Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 277

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 03 өдөр

      Дугаар 182/ШШ2017/00277

                    Улаанбаатар хот

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сүргуулийн 27 дугаар гудамжны 529 тоотод оршин суух, Боржигон овогт Жанцансамбуугийн Алтанболд /РД:ХЕ55070414/-ын хүсэлттэй,

            ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан  хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ж.Алтанболд, гэрч Д.Цэндсүрэн, Л.Пүрэвсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гэрэлчулуун нар оролцов.

                                                                                                         

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Хүсэлт гаргагч Ж.Алтанболд шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 1971 оны 6 сарын 15-нд Архангай аймгийн Батцэнгэл сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөөд ангиараа эвлэлийн илгээлтээр мал аж ахуй дээр гарсан.

Тухайн үед манай ангийн эмэгтэйчүүд нь Батцэнгэл сумын Улаантуг нэгдлийн Улаан чулуу бригадад Лодоншарав гуайн удирдлага дор үнээний фирмд саальчинаар, эрэгтэйчүүд нь тус тусын бригадад мал маллах болсон.

Би Дэл бригадын адуучин Жамъян банди гэдэг хүний адууны суурьд адуучнаар очоод 3 жил адуу маллаж байгаад 1974 оны 6 сард цэрэгт явсан. Тухайн үед жаахан хүүхэд байсан болохоор хөдөлмөрийн дэвтэр дээр энэ бүх бичилтийг хийлгээгүй бөгөөд цэргээс халагдаад эргэж очиж ажиллаагүй учраас миний анх адуучин болсон тушаал олдохгүй байна.

Ийм учраас 1971 оны 6 сарын 15-наас 1974 оны 6 сарыг хүртэл Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн Дэл бригадад адуучинаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү” гэв.

 

       Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

       Хүсэлт гаргагч Ж.Алтанболд 1971 оны 6 сарын 15-наас 1974 оны 6 сарыг хүртэл Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн Дэл бригадад адуучинаар ажиллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд хандсан байна.

 

       Ж.Алтанболд нь 1971 оны 6 дугаар сард Архангай аймгийн Батцэнгэл сумын 8 жилийн сургуулийг төгсөөд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр ангиараа мал аж ахуй дээр гарч тус сумын Улаан туг нэгдлийн Дэл бригадад адуучинаар ажиллаж байсан болох нь гэрч Л.Пүрэвсүрэнгийн “...Бид 8 дугаар ангиа төгсөөд Хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн Улаан чулуу болон Дэл бригадад эмэгтэйчүүд нь саальчинаар, эрэгтэйчүүд нь малчнаар тус тус очсон. Алтанболд тэгэхэд Дэл бригадад адуу маллахаар очсон. Ингээд би 1974 оны намар Хөдөө аж ахуйн их сургуульд суралцахаар урилга аваад ирсэн. Х.Алтанболд 6 сард нь цэрэг явчихсан. Би бас Сүхбаатар дүүргийн шүүхээр орж илгээлтийн эзнээр очиж саальчинаар ажиллаж байснаа тогтоолгож байсан...”, гэрч Д.Цэндсүрэнгийн “...Алтанболд бид 2 нэгдүгээр ангиасаа хамт нэг ангид сурч байсан бөгөөд 8 дугаар ангиа төгсөөд эвлэлийн илгээлтээр ангиараа мал дээр гарч байсан. Би Улаан чулуу бригадад үнээний фирмд саальчин байсан. Харин Х.Алтанболд адуучин байсан....” гэх мэдүүлэг, 09559 дугаартай Д.Цэндсүрэнгийн МХЗЭ-ийн хүндэт илгээлт, 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 146 дугаартай Л.Пүрэвсүрэнгийн ажилласан жилийг тогтоосон Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэр, фото зураг, хүсэлт гаргагчийн тайлбараар тус тус тогтоогдож байна.

 

Иймд хүсэлтийг хангаж Ж.Алтанболдыг 1971 оны 6 сарын 15-наас 1974 оны 6 сарыг хүртэл Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн Дэл бригадад адуучинаар ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.     

                            

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг удирдлага болгон

 

  ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ж.Алтанболдыг нь Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн Дэл бригадад 1971 оны 6 сарын 15-наас 1974 оны 6 сарыг хүртэл адуучинаар ажиллаж байсан болохыг тогтоосугай. 

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар Ж.Алтанболдын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

         

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ                                         Х.ДАШДЭЧМАА