Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорбарамын Энхжаргал |
Хэргийн индекс | 135/2016/01411/и |
Дугаар | 44 |
Огноо | 2017-03-17 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 44
“Пипл Ин Нийд” ОУТББ-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хэргийн индекс: 135/2016/01411/и
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 81 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч “Пипл Ин Нийд” ОУТББ-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч Е-ийн Б-т холбогдох
“5.000.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхбаатарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн
2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оргил, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.
“Нэхэмжлэгч Пипл Ин Нийд” ТББ-аас:
Е.Б- нь “Пипл Ин Нийд” ТББ-ын кассын ажил хариуцсан ажилтнаар ажиллаж байхдаа албан үүргийн хүрээнд хэд хэдэн төслийн үйл ажиллагаанд зарцуулах зориулалттайгаар байгууллагын мөнгөн хөрөнгийг хариуцан ажиллаж байсан юм. Гэтэл тооцоо хаах явцад хуурамч баримт үйлдсэн, байгууллагын мөнгө дутаасан гэх зөрчил гаргасан байсныг илрүүлсэн тул тухайн үед дутаасан мөнгийг нөхөн төлүүлж Е.Б-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлмөрийн харилцааг бүр мөсөн дуусгавар болгож зохицуулсан болно. Гэтэл байгууллагын мөнгийг буцаан төлүүлсний дараахан байгууллагын харилцах болон кассын хооронд хийгдсэн гүйлгээг шалгах явцад Е.Б- нь байгууллагын данснаас 5.000.000 төгрөгийг касс руу зарлагдаж авсан нь байгууллагын дотоод хяналтаар тогтоогдсон билээ. Уг 5.000.000 төгрөгийг байгууллагын кассд орлогодож аваагүй, байгууллагын үйл ажиллагаанд зарцуулсан талаар санхүүгийн ямар нэгэн баримт байхгүй байгаа нь дээрх шалгалтын явцад илэрсэн юм.
Тухайн 5.000.000 төгрөгийг 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 0275023 дугаарын чекээр байгууллагын ХААН банк дахь 511 900 8896 тоот харилцах данснаас зарлагдаж авсныг ХААН банкны теллерүүд баталж байгаа болно.
Е.Б- нь дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгагдаж байхдаа уг мөнгийг авч ашигласан өөрийн гэм буруугаа хүлээж, байгууллагад учруулсан хохирлоо төлнө гэж амалсан тул манай байгууллагын хувьд Е.Б-т энэрэнгүй хандаж, төлбөр барагдуулах гэрээ байгуулж, улмаар учруулсан хохирлоо гэрээнд заасны дагуу төлөхөөр харилцан тохиролцсоны дагуу түүнд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Гэтэл Е.Б- нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй ба графикийн дагуу 12 сард төлөх мөнгийг хугацаанд нь төлөх боломжгүй болсны улмаас 1 сарын төлөлтийн хугацаанд буюу 1 сарын 30-ны өдөр 1.500.000 төгрөг болгон өсгөн төлнө гэсэн хүсэлтийг 2015 оны 12 сарын 25-ны өдөр и-мэйлээр ирүүлсэн болно. Е.Б- нь бас л амласан хугацаандаа төлөөгүй ба төлнө гэж худлаа ярьж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3-д зааснаар зөрчигдсөн эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд хандаж байна. Е.Б- нь бүрэн хариуцлагын гэрээтэйгээр хөдөлмөр эрхэлж байсан бөгөөд байгууллагад учруулсан хохирлоо барагдуулахгүй манай байгууллагыг хохироосоор байх нь тодорхой болсон тул 5.000.000 төгрөгийг бүрэн хэмжээгээр гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Е.Б-оос:
“Пипл Ин Нийд” байгууллагаас гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь уг байгууллагын данснаас 5 сая төгрөгийг зарлагдан авсан үйлдэл надад байхгүй. Нэхэмжлэлд тусгасан тооцоо хаах явцад мөнгө дутсан гэх асуудал нь Ховд аймагт болсон сургалтын зардлын зарцуулалттай холбоотой бөгөөд тооцоо хаах үйл явцад төслийн зохицуулагч болон төслийн менежерийн хувийн үзэл санаатай холбоотой. Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу тухайн ажиллагаанд гарсан зардлын бүх санхүүгийн баримт нь хүчин төгөлдөр татвар төлөгчийн дугаар бүхий тамга тэмдэгтэй байсан болно. Ийм байтал үндэслэлгүйгээр баримтуудыг тооцохгүй гэж хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн надад төлбөр ногдуулсан. Би надад ногдуулсан төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хэдий ч миний ээж болох Д.Бямбаагаар 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр төлүүлсэн байдаг. Миний хөдөлмөрийн гэрээний хугацаа 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр дуусч, хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон. 5 сая төгрөгийн зарлагын гүйлгээний хувьд 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр надад Б.Үржинханд утсаар ярьж мэдэгдсэн. Хэрэг явдал 2015 оны 6 дугаар сард болсон байхад бүтэн 1 улирлын дараа надад мэдэгдэхэд миний бие хүлээн зөвшөөрөхгүй, мөн хуулиар хүлээх эрх үүргийн харилцаа дууссан болохыг мэдэгдсэн боловч Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас 2015 оны 11 дүгээр сарын 2 дахь долоо хоногт надтай утсаар ярьж мэдүүлэг авахаар дуудсан. Энэ үед надад маш их сэтгэл санааны дарамт учруулсан тул аргагүйн эрхэнд би цагдаагийн байгууллагаар удаан явж чадахгүй гэдгээ илэрхийлж, цагдаагаас салах хүсэлт тавихад албан шахалтаар ямарч нотлох баримтгүйгээр банкны гүйлгээний хэргийг тулгасан. Би өөрийн хүсэлтээр 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн тухайн гүйлгээ хийсэн гэх ХААН банкны гүйлгээний бичлэгийг үзэх хүсэлтийг цагдаад гаргасан боловч камерийн бичлэгийн хадгалах хугацаа 90 хоног тул ямарч боломжгүй гэсэн хариу авсан. Пипл Ин Нийд байгууллага нь санхүүгийн дотоод хяналтаа 15 хоног тутам явуулдаг байсан. Гэтэл яг энэ гүйлгээг яагаад 3 сарын дараа сөхөж гаргах болсон юм бэ гэдэг нь ойлгомжгүй байгаа юм. Цагдаагийн байгууллагаар нотлогдоогүй зүйлийг буюу үндэслэлгүй энэ хэргийг надад тохож дарамталсанд гомдолтой байна. Миний уг байгууллагатай байгуулсан хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон бөгөөд цаашид би энэ байгууллагын үйл ажиллагаанд ямар нэгэн хэлбэрээр оролцохгүй байтал” ...манай байгууллагыг хохироосоор байх нь тодорхой болсон тул гэж гүтгэлгийн шинж чанартай нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 81 дүгээр шийдвэрээр:
Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.1-д заасныг баримтлан хариуцагч Е.Б-оос 5.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Пипл Ин Нийд” ОУТББ-ын төлөөлөгчийн газарт олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 94.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 94.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхбаатар давж заалдсан гомдолдоо:
Нэхэмжлэгч байгууллагаас 2015 оны 1-р улирал болон 2-р улирлын санхүүгийн тайлангуудыг нотлох баримтаар гаргуулахаар тус шүүхэд хүсэлт гаргасан боловч тус байгууллагаас аудитын байгууллагаар шалгагдсан санхүүгийн тайлан ирүүлээгүй. Тус нотлох баримт мь “Пипл ин нийд” ТББ-ын нэхэмжлэлтэй Е.Б-т холбогдох иргэний хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байсан. Мөн анхан шатны шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхбаатарт өмгөөлөгч нь татгалзсан тухай мэдэгдээгүй бөгөөд өмгөөлөгч Б.Гүнсмаагийн хүсэлтийг танилцуулаагүй. Шүүх хуралдааны явцад хариуцагч тал нэхэмжлэгч талаас асуулт асуух боломж олгоогүй. Энэ нь мэтгэлцэх зарчмыг алдагдуулсан. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалтыг хэрэглээгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаадлагадаа улсын тэмдэггийн хураамж төлүүлөх тухай дурдаагүй байхад хариуцагчаар улсын тэмдэгтийн хураамж төлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул тус шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэл тогтоогдохгүй байна.
Харин “Пипл Ин Нийд” ОУТББ нь Е.Б-т холбогдуулан 5.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн маргааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн зөв боловч хуулийн холбогдох заалтыг оновчтой хэрэглээгүй тул шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Е.Б- “Пипл Ин Нийд” олон улсын төрийн бус байгууллагын төлөөлөгчийн газартай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу Дархан хотод төслийн менежер, кассын ажилтнаар ажиллаж байсан, ажил олгогч нь ажлын байрны онцлогийг харгалзан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг Е.Б-той байгуулсан байна.
Зохигчдын шүүхэд гаргасан тайлбараас үзэхэд тэдний хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч Е.Б-т холбогдуулан тус байгууллагын данснаас 5.000.000 төгрөг зарлагдаж авсан нь байгууллагын дотоод хяналтаар илэрсэн учир түүнийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд эд хөрөнгийн хариуцлага хүлээхээр мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т Ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээж болох ажил, албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулна гэж тус тус заасан.
Дээрх мөнгөтэй холбоотой үйл явдал нь 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр буюу хөдөлмөрийн гэрээний хугацаанд болсон байх тул маргааныг хөдөлмөрийн эрх зүйн харилцааг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулиар шийдвэрлэх нь зөв гэж үзнэ.
Е.Б- нь кассын ажилтнаар ажиллаж байхдаа 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан нь төлбөр барагдуулах тухай \хх-37 дугаар тал\, мэдэгдэл \хх-36 дугаар тал\, Хаан банкны баримтууд \хх-73,74 дүгээр тал\-аар тус тус тогтоогдсон шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.
Хариуцагч Е.Б- нэхэмжлэлийн шаардлагыг “...5 сая төгрөгийн гүйлгээний хувьд надад 2015 оны 10 дугаар сарын 01-нд мэдэгдсэн, хэрэг явдал 6 сард болсон байхад ..., ... надад маш их сэтгэл санааны дарамт учруулсан тул аргагүйн эрхэнд би цагдаагийн байгууллагаар удаан явж чадахгүй гэдгээ илэрхийлж, албан шахалтаар ямар ч нотолгоогүйгээр банкны гүйлгээний хэргийг тулгасан..., ... санхүүгийн дотоод хяналтыг 15 хоног тутамд хийдэг байсан гэтэл яагаад 3 сарын дараа сөхөх болсон юм..., гэсэн үндэслэлээр зөвшөөрөхгүй гэж тайлбар гаргаж маргасан боловч нотлох баримт гаргах, цуглуулуулах хүсэлтийг гаргаагүй байна.
Шүүх, шүүх хуралдаан 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 11 цагт болох товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхбаатарт 01 дүгээр сарын 06-ны өдөр түүний эзэмшдэг 88009596 утсаар мэдэгдсэн, өмгөөлөгч Л.Гүнсмаа хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнээсээ татгалзсан гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн \хх-129 дүгээр тал\ зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан учир хариуцагчаар улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь буруу биш байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаар гаргасан давж заалдсан гомдол нь хангагдах боломжгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 81 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.1-д зааснаар” гэснийг “Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.1, 135.3-т зааснаар” гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 94.950 төгрөг төлснийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.НАРАНГЭРЭЛ
ШҮҮГЧИД Л.АМАРСАНАА
С.ЭНХЖАРГАЛ