Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2018/01405

 

Ч.Эгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

    Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн         

         2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2018/00424 дүгээр шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1038 дугаар магадлалтай,

         Нэхэмжлэгч: Ч.Э

         Хариуцагч: “Н” ХХК-д холбогдох

         Даатгалын нөхөн төлбөрт 46.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Б хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, нарийн бичгийн даргад Э.Боролдой нар оролцов.

         Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н ХХК болон Ч.Э, М.Х нарын хооронд 2016-06- 03-ны өдөр орон сууц зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ байгуулагдсан. 2015 онд Н ХХК, Төрийн банкны хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан. Гэрээний зорилго нь  орон сууцны ипотекийн зээлд хамрагдаж байгаа зээлдэгч, хамтран зээлдэгчийг  эрсдэлээс хамгаалах зорилготой. Төрийн банк, Н ХХК-тай байгуулсан гэрээний 1.4.8-д “...зээлдэгч болон хамтран зээлдэгчийн амь насыг даатгана, гэрээний 1,4.15-д ...зээлийн бүтээгдэхүүний даатгал гэдэгт зээлээр авч байгаа эд хөрөнгө болоод үндсэн зээлдэгч, хамтран зээлдэгчийн амь насыг даатгана...” гэж заасан байдаг. Төрийн банк өөрийн үйлчлүүлэгчийг Н ХХК-д зуучилсан ба уг гэрээний хүрээнд Ч.Э, М.Х, Н ХХК-ийн хооронд байгуулсан даатгалын гэрээний харилцаа явагдах ёстой. Гэтэл Н ХХК даатгалын гэрээ байгуулахдаа тодорхой нөхцөлүүдийг сонгон авсан буюу гэнэтийн ослын даатгал, хөдөлмөрийн чадвар алдалт /70%-иас дээш алдсан/ гэх тохиолдлыг даатгасан. Зүй бус даатгалын гэрээнээс нөхөн төлбөр олгох нөхцөл үүссэн байхад даатгалын нөхөн төлбөр олгохоос үндэслэлгүйгээр татгалзаж байна. Даатгалын харилцаанд Ч.Э, М.Х нар нь орохдоо Төрийн банкнаас зээлдэгчдээ тавьж байгаа шаардлагын хүрээнд даатгалын гэрээ байгуулсанаас өөрөө хүсэж байгуулаагүй, зээлдүүлэгчээс тавьж байгаа стандарт нөхцөлийн хүрээнд тавьсан гэрээг байгуулсан. Гэсэн хэдий ч даатгалын нөхцөл бий болсон байхад Н ХХК нь нөхөн төлбөр төлөхөөс татгалзаж байгаа нь үндэслэлгүй. Нөгөө талаар Н ХХК-ийн хувьд  гэрээний агуулгыг тайлбарлаж ойлгуулаагүй. Амь насны даатгалын гэрээнд гэнэтийн ослын улмаас нас барсан бол нөхөн төлбөр олгоно гэж заасан. Тиймээс нэхэмжлэгч талаас талийгаачийн үхлийн шалтгааныг тодруулахаар шинжээч томилох хүсэлт гаргаж, шинжээчийн дүгнэлтэд ...талийгаачийн үхлийн шалтгаан болсон өвчин нь хурц, цочмог хэлбэрээр илэрч гэнэт нас барсан гэж дүгнэсэн. Нэхэмжлэлд талийгаач урьд нь нойр булчирхайн өвчнөөр өвчилж байгаагүй, ямар нэгэн байдлаар ийм хэлбэрийн эмчилгээ хийлгэж байгаагүй гэдэг ба энэ нь хэрхэн илэрсэн талаар шинжээчийн дүгнэлтэд тодорхой тусгасан. Өвчин гэдэг нэртэй боловч энэ нь гэнэтийн хэлбэрээр илэрдэг учраас гэнэтийн ослын улмаас нас барсан гэж үзэж байна. Ч.Э өнөөдрийг хүртэл зээлээ төлж байгаа. Даатгалынхаа нөхөн төлбөрөөс тодорхой хувийг төлж барагдуулсан тохиолдолд нэхэмжлэгчид ногдох зээлийн хэмжээ багасах юм. Ч.Э, Н ХХК-ийн хооронд байгуулагдсан даатгалын гэрээнд яг ямар тохиолдолд амь насаа алдсан бол даатгалд хамаарахгүй тухай гэрээний 5 дугаар зүйлд маш тодорхой заасан байдаг. М.Хгийн нас барсан шалтгаан нь даатгалын гэрээнд хамаарахгүй нөхцөлд тусгагдаагүй байна. Иймд  нөхөн төлбөр болох 46 сая төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагч  хариу тайлбартаа: Даатгалын гэрээ маань өөрөө сайн дурын үндсэн дээр хийгддэг. Хамтын ажиллагааны гэрээний 3.1.1 дэх заалтад ямар тохиолдолд амь насны даатгалд хамрагдах талаар заасан. Тухайлбал, даатгуулагч гэнэтийн ослын улмаас амь насаа алдсан бол, даатгалын гэрээний 3.2.1 дэх заалтад үндсэн зээлдэгч, хамтран зээлдэгч гэнэтийн ослын улмаас нас барсан үед нөхөн төлбөр олгохоор заасан байгаа.  М.Х нас барсан тохиолдол нь гэрээнд заасан нөхөн төлбөр олгох нөхцөлд хамаарахгүй байна. Шинжээчийн дүгнэлтийн эд эсийн шинжилгээний хариунаас харахад талийгаач М.Х нь нойр булчирхайн архаг, эвдрэлт, цочмог өвчний улмаас нас барсан, уг өвчин нь цочмог хурц хэлбэрээр илэрч гэнэтийн нас баралтад хүргэдэг. Энэхүү дүгнэлт нь Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн өвчний түүх, Эмгэг судлалын үндэсний хүрээлэнгийн протокол, эд эсийн шинжилгээний хариунаас тулгуурлан хийсэн шинжээчийн дүгнэлт юм. Уг дүгнэлтээс үзэхэд гэнэтийн осол гэсэн нэг ч өгүүлбэр байхгүй бөгөөд талийгаачийг өвчний улмаас буюу нойр булчирхайн үрэвсэлт өвчний улмаас нас барсан гэж дүгнэлт гарсан байдаг. Тэгэхээр талуудын хооронд байгуулсан амь насны даатгалын гэрээний 3.2.1-д заасан даатгалд хамаарахгүй нөхцөлд тооцогдож байгаа учраас даатгалын нөхөн төлбөр олгох боломжгүй. Гэнэтийн осол гэдгийг юу гэж үзэж байна гэхээр хэрвээ гэрээслэгч нас барсан бол манай байгууллага холбогдох материалуудыг бүрдүүлээд нөхцөл байдлыг шинжлэн судалдаг. Голлох баримт нь нас барсны гэрчилгээ. Эмнэлгийн гэрчилгээнд нас барсан газар, нас барсан хэлбэр гэж байдаг. Нас барсан гэдэгт эмнэлэгт, гэрт, хээр гадаа, тээврийн хэрэгсэл, ажил дээр, бусад газар гэж., нас барсан хэлбэр гэдэгт амиа хорлосон, бусдад хорлогдсон, үйлдвэрийн осол, зам тээврийн осол, бусад осол, өвчнөөр тодорхой бус гэсэн гэрчилгээ байдаг. М.Хгийн хувьд эмнэлэгт, өвчний улмаас нас барсан гэж тодорхой заасан, энэ нь дээрх заалтад хамаарахгүй. Даатгуулагчид гэрээ таалагдахгүй буюу нөхцөл шаардлага нь хууль бус гэж үзэж байсан бол өөрчлөлт оруулах, эсвэл гэрээ байгуулахгүй, татгалзах эрх нээлттэй байсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2018/00424 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н ХХК-д холбогдох   Ч.Эгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Эгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 387 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1038 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2018/00424 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

        Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Ч.Э, М.Х нар 2016-06- 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 10 дугаар байрны 252 тоот орон сууцыг Төрийн банкны зээлээр авсан. Тухайн үед Төрийн банкны шаардлагын дагуу 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Н ХХК-д Ч.Э, М.Х нар нь амь насаа даатгуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, Төрийн банкнаас зээлдэгчдээ тавьж байгаа шаардлага, стандарт нөхцөлийн хүрээнд даатгалын гэрээ байгуулсан бөгөөд өөрөө хүсч байгуулаагүй, Н ХХК-с ч даатгалын гэрээний агуулгыг тайлбарлаж ойлгуулаагүйгээс шалтгаалан Ч.Э, М.Х нар нь амь насаа л даатгуулж байна гэж ойлгосон байдаг. Гэтэл Н ХХК нь өөрийн эрх ашгийг хамгаалсан, даатгагчид илт байдал байгуулсан гэрээг тулган байгуулж түүнийг нь анхан шатны шүүхээс дүгнэхдээ Иргэний хуулийн 189.1-д заасан “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй”, зохигчид орон сууц, зээлдэгчийн амь насны даатгалын гэрээг хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан гэж тайлбарлаж байгаад гомдолтой байна. Ч.Э нарын хувьд  амь нас эрсэдсэн тохиолдолд даатгал үйлчлэнэ гэж ойлгосон бөгөөд даатгагчийн зүгээс дээрх байдалд тодруулга хийж тайлбарлаж өгөөгүй, амь насны даатгал л гэж ойлгуулсан байдаг. М.Хгийн өвчин нь цочмог хурц хэлбэрээр илэрч гэнэт нас барсан нь гэнэтийн осол буюу талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1.2.1 дэх заалтад хамаарч байхад шүүхээс хамааруулах үндэслэлгүй гэснийг  зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017-12- 06-ны өдрийн 1203 дугаар дүгнэлтэд “...М.Х нь нойр булчирхайн эвдрэлт цочмог үрэвсэл өвчний улмаас нас барсан байна...”, “...уг өвчин нь цочмог хурц хэлбэрээр илэрч гэнэтийн нас баралтад хүргэдэг болно...” гэж тодорхой дүгнэсэн байдаг. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

       Ч.Э 2017-05-16-ны өдөр Н ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, даатгалын нөхөн төлбөрт 46,000,000 төгрөг шаардсаныг /хх 1/ хариуцагч эс зөвшөөрч “...даатгалын тохиолдолд бий болоогүй...” гэж /хх 24/ маргасан байна.

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ. 

        Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан 15/а56 дугаартай хамтран ажиллах гэрээний дагуу Н ХХК, Төрийн банк ХХК нь 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр “Орон сууц зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ”-г зээлдэгч Ч.Э, хамтран зээлдэгч М.Х нартай байгуулсан байна. 

        Дээрх гэрээгээр зээлдэгч гэнэтийн ослоор нас барах, хөдөлмөрийн чадвараа түр алдах, бүрмөсөн алдах, гэнэтийн шалтгааны улмаас ажилгүй болох эрсдэл үүссэн тохиолдолд нөхөн төлбөр олгохоор харилцан тохиролцжээ.

       “Орон сууц зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ” хүчин төгөлдөр байх тул энэ талаар хийсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д нийцсэн байна. 

        Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ.    

       Нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээний 3.1.2.1-д ... үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгч нь гэнэтийн ослын улмаас нас барах...” тохиолдолд амь насны даатгалд  хамаарахаар заасан, М.Хгийн нас барсан шалтгаан нь дурдсан тохиолдолд хамаарч байгаа нь хэрэгт буй баримтаар тогтоогдоогүй байна.    

      Хоёр шатны шүүх Ч.Эгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо  Иргэний хуулийн 436, 443 дугаар зүйл, Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хэвээр үлдээв. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2018/00424 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1038 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 388.500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ