Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 116/2021/0019/З |
Дугаар | 221/МА2022/0174 |
Огноо | 2022-03-09 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2022/0174
2022 оны 03 сарын 09 өдөр | Дугаар 221/МА2022/0174 | Улаанбаатар хот |
“Х Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар,
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Оюумаа,
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагч Дорнод аймгийн Матад сумын Засаг дарга Ө.Ц,
Нэхэмжлэгч: “Х Ө” ХХК,
Хариуцагч: Дорнод аймгийн Матад сумын Засаг дарга,
Нэхэмжлэлийн шаардлага: ““Х Ө” ХХК-д нөхөн сэргээлт хийж тарималжуулсан газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх зориулалтаар 15000 га газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Матад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 06 дугаар тогтоолыг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 212, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 476 дугаар тогтоолыг үндэслэж Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5, 53 дугаар зүйлийн 53.5 дахь заалтын дагуу хэрэгжүүлж ажиллахыг Матад сумын Засаг даргад даалгах”,
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаар шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.В, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М, хариуцагч Ө.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Д.У нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Мөнгөнзул,
Хэргийн индекс: 116/2021/0019/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Х Ө” ХХК нь Дорнод аймгийн Матад сумын Засаг даргад холбогдуулан “ “Х Ө” ХХК-д нөхөн сэргээлт хийж тарималжуулсан газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх зориулалтаар 15000 га газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Матад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 06 дугаар тогтоолыг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 212, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 476 дугаар тогтоолыг үндэслэж Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5, 53 дугаар зүйлийн 53.5 дахь заалтын дагуу хэрэгжүүлж ажиллахыг Матад сумын Засаг даргад даалгах”-аар маргасан байна.
2. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаар шийдвэрээр: “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 25 дугаар зүйлийн 25.1, 29 дүгээр зүйлийн 29.1.3 “ж”-д тус тус заасныг баримтлан Дорнод аймгийн Матад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 06 дугаар тогтоолын дагуу, Дорнод аймгийн Засаг даргад уламжлан шийдвэрлүүлэхийг хариуцагчид даалгаж” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Ө.Ц дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...
3.1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаартай шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч хариуцагч Дорнод аймгийн Матад сумын Засаг дарга Ө.Ц миний бие давж заалдах гомдол гаргаж байна.
3.2. Нэхэмжлэгч Дорнод аймгийн Матад сумын 3 дугаар багт байрлах “Х Ө” ХХК ийн захирал Т.В нь Дорнод аймгийн Матад сумын Засаг даргад холбогдуулан “Дорнод аймгийн Матад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 06 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
3.3. Энэ хэргийг тус шүүхээс хянан хэлэлцээд “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 25 дугаар зүйлийн 25.1, 29 дүгээр зүйлийн 29.1.3 “ж”-д заасныг баримтлан Дорнод аймгийн Матад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 06 дугаар тогтоолын дагуу Дорнод аймгийн Засаг даргад уламжлан шийдвэрлүүлэхийг Дорнод аймгийн Матад сумын Засаг дарга Ө.Цд даалгасугай” гэж шийдвэрлэсэн ба энэхүү шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.
3.4. Шүүхээс даалгах шийдвэрийнхээ үндэслэлийг заахдаа “Дорнод аймгийн Матад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Санал уламжлах тухай” 06 дугаар тогтоолд “1. Газрын тос олборлох үйл ажиллагааны улмаас хөрсний эвдрэлд өртөж доройтсон талбайд нөхөн сэргээлт хийж тарималжуулах, газар тариалан эрчимжсэн мал аж ахуй хосолсон групп фермерийн аж ахуй эрхлэх “Х Ө” ХХК-ийн санаачлагыг дэмжиж, 2. Нөхөн сэргээлт хадлан, бэлчээр, газар тариалан эрчимжсэн мал аж ахуй эрхлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Х Ө” ХХК-д 15000 га газрыг тариалангийн газар болгон ашиглуулах саналыг аймгийн Засаг даргад уламжлуулан шийдвэрлүүлэхийг, сумын Засаг даргын орлогч Ц.Э-д даалгасан. Энэ тогтоол нь хүчин төгөлдөр байгаа болно” гэжээ. Ингэснээр Дорнод аймгийн Матад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 06 дугаар тогтоолын дагуу Дорнод аймгийн Засаг даргад уламжлуулан шийдвэрлүүлэхийг даалгасугай” гэсэн. Үүнийг зөвшөөрөхгүй байна.
3.5. Матад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 06 дугаар тогтоол гэж маргаж даалгах гэж буй асуудал нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэрхэн яаж шийдвэрлэсэн талаар захиргааны хэргийн шүүх нотлох баримт цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүйгээр зөвхөн нэхэмжлэгчийн шаардлагад хэт хөтлөгдөн шийдвэрлэсэн. Учир нь сумын Засаг дарга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 06 дугаар тогтоолыг Газрын тухай хууль болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар аймгийн Засаг даргад уламжлан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 12 дугаар хуралдааны 04 дүгээр тогтоолоор атар газрыг тариалангийн газар болгох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг дэмжээд тогтоолыг Засаг дарга М.Б-д холбогдох материалын хамт тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад уламжилж шийдвэрлүүлэхийг даалгасан. Энэ тогтоолыг аймгийн Засаг даргаас тухай жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулахаар, атар газрыг тариалангийн газар болгох тухай хүргүүлсэн ба одоогоор Засгийн газраас аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргаас хүргүүлсэн газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй холбогдуулан ямар нэгэн хариу ирээгүй байгаа. Энэ нь сумын Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 06 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхээр аймгийн Засаг даргад уламжилсан болохыг нотолж байгаа. Үүгээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ямар тогтоол гарсан, уг тогтоолыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал яг хэвээр нь хэлэлцсэн.
3.6. Харин маргаан болж буй “Х Ө” ХХК-ийн газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх үйл ажиллагаатай холбоотой асуудлыг дэмжсэн боловч газрыг газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй хосолсон групп фермерийн аж ахуй эрхлэхэд газар олгох шийдвэр гаргаагүй. Тиймээс шүүх хэргийн нөхцөл байдал, ямар үйл баримт болсон болохыг бүрэн шалгалгүйгээр шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадаагүй гэж үзэхээр байна. Шүүхээс тухайн үед сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байсан Э.Тын өгсөн мэдүүлэгт үндэслэн маргаан бүхий 06 дугаар тогтоолыг үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн нь эргэлзээтэй байна. Гэрчийн мэдүүлэгт холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас газар зохион байгуулалтын санал хүргүүлсэн үйл баримтыг олж тогтоох ёстой байтал шүүх нотлох ажиллагаа хийгээгүйгээр дүгнэлт гаргасан. Төрийн байгууллага, түүний удирдах албан тушаалтан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн эрхэнд халдаж хэлэлцсэн асуудлын тогтоолд өөрчлөлт оруулж хийсэн гэвэл хуульд нийцэх үү.
3.7. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаар тогтоолоор тус сумын Буян-Өндөр багийн “Эрээн дэрсний хөндий” орчмын 15,000 га газрыг тариалангийн газар болгох тухай сумын Засаг даргын саналыг дэмжсэн ба дээрх газрын байршил солбицлыг хавсралтаар баталж, энэхүү тогтоолыг аймгийн Засаг даргад уламжилж шийдвэрлүүлэхийг даалгасан. Үүгээр өмнөх тогтоол нь хүчин төгөлдөр бус болохыг илэрхийлж болно гэж үзэж байна. Энэ тогтоолыг гаргахдаа иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлж, газрын байршил хэмжээг зааг координатыг хуулийн шаардлагад нийцүүлсэн.
3.8. Мөн Ө.Ц намайг Дорнод аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/44 дүгээр захирамжаар Матад сумын Засаг даргаар томилсон. Энэ цаг хугацаанаас хойш “Х Ө” ХХК нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 06 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх тухай ямар нэгэн хүсэлт өргөдөл гомдол огт гаргаагүй. Харин шүүхийн шийдвэрээр аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газраас сумын Засаг даргаар ажиллаж байсан Э.Ттай эвлэрсэн хэлцлийг баталсан шийдвэрийг биелүүлэх албан шаардлага ирсний дагуу миний бие хуульд зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэх санал оруулсан боловч тус хурлаар “Х Ө” ХХК-д газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй хосолсон групп фермерийн аж ахуй эрхлэх талаар 15,000 га газар ашиглуулах саналыг төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжээгүй. Газар эзэмшүүлэх, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах, төсөл хөтөлбөр батлах эрх нь хуулиараа сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх хэмжээний асуудал. Хурлаар шийдвэрлэсэн асуудлыг зохих шатны газарт нь уламжлан хүргүүлж ажиллаж байсан болох нь төрийн алба тасралтгүй үргэлжлэх үүднээс тухай, тухайн цагийн удирдлагууд хэрэгжүүлээд явж байсан болох нь хэргийн материалд байх тул шүүхийн даалгах шийдвэр нь үндэслэлгүй.
3.9. “Үе үеийн Засаг дарга нар аймгийн Засаг даргад хэрхэн уламжилсан болон хариу ирсэн эсэх талаар “Х Ө” ХХК-ийн захирал Т.Вд хуулийн дагуу мэдэгдээгүйгээс ... эрх бүхий төрийн албан тушаалтнуудад үргэлжлүүлэн хандаад явсан байна” гэжээ. Сумын Засаг даргаар ажиллаж байсан үе үеийн Засаг дарга нараас холбогдох асуудлыг шийдвэрлэсэн талаар мэдэгдэж байсан тул Т.В нь тэр талаар саналаа дэмжүүлэхээр олон байгууллага албан тушаалтанд хандаж байсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдож байхад шүүх буруу дүгнэлт хийсэн. Гол нь сумын Засаг дарга уламжлах үүргээ биелүүлсэн болох нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор нотлогдож байна. Сумын Засаг дарга нь хуульд нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулах ёстой болохоос биш дур зоргоороо авирлан хурлын эрх хэмжээнд халдах эрх хэмжээ байхгүй.
3.10. Хамгийн сүүлд 2020 онд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Х Ө” ХХК-д холбогдох газар эзэмшүүлэх асуудлыг дэмжээгүй нь 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй гэж үзэх үндэслэлтэй. Уламжлан шийдвэрлүүлэхээр хүргүүлсэн тогтоолыг хэрэгжүүлээгүй гэж үзэн дахин шийдүүлэх гэж даалгаж буй нь үндэслэлгүй, мөн тухайн асуудлаар нэг л шийдвэр гаргана. Тэгвэл дээрх тогтоолуудыг аль нь үндэслэлтэй болохыг эргэлзээгүй үнэн зөвөөр тогтоож чадаагүй шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлж байна.
3.11. Иймд анхан шатны шүүхийн 23 дугаартай шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасны дагуу хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.В гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна. Үүнд: “...
4.1. Матад сумын Засаг дарга Ө.Ц нь анхан шатны шүүх дээр яригдаагүй бөгөөд баримтаар нотлогдож, хэрэгт авагдаагүй зохиомол үндэслэлүүдийг дурдаж шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар гомдол гаргасан байх тул дараах тайлбарыг хийж байна.
4.2. Гомдолд “Захиргааны хэргийн шүүх нотлох баримт цуглуулах үүргээ хэрэгжүүлэхгүйгээр зөвхөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хэт хөтлөгдөн шийдвэрлэсэн” гэжээ. Шүүх хоёр талыг байлцуулан урьдчилсан хэлэлцүүлэг хийж, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд дээр нэмэгдүүлэх болон хасах шаардлагатай баримт байгаа эсэхийг лавлаж тодруулсны үндсэн дээр шүүх хурлыг товлон мэтгэлцээнийг хуулийн дагуу явуулж шийдвэрээ гаргасан.
4.3. Мөн “Шүүх хэргийн нөхцөл байдал, ямар үйл баримт болсон болохыг бүрэн нягтлан шалгаагүйгээр шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадаагүй” гэжээ. Энэ нь бодит байдалд огтхон ч нийцэхгүй байна. Учир нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 12 дугаар хуралдаанаар “Х Ө” ХХК-ийн нөхөн сэргээлт хийж тарималжуулан газар тариалан эрчимжсэн мал аж ахуй эрхлэх зориулалтаар газар эзэмших асуудал хэлэлцэгдээгүй. Тийм ч учраас дээрх хурлын шийдвэр холбогдох материал хавтаст хэрэгт авагдаагүй. Иймд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэртэй холбон тус компанийн асуудлын талаар гаргасан гомдлын үндэслэлүүд нь бүхэлдээ үнэнд нийцэхгүй зохиомол болох нь тодорхой байна. Тодруулбал, 2014 онд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан М.А нь Матад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга асан Э.Тт хандан албан ажлын шаардлага нэрийдлээр “Х Ө” ХХК-д “Нөхөн сэргээлт хийж тарималжуулан, газар тариалан эрчимжсэн мал аж ахуй эрхлэх” зориулалтаар 15,000 га газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 06 дугаар тогтоолыг, газар тариалан эрхлэх зориулалтаар газар эзэмшихийг дэмжсэн тогтоол болгон өөрчлүүлж /”Х Ө” ХХК-ийн нэргүйгээр хууль бусаар солиулан авч, нэр бүхий 7 сумдын атар газар эзэмшиж, улаан буудай тариалах 66.8 мянган га газрын саналтай нэгтгэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулсан. Энэ нь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2021 оны 08 дугаар сарын 20-ны 1/588 дугаар албан бичгээр нотлогдож байгаа.
4.4. Үүнээс үзэхэд Ө.Цгийн тайлбарт дурдсан “... сумын Засаг даргын эрх хэмжээнийхээ хүрээнд сумын иргэдийг Төлөөлөгчдийн Хурлын 06 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхээр аймгийн Засаг даргад уламжилсан .... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ямар тогтоол гарсан, уг тогтоолыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал яг хэвээр нь хэлэлцсэн ... харин маргаан болж буй “Х Ө” ХХК-ийн газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх үйл ажиллагаатай холбоотой асуудлыг дэмжсэн боловч ... газар олгох шийдвэр гаргаагүй ...” гэсэн үндэслэлүүд нь зохиомол бөгөөд худал хуурмаг байна. Тэгээд ч тус компанийн асуудал нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэхээр хуульд заагдаагүй бөгөөд Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5, 53.5 дахь хэсэгт тус тус заасны дагуу сумын Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэж, тухайн жилийнхээ сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт тодотголоор оруулан саналаа аймгийн Засаг даргад уламжлах хуулийн зохицуулалттай. Энэ нь Аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны 1/03 дугаар албан бичиг болон тус компаниас Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж гаргасан хүсэлтийн дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 01/2962 дугаар албан бичгээр ирүүлсэн тайлбарт дурдсанаар нотлогдож байна.
4.5. Гомдлын дараах хэсэгт “Засаг дарга Ө.Ц нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 5 дугаар хуралдааны тогтоолыг дурдаад ... үүгээр өмнөх тогтоол нь хүчин төгөлдөр бус болохыг илэрхийлж болно” гэжээ. Харин уг тогтоол нь хууль бус байх бөгөөд тухайн үеийн Засаг дарга асан Д.Д нь Газрын тухай хуулийн заалтын дагуу иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших хүсэлтийг нэгтгэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж байх хуулийн зохицуулалтыг ноцтойгоор зөрчиж тус “Х Ө” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэж байсан 15,000 газрыг давхцуулан хуурамч координат үйлдэж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр гаргуулан дээрх газрыг өөрийнхөө мэдэлд авсан. Д.Д нь авлига, албан тушаалын хэрэгт холбогдож 2019 онд сумын Засаг даргаас огцорсон бөгөөд одоогоор дээрх 15,000 га газрын асуудал нь 30000 долларын авлигын хэрэг нь цагдаагийн газар шалгагдаж байгаа.
4.6. Мөн Ө.Ц нь “Хурлаар шийдвэрлэсэн асуудлыг зохих шатны газарт нь уламжлан хүргүүлж ... тухайн үеийн удирдлагууд хэрэгжүүлээд явж байсан болох нь хэргийн материалд байх тул шүүхийн даалгах шийдвэр үндэслэлгүй” гэжээ Дурдсан асуудалтай нь холбоотой ганц ч хуудас материал хавтаст хэрэгт алга. Өнгөрсөн хугацаанд тус сумын Засаг дарга 5 удаа солигдсон бөгөөд тухай бүрд нь тус компанийн зүгээс газар эзэмшиж Цөлжилтийн эсрэг Эко-Матад төсөл хэрэгжүүлэх санал хүсэлтээ гаргаж байсан. Мөн аймгийн Засаг дарга, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон эрх бүхий төрийн захиргааны байгууллага Монгол Улсын Засгийн газарт хандан хүсэлт гаргаж хариуг албан бичгээр авч Матад сумын удирдлагад хүргүүлж байсан. Тус сумын Засаг дарга нараас 2014 онд Ц.Н л нэг удаа аймгийн Засаг даргад хандаж албан бичиг хүргүүлсэн. Харин Ө.Ц нь Засаг дарга болмогц тус компанийн асуудлыг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 398 дугаар тогтоол болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын мэдэгдлийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж санал хураан хүлээж авахгүй гэсэн шийдвэр гаргуулсан нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг Үндсэн хууль зөрчих ноцтой алдаанд хүргэсэн бөгөөд энэ үеийг хүртэл Матад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Х Ө” ХХК-д газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн тогтоолыг хүчингүй болгосон ямар нэгэн эрхийн акт тус компанид ирүүлээгүй байгаа нь бодит үнэн бөгөөд хавтаст хэрэгт ч нотлох баримт алга. Харин энэхүү хууль бус ажиллагаагаа бүдэгрүүлэх зорилгоор зохиомол бөгөөд анхан шатны шүүх дээр яригдаагүй баримт нотлогдоогүй үндэслэлүүдийг дурдаж шүүхэд хандсан байна. Учир нь Ө.Цгийн үед тус компаниас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хандан 2014 онд нэгэнт шийдэгдсэн байсан газар эзэмших асуудлаар хүсэлт гаргах шаардлагагүй байсан гэдэг нь ойлгомжтой.
4.7. Төгсгөлийн хэсэг буюу 2 дугаар хэсэгт “Сумын Засаг дарга уламжлах үүргээ биелүүлсэн болох нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор нотлогдож байна. 2020 онд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Х Ө” ХХК-д холбогдох газар эзэмшүүлэх асуудлыг дэмжээгүй нь 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй гэж үзэх үндэслэлтэй гээд эдгээр нь ... хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдож байхад шүүх буруу дүгнэлт хийсэн ...” гэжээ. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол болон хурлын тэмдэглэлд “Х Ө” ХХК-ийн нөхөн сэргээлт хийж тарималжуулан эрчимжсэн мал аж ахуй эрхлэх асуудлын талаар нэг үг, өгүүлбэр байхгүй бөгөөд тус хурлаар атар газар эзэмшиж газар тариалан эрхлэх аймгийн нэгдсэн бодлогын талаар хэлэлцэж шийдвэрлэсэн байдаг. Мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар 2020 онд тус компанийн асуудлыг хэлэлцээд дэмжээгүй гэдэг нь үнэнд нийцэхгүй байна. Учир нь тухайн үед “Х Ө” ХХК-ийн асуудлыг иргэний хэргийн анхан шатны шүүхээс хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байсан тул дээрх хурлаар сумын Засаг дарга Ө.Ц нь хууль зөрчин шүүхийн шийдвэрийн зөв бурууг тогтоолгохоор хэлэлцүүлж өөрийн нь хэлсэнчлэн дур зоргоороо авирлан хурлын эрх хэмжээнд халдсан нь тодорхой байна. Тэгээд ч дээрх хоёр асуудлаар ямар нэг нотлох баримт, материал хавтаст хэрэгт авагдаагүй. Тус “Х Ө” ХХК-ийн нөхөн сэргэлт хийж олон наст ургамал тариалж эрчимжсэн мал аж ахуй эрхлэх зориулалтаар газар эзэмших асуудал нь Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д “Эрчимжсэн суурийн мал аж ахуй эрхлэх болон тэжээвэр амьтныг өсгөн үржүүлэх зорилгоор хашсан бэлчээрийг иргэн, аж ахуйн нэгж байгууллагад улирал харгалзахгүй тодорхой болзол гэрээний дагуу ашиглуулж болно”, 53.5-д “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн хадлангийн талбайг усалгаатай болгох хамгаалах бордох ойн зурвас тарих зэргээр өөрийн хүч хөрөнгөөр сайжруулалт хийж ургацыг нь тогтвортой дээшлүүлсэн иргэн аж ахуй нэгж байгууллагад сумын Засаг дарга уг талбайг нь эзэмшүүлж болно” гэсэн заалтуудын дагуу сумын Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэгдэх хуулийн энэ талаар Аймгийн Засаг дарга болон Монгол Улсын Засгийн газар яам зохицуулалттай тусгай газраас ирүүлсэн бичиг тоотод тодорхой дурдсан байхад сумын Засаг дарга Ө.Ц хууль ёсны үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа нь харамсалтай байна. Харин атар газар эзэмшиж улаан буудай тариалах асуудлын хувьд Тариалангийн тухай хуулийн дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн Засгийн газар зөвшөөрөл олгож байх хуулийн зохицуулалттай. Гэтэл Засаг дарга Ө.Ц нь дээрх хоёр өөр хуулийн зүйл заалт зохицуулалтыг мэдсээр байж хооронд нь хольж хутган анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь буруутгаж баримт нотолгоогүй зохиомол үндэслэл дурдаж гомдол гаргаж байгаа нь ойлгомжгүй байна” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.
2. Анхан шатны шүүх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, Дорнод аймгийн Матад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 06 дугаар тогтоолын дагуу Дорнод аймгийн Засаг даргад уламжлан шийдвэрлүүлэхийг хариуцагчид даалгаж” шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
3. Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч “Х Ө” ХХК нь “Дорнод аймгийн Матад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 06 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхийг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “ “Х Ө” ХХК-д нөхөн сэргээлт хийж тарималжуулсан газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх зориулалтаар 15000 га газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Матад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 06 дугаар тогтоолыг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 212, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 476 дугаар тогтоолыг үндэслэж Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5, 53 дугаар зүйлийн 53.5 дахь заалтын дагуу хэрэгжүүлж ажиллахыг Матад сумын Засаг даргад даалгах” гэж тодруулжээ.
3.2. Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбар, маргааны үйл баримтаас үзвэл 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдөр “Х Ө” ХХК-иас “... хөрсний эвдрэлд өртсөн 15000-20000 га талбайд нөхөн сэргээлт хийж, тарималжуулах, мал сүргээ чанаржуулж, мах-өөхний хэвшлийн барга, үзэмчин хонь өсгөж үржүүлэх зэрэг нэгдсэн ажил үйлчилгээ эрхэлнэ. Иймд ... газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй хосолсон групп фермерийн аж ахуй эрхлэх санаачлагыг дэмжиж “Х Ө” ХХК-д 10000 га, хөрөнгө оруулагч “ТТА” ХХК-д 5000 га талбай ашиглан газар тариалан-хадлан тэжээлийн нэгдсэн аж ахуй эрхлэх зөвшөөрөл олгуулах”-аар хүсэлт гаргасан, Дорнод аймгийн Матад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 05 дугаар хуралдааны 04 дүгээр тогтоолоор “тус сумын Буян-Өндөр багийн нутаг дэвсгэрт Сангийн далайгаас баруун хойш 10 км-т байрлах 15000 га атар газрыг тариалангийн газар болгох саналыг дэмжсэн” байна.
3.3. Хэрэгт Дорнод аймгийн Матад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “... газрын тос олборлох үйл ажиллагааны улмаас хөрсний эвдрэлд өртөж доройтсон талбайд нөхөн сэргээлт хийж тарималжуулах, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй хосолсон групп фермерийн аж ахуй эрхлэх “Х Ө” ХХК-ийн санаачлагыг дэмжиж, нөхөн сэргээлт хадлан, бэлчээр, газар тариалан мал аж ахуй эрхлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор тус компанид 15000 га атар газрыг тариалангийн газар болгон ашиглуулах саналыг аймгийн Засаг даргад уламжлан шийдвэрлүүлэхийг сумын Засаг даргын орлогч Ц.Эд даалгасан” болон “... Сангийн далайгаас баруун хойш 10 км-т байрлах 15000 га атар газрыг тариалангийн газар санал болгох саналыг дэмжиж, уг саналыг аймгийн Засаг даргад уламжлахыг сумын Засаг даргын орлогчид даалгасан” гэх 2 өөр агуулгатай 06 дугаартай тогтоол авагдсан бөгөөд тухайн үед иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байсан гэрч Э.Т “... Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас ... атар газрын ашиглах саналыг тогтоолоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд уламжлах саналтай байна, ... энэ тогтоолоо аж ахуйн нэгжийн нэргүйгээр засаад ирүүлнэ үү гэж утсаар мэдэгдсэн, ... нэгдсэн журмаар сумдаас атар газрыг газар тариалангийн зориулалтаар ашиглах саналыг Засгийн газарт уламжилна гэж хэлсэн, үүний дагуу зассан” гэх мэдүүлгээс үзвэл 06 дугаар тогтоолоор 15000 га газрыг тариалангийн зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэсэн гэж үзэж болохоор байна.
3.4. Газрын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Энэ хуулийн 29.2, 29.3, 29.5-д зааснаас бусад тохиолдолд шинээр тариалангийн талбай бий болгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ”, Тариалангийн тухай хууль /2004 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Тариалангийн салбарт аймаг, нийслэлийн Засаг дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 7.1.3-д “Тариалангийн газрын зориулалтыг өөрчлөх, атар газрыг тариалангийн газар болгох талаарх сум, дүүргийн Засаг даргын саналыг хянаж нэгтгэн, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулж, дүгнэлт гаргуулсны үндсэн дээр тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад уламжлах”, 5 дугаар зүйлийн 5.1.4-т “Энэ хуулийн 7.1.3-т заасан тариалангийн газрын зориулалтыг өөрчлөх, атар газрыг тариалангийн газар болгох талаарх аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газарт оруулах”, 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “Энэ хуулийн 5.1.4-т заасан тариалангийн газрын зориулалтыг өөрчлөх, атар газрыг тариалангийн газар болгох талаарх саналыг шийдвэрлэх, хэрэгжилтэд нь хяналт тавих” гэж тус тус заажээ. Мөн Тариалангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, 7.2.2, 7.2.3-д тус тус зааснаар сумын Засаг дарга нь тариалангийн тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг даргын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж, биелэлтэд хяналт тавих, тариаланг хөгжүүлэх аймгийн дунд хугацааны төлөвлөгөө болон тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө нийцүүлэн суманд тариаланг хөгжүүлэх жил бүрийн төлөвлөгөөг боловсруулж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх, тариаланг хөгжүүлэх аймгийн дунд хугацааны төлөвлөгөөний төсөлд санал өгөх, энэ хуулийн 6.2.4-т зааснаас бусад тохиолдолд тариалангийн газрын зориулалтыг өөрчлөх, атар газрыг тариалангийн газар болгох талаарх саналаа аймгийн Засаг даргад уламжлах эрх хэмжээтэй байна.
3.5. Маргаан бүхий 06 дугаартай тогтоол гарсны дараа Дорнод аймгийн Матад сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/113 дугаар захирамжаар тус сумын Буян-Өндөр багийн нутаг дэвсгэрт Сангийн далайгаас баруун хойш 10 км зайд орших 15,000 га атар газрыг тариалангийн зориулалтаар “Х Ө” ХХК-д 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байх бөгөөд ийнхүү атар газрыг тариалангийн зориулалтаар олгосон нь “Тариалангийн тухай хууль болон Газрын тухай хуулийг зөрчсөн, Засгийн газраас атар газрыг тариалангийн газар болгох шийдвэр гараагүй, дуудлага худалдаагаар оруулаагүй газар эзэмшүүлсэн” гэх үндэслэлээр сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/07 дугаартай захирамжаар тариалангийн зориулалтаар 15000 га газрыг эзэмшигч “Х Ө” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна.
3.6. Мөн Матад сумын Засаг даргаас 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр аймгийн Засаг даргад хандан “... тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 5 дугаар хуралдаанаас нөхөн сэргээлт, хадлан, бэлчээр, газар тариалан, мал аж ахуй эрхлэх үйл ажиллагаанд зориулан “Х Ө” ХХК-д 10000 га, “ТТА” ХХК-д 5000 га атар газрыг тариалангийн газар болгон ашиглуулах санаачлагыг дэмжсэн тогтоол гаргасан. Иймд атар газрыг тариалангийн газар болгох санал хүргүүлж байна” гэх албан бичгийг хүргүүлсэн, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор “Матад сумын Буян-Өндөр багийн нутагт Эрээн дэрсний хоолой орчмын 15000 га газрыг ... тариалангийн газар болгох тухай сумын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг дэмжсэн” байна. Мөн Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Матад сумын Засаг даргад хандаж “... “Х Ө” ХХК-д 15000 га атар газрыг хууль тогтоомжийн хүрээнд эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэж, дэмжиж ажиллах нь зүйтэй” гэх 1/1782 дугаартай албан бичгийг хүргүүлсэн, Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Матад сумын Засаг даргад хандаж “... “Х Ө” ХХК-д тариалангийн газрыг олгохдоо Тариалангийн тухай хууль, Газрын тухай хуулиудын холбогдох заалтыг зөрчсөн тул холбогдох арга хэмжээг авч, зөрчлөө арилгахыг мэдэгдсэн”, Матад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 5 дугаар хуралдааны 08 дугаар тогтоолоор “сумын Засаг даргын өргөн мэдүүлсний дагуу газар зохион байгуулалтын 2017 оны төлөвлөгөөнд нэмэлт оруулж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тариалангийн зориулалтаар эзэмшүүлэх газрын байршил, хэмжээг 5 дугаар хавсралтаар, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх газрын байршил, хэмжээг 6 дугаар хавсралтаар тус тус баталсан” зэргээс үзвэл хариуцагч сумын Засаг дарга нь энэхүү асуудлыг 06 дугаар тогтоолын дагуу аймгийн Засаг даргад уламжлан шийдвэрлүүлэхээр шаардлагатай ажиллагааг явуулаагүй, мөн тогтоолыг уламжлаагүй эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээргүй, харин ч уг тогтоолын дагуу асуудлыг уламжилсан ч хууль зөрчсөн гэх үндэслэлээр буцаагдсан байна.
3.7. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 212 дугаар тогтоолоор үндэсний хэмжээнд зохион байгуулагдах “Атрын-III аян”-ыг үргэлжлүүлэх үйл ажиллагааг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн улс даяар өрнүүлж, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 476 дугаар тогтоолоор “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн орон даяар зарлан хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн боловч эдгээр тогтоолуудад нэхэмжлэгч “Х Ө” ХХК-ийн эзэмшлийн гэх 15000 га газар тариалангийн газарт хамаарч байгаа болох нь баттай тогтоогдохгүй, цаг хугацааны хувьд сүүлд гарсан гэж үзэхээр байна.
3.8. Түүнчлэн Дорнод аймгийн Матад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаар хуралдаанаар хариуцагч сумын Засаг дарга Ө.Ц нь “Х Ө” ХХК-д эзэмшүүлэх 15000 га газрын асуудлыг хэлэлцүүлэхээр санал оруулсан боловч төлөөлөгчид 100 хувийн саналаар дэмжээгүй байна.
3.9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т зааснаар захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох хуулийн зохицуулалттай бөгөөд шүүх гагцхүү нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой баримтуудыг цуглуулж, тэдгээрийг харьцуулан дүгнэж, хэргийг хэлэлцэж шийдвэр гаргах үүрэгтэй.
3.10. Уг маргааны хувьд хариуцагч Дорнод аймгийн Матад сумын Засаг дарга нь тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 06 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй, түүнтэй холбоотой акт гаргахаас татгалзсан аливаа шийдвэр гаргаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 06 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхийг даалгах хууль зүйн үндэслэлгүй байна.
3.11. Түүнчлэн нэхэмжлэгчээс “... Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д “Эрчимжсэн суурин мал аж ахуй эрхлэх болон тэжээвэр амьтныг өсгөн үржүүлэх зорилгоор хашсан бэлчээрийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад улирал харгалзахгүй тодорхой болзол, гэрээний дагуу ашиглуулж болно”, 53 дугаар зүйлийн 53.5-д “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн, хадлангийн талбайг усалгаатай болгох, хамгаалах, бордох, ойн зурвас тарих зэргээр өөрийн хүч, хөрөнгөөр сайжруулалт хийж, ургацыг нь тогтвортой дээшлүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад сумын Засаг дарга уг талбайг нь эзэмшүүлж болно” гэж тус тус заасны дагуу 06 дугаар тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг Матад сумын Засаг даргад даалгах”-аар маргаж байх боловч 06 дугаар тогтоолоор 15000 га атар газрыг тариалангийн газар болгон ашиглуулах саналыг аймгийн Засаг даргад уламжлуулан шийдвэрлүүлэхээр даалгасан тул дээр дурдсан хуулийн зохицуулалтын дагуу шийдвэр гаргуулахаар даалгах боломжгүй. Харин нэхэмжлэгч нь дээрх зохицуулалтуудын дагуу газар эзэмших хүсэлтэй бол энэ талаарх хүсэлтээ хариуцагч байгууллагад гаргаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байна.
Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн бодит нөхцөл байдалд бүрэн дүүрэн дүгнэлт хийгээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, Тариалангийн тухай хууль /2004 оны/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.2.1, 7.2.2, 7.2.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Х Ө” ХХК-ийн “ “Х Ө” ХХК-д нөхөн сэргээлт хийж тарималжуулсан газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх зориулалтаар 15000 га газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Матад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 06 дугаар тогтоолыг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 212, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 476 дугаар тогтоолыг үндэслэж Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5, 53 дугаар зүйлийн 53.5 дахь заалтын дагуу хэрэгжүүлж ажиллахыг Матад сумын Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ө.Цгийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН