Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 519

 

 

 

 

 

 

 

    2020          08            03                                    2020/ШЦТ/519          

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

  шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил хөтөлж,

улсын яллагч Б.Хурц, 

хохирогч Д.Б-, түүний өмгөөлөгч О.Санчирбал,

шүүгдэгч Л.З- түүний өмгөөлөгч Ж.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г- овогт Л-гийн З-д холбогдох эрүүгийн 191002592000000 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1978 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Орхон аймагт төрсөн, эрэгтэй, 41 настай, бүрэн дунд боловсролтой, алт мөнгөний дархан мэргэжилтэй, “Ж” ХХК-д төслийн ахлах ажилтан ажилтай, Чингэлтэй дүүрэг 10-р хороо, Жалгын гудамж 000 тоотод бүртгэлтэй боловч ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, 757-741 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Г- овогт Л-гийн З-

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Л.З- нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн гадна дулааны шугам сүлжээний ажлыг авч өгнө гэж иргэн Д.Б-ыг хуурч, банканд барьцааны мөнгө байршуулах шаардлагатай гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Д.Б-аас 80.000.000 төгрөг авсан буюу залилах гэмт хэргийг үйлдэхдээ их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:  

 

 Шүүгдэгч Л.З- шүүхийн хэлэлцүүлэгт: 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Сайханбат нь Д.Б- бид хоёрын танилцуулсан. Миний хувьд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо гэр хорооллын дахин төлөвлөлтийн тендерийн ажилд оролцох боломжтой талаар ярилцах үед Сайханбат байсан. 

         Би “З-” ХХК болон “З-” ХХК 2020-2022 онд хийгдэх гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилд оролцох боломжтой гэхэд Д.Б- “би тэрнээс наана улсын тендерт оръё. Компанийн борлуулалт болон түүхийг өсгөмөөр байна. Зөвлөх үйлчилгээ үзүүлээч, тантай хамтарч ажилламаар байна” гэсэн. Би “дэнчин болон барьцааны мөнгө хэрэг болно. Чи даагаад явж чадах уу” гэхэд Д.Б- “чадна” гэсэн. Нийгмийн даатгал, татвар тайлан, тусгай зөвшөөрөл зэргийг бэлдэхэд Должинсүрэн, Мөнххишигтэй хамтарч ажиллана гэж хэлсэн. “З-” ХХК-ийн захирал Цогжавхлан, Д.Б- бид гурав уулзалт хийгээд Цогжавхлан захирал Д.Б-д материалаа бүрдүүлээд ир гэхэд тэрээр өөрөө алга болсон. Д.Б- баталгаа болон сүүлийн 2 сарын татвараа төлөөгүйн улмаас “Дэлгэрмөрөн инженеринг” ХХК тендерт ороогүй. “Д” ХХК нь 800.000.000-1.000.000.000 төгрөгийн тендерийн ажилд оролцох боломжтой гээд ажлын хөлс 80.000.000 төгрөг авсан. Миний хийсэн төсөв, бүрдүүлсэн материал хэрэгт байгаа. 800.000.000 төгрөгийн ажил хийх боломжтой гээд 10 хувиар ажлын хөлсөө тохирч урьдчилгаа авна гэхэд Д.Б- зөвшөөрсөн.

Д.Б- нь эхнэртээ үзүүлнэ гээд “Зээлийн гэрээ” хийсэн. Энэ гэрээнд Сайханбатыг оролцуулахгүй гэж Д.Б- хэлсэн. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн  тохижилтын ажлын тендер ашигтай юм байна гээд тендерийн баталгаа 7.600.000 төгрөг, мөн сүүлийн 2 сарын татвар, нийт 13.000.000 төгрөг дансанд байршуулж, тендерийн эрх нээгдэнэ гэсэн. Би Д.Б-д 13.000.000 төгрөг байршуулах ёстой гэж хэлэхэд “мөнгө олдохгүй байна” гээд сүүлдээ утсаа аваагүй. Миний хувьд Баяржаргалыг хохироож залилах гэсэн санаа байгаагүй. Тухайн тендерийг хаагдах өдрийн 9 цагаас өмнө мөнгөө хийгээд материалаа өгөх талаар тохиролцсон. Гэтэл Д.Б- өөрөө алга болсон ба Должинсүрэнгийн мессеж байгаа. Д.Б- нь Должинсүрэн Мөнххишиг хоёрыг “цагдаад өгнө” гэж  байнга мессеж бичиж дарамталсан тул өөр мэдүүлэг өгсөн. Баяржаргалаас авсан мөнгө залилан мэхлэх гэж аваагүй цалин хөлс гэж авсан. Би 800.000.000 төгрөгийн тендерт оруулах ажлын хөлс гэж 80.000.000 төгрөг авсан. Д.Б- “надад бэлэн мөнгө байхгүй байна. Миний машиныг хямдхан авах гээд байна. Танд таньдаг хүн байна уу” гэхээр нь би таньдаг хүн рүү яриад Д.Б- бид 2 машиныг нь цуг зарсан гэв.

         Хохирогч Д.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Сайханбатаар дамжуулж З-тэй танилцсан. Л.З- “гэр хорооллын дахин төлөвлөлтийн 13.000.000.000 төгрөгийн ажил байна, наадам өнгөрөөд эхэлнэ” гэсэн. Би манай “Дэлгэрмөрөн инженеринг” ХХК тендерт орж байгаагүй талаараа хэлсэн. Л.З- бид хоёр 5 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд дахин уулзсан. Л.З- надад 2019 оны 5 дугаар сарын 16-ний 12:00 цаг гэхэд тендерийн баталгаа болох 80.000.000 төгрөг бэлэн байлга гэсэн. Надад бэлэн мөнгө байхгүй машин байна гэхэд Л.З- таньдаг ченжээ дуудаад миний машиныг зараад мөнгийг нь өөрийнхөө дансаар аваад 80.000.000 төгрөгийг аваад зөрүүг нь надад өгсөн. Л.З- “хэрэв эргэлзэж байвал маргааш 2-уулаа зээлийн гэрээ хийе. Тендер бүтэхгүй бол данснаас буцаагаад аваад өгнө” гээд зээлийн гэрээ байгуулж нотариатаар батлуулсан. Ингээд би хөдөө яваад нэг сарын хугацаа өнгөрсөн. Гэтэл гэр хорооллын дахин төлөвлөлтийн тендер зарлагдаагүй худлаа ярьсныг мэдсэн. Г.Должинсүрэн, Т.Мөнххишиг хоёр бодитоор ажил хийсэн. Нийгмийн даатгалыг нөхөж төлж, татварын тайланг зассан. Би Г.Должинсүрэн,Т. Мөнххишиг хоёрт “Л.З-д банкны баталгаа гэж 80.000.000 төгрөг өгсөн талаар хэлэхэд чи наад хүндээ залилуулсан байна” гэсэн. Дараа нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын 800.000.000 төгрөгийн тендер зарлагдсан. Манай компани дулааны шугам сүлжээтэй холбоотой ажил хийдэг. Тухайн тендер нь тохижилт үйлчилгээ хийх байсан учир би ач холболдол өгөөгүй. Би тухайн тендерт орсон зүйлгүй, бэлдсэн зүйл байхгүй. Би 80.000.000 төгрөгийг банканд байршуулчихсан байх гэж бодсон. Би гомдолтой байна. Л.З-эс 80.000.000 төгрөгөө нэхэмжилнэ гэв.

 

          Эрүүгийн 19100259200000 дугаартай хавтаст хэргээс:

 

Хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 1 дүгээр хавтас 7-8 дугаар хуудас/

Зээлийн гэрээ /Л.З-, Д.Б- нарын хооронд байгуулсан/ /хх-ийн 1 дүгээр хавтас 9-р хуудас/,

           Хохирогчийн Д.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 11-12-р хуудас/

            Гэрч Л.Мөнххишигийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 29-30-р хуудас/

            Гэрч Г.Должинсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 32-37-р хуудас/

            Хаан банкны 5031901004 дугаартай З-ийн дансны гүйлгээний хуулга /хх-ийн 1 дүгээр хавтас 78-88-р хуудас/

            Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн худалдан авах ажиллагааны газрын албан бичиг /хх-ийн 1 дүгээр хавтас 90-93-р хуудас/

            Шүүгдэгч З-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 2 дугаар хавтас 32-34-р хуудас/

           Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 51-р хуудас/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 53-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 54-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

              

                    Шүүгдэгч Л.З-д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй байна.

 

                    Гэм  буруугийн талаар.

               Шүүгдэгч Л.З- нь хохирогч  Д.Б-тай Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Гэгээнтэн цогцолборын солонгос хоолны газарт уулзахдаа “гэр хорооллын дахин төлөвлөлтийн гадна дулааны шугам сүлжээний ажил авч өгнө“ хэмээн хуурч, 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр банканд тендерийн барьцааны мөнгө байршуулах шаардлагатай гэж 80.000.000 төгрөг залилан авч их хэмжээний хохирол учруулсан болох нь:

Хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 1 дүгээр хавтас 7-8 дугаар хуудас/

Зээлийн гэрээ /Л.З-, Д.Б- нарын хооронд байгуулсан/ /хх-ийн 1 дүгээр хавтас 9-р хуудас/,

           Хохирогчийн Д.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: Надад тодорхой тендерийн материал үзүүлээгүй ба гэр хорооллын дахин төлөвлөлтийн гадна дулааны шугам сүлжээний ажлыг авч өгнө гэж хэлээд маш яаралтай банканд байршуулах ёстой гээд миний машиныг заруулсан. Л.З- өөрийн таньдаг машины ченжээ дуудаж заруулсан. Мөн өөрөө 60.000.000 төгрөг  байршуулна гэж хэлж байсан. Дээрх 80.000.000 төгрөгийг 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэсэн зээлийн гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлсэн. Хэрэв ажил бүтэхгүй болсон үед банканд байршуулсан 80.000.000 төгрөгийг нь буцааж өгнө гэсэн. Л.З- намайг тусгай зөвшөөрөл гаргуулах хэрэгтэй гэсэн. Би тусгай зөвшөөрлөө хөөцөлдөхөөр болж Барилга хот байгуулалтын яамнаас 6 заалт бүхий барилгын засал хийх, агааржуулалт, цэвэр бохир ус татах, дулааны магистрал шугам, ЦТП угсрах зөвшөөрлийг гаргуулж авсан. 7 дугаар сарын сүүлчээр материалаа өгөөд 9 дүгээр сарын 11-ний өдөр 5 жилийн хугацаатай тусгай зөвшөөрөл авсан. Л.З- худал яриад алга болж байгаад ирэхдээ Нийслэлээс Баянзүрх дүүргийн Цэцэрлэгт хүрээлэнд тохижилтын ажлын чиглэлээр зарласан тендерт “чи оролц” гээд надаас мөнгө авалгүйгээр Хишгээд нийт 5 ажилчдын нийгмийн даатгалын дэвтэр болон тодорхойлолтуудыг аваачиж өгсөн. Уг тендерийнхээ баталгааны мөнгө 7 сая төгрөг олж өгнө гээд тендерийн хугацаа дөхөөд ирэнгүүт утсаа салгаад алга болсон. Уг тендертээ орж чадаагүй. Надад тендерийн материал гээд өгсөн зүйл байхгүй. Тухайн үедээ З- миний чат руу хэт хутганы зураг явуулаад “энэ хутга 100 сая төгрөгийн үнэтэй, гэтэл хутгыг маань ломбард 3 саяар авна гээд байна. Асуудалгүй зохицуулж өгнө” гээд өөрөө алга болсон. Миний чатанд хутга болон зурас нь байгаа. Энэ тендерийг алдаж болохгүй авах ёстой. Тендерийн баталгаа 7 сая төгрөгийг би төлнө гэж бичсэн байгаа. Хишгээ надад хэлэхдээ чиний холбоотой ажил энэ тендерт алга байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би хийж чадах зүйлсээ хиймээр байна гэхэд З- “энэ ажлыг аваад өөр хүнд дараа нь өгчихвөл мөнгийг чинь гаргаад авчихна” гэж хэлсэн.    мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 11-12-р хуудас/

            Гэрч Л.Мөнххишигийн мөрдөн байцаалтад өгсөн: 2019 оны 06 дугаар сарын сүүлээр Л.З- надтай гэнэт холбогдоод “манай нэг дүү компанитай, тэрний компани дээр бид хоёр хамтран тендерт орох гэж байгаа юм. Чамаар тендерийн материал бүдүүлүүлмээр байна гэсэн. Л.З- Д.Б- гэх залууг танилцуулсан. Надад ярихдаа 9 тэрбум төгрөгийн тендерийн ажил байна. Л.З- миний талаас бүх юм хийгдсэн байгаа. Бид хоёрын зүгээс гадуур явах бичиг баримтыг нь аваад өгнө гэж хэлсэн. ...Борлуулалтын орлого нь сүүлийн 2-3 жилд 100-200 сая төгрөг байсан. Ийм орлоготой тендерт орж чадахгүй гэж тэр хоёрт хэлсэн. Баяржаргал нь манай компани тайлан ингэж гарсан боловч манай ах, эгч нар ажил авч хийдэг. Манай компанийн борлуулалтын орлого тэрбум гарсан байгаа. Манай нягтлан яаж гаргадаг болон санхүүгийн талаар сайн мэдэхгүй байна гэж ярьж байсан. ...Тэгээд би тендерийн материал бүрдүүлэхээр болж ямар ч байсан энэ ажлыг алдахгүй гээд туслан гүйцэтгэгчээр орно гээд Баяржаргал ажлын хөлс гээд 300.000 төгрөг дансаар шилжүүлж өгөөд салсан. Баяржаргалын компанийн материал шаардлага нь болохгүй тусгай зөвшөөрөл нь ганцхан заалттай байсан. 1 заалттай зөвшөөрлөөр тендер авч чадахгүй. Жижиг тендер авч болно гэж хэлсэн. Л.З- 2018 оны тайланг засах хүн аваад очиж байна гээд уулзалдсан.  ...Д.Б- нь өөрийн машинаа 80.000.000 төгрөгөөр зараад тендерийн дэнчин гээд хэлээд авсан. Яг одоо авчрахгүй бол өөр хүнд энэ ажлаа алдах гээд байна гэж хэлээд миний машиныг ченж дуудаж ирээд заруулаад мөнгийг нь авсан байгаа талаар надад хэлсэн.  Тэгэхээр нь би “чи юу яриад байгаа юм бэ, зарлагдаагүй тендерийн дэнчин гэж юу байдаг юм бэ” гэхэд тендерийн баталгаа гэдэг нь банканд байршуулаад танай компанийн нэр дээр баталгаа хийж өгдөг гэж хэлсэн. ...Л.З- надад тендерийн талаар ямар ч цаас авчирч үзүүлээгүй. 9 тэрбум төгрөг гэж яриад л яваад байсан. Манай компанийг тендерт ордог болохыг мэддэг болохоороо намайг зорьж ирсэн байх. Миний хувьд ажлын шугамаараа тендер бичдэг юм... мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 29-30-р хуудас/

            Гэрч Г.Должинсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Намайг санхүүгийн тайланг нь хийгээд өг гэж хэлсэн.  Би анхан шатны материалыг нь үзье гээд Д.Б- надад “Д” ХХК-ны анхан шатны баримт болон ажил дуусгасан 20 ширхэг гэрээ зэргийг өгч байсан. Ажлын хөлсөнд 80.000.000 төгрөг өгч байгаа гэж хэлээгүй.  Харин сүүлд Д.Б- нь “Л.З- намайг хулхидчихлаа” гээд манай ажил дээр ирж уулзаад зээлийн гэрээгээ харуулж байсан. Л.З-эс мөнгөө авч чадахгүй байна гэж бүх зүйлээ хэлсэн. Л.З- амаараа л тендерт оруулж өгнө гээд анх ирэхдээ л ярьж байсан. Тендерийн ажлын материалд бодитой хувь нэмэр юу ч оруулаагүй. 760.000.000 төгрөгийн тендерийн ажил гэж сонсоогүй. Л.З- утсаар олон удаа ярьсан. 3 удаа л уулзсан. Тендерийн материал бид нарт өгсөн зүйл байхгүй. Баянзүрх дүүргийн татварын хэлтэст 2019 оны 07 дугаар сард хүсэлт өгөөд тайланг засварласан. Д.Б- 20 ширхэг гэрээг өгсөн. Д.Б-ын компанийн борлуулалт 200 сая төгрөг байсан.  Ажил хийгээд дуусгавар болсон 20 ширхэг гэрээний борлуулалтыг нэмж үзэхэд 800 сая орчим төгрөг дутуу тайлагнасан байсан. Би тайланг үнэн зөвөөр тайлагнаж өгсөн. Аудитын дүгнэлтийн дүн эерэг гарсан гэж Баяржаргалаас сонссон. ...тайлагнуулаагүй байсан борлуулалтыг ил гаргаж борлуулалт 1 тэрбум болсон тохиолдолд 3-4 тэрбумын тендерт орох гэж байгаа гэж тайлбарлаад тайлангаа засуулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 32-37-р хуудас/

 

            Хаан банк дахь ................. дугаартай З-ийн дансны хуулгад 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 101.000.000 төгрөгийн орлого орсон... /хх-ийн 1 дүгээр хавтас 78-88-р хуудас/,

            Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн худалдан авах ажиллагааны газрын албан бичигт: ...Тус газраас НХААГ-19/130 “Ү/”-ын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр зарлаж, 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр нээсэн. Тус тендерт 4 оролцогч цахим тендер ирүүлсэн бөгөөд холбогдох материалыг хавсралтаар хүргүүлэв... гэх албан бичиг /хх-ийн 1 дүгээр хавтас 90-93-р хуудас/ шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

        Шүүгдэгч З-ийн өмгөөлөгч Ж.Гантулга “Хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй тул хэргийг мөрдөн байцаалтад буцаах байр суурьтай оролцоно гэж дараах саналыг гаргав. Үүнд: Энэ хэрэгт гэрчээр асуугдсан Л.Мөнххишиг, Г.Должинсүрэн нарын үйлдэл оролцоог шалгаагүй орхигдуулсан. Л.З-, Д.Б- нарыг Сайханбаяраар дамжуулж танилцсан. Д.Б-ын автомашиныг ченжид худалдсан. Д.Б-, Л.З- нар Хан-Уул дүүргийн Гэгээнтэн цогцолборт уулзаад зээлийн гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлсэн. Иймд энэ хэрэгт Сайханбаяр, гэрээг баталсан нотариатч, автомашин худалдаж авсан ченж нараас гэрчийн мэдүүлэг аваагүй. Мөн “Чулуутын Задгай” төрийн бус байгууллага гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилд оролцох боломжтой эсэх асуудлыг шалгаагүй ...” гэсэн тайлбар гаргаж мэтгэлцэв.

       

         Залилан мэхлэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэхээс гадна энэ гэмт хэргийн хохирогч нь гэм буруутай этгээдэд итгэж, хуурч мэхлэгдэн өөрийн эд хөрөнгөө сайн дураар шилжүүлэн өгсөн байдгаараа онцлогтой.

 

         Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар эрх бүхий байгууллагаас тендерийг тодорхой хугацааны өмнө зарлах, тендерт оролцогчдын чадварыг үнэлэх болон шалгаруулах журмыг хуульчлан зохицуулсан байдаг.  

 

          Энэ хэргийн тухайд: Шүүгдэгч Л.З- нь хохирогч Д.Б-д “гэр хорооллын дахин төлөвлөлтийн гадна дулааны шугам сүлжээний ажлыг авч өгнө” хэмээн худал амлаж, тендерийн баримт бичиг бүрдүүлнэ гэж дагуулж явах, хүмүүстэй уулзуулах зэргээр итгэл төрүүлэн, банканд тендерийн баталгаа байршуулах шаардлагатай гэж 80.000.000 төгрөгийг өөрийн Хаан банк дахь дансаар шилжүүлэн авсан хэргийн үйл баримт тогтоогдсон ба  Л.З-, Д.Б- нарын хооронд 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан “Зээлийн үүрэгт 80.000.000 төгрөг гаргуулах тухай” гэрээ /хх-ийн 1-р хавтас 9-р хуудас/ байх боловч шүүгдэгч Л.З- нь тендерт шалгаруулж ажил авч өгнө хэмээн худал амлаж мөнгө авсан үйлдлээ иргэд хоорондын иргэний эрх зүйн харилцааны хэлбэрээр гэрээ байгуулж төөрөгдүүлэх, гэмт үйлдлээ хаацайлах зорилго агуулсан гэж үзэхээр байна.

         Түүнчлэн шүүгдэгч Л.З- нь шүүхийн хэлэлцүүлэгт “Д.Б-аас 80.000.000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч, уг мөнгийг ажлын хөлсөнд тооцож авсан” гэж тайлбарлаж байгаа боловч хохирогч Д.Б-, гэрч Л.Мөнххишиг, Г.Должинсүрэн нарын мэдүүлгээр няцаагдаж байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэсэн саналыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

 

          Шүүгдэгч З-ийн дээрх үйлдэл нь хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох аргаар, их хэмжээний хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

         

Хохирол хор уршгийн талаар      

Бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүргийг хуульчилсан.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б-д 80.000.000 төгрөгийн хохирол  учруулсан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас хохирол нөхөн төлөхөөр завсарлага авах хүсэлт гаргаж, энэ хугацаанд шүүгдэгч нь хохирогчид 8.300.000 төгрөг төлсөн байна. 

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Л.З-эс 71.700.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Б-д олгохоор шийдвэрлэв.

           

          Эрүүгийн хариуцлагын талаар

 

            Шүүгдэгч З-ийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч Л.З- нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 1 дүгээр хавтас 54-р хуудас/ баримтаар тогтоогдсон байна.

            Улсын яллагчаас шүүгдэгч Л.З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан ба, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Гантулгаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг нь сонгох ялтай тул хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэсэн санал гаргав.

        

Шүүгдэгч Л.З-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал мөн түүний 05 сараас 15 насны 4 хүүхэдтэй ар гэрийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Л.З-д 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг 01 /нэг/ жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь Л.З- нь торгох ялыг биелүүлээгүй бол 15 нэгж буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

          

Шүүгдэгч Л.З- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон     

                                                                                                  ТОГТООХ НЬ:

1. Г- овогт Л-гийн Зэс-Эрдэнийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Л.З-д 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 15.000.000 төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Л.З-д оногдуулсан 15.000.000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.З-д мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Л.З- хохирогчид 8.300.000 төгрөг төлснийг дурдаж, шүүгдэгчээс 71.700.000 төгрөг гаргуулж, хохирогч Д.Б-д олгосугай.

 

            6. Шүүгдэгч Л.З- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Л.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Х.ОДБАЯР