| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2020/0528/Э |
| Дугаар | 513 |
| Огноо | 2020-07-30 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Н.Нарангэрэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 513
2020 07 30 2020/ШЦТ/513
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Нарангэрэл,
шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч С.Мягмарсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х- овогт Б-ийн Б-д холбогдох эрүүгийн 20100000000000 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1969 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд төрсөн, 51 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Хүнсний технологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 1 дүгээр гудамжны 000 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Х- овгийн Б-ийн Б-
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр тухайн мөнгө миний дансанд орсон. Би тэр үед хөдөө байсан. Б- гэсэн гүйлгээний утгатай байсан. Тухайн үедээ миний мөнгө байна гэж бодсон. 40 гаруй хоногийн дараа над руу Б- банкнаас залгасан байсан. Над руу залгасан дугаар руу эргээд залгасан чинь лавлах үйлчилгээний утас байсан. Тэгээд цагдаагийн газраас намайг дуудсан. Би гэрчээр өгсөн мэдүүлэгтээ би буцаагаад хийе гээд удалгүй тухайн мөнгийг буцаагаад хийсэн... гэв.
Эрүүгийн 2010000000000 дугаартай хэргээс:
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 1-р хуудас/
Худалдаа хөгжлийн банк дахь Б-ын дансны хуулга /хх-ийн 5-р хуудас/
Хохирогч Б-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 9-11-р, 12-13-р хуудас/,
Б-ын мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/
Гэрч Ц.Отгонбулагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 63-64-р хуудас/,
“Б-” банк дахь Б.Б-гийн дансны хуулга /хх-ийн 37-60-р хуудас/
“Б-” банкны 29/6291 дугаартай албан бичиг /хх-ийн 68-70-р хуудас/
Шүүгдэгч Б.Б-гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 23, 23-27-р хуудас/,
Шүүгдэгч Б.Б-гийн мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33-р хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 29-р хуудас/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 34-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 35-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 36-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 61-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Б-гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Б.Б- нь 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 16 цаг 49 минутын үед Хан-Уул дүүргийн 18 хороо, Гэгээнтэн хотхоны 104-22 тоотод оршин суух хохирогч Б-ын андуурч шилжүүлсэн 500.000 төгрөгийг төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гэдгийг мэдсээр байж завшсан болох нь:
Хохирогч Б-ын мөрдөн байцаалтад өгсөн “...2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Б- банкны Б- гэх хүний данс руу мөнгө шилжүүлэх гэж байгаад Б- банкны 5057215380 дугаартай Байгаль гэх хүний данс руу андуурч 500.000 төгрөг шилжүүлсэн. Андуурч шилжүүлсэн гэдгээ мэдээд Худалдаа хөгжлийн банк руу хандсан. Худалдаа хөгжлийн банкнаас Б- банканд мэдэгдсэн. Б- банкнаас данс андуурч мөнгө авсан Байгал гэх хүн рүү удаа дараа холбогдож ирж уулзаж мөнгийг нь буцаан шилжүүлэх талаар хэлсэн боловч очиж уулзахгүй мөнгийг минь шилжүүлэлгүй 2 сарын хугацаа өнгөрсөн. Би Б- банкны ажилтан Отгонбулаг гэх хүнд гомдол өгсөн. Дээрх асуудлыг тухайн хүн хариуцаж ажилласан бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр надад цагдаагийн байгууллагад хандаж шийдвэрлүүл гэж хэлсэн. Үүний дагуу би цагдаагийн байгууллагад хандсан. Би мөнгөө буцааж авмаар байна. Надад өөр ямар нэгэн гомдол санал байхгүй. Би андуурсан гүйлгээ хийсэн талаараа мэдээд Б-д дахин 500.000 төгрөг шилжүүлсэн. ... 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр миний 50131060419 дугаарын данс руу 5057215380 дугаарын данснаас 500.000 төгрөг шилжүүлсэн. Миний хохирол бүрэн барагдсан. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11-р, 11-р хуудас/,
Гэрч Ц.Отгонбулагийн мөрдөн байцаалтад өгсөн “...Б- нь Худалдаа хөгжлийн банканд гомдол гаргасан байсан. Худалдаа хөгжлийн банкнаас и-майл-р Б- гэх хүн Б- гэж хүний данс руу 500.000 төгрөгийг шилжүүлэх гэж байгаад Б- гэж хүний Б- банкны данс руу андуурч шилжүүлэг хийсэн байна гэсэн гомдол ирсэн. Банк хоорондын маргаантай асуудал холбогдох журмын дагуу 2020 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр харилцагч Б-тай холбогдож уг андуурсан гүйлгээний талаар хэлсэн. Тэр үед Б- “миний дансанд мөнгө төгрөг байнга орж ирдэг. Би хөдөө явж байна. Хэд хоногоос хот орно. Би дансаа шалгаад эргээд хариу өгье” гэсэн. Үүний дараа 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр манай Б- банкнаас 2 удаа Б-гийн дугаар руу залгахад утсаа аваагүй. 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 5 удаа залгахад мөн утсаа аваагүй. 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Б- гэх харилцагч өөрөө манай байгууллагын 18001917 дугаарын тусгай дугаар руу залгаад уг 500.000 төгрөгөө буцааж өгье гэсэн хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийн дагуу манай Б- банкнаас Б- гэж хүнтэй холбоо бариад Б- банкных нь дансны дугаарыг авч харилцагч Б-д өгсөн. Би тухайн үед Худалдаа хөгжлийн банкны данснаас таны Б- банкны данс руу данс андууран 500.000 төгрөгийн гүйлгээ орсон байна. Та энэ мөнгийг буцаагаад өгч болох уу гэж сануулж хүсэлт тавьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/,
Худалдаа хөгжлийн банк дахь Б-ын дансны хуулга /хх-ийн 5-р хуудас/
“Б-” банк дахь Б.Б-гийн дансны хуулга /хх-ийн 37-60-р хуудас/,
“Б-” банкны 29/6291 дугаартай албан бичиг /хх-ийн 68-70-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Алдаатай гүйлгээ завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөртөө олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, захиран зарцуулсан байдгаар онцлог гэмт хэрэг юм.
Хэргийн үйл баримтаас үзэхэд: хохирогч Б- нь 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Байгал-Эрдэнэ гэх хүний данс руу шилжүүлэх гэж байсан 500.000 төгрөгөө андуурч Б.Б-гийн “Б-” банкны данс руу шилжүүлсэн ба “Б- банкны ажилтан гэрч Ц.Отгонбулаг 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Б.Б-д алдаатай гүйлгээний талаар мэдэгдсэн байна. Ийнхүү мэдсэн даруйдаа андуурагдсан гүйлгээг буцаан шилжүүлэх талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүйгээс гадна “Б- банк”-ны дансанд байсан мөнгөө захиран зарцуулж, Б- банкнаас залгасан утасны дуудлагыг аваагүй болох нь /хх-ийн 69-70-р/ хуудсанд авагдсан дуудлагын жагсаалтын хуулбар зэргээр нотлогдож байна.
Хохирогч Б- нь 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Б.Б-д холбогдуулан Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсанаас хойш буюу 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр шүүгдэгч Б.Б- нь хохирогчид 500.000 төгрөгийг шилжүүлсэн өгсөн байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Б.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох, цагаатгаж өгнө үү” гэх саналыг үндэслэлгүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Б- нь төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөлийн эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшиж хохирогчид 500.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гэдгийг мэдсээр байж завших” гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирол, хор уршгийн талаар
Гэмт хэргийн улмаас хохирогч Б-д 500.000 төгрөгийн хохирол учирсан байх ба шүүгдэгч Б.Б- нь 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хохирогчийн “Б-” банк дахь данс руу 500.000 төгрөг шилжүүлэн өгч хохирлоо төлж барагдуулсан байна.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Б- “алдаатай гүйлгээ завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “тухайн зүйл хэсэгт заасан ялыг доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү гэх санал гаргав.
Шүүхээс шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, энэ гэмт хэрэг гарахад хохирогчийн хэт хайхрамжгүй байдал нөлөөлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б-д мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Х- овогт Б-ийн Б-д төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б-д мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР