Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 643

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: Х******* овогтой Х-н О /РД: **/, 

Хариуцагч: Х******* дүүргийн 5 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурал,

Нэхэмжлэлийн шаардлага: “Х******* дүүргийн 5 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хуралдааныг хууль бус болохыг тогтоолгох тухай” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Б.М, хариуцагчийн өмгөөлөгч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ:“...Х******* дүүргийн 5 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хуралдааныг хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлага гаргаж байна. 

Иргэн Х.О миний бие Х******* дүүргийн 5 дугаар хорооны Цогийн 1-5 тоот хаягт 1988 оноос хойш оршин сууж байгаа билээ. 

Тус хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 02 тоот тогтоолоор хорооны иргэдийн Нийтийн Хуралдааныг 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хийхээр товлон зарласныг хорооны нийт иргэдэд зарлалгүйгээр хурлыг явуулж 5 дугаар хорооны Засаг даргаар Б.Б*******г, иргэдийн Нийтийн Хурлын даргаар Б.М-ыг улираан сонгосон байна. 

Иргэн Х.О миний бие энэ хурал болсон талаар огт мэдээгүй байсан бөгөөд 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 5 дугаар хорооноос Засаг дарга М.Гминий утас руу залгаж “2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хорооны иргэдийн Нийтийн Хуралд оролцсон иргэдийн бүртгэл дээр таны нэр, гарын үсэг байна, энэ хуралд та оролцсон уу” гэж асууснаар энэ хурал болсон талаар мэдсэн. Энэхүү хурал нь цомхон хүрээнд хаалттай хэлбэрээр Ардчилсан намын гишүүдийг оролцуулж хийсэн байсан бөгөөд хорооны дийлэнх иргэдээс энэ хурлын талаар асууж тодруулахад энэ хурал хэзээ зарлагдсан, хэзээ, хаана болсон талаар огт мэдээгүй байсан. Хуралдааны ирцийн тэмдэглэлийг үзэхэд хүснэгтийн 46 дугаарт Х О гэж миний нэрийг бичээд регистрийн дугаар, хаяг, утасны дугаарыг тэмдэглэлгүйгээр миний гарын үсгийг хуурамчаар дуурайлган зурсан байсан. 

Мөн ирцийн тэмдэглэлийн хүснэгтэд маш олон иргэдийн зөвхөн овог нэрийг бичээд хойно нь гарын үсэг зуруулсан нь надаас гадна өөр олон иргэдийг хурал болсон талаар огт мэдээгүй байдлыг далимдуулж хуралдаанд оролцсон мэтээр гарын үсгийг тухайн иргэдийн өмнөөс зурсан байх магадлалтай байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь хэсэгт “Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас, хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно”, мөн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно” хэмээн заасан байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжпан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй хэмээн заасан Монгол Улсын иргэн миний үндсэн эрх, эрх чөлөөг зөрчиж байна. 

Иймд 5 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хуралдааныг хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

 

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбар, түүний хууль зүйн үндэслэлдээ: “...Х******* дүүргийн 5 дугаар хорооны иргэн Х овогтой О-ын 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан Хан-уул дүүргийн 5 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хуралдааныг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй танилцлаа. 

Тус хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 02 тоот тогтоолоор хорооны иргэдийн Нийтийн Хуралдааныг 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хийхээр товлон зарласныг хорооны нийт иргэдэд зарлаагүй гэж буруутгасан байна. 

Нэг: Хуралдааныг зарлан хуралдуулах тухай 02 тоот тогтоолыг хорооны “Мэдээллийн самбар”-т хурал болох өдөр хүртэл байршуулсан /Зургийг хавсаргав. 2017.03.15-ны байдлаар/ 

Хоёр: Х******* дүүргийн 5 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаан нь хорооны Засаг даргын өрөөнд нээлттэй хэлбэрээр хуралдсан бөгөөд хуралдаанд хорооны Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Г байлцсан болно. 

Гурав: Хуралдаан зарлан хуралдуулах тухай 02 тоот тогтоолын “2” хэсэгт Хуралдааны зарыг иргэдэд хүргэж, хуулийн хүрээнд дэмжиж ажиллахыг хорооны Засаг дарга /үүрэг гүйцэтгэгч М.Г/-д үүрэг болгосон тул хорооны зарим иргэдэд зар хүргэгдээгүй нь тус хуралдааныг санаатайгаар саатуулж, хуралдуулахгүй байх оролдлого хийж, хуралдаанд оролцохгүй байх тухай ухуулга сурталчилгаа хийсэн, заал танхимаар хангахгүй байхыг хуралдаан товлогдсон 41 дүгээр сургуулийн захиргаанд шахалт үзүүлсэн, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эсрэг ажилласан хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгч М.Г-ын буруутай үйлдэл болно. 

Ирцийн тэмдэглэлийн 46 дугаарт Х овогтой О гэж бичээд регистрийн дугаар, хаяг, утасны дугаарыг тэмдэглэлгүйгээр гарын үсгийг дуурайлган зурсан байсан гэжээ. 

Нэг: Хурлын хуралдааны ирцийн бүртгэлийн 46 дугаарт Х овогтой О-ын нэрийг андууран, санамсаргүйгээр Х овогтой Огэж бичсэн байна. Х овогтой О нь тус хуралдаанд нөхөр /ирцийн бүртгэлийн 48 дугаарт бүртгэгдсэн/ Б овогтой Э-ийн хамт ирж оролцон өөрсдийн нэрний ард гарын үсэг зурж хуралд оролцсон тухайгаа баталгаажуулсан. 

Хоёр: Х овогтой О-ын нэрийг ирцийн бүртгэгч иргэн Д.А утас:960124**/ редакцийн алдаа гарган, эгч дүүсийн нэрийг сольж бичсэн, иргэн Ховогтой О /утас: 965505**, 864848**/ анзааралгүй гарын үсэг зурсан байна. 

Гурав: Ирцийн бүртгэлд заавал тухайн иргэний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл байх шаардлагагүй бөгөөд иргэн “Монгол Улсын Иргэний үнэмлэх”-ийг үзүүлэн хуралдаанд оролцох бүрэн боломжтой. 

Дөрөв: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.10 дугаарт “Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно” гэж заасан байдаг тул тус хуралдааны ирцийн бүртгэлээс харахад хүчингүйд тооцох үндэслэл алга байна. Иймд нэхэмжлэгч Х овогтой О-ын эрх, хууль ёсны ашиг, сонирхол зөрчигдөөгүй байх тул 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хуралдааныг хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлагыг хүлээн авах боломжгүй болно...” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч өмгөөлөлдөө: “ Х******* дүүргийн 5 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны анхдугаар хуралдаанаар Засаг даргад сонгогдон өргөн мэдүүлсэн Б.Б нь Х******* дүүргийн Засаг даргад холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхийн шийдвэрээр анхдугаар хуралдаан хууль ёсны дагуу болсон гэж дүгнээд Б.Б-г хорооны Засаг даргаар томилсон шийдвэр гаргахыг даалгаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн яг өөрийнх нь хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн талаар нэхэмжлэл гаргаагүй. Өнөөдөр ч шүүх хуралдаанд ирж оролцохгүй байна. Өөрөөр хэлбэл зүгээр л хугацаа хожиж ямар нэгэн аргаар маргааныг сунгаад явах сонирхолтой байсан нь харагдаж байна. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд “хууль бус болохыг тогтоолгох” гэж тодорхойлсон нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Гэрч Д.А мэдүүлэхдээ: “Би Х******* дүүргийн 5 дугаар хороонд амьдардаг. Х******* дүүргийн 5 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанд оролцсон. Уг хуралдааны иргэдийн бүртгэлийг хариуцан ажилласан. Х.О хуралдаанд ирж оролцоогүй. Х.О нөхөр Б.Э-ийн хамт ирж оролцсон. Х.О-г андуурч Х.О гэж нэрийг нь бичсэн. Х.О-ын нэрийн ард Х.О гарын үсэг зурсан. Х.О өөрөө энэ гарын үсгийг зурсан. Түүний гарын үсэг мөн.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Х овогтой О нь “Хуралдааны ирцийн тэмдэглэлд миний гарын үсгийг хуурамчаар зурж, хуралдаанд оролцох, шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжпан төрийг удирдах хэрэгт оролцох, төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн” гэсэн үндэслэлээр “Х******* дүүргийн 5 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хуралдааныг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар судлагдсан баримтуудыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “анхдугаар хуралдааныг ... бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид ... хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна”, 23.10-т “Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас, хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно” гэж заажээ. 

Х******* дүүргийн 5 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 02 тоот тогтоолоор хорооны иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хийхээр товлон зарлаж, хуралдааны товыг хорооны мэдээллийн самбарт байршуулан зарыг мэдэгдэж, улмаар 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хуралдан зохион байгуулалтын асуудал хэлэлцэн Хурлын дарга, тэргүүлэгчдийг сонгон, Засаг даргыг томилуулахаар санал болгох тогтоолууд гаргажээ.

Тухайн хурлын тэмдэглэл, ирцийн бүртгэлээс үзэхэд хуралдаанд 117 иргэн оролцсон гэх ба ирцийн бүртгэлийн 46-д “Х О” гэх овог нэрийн ард гарын үсэг зурагдсан, үүнийг нэхэмжлэгч Х.О “хуралд оролцоогүй байхад миний нэрийн ард гарын үсгийг хуурамчаар зурсан” гэж маргасан ба хариуцагч “нэхэмжлэгч Х Oын төрсөн дүү Х-н О хуралд оролцсон, түүний нэрийг андуурч буруу бичсэн, Х-н O гарын үсэг зурсан” хэмээн хүлээн зөвшөөрсөн, ийнхүү Х-н О  нь хуралдаанд оролцсон болох нь, түүний нэрийг ирцийн бүртгэлд андуурч бичсэн болох нь гэрч Д.А-гийн мэдүүлэг, 2017.03.25-ны өдөр үүссэн “105513”,  “105555”, “105853” нэртэй .jpg өргөтгөлтэй зурган файл, фото зураг зэргээр тогтоогдож байна. 

Түүнчлэн Х-н О нь түүний төрсөн дүү гэдэгтэй нэхэмжлэгч маргаагүй бөгөөд Х-ийн О нь тус хороонд оршин суудаг болох нь хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрээр тогтоогдож байна. 

Ийнхүү Х******* дүүргийн 5 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хуралдсан, хуралдааны зарыг хүргээгүй гэх үндэслэл тогтоогдохгүй, нэхэмжлэгч Х-н О-ын төрсөн дүү Х-н О уг хуралдаанд оролцсон, ирцийн бүртгэлд түүний нэрийг андуурч буруу бичсэн байх бөгөөд энэ нь тус хуралдааныг хууль бус гэж үзэх үндэслэл болохгүйн дээр нэхэмжлэгчийн хорооны хуралдаанд оролцох, шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжпан төрийг удирдах хэрэгт оролцох, төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхийг зөрчөөгүй байна. Өөрөөр хэлбэл хорооны хуралдаанд оролцох түүний эрхийг хязгаарласан ямарваа үйлдэл тогтоогдоогүйн дээр хуралдаанд оролцох эсэх нь түүний эрхийг асуудал байна. 

Иймд түүний дээрх үндэслэл бүхий энэ нэхэмжлэлээр Х******* дүүргийн 5 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хуралдсан анхдугаар хуралдааныг хууль бус болохыг тогтоох үндэслэлгүй, нэхэмжлэл хангагдахааргүй байна.

Нэхэмжлэгч Х.Ол, түүний өмгөөлөгч Т.Б нар шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт, хүндэтгэн үзэх шалтгаантайгаа нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т зааснаар хариуцагч шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан, шүүх хэргийг шийдвэрлэх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзсэн тул нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь хэсэгт заасныг баримтлан “Х******* дүүргийн 5 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хуралдааныг хууль бус болохыг тогтоолгох тухай” Х.О-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Д.ХАЛИУНА