хуваарилах тохиолдолд талууд төлөхөөр тохиролцов.
3.4.Хуульд заасан эрх, үүргийг мөн эвлэрсний дараа гарах үр дагаврыг ойлгосон тул цаашид ямар нэгэн санал, гомдол гаргахгүй гэдгээ талууд илэрхийлж байна.
3.5.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.6-д заасан заалтуудыг ойлгож мэдсэн ба бид сайн дураараа өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлж энэхүү гэрээг байгуулав.
3.6.Талууд энэхүү гэрээг үндэслэн гаргасан шүүхийн захирамжид гомдол гаргах эрхгүй.
4.1. Энэхүү гэрээ нь талуудын эвлэрлийг баталсан шүүхийн захирамж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг бүрэн ханган гарч, талууд хүлээн авч, гэрээний 3 дугаар зүйлд заасан гол нөхцөл бүрэн биелэгдсэнээр дуусгавар болно.
4.2. Энэхүү гэрээг талууд сайн дураар байгуулсан бөгөөд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болно.
5.1. Талууд Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлийг бүрэн ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанаас үүдэн гарах аливаа үр дүнг хүлээн зөвшөөрсөн болохыг үүгээр дахин баталж байна.
5.2. Энэхүү гэрээний дагуу Талуудаас гаргаж өгсөн, гаргаж өгөх бүх баримт бичиг болон мэдээлэл, баталгаа нь бүгд үнэн зөв, ямар нэгэн нөхцөл байдлын талаар худал мэдэгдээгүй, гэрээ үнэн зөв болоход зайлшгүй шаардлагатай аливаа чухал нөхцөл байдлыг орхигдуулаагүй болно.
6.1. Энэхүү гэрээг 3 /гурав/ хувь үйлдэж, талууд нэг нэг хувийг хадгалж, нэг хувийг шүүхэд хүргүүлзх бөгөөд хувиуд адил хүчинтэй байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Шунхлай Петролиум” ХХК нь хариуцагч “Ургац хангай” ХХК-д холбогдуулан газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах П/112 тоот гэрээний үүрэгт 76,104,945.52 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүх хуралдаан хүртэлх хугацаанд талууд хоорондоо эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас алданги болон хүү болох 30,766,885.52 төгрөгөөс татгалзаж, 45,338,060 төгрөг нэхэмжилж байгааг хариуцагч “Ургац хангай” ХХК нь хүлээн зөвшөөрч 2017 оны 02 дугаар сарын 24-нд 5,000,000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 27-нд 13,000,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 13,000,000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 26-нд 14,338,060 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч “Шунхлай Петролиум” ХХК-д төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзлээ.
Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч “Ургац хангай” ХХК нь 45,338,060 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 24-нд 5,000,000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 27-нд 13,000,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 13,000,000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 26-нд 14,338,060 төгрөгөөр нэхэмжлэгч талд төлж барагдуулахаар “Шунхлай петролиум” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч “Ургац хангай” ХХК-иас 192,320 төгрөг, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн 2611016627 тоот данснаас 269,237 төгрөгийг тус тус гаргуулж “Шунхлай пертолиум” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 2016.12.21-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 538,475 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй
ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА