| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 171/2020/0052/Э |
| Дугаар | 0086 |
| Огноо | 2020-03-05 |
| Зүйл хэсэг | 10.1.2.1., 10.1.2.7., |
| Улсын яллагч | Н.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 0086
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг, шүүгч Ж.Дэлгэрмөрөн нарын бүрэлдэхүүнтэй
Иргэдийн төлөөлөгч П.О
Улсын яллагч Н.Д
Хохирогч Ц.Ш
Хохирогчийн өмгөөлөгч Б.
Шүүгдэгч Л.М
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.7 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.М-д холбогдох эрүүгийн 1925000000049 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Л.М
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Л.М нь Орхон аймаг Баян-Өндөр сумын Булаг багийн 4 дүгээр гудамжны 01 тоотод 2019 оны 01 сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 65 настай Б.Дашзэвэгийг зодож, биед нь олон тооны гэмтэл шарх үүсгэн, хүнийг бие хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан, онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Л.М-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 01 сарын 27-ны өдөр 12 цагийн үед Дашзэвэг ахынд орсон. Тэднийд Батсайхан, Гангаамаа, Мөнхөө нар байсан. Би тэднийхээс гарч Цэцгээтэй уулзаад буцаад Дашзэвэг ахынд очиход Дашзэвэг ах Гангаамаа хоёр байж байсан. Тэгээд би буцаад гэр рүүгээ явсан. Удалгүй ажилд явах учир айлаас цүнхтэй хувцсаа авахаар найзыгаа дуудаж машинтай нь явсан. Бид 2 ганц шил архи авч уугаад Танил зах руу хүнтэй уулзах гээд очсон. Тэнд очоод хүнээс машины сэлбэг авах байснаа аваад явсан. Мөн 5-р микрт найз хүүхэн Туултай очиж уулзсан. Тэгээд бид 2 айлд очиж бас нэг шил архи уусан. Тэгээд найз маань гэрт хүргэж өгсөн. Өдөр нь талийгаачийн дотор муу байна гэсэн болохоор 1 шил архи авч Дашзэвэг ахынд очсон. Намайг ороход Батсайхан, Гангаамаа, Эрдэнэбулган, Дашзэвэг ах 4 байж байсан. Бид архиа уусан. Би нилээн согтсон. Болсон асуудлыг бүүр түрхэн санаж байна. Цэцгээгийн дэлгүүрт хэзээ очсоныг санахгүй байна. Тэгээд өглөө гэртээ сэрсэн. Би тэр өдөр 3 шил архи уусан. Гангаамаа Батсайхан хоёрыг хэдий үед явсныг мэдэхгүй байна. Дахиж архи авахдаа талийгаач бид 2 явж байсан гэдэг. Сайн мэдэхгүй байна. Тэгээд өглөө сэрэхэд гар утас цэнэггүй болсон байсан. Цэнэглээд асаагаад Дамбийжанцантай ярьчихаад гарч талийгаачийнд очсон. Очиход орны урдуур унасан цустай холилдсон байдалтай байсан. Дуудаад татахад ухаангүй сэрэхгүй байсан. Тэгээд гараад урд дэлгүүр орж Алтантуяагаар гэр рүү нь залгаж Дашка ахын бие муу байна гэж хэлсэн. Шөнө миний дугаараас гэр рүү нь хэн залгасныг мэдэхгүй. Дашка ахыг хэдий үед нас барсныг мэдэхгүй. Миний бодлоор Батсайхан талийгаачийг урьд нь зодож дарамталж байсан болохоор холбоотой байж магадгүй гэж бодож байгаа. Өглөө босохдоо хувцсаа цус болсон эсэхийг анзаараагүй. Дашка ахынд орчихоод буцаад гэртээ ирж аав, ээжид хэлсэн. Тэгээд хувцсаа цус болсон болохоор сольсон. Би цагдаа дуудаагүй. Гараад ирэхэд цагдаа ирсэн байсан. Ер нь бол би талийгаачийг янз бүрээр доромжилж хэлж байгаагүй. Хөгшин гөлөг минь гэж хэлээгүй. Гангаамаа худал хэлж байна. Эрдэнбулган, Гангаамаа, Батсайхан эд нар цуварч гараад талийгаач бид хоёрыг үлдсэн гэж Гангаамаа худал хэлсэн байна. Шөнийн 11:30 цагийн үед дэлгүүр дээр явж байсан гээд яригдаад байгаа. Намайг маш их согтолттой байсан гэдэг. Шүүх хурал дээр өгч байгаа мэдүүлэг маань үнэн. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг бол тийм байсан болов уу гэж бодож өгсөн. Тухайн үед өмссөн хувцас дээр нь цус байна гэж шинжээч нар хэлсэн. Би өглөө ороод талийгаачийг яав ийв гээд өргөсөн. Тэгэхэд цус болсон байх. Гар нь хөшсөн байсан. Газар дээрээс нь дээшээ өргөөд буцаагаад тавьсан. Тэрнээс хөдөлгөөгүй. Батсайхан архи уучихаараа дарамталдаг гэж талийгаач хэлдэг байсан. Тэгэхээр Батсайхан худал мэдүүлэг өгсөн гэж бодож байгаа. Батсайхан, Гангаамаа 2 хашаа давж явсан гэдэг. Гэтэл Гангаамаагийн хувьд хөл гар нь хугархай. Хашаа давах чадваргүй. Талийгаачийг баруун гараараа нүүрээр нь өргөөд буцаагаад тавьсан. Гар нь хүйтэн болсон байсан. Яагаад миний хувцас цус болсныг мэдэхгүй байна. Эд мөрийн баримтаар хураагдсан савхин куртка, саарал брюкэн өмд, үдээстэй бор өнгийн гутал миний өмсөж явсан хувцас мөн. Эдгээр хувцсаа цагдаатай таарахдаа сольсон байсан. Миний хувьд энэ хэргийг өөрийгөө үйлдсэн гэдэгт эргэлзээтэй байгаа. Би архи ууж тасарсан байсан. Хохирогчийг хэдий үед нас барсан яасан ийснийг санахгүй байна. Гангаамаа, Батсайхан 2 яагаад худлаа яриад байгааг ойлгохгүй байна. Батсайхан архи уухаараа агсан. Энэ талаар маш олон хүн мэднэ. Батсайхан урьд нь талийгаачийг зоддог байсан. Би Батсайханд хэлж байсан гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Ц.Ш-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Миний мэдэхээр Л.М нь 2001 оноос талийгаач ахынхаар байнга орж гардаг байсан. Ах маань энэ хүнээс их айдаг байсан. 2017 оны 10 сард ахыг зодож хэвтэрт оруулж байсан. Би энэ хүнтэй яагаад зодчихвоо гэж утсаар ярьж байсан. Энэ хүн архинд буруу өгөөд байна. Ах маань яаж зовж үхсэн бол. Бидний хувьд туйлын гомдолтой байна. Амийг нь амиар солимоор байна. Хохирогч талтай ганц ч удаа энэ хүний ар гэр болон өөрөө уулзаагүй. 90 гарсан хөгшин ээжид нь энэ талаар хэлээгүй. Өдөр болгон хүүгээ нэхэж байна. Талийгаач 65 настай хүн байсан. Эрүүл мэндийн хувьд урьд нь энэ хүнд зодуулснаас хойш хөл дээрээ муу явдаг болсон байсан. Оршуулгын зардал 4.500.000 төгрөгийг нэхэмжилнэ. Хохирол төлөгдөөгүй байгаа гэв.
-Гэрч Х.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би өчигдөр буюу 2019 оны 01 сарын 27-ны өдөр 18 цаг өнгөрч байхад ажлаа тараад талийгаач Дашзэвэгийн гэрт очсон чинь талийгаач Дашзэвэг, Гангаамаа хоёр тэдний гэрт байсан. ...Мэндээ ганцаараа нэг шил 0,75 граммын Ерөөл барьчихсан, нэг цүнхтэй эд зүйл үүрчихсэн орж ирсэн. Орж ирээд Мэндээ намайг архи аяга л гэсэн тэгэхээр нь би чадахгүй, бид нар архи уухгүй гэж хэлсэн чинь Мэндээ намайг банди минь, лалар минь, чамайг мещок болгох уу гээд намайг заамдаж аваад зодох гээд байсан, мөн Гангаамааг гичий, янхан, мөнгө өгье хоёулаа гаръя гээд байсан, талийгаач өвгөнийг хөгшин банди минь, гөлөг минь, чи нохой шиг амьдарч байгаа биз дээ гэх мэтээр хэлж яриад агсам тавиад байсан. Би Мэндээг боль зүгээр бай, чи архиа аваад яв, бид нар архи уухгүй гэж зөндөө хэлж гуйсан. Оройн 21 цаг өнгөрч байхад миний үзэж байсан кино дууссан бөгөөд Мэндээг хэлэх, хэлэхгүй үгээр хэлээд агсам тавиад байхаар нь Гангаамаад хөнжил, гудсаа ав, машиндаа очиж хоноё гээд гарсан юм. Гангаамаа бид хоёрыг талийгаачийн гэрээс гарахад Мэндээ болон талийгаач Б.Дашзэвэг ах хоёр үлдсэн. Мэндээгийн авч ирсэн архи бүтэн үлдсэн. Гангаамаа бид хоёр Булаг багийн 23-8 тоотод байх миний өөрийн эзэмшлийн 96-23 ОРО улсын дугаартай Митсубиши Пажеро загварын машинд очиж хоноод өглөө 11 цаг 30 минутын орчим сэрээд хувцсаа өмсөөд ажилдаа очихоор гарсан. Тэндээс гарахдаа модон хайрцагны нэг талыг авч гараад талийгаач Б.Дашзэвэг ахын хашааг давуулж шидээд урагшаа ажил руугаа явсан. Гангаамаа тэр модыг хагалж цай хоол хийж иднэ гээд Дашзэвэг ахын хашаа руу орсон юм. Би ажил ругаа явж байтал араас Гангаамаа дуудсан яваад очтол Дашка ах гэртээ цус нь гарчихсан хэвтэж байна, би сая цагдаа түргэнд дуудлага өгчихлөө гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /1 хх 131-132 ху/,
-Гэрч Ц.Г-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би Дашзэвэг ахтай танилцаад 5, 6 жил болж байна. Тэр үеэс хойш гэрээр нь орж, гарч явдаг болсон, хуурай ах дүүгийн харилцаатай. Дашзэвэг ахын дүү нь 10 гаран хоногийн өмнө нас барсан гээд хот руу явсан бөгөөд нөхөр Батсайхан бид хоёрыг гэрийг нь харж байсан юм. Ажил явдлаасаа Дашзэвэг ах ирээд бид хоёрыг хамт байгаач гэж гуйсан тэгээд хамт гэрт нь байх болсон. Өчигдөр буюу 2019 оны 01 сарын 27-ны өдөр Батсайханы гэр болох Эрдэнэ баг руу явахаар болсон. Явахаасаа өмнө 25 дугаар сувгаар гардаг Шеф нэртэй киног үзэчихээд явъя гээд Батсайхан, Дашка ах бид гурав кино үзээд сууж байтал Мэндээ буюу Л.М гэдэг залуу гаднаас нилээн согтолттой 1 шил 0,75 литрийн Ерөөл архи барьчихсан орж ирсэн, тэр үед яг цаг хэд болж байсныг тодорхой хэлж мэдэхгүй байна ямар ч байсан “Шеф” гэдэг кино 20 цаг 10 минутанд эхэлдэг. Мэндээ орж ирээд нилээн согтуу байсан бөгөөд Дашка ахтай нөгөө архиа хувааж уусан. Батсайханыг хувааж ууя гэсэн. Тэгтэл Батсайхан маргааш манай аав ирэх гэж байгаа учраас би архи уухгүй гэж хэлсэн, тэгээд Батсайхан надад хандаж хувцсаа өмс гэж хэлсэн. Тэгтэл Мэндээ Батсайхан руу чи архи уусангүй эр хүн байж гээд агсарч, хэл амаар доромжилсон. Тэр үед Батсайхан Мэндээд хандаж чиний архи уусан газар яахаараа хэрүүл маргаантай байдаг юм гэж хэлтэл Мэндээ өөдөөс нь хуц гэж хэлээд Дашка ах руу Мэндээ дайраад энийг чинь зодох уу гэж агсарч та хоёр зайл гээд хөөгөөд байсан. Энэ үед Дашка ахын гэрт Мэндээ тэр хоёр үлдээд Батсайхан бид хоёр ярьж байгаад явъя гээд Батсайхан хөнжлөө эвхээд арын хашаагаар нь давуулан шидээд, бид хоёр хойшоо хашаа даваад явсан. Бид хоёр Батсайханы машин байгаа газар очиж хамт унтсан. Тэр үед би Дашка ахын гэрээс гарахдаа цүнхээ мартсан байсан тул 2019 оны 01 сарын 28-ны өглөө 12 цагийн үед Дашка ахын гэрт орсон, тэгтэл Дашка ах цус нөжтэйгээ холилдсон орны дэргэд доош харсан байдалтай байхаар нь би эргэж гараад урд талд нь байх дэлгүүр рүү орж цагдаагийн 102 дугаарын утсанд дуудлага өгсөн юм гэсэн мэдүүлэг / 1 хх 135-138 ху/,
-Гэрч Б.А-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...95559075 гэсэн дугаарыг би мэдэхгүй байна. Тэр шөнө надруу хэн ярьсаныг мэдэхгүй. Яриагүй байх гэж бодож байна. Залгасан байж магад би ч сонсоогүй байж мэднэ. Ямар ч байсан шөнө талийгаач надтай яриагүй. Нэг зүйлийг нэмж хэлэхэд 2018 оны 12 сард Л.М надруу нэг удаа залгаснаа Дашка ах нэг их сонин байна. Хий юм хараад байна гэж хэлсэн. Дараахан нь Улаанбаатар хотод дүү нь нас бараад ажил явдал дээр нь талийгаачтай уулзахдаа чи гайгүй юу, чамайг балайраад байна гэж Мэндээ гэж залуу хэлсэн гэхэд аан яахав балайрч л байхгүй юу гэж хэлснээс өөр зүйл яриагүй. Тухайн үед нь би хэлж байсан тэнд газраа хэцүү байвал хүрээд ирэхгүй юу даа гэхэд ирнэ ээ насны хишигтээ орчихоод ирье гэж байсан гэсэн мэдүүлэг /1 хх 126 ху/,
-Гэрч Н.Ц-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Өчигдөр буюу 2019 оны 01 сарын 27-ны өглөө Л.Маас салсан юм. Би түүний гэрт 2019 оны 01 сарын 26-ны өдөр очиж хоноод өчигдөр өглөө босоод гараад явсан юм. Тэрээр гэртээ ганцаараа унтаад үлдсэн юм. Гэрт нь өөр хэн нэгэн хүн байгаагүй, мөн бид хоёр хоёулахнаа хоносон юм. Энэ хоносон өдөр бол ямар нэг байдлаар бид хоёр архи дарс уугаагүй. Тэрээр өчигдөр өдөр намайг Хүрэн дэлгүүр дээр байхад 16-17 цагийн үед ганцаараа орж ирээд тамхи аваад гарсан юм. Ингэж ирэхдээ эрүүл орж ирсэн юм. Тэгээд нэлээн орой 23 цаг өнгөрч байхад дэлгүүр хаагаагүй байхад мөн Булаг багт байдаг машин техник засварладаг жинхэнэ нэрийг нь мэдэхгүй “Дашка ” ахтай хоёулаа бага зэрэг халамцуу орж ирээд архи зээлээр өгчих гээд байсан юм. Би зээлээр өгөхгүй, юу яриад байгаа юм бэ гээд өгөхгүй гэдгээ хэлсэн юм. Тэгсэн чинь Дашка ах Монгол стандарт архинаас 0.75 литрээс нь нэг шилийг зээлээр өгчих гар утсаа барьцаанд тавьчихъя гээд байсан юм. Тэгээд ингэж гуйгаад байхлаар нь би гар утсыг нь авч үлдээд 1 шил архи өгөхөөр болсон юм. Тэгсэн чинь Л.М Ерөөл архи авчих гээд тэр хоёр 0,75л-ийн Ерөөл архи аваад явсан юм. Мөн тэр хоёр 2 ширхэг бэлэн хоол аваад явсан юм. Өөр ямар нэг эд зүйл хүнсний бараа аваагүй. Тэгээд энэ хоёрыг явсны дараа би хэсэг байж байгаад дэлгүүрээ хаасан юм. Ингээд тэр хоёртой одоог хүртэл уулзаагүй байна. Харин өнөөдөр 13-14 цагийн үед охины 9936-тай дугаараас Л.Мы 0955-тай дугаар луу нь залгахад холбогдох боломжгүй байсан гэсэн мэдүүлэг /1 хх 140 ху/,
-Гэрч М.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 01 сарын 27-ны өдөр буюу Бүтэн сайн өдрийн өглөө 11 цагийн үед би гэрээсээ гарахад гэрийнх нь хаалга цоожгүй байсан. Гэхдээ би гэрлүү нь ороогүй. Төвөөр ажилтай явж байгаад эргэж гэртээ ирээд байж байтал 16 цагийн үед ахмадын зөвлөлөөс дуудахаар нь гэрээс гарахад мөн хаалга нь цоожгүй байсан. Гадуур ажилтай явж байгаад оройн 20 цагийн үед гэртээ ирэхэд хаалга нь цоожтой байсан. Нөхрөөсөө хүү хаашаа явсан харж мэдсэн үү гэхэд хараагүй л гэж хэлсэн. Ингээд хоол цайгаа идэж уунгаа ТВ-9 суваг дээр гардаг олон ангитай мөрдөгч нэртэй билүү тийм кино үзээд сууж байтал нохой хуцсан тэгэхээр нь юу юм бол гээд цонхоор хартал хүн орж ирж яваа харагдаагүй. Би 2 ч удаа босч харсан. 23 цагийн үед кино дуусах үед би гарч бие зассан. Бие засчихаад байшин руу нь дөхөж очтол хаалга нь цоожтой байсан. Ингээд унтаж амарсан. Шөнө 03 цаг өнгөрч байхад гарч бие засчихаад байшин руу нь дөхөж очтол хүү ирчихсэн хаалганы цоож нь байхгүй байсан. Хүүгийн байшин манай байшин хоёр зэрэгцээ тус тусдаа байдаг юм. Ингээд би маргааш өглөө буюу 2019 оны 01 сарын 28-ны өдрийн 10 цагийн үед гэрээс гарахдаа байшин руу нь хартал хаалга нь цоожгүй дотроо байгаа бололтой байсан. Би зах орж айраг цагаан идээгээ авчихаад гэртээ иртэл хүүгийн байшингийн хаалга мөн л цоожгүй дотроо байгаа бололтой харагдсан. Би гэртээ орж цай уугаад сууж байтал Мэндээ гаднаас ээжээ гараад ир гэхээр нь юу болов гээд гараад очтол Дашка ах эвгүй болчихсон байна гэхээр нь чи хэзээнээ тийшээ яваад очдог юм гэхэд харин би цэнэглэгч авах гээд очтол тийм болчихсон байна гэж хэлсэн. Энэ тухай аавдаа бас хэлсэн. Тэр үед би ээж нь цагдаа, түргэн дуудах уу гэхэд за за яахав би өөрөө дуудъя гээд гараад явсан. Хүүг явсаны дараахан цагдаа нар орж ирж Мэндээг асуухад нь сая гараад явсан гэж хэлсэн. Бүтэн сайн өдөр буюу 01 сарын 27-ны өдөр би хүүтэйгээ таараагүй. Гэрлүү нь ороогүй. Ямар хувцастай явсаныг нь мэдэхгүй байна. Би тэр шөнө 03 цагийн үед гарч бие засахад хүү гэртээ ирчихсэн байсан. Тэр үед би гэрлүү нь бол ороогүй. 20 цагийн үед гэртээ ирэхэд лав гараад явчихсан байсан. Шөнө чухам хэдэн цагт ирсэнийг бол мэдэхгүй байна. 2019 оны 01 сарын 28-ны өдөр 12 цагийн үед л хүү гаднаас дуудаж болсон асуудлыг хэлсэн гэсэн мэдүүлэг /1 хх 148-149 ху/,
-Гэрч Ж.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би Болортуяа гэж эмэгтэйтэй хамтран амьдраад 4 жил шахам болж байна. Болортуяа талийгаачийн салсан эхнэртэй нь төрөл садангийн холбоотой байсан, тэр утгаараа бид талийгаачийн гэрээр орж гарч, хоол унд дөхүүлж өгдөг байсан. Миний хувьд талийгаачтай төрөл садангийн холбоо бол байхгүй. Талийгаачийн гэрээр сүүлд би 2019 оны 01 сарын 27-ны өдрийн 19-20 цагийн үед бараан захаас гэрлүүгээ харихаар явж байхад талийгаач хашааныхаа үзүүрт ганцаараа зогсож байсан, түүнтэй уулзахад тамхи байдаггүй, тамхи байвал өгөөч гэхээр нь за ямар ч байсан би гэртээ орж галаа түлчихээд гэрт чинь яваад орьё гэж хэлээд явсан. Би гэртээ орж гал түлчихээд шууд талийгаачийн гэрлүү орсон. Тэдний гэр манайх хоёр нэг гудамжинд байдаг юм. Гэрт нь ороход талийгаач Дашзэвэг болон Батсайхан, Гангаамаа нар байсан бөгөөд бантан хийж байгаа бололтой сууцгааж байсан. Тэр гурав гурвуулаа эрүүл, саруул байсан, Гангаамаа толгойгоо угаагаад сууж байсан. Тэдний хийсэн бантангаас идчихээд гарах үед Мэндээ гаднаас орж ирсэн. Тухайн үөд Мэндээ согтолттой байсан ч тэгтлээ их согтож муудсан зүйл ажиглагдаагүй. Мэндээг орж ирээд удаагүй байхад би зөрөөд гарсан. Тэр шөнөө тэдний гэрээр дахиж ороогүй. Орой нь манай эхнэр хүрээд ирчихсэн болохоор гэрээс гараагүй. Маргааш өглөө нь буюу 01 сарын 28-ны өдрийн 09 цагийн үед ажил руугаа явахдаа талийгаачийн гэрээр ороогүй шууд бараан зах руу ажил руугаа явсан. Тэрнээс хойш талийгаачтай уулзаагүй гэсэн мэдүүлэг /1 хх 153-154 ху/,
-Гэрч Б.М-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 01 сарын 27-ны өдрийн 16-17 цагийн үед намайг гэртээ байхад Мэндээ залгаснаа хувцастай цүнх гаргаад өгөөч гэхээр нь цүнхийг нь аваад гартал Шинэсүх гэж залуутай хамт байсан. Тухайн үед тэр хоёр эрүүл байсан. Мэндээ манайд хот руу явна гээд 3-4 хоногийн өмнө цүнхтэй хувцсаа орхисон тэрийгээ л ирж авсан. Тэр өдрөө дахиж Мэндээтэй уулзаагүй. Харин 22 цаг өнгөрч байхад байна уу цагийн багцааг тодорхой хэлж мэдэхгүй байна танихгүй Мобикомын дугаараас нэг дуудлага ирсэн. Дуудлагыг авахад Мэндээ “... би уучихсан байна, одоо ганц юм авах гэж байна, ирэх юм уу” гэхэд нь орой яаж гарах билээ, хэнтэй явж байгаа юм, хэний дугаараас залгаж байгаа юм гэхэд найзынхаа утаснаас ярьж байна гэж хэлсэн өөр бидний дунд яриа болоогүй. Тэр шөнө дахиж холбогдоогүй гэсэн мэдүүлэг /1 хх 159-160 ху/,
-Гэрч Д.А-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2019 оны 01 сарын 28-ны өдрийн 12 цаг өнгөрч байхад Манай дэлгүүрт Гангаамаа гэж хүүхэн орж ирээд Дашка ах нэг л биш байна, цус нөжтэйгээ холилдсон хэвтэж байна, би ч хурдхан шиг цүнхээ аваад гараад ирлээ гэхээр нь тэгээд амьд юм уу юм ярьж байна уу гэхэд мэдэхгүй харчихаад айсандаа хурдхан гараад ирлээ гэж хэлсэн. Тэгээд би гар утсаараа цагдаа руу залгаж дуудлага өгсөн. ...2019 оны 01 сарын 27-ны орой 20 цагийн багцаа байх Л.М гаднаас ганцаараа үүргэвч үүрчихсэн орж ирсэн. Дэлгүүрээс ямар нэг юм аваагүй ажилд явлаа гэлүү, армид явлаа гэлүү ойр зуурын юм ярьж байгаад л гараад явсан. Тухайн үед архи уухын хувьд уучихсан байсан гэхдээ бол өөрийгөө удирдах чадвартай байсан гэсэн мэдүүлэг /1хх 181-182 ху/,
-Яллагдагч Л.М-ы хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: ...Шинэсүхийн машинаас цүнхээ аваад шууд талийгаач Дашзэвэгийн гэр рүү орсон. Тэдний гэрт 20-21 цагийн багцаа орсон. Гэрт нь ороход Гангаамаа, Батсайхан, талийгаач гурав зурагт үзээд сууж байсан. Миний санаж байгаагаар Ёнг буюу Эрдэнэбулган гэж залуу байсан санагдаж байна. Хэрэв Ёнг байсан бол удаагүй гараад явчихсан байх ёстой. Ингээд Батсайхан, талийгаач, Гангаамаа бид 4 миний авчирсан 0,75 гр-ын архийг хувааж уусан. Архи ууж байхад Батсайхан маргааш аав хөдөөнөөс ирнэ гэлүү нэг тийм зүйл яриад байсан. Тухайн үед би архиндаа нилээн согтсон байсан. ...тэр үед би архиндаа тасраад унасан уу, хүнд цохиулсан уу хэсэг хугацаанд ухаан балартсан. Ямар хугацааны дараа мэдэхгүй нэг ухаан ороход талийгаачийн гэрт шалан дээр хэвтэж байсан. Мөн талийгаач орныхоо урд цус нөж болчихсон хэвтэж байсан. Харин Гангаамаа Батсайхан хоёр байгаагүй. Ямарч байсан сэрээд Цэцэгээгийн дэлгүүр дээр очиж түүнтэй уулзсан. Гэхдээ сэрсэний дараа юу эсвэл өмнө нь юм уу гэдгийг хэлж мэдэхгүй байна. Өөр хүнтэй уулзаагүй, гэртээ очиж хоносон. Хэдэн цагт харьсанаа мэдэхгүй байна. Маргааш нь 1 сарын 28-ны өглөө 12 цагийн үед гэртээ сэрээд халаасаа ухтал тамхи байхгүй болохоор нь нөгөө гурав дээр очьё гэж бодоод талийгаачийн гэр рүү ортол талийгаач орныхоо урд доошоо хараад цус болчихсон хэвтэж байсан. Би түүний гарнаас таттал гар нь хүйтэн хөшсөн маягтай болчихсон байсан. Энэ үед өмнөх орой нь миний унасан газрын ойролцоо миний малгай, тамхи хоёр хэвтэж байхаар нь аваад шууд гэр рүүгээ орж ээждээ болсон асуудлыг хэлсэн. ...гэрээс гараад явж байтал Дашка ахын гэрийн гадна цагдаа ирчихсэн байсан бөгөөд Мэндээ нааш ир гэж намайг дуудсан. Ерөнхийдөө ийм л асуудал болсон. ...тэр өдөр би дээгүүрээ хар бор өнгийн савхин хүрэм, хар саарал өнгийн брюкэн өмд, бор өнгийн гуталтай байсан гэсэн мэдлүүлэг /1 хх 241-246 ху/,
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 9 дугаартай дүгнэлтэнд:
1. ...Талийгаачийн биед хавсарсан гэмтэл: Гавал тархины битүү гэмтэл, гавлын ясны дух яс болон 2 талын чамархайн ясыг хамарсан хугарал, тархины хатуу бүрхүүл хальсан доорхи зүүн чамархай хэсгийн цусан хураа, тархины зөөлөн бүрхүүл доор цус харвалт, баруун хацар ясны цөмөрсөн хугарал, доод эрүүний баруун талын өнцөг хэсгийн хугарал, цээжний бүтүү гэмтэл, хоёр талын олон хавирганы цээжний хэлбэрийг алдагдуулсан /зүүн 2-10, баруун 2-9-р хавирганы/ далд зөрөөтэй хугарал, толгой их бие дээд доод мөчдөд зөөлөн эдийн олон тооны цус хуралт зулгаралт, язарсан шарх, зүүн нүдний салстад цус харвалт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Учирсан гэмтэлүүд нь шинэ гэмтлүүд байна. Хохирогчийг амьд үед нь үүссэн гэмтлүүд болно. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Өшиглөх, хатуу гадаргуутай зүйлээр цохих дэвсэх үед үүсэх боломжтой гэмтлүүд болно. Дээрх гэмтлүүд нь урдаас хойш чиглэсэн хүчээр үүсгэгдсэн бөгөөд хэвтээ босоо үед үүсэх боломжтой гэмтлүүд болно.
3. Талийгаачийн үхлийн шалтгаан нь хавсарсан гэмтэл, гавал тархины битүү гэмтэл гавлын ясны дух яс болон 2 талын чамархай ясыг хамарсан хугарал тархины хатуу бүрхүүл хальсан доор зүүн чамархай хэсгийн цусан хураа, тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, баруун хацар ясны цөмөрсөн хугарал, доод эрүүний баруун талын өнцөг хэсгийн хугарал, цээжний битүү гэмтэл хоёр талын олон хавирганы цээжний хэлбэрийг алдагдуулсан /зүүн 2-10, баруун 2-9-р хавирганы/ далд зөрөөтэй хугарал болно. Талийгаачид гол судасны хатуурал 1-2-р шат, элэгний өөхлөлт зэрэг архаг хууч өвчин тогтоогдсон бөгөөд эдгээр нь үхлийн шалтгаанд нөлөөлөхгүй болно.
4. Хэргийн газрын үзлэг эхлэхээс 8-12 цагийн өмнө нас барсан байна.
5. Дээрх гэмтлүүд үүссэнээс хойш богино хугацааны дараа нас барна.
6. Талийгаачийн цусанд этилийн спирт 2,55 промиль процент илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарагдана.
7. Талийгаачийн ходоод 250 мл хар хүрэн цусархаг агууламжтай байсан болно.
8. Талийгаач нь 0/1/ бүлгийн цустай болно гэсэн дүгнэлт /1 хх 190-192 ху/,
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 23 дугаартай дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд ирүүлсэн 0.75 литрийн “Ерөөл” гэсэн шошготой архины шилэн дээрээс 5 ширхэг гарын мөр илэрч байна.
2. Ёроол хэсэг нь хонхойсон 32х32х17 см хэмжээтэй цагаан өнгийн төмөр сав, ягаан өнгийн 25х10х20 см хэмжээтэй ус буцалгагч, хар өнгийн 17х17 см хэмжээтэй ус буцалгагчийн суурь, ногоон өнгийн иштэй нийт урт 23 см ажлын хэсэг нь 13 см хэмжээтэй бариул хэсэг нь 10 см хэмжээтэй заазуур, бор өнгийн иштэй нийт урт 21 см хэмжээтэй ажлын хэсэг нь 11 см бариул хэсэг 10 хэмжээтэй хутга зэргээс гарын мөр илрэхгүй байна.
3. Шинжлэгдэж буй 5 гэж дугаарласан гарын мөр нь Лхагвасүрэнгийн Л.Мы баруун гарын ядам хурууны хээгээр үүссэн байна гэсэн дүгнэлт /1 хх 199-200 ху/,
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 37 дугаартай дүгнэлтэнд:
1. Л.Мы биенээс авсан цусанд этилийн спирт 2.0 промиль процент илэрсэн болно.
2. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарагдана гэсэн дүгнэлт /1 хх 210 ху/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1275 дугаартай дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд ирүүлсэн хохирогчийн гэх хувцаснууд үмхийрч муудсан тул шүүх биологийн шинжилгээ хийх боломжгүй байна.
2. Л.Мы гэх хувцаснууд дээр цус илэрсэн. ДНХ-ийн лаборторид шууд шилжүүлэв гэсэн дүгнэлт /1 хх 217 ху/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1276 дугаартай дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд ирүүлсэн хөх саарал өнгийн босоо судалтай пиджак, брюкэн өмд, саарал өнгийн ноосон цамц, бор өнгийн түрийвч, 2 хажуугаараа улаан өнгийн судалтай хар өнгийн бэлтгэлийн өмд, ногоон өнгийн оруулгатай саарал өнгийн дотоож, улбар шар өнгийн футболка, шар улаан эрээн өнгийн богино түрийтэй өвлийн гутал, үстэй дотортой хар өнгийн нэхий, цайвар саарал өнгийн хөнжлийн даавуу зэрэгт цус илэрч байна.
2. Илэрсэн цус нь ауитосомын ДНХ-ийн D3S1358, TH01, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S317, D7S820, D16S539, CSF1PO8 Penta D vWA, D8S1179, TPOX, FGA гэсэн локусын аллелиар Б.Дашзэвэгийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.
3. ХГҮ-ээр зуухны доороос авсан тамхины иш 4 ширхэг, цогцосны зүүн талаас авсан тамхины иш 4 ширхэг зэрэг нь ДНХ-ийн харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй байна.
4. Талийгаач Б.Дашзэвэгээс авсан гэх хумсанд цус илэрч байна. Илэрсэн цус нь Б.Дашзэвэгийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.
5. Л.Маас авсан гэх хумсанд цус илрээгүй гэсэн дүгнэлт /1 хх 223-224 ху/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1298 дугаартай дүгнэлтэнд:
1. Хохирогч Б.Дашзэвэгийн гарын баруун, зүүн хэсэгт байсан үснүүд нь хүний үс бөгөөд шинжилгээнд ирүүлсэн Л.М, Ц.Гангаамаа, Н.Цэцэгээ, Х.Батсайхан нарын эхнийнх нь ч үсний ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна.
2. Б.Дашзэвэгийн цогцост үзлэг хийх явцад авсан гэх толгойны үснүүд ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй байна гэсэн дүгнэлт / 1 хх 230 ху/
-Шүүх сэтгэц эмгэг судлалын 32 дугаартай дүгнэлтэнд:
1. Магадлуулагч Л.М нь урьд нь сэтгэцийн хувьд эрүүл байсан. Одоо сэтгэцийн хувьд эрүүл байна.
2. Магадлуулагч нь хэрэг үйлдлийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.
3. Магадлуулагч нь хэрэг хариуцах чадвартай.
4. Магадлуулагч нь сэтгэцийн хувьд эрүүл тул цаашид албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй гэсэн дүгнэлт /2 хх 166-167 ху/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1030 дугаартай дүгнэлтэнд:
1. Шинжээчийн 2019 оны 02 сарын 13-ны өдрийн 09 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.
2. Нас барсан хугацааг тухайн үед хийгдсэн цогцосны гадна үзлэгийн үед тогтооно.
3. Талийгаачийн цогцост дух, хоёр талын чамархай ясыг хамарсан хугарал, зүүн чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины аалзан хальсанд доорх цус харвалт, баруун хацар ясны цөмөрсөн хугарал, эрүү ясны хугарал, хоёр талын олон хавирганы хугарал, толгой, их бие, дээд доод мөчдөд цус хуралт, зулгаралт, шарх, зүүн нүдний салстад цус хуралт гэмтэл учирсан байна. Учирсан гэмтлүүд нь талийгаачийг амьд үед үүссэн байна. Дух хоёр талын чамархай ясыг хамарсан хугарал, зүүн чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины аалзан хальсан доорх цус харвалт, хоёр талын олон хавирганы хугарал гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3, 3.1.11 зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун хацар ясны цөмөрсөн хугарал, эрүү ясны хугарал гэмтлүүд нь тус журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтлүүд нь 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээр гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
5. Талийгаач дээрх гавал тархи, цээжний хөндийн хавсарсан гэмтлийн улмаас гэмтлийн шокоор нас баржээ.
6. Дээрх гэмтлүүдийг аваад шууд үхэлд хүрнэ гэсэн дүгнэлт /2хх 241-243 ху/,
-Л.Мыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /1 хх 1-2, 236, 238, 239, 241-246, 2хх 129-130 ху/
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 12-16, 35-36 ху/
-Гэрэл зураг /1хх 17-32, 37-40, 42-43, 45-47, 56, 61, 193-195, 201-204 ху/
-Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 33-34 ху /
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 41 ху/
-Хувцасанд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 хх 44 ху/
-Хэл загвар, дээж авсан тэмдэглэл /1хх 48-51, 57 ху/
-Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 55 ху/
-Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 58 ху/
-Л.Маас түр хураан авсан гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 59-60 ху/
-Хохирлын баримт /1 хх 72-119 ху/
-Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /2хх 46 ху/
-Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 08 сарын 13-ны өдрийн 116 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2хх 48-50 ху/
-Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 27-ны өдрийн 333 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2хх 51-52 ху/
-Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2018 оны 04 сарын 27-ны өдрийн 179 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2хх 53-54 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаас үзэхэд 2019 оны 01 сарын 27-ны орой Л.М нь согтуурсан үедээ 0,75 граммын 1 шил архитай Б.Дашзэвэгийнд ороход Х.Батсайхан, Ц.Гангаамаа, Ж.Эрдэнэбулган нар байсан бөгөөд Ж.Эрдэнэбулган Л.Мтай зөрж гарсан, маргааны улмаас Х.Батсайхан, Ц.Гангаамаа нар удалгүй гарцгаасан, мөн шөнийн 23 цаг өнгөрч байх үед Л.М нь Дашзэвэгийн хамт Цэцгээ дээр очиж дэлгүүрээс нь 0,75 граммын Ерөөл архи зээлээр авч явсан байх бөгөөд Б.Дашзэвэгийг 2019 оны 01 сарын 28-ны өдрийн 12 цагийн үед гэртээ нас барсан байдалтай байсныг олж тогтоосон байна. Талийгаачийн биед гавал тархины битүү гэмтэл, гавлын ясны дух яс болон 2 талын чамархайн ясыг хамарсан хугарал, тархины хатуу бүрхүүл хальсан доорхи зүүн чамархай хэсгийн цусан хураа, тархины зөөлөн бүрхүүл доор цус харвалт, баруун хацар ясны цөмөрсөн хугарал, доод эрүүний баруун талын өнцөг хэсгийн хугарал, цээжний бүтүү гэмтэл, хоёр талын олон хавирганы цээжний хэлбэрийг алдагдуулсан /зүүн 2-10, баруун 2-9-р хавирганы/ далд зөрөөтэй хугарал, толгой их бие дээд доод мөчдөд зөөлөн эдийн олон тооны цус хуралт зулгаралт, язарсан шарх, зүүн нүдний салстад цус харвалт зэрэг олон тооны гэмтэл учирч, хавсарсан гэмтэл, гавал тархины битүү гэмтэл гавлын ясны дух яс болон 2 талын чамархай ясыг хамарсан хугарал тархины хатуу бүрхүүл хальсан доор зүүн чамархай хэсгийн цусан хураа, тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, баруун хацар ясны цөмөрсөн хугарал, доод эрүүний баруун талын өнцөг хэсгийн хугарал, цээжний битүү гэмтэл хоёр талын олон хавирганы цээжний хэлбэрийг алдагдуулсан /зүүн 2-10, баруун 2-9-р хавирганы/ далд зөрөөтэй хугарал гэмтэл нь үхэлд хүргэсэн байх ба эдгээр гэмтэл нь амьд байх үед үүссэн байна. Шинжээч талийгаачийн цусанд этилийн спирт 2,55 промиль процент илэрч энэ нь согтолтын хүнд зэрэгтэй байсан, шинжилгээ хийхээс 8-12 цагийн өмнө нас барсан гэж тогтоосон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Л.М-ы яллагдагчаар өгсөн “...би шууд Дашзэвэг ахын гэр рүү орсон. Тэдний гэрт 20-21 цагийн багцаа орсон. Гэрт ороход Гангаамаа, Батсайхан, талийгаач 3 зурагт үзээд сууж байсан, Миний санаж байгаагаар Ёнг буюу Эрдэнэбулган байсан шиг санагдаад байна, хэрэв байсан бол удаагүй гараад явчихсан байх ёстой. Ингээд Батсайхан, Гангаамаа, талийгаач бид 4 миний авчирсан 075 гр-ын архийг хувааж уусан. Архи ууж байхад Батсайхан маргааш аав хөдөөнөөс ирнэ гэл үү тийм зүйл яриад байсан. Тухайн үед би уусан архиндаа нилээн согтсон байсан. Архи ууж байхдаа би Батсайханд чи архи уухаараа Дашка ахыг дарамтлаад байгаа гэсэн шүү гэж хэлсэн, тэгтэл Батсайхан хэн тэгж байгаа юм гэхэд Дашка ах тэгж хэлсэн гэхэд хажуунаас талийгаач чи тэгээ биз дээ гэж хэлсэн. ...би архиндаа тасраад унасан уу, хүнд цохиулсан уу хэсэг хугацаанд ухаан балартсан. Ямар хугацааны дараа мэдэхгүй нэг ухаан ороход талийгаачийн гэрт шалан дээр хэвтэж байсан. Мөн талийгаач орныхоо урд цус нөж болчихсон хэвтэж байсан. Гангаамаа Батсайхан хоёр байгаагүй. Ямар ч байсан сэрээд Цэцгээгийн дэлгүүр дээр очиж түүнтэй уулзсан. Гэхдээ сэрсэний дараа юм уу эсвэл өмнө нь юм уу гэдгээ хэлж мэдэхгүй байна. Өөр хүнтэй уулзаагүй ямар ч байсан гэртээ очиж хоносон. Хэдэн цагт харьсанаа мэдэхгүй байна. Маргааш нь 1 сарын 28-ны өглөө 12 цагийн үед гэртээ сэрээд халаасаа ухтал тамхи байхгүй болохоор нь нөгөө гурав дээр очьё гэж бодоод талийгаачийн гэр рүү ортол талийгаач орныхоо урд доошоо хараад цус болчихсон хэвтэж байсан. Би түүний гарнаас таттал гар нь хүйтэн хөшсөн маягтай болчихсон байсан. Энэ үед өмнөх орой нь миний унасан газрын ойролцоо миний малгай, тамхи хоёр хэвтэж байхаар нь аваад шууд гэр рүүгээ орж ээждээ болсон асуудлыг хэлсэн” гэх мэдүүлэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч Х.Батсайханы “...Оройн 20 цаг өнгөрч байхад кино дөнгөж эхэлж байхад Мэндээ гэж залуу ганцаараа 1 шил 07,5 гр-ын Ерөөл барьчихсан, нэг цүнхтэй зүйл барьчихсан орж ирсэн. Мэндээг орж ирэхтэй зэрэгцэн Эрдэнэбулган гараад явсан, намайг архи хундагла гэж хэлэхэд би хундагалахгүй, архи уухгүй маргааш ажилтай хөдөөнөөс аав ах нар ирнэ гэж хэлээд дуусаагүй байтал Л.М над руу агсарч эхэлсэн. Чи яахаараа архи уудаггүй юм чамайг мищок болгоно, пизда нохойгоор дуудаж эхэлсэн. Мөн Гангаамаад хандаж хоёулаа гаръя гичий минь энэ лалрыг зодчихоод гаркъя гэж хэлсэн. ...Сүүлдээ Л.М агсан тавиад болохгүй болохоор нь Гангаамаа бид хоёр босч өрөөний баруун талд байсан хөнжлөө хуйлж эвхээд гарсан. ...машинд очиж хоноод өглөө 11 цаг 30 минутын орчим сэрээд хувцсаа өмсөөд ажилдаа очихоор гарсан. Тэндээс гарахдаа модон хайрцагны нэг талыг авч гараад талийгаач Б.Дашзэвэг ахын хашааг давуулж шидээд урагшаа ажил руугаа явсан. Гангаамаа тэр модыг хагалж цай хоол хийж иднэ гээд Дашзэвэг ахын хашаа руу орсон юм. Би ажил ругаа явж байтал араас Гангаамаа дуудсан яваад очтол Дашка ах гэртээ цус нь гарчихсан хэвтэж байна, би сая цагдаа түргэнд дуудлага өгчихлөө гэж хэлсэн” гэсэн, гэрч Ц.Гангаамаагийн “...Батсайхан, Дашка ах бид гурав кино үзээд сууж байтал Л.М гэдэг залуу гаднаас нилээн согтолттой 1 шил 0,75 литрийн Ерөөл архи барьчихсан орж ирсэн, тэр үед яг цаг хэд болж байсныг тодорхой хэлж мэдэхгүй байна ямар ч байсан “Шеф” гэдэг кино 20 цаг 10 минутанд эхэлдэг. Мэндээ орж ирээд нилээн согтуу байсан бөгөөд Дашка ахтай нөгөө архиа хувааж уусан. Энэ үед Дашка ахын гэрт Мэндээ тэр хоёр үлдээд Батсайхан бид хоёр ярьж байгаад явъя гээд Батсайхан хөнжлөө эвхээд арын хашаагаар нь давуулан шидээд, бид хоёр хойшоо хашаа даваад явсан. ...2019 оны 01 сарын 28-ны өглөө 12 цагийн үед Дашка ахын гэрт орсон, тэгтэл Дашка ах цус нөжтэйгээ холилдсон орны дэргэд доош харсан байдалтай байхаар нь би эргэж гараад урд талд нь байх дэлгүүр рүү орж цагдаагийн 102 дугаарын утсанд дуудлага өгсөн” гэсэн, гэрч Н.Цэцэгээгийн “...нэлээн орой 23 цаг өнгөрч байхад дэлгүүр хаагаагүй байхад мөн Булаг багт байдаг машин техник засварладаг жинхэнэ нэрийг нь мэдэхгүй “Дашка” ахтай хоёулаа бага зэрэг халамцуу орж ирээд архи зээлээр өгчих гээд байсан юм. Би зээлээр өгөхгүй, юу яриад байгаа юм бэ гээд өгөхгүй гэдгээ хэлсэн юм. Тэгсэн чинь Дашка ах Монгол стандарт архинаас 0.75 литрээс нь нэг шилийг зээлээр өгчих гар утсаа барьцаанд тавьчихъя гээд байсан юм. Тэгээд ингэж гуйгаад байхлаар нь би гар утсыг нь авч үлдээд 1 шил архи өгөхөөр болсон юм. Тэгсэн чинь Л.М Ерөөл архи авчих гээд тэр хоёр 0,75л-ийн Ерөөл архи аваад явсан юм. Мөн тэр хоёр 2 ширхэг бэлэн хоол аваад явсан гэсэн, гэрч М.Бүрэнжаргалын “...Гадуур ажилтай явж байгаад оройн 20 цагийн үед гэртээ ирэхэд хаалга нь цоожтой байсан. Нөхрөөсөө хүү хаашаа явсан харж мэдсэн үү гэхэд хараагүй л гэж хэлсэн. Ингээд хоол цайгаа идэж уунгаа ТВ-9 суваг дээр гардаг олон ангитай мөрдөгч нэртэй билүү тийм кино үзээд сууж байтал нохой хуцсан тэгэхээр нь юу юм бол гээд цонхоор хартал хүн орж ирж яваа харагдаагүй. Би 2 ч удаа босч харсан. 23 цагийн үед кино дуусах үед би гарч бие зассан. Бие засчихаад байшин руу нь дөхөж очтол хаалга нь цоожтой байсан. Ингээд унтаж амарсан. Шөнө 03 цаг өнгөрч байхад гарч бие засчихаад байшин руу нь дөхөж очтол хүү ирчихсэн хаалганы цоож нь байхгүй байсан. ...маргааш өглөө буюу 2019 оны 01 сарын 28-ны өдрийн 10 цагийн үед гэрээс гарахдаа байшин руу нь хартал хаалга нь цоожгүй дотроо байгаа бололтой байсан. Би зах орж айраг цагаан идээгээ авчихаад гэртээ иртэл хүүгийн байшингийн хаалга мөн л цоожгүй дотроо байгаа бололтой харагдсан. Би гэртээ орж цай уугаад сууж байтал Мэндээ гаднаас ээжээ гараад ир гэхээр нь юу болов гээд гараад очтол Дашка ах эвгүй болчихсон байна гэхээр нь чи хэзээнээ тийшээ яваад очдог юм гэхэд харин би цэнэглэгч авах гээд очтол тийм болчихсон байна гэж хэлсэн гэсэн, гэрч Ж.Эрдэнэбулганы “...Гэрт нь ороход талийгаач Дашзэвэг болон Батсайхан, Гангаамаа нар байсан бөгөөд бантан хийж байгаа бололтой сууцгааж байсан. Тэр гурав гурвуулаа эрүүл, саруул байсан, Гангаамаа толгойгоо угаагаад сууж байсан. Тэдний хийсэн бантангаас идчихээд гарах үед Мэндээ гаднаас орж ирсэн. Тухайн үөд Мэндээ согтолттой байсан ч тэгтлээ их согтож муудсан зүйл ажиглагдаагүй. Мэндээг орж ирээд удаагүй байхад би зөрөөд гарсан гэсэн, гэрч Д.Алтантуяагийн “...2019 оны 01 сарын 28-ны өдрийн 12 цаг өнгөрч байхад Манай дэлгүүрт Гангаамаа гэж хүүхэн орж ирээд Дашка ах нэг л биш байна, цус нөжтэйгээ холилдсон хэвтэж байна, би ч хурдхан шиг цүнхээ аваад гараад ирлээ гэхээр нь тэгээд амьд юм уу, юм ярьж байна уу гэхэд мэдэхгүй харчихаад айсандаа хурдхан гараад ирлээ гэж хэлсэн. Тэгээд би гар утсаараа цагдаа руу залгаж дуудлага өгсөн” гэсэн мэдүүлгүүдтэй тохирч байх ба талийгаачийн биед гавал тархины битүү гэмтэл, гавлын ясны дух яс болон 2 талын чамархайн ясыг хамарсан хугарал, тархины хатуу бүрхүүл хальсан доорхи зүүн чамархай хэсгийн цусан хураа, тархины зөөлөн бүрхүүл доор цус харвалт, баруун хацар ясны цөмөрсөн хугарал, доод эрүүний баруун талын өнцөг хэсгийн хугарал, цээжний бүтүү гэмтэл, хоёр талын олон хавирганы цээжний хэлбэрийг алдагдуулсан /зүүн 2-10, баруун 2-9-р хавирганы / далд зөрөөтэй хугарал, толгой их бие дээд доод мөчдөд зөөлөн эдийн олон тооны цус хуралт зулгаралт, язарсан шарх, зүүн нүдний салстад цус харвалт бүхий гэмтэл үүсч дээрхи гэмтлийн улмаас нас барсан болохыг тогтоосон 9 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээчийн 23, 37, 1275, 1276, 1298, 1030 дугаартай дүгнэлтүүд, шүүх сэтгэц эмгэг судлалын 32 дугаартай дүгнэлт, хавтаст хэргийн 17-32, 193-195 дугаар талд авагдсан гэр зургууд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 12-16, 35-36 ху/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Мыг 65 настай Б.Дашзэвэгийг зодож, биед нь олон тооны гэмтэл шарх үүсгэн, хүнийг бие хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан, онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэв.
Дээрхи нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Л.М-ы санаатай зодсон үйлдлийн улмаас Б.Дашзэвэгийн биед хавсарсан гэмтэл буюу гавал тархины битүү гэмтэл, гавлын ясны дух яс болон 2 талын чамархайн ясыг хамарсан хугарал, тархины хатуу бүрхүүл хальсан доорхи зүүн чамархай хэсгийн цусан хураа, тархины зөөлөн бүрхүүл доор цус харвалт, баруун хацар ясны цөмөрсөн хугарал, доод эрүүний баруун талын өнцөг хэсгийн хугарал, цээжний бүтүү гэмтэл, хоёр талын олон хавирганы цээжний хэлбэрийг алдагдуулсан /зүүн 2-10, баруун 2-9-р хавирганы/ далд зөрөөтэй хугарал, толгой их бие дээд доод мөчдөд зөөлөн эдийн олон тооны цус хуралт зулгаралт, язарсан шарх, зүүн нүдний салстад цус харвалт бүхий хүнд гэмтэл учирч улмаар амь нас нь хохирсон хор уршиг хооронд шалтгаант холбоотой болох нь дээрхи шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай бүрэн нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн үйлдэл нь амь хохирогч 65 настай Б.Дашзэвэгийн тухайн үед хүнд зэргийн согсолттой байсан, мөн олон тооны гэмтлийн улмаас биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, олон удаагийн үйлдлээр олон тооны шарх гэмтэл учруулж, шаналган амь насыг нь хохироосон, Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан хүний амьд явах эрхийн эсрэг, зориуд үйлдсэн санаатай үйлдэл мөн байх тул хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Би нилээн согтсон. Болсон асуудлыг бүүр түүрхэн санаж байна. Цэцгээгийн дэлгүүрт хэзээ очсоныг санахгүй байна. Тэгээд өглөө гэртээ сэрсэн. ...Дашка ахыг хэдий үед нас барсныг мэдэхгүй. Миний бодлоор Батсайхан талийгаачийг урьд нь зодож дарамталж байсан болохоор холбоотой байж магадгүй гэж бодож байгаа. ...Ер нь бол би талийгаачийг янз бүрээр доромжилж хэлж байгаагүй. Хөгшин гөлөг минь гэж хэлээгүй. Гангаамаа худал хэлж байна. Эрдэнбулган, Гангаамаа, Батсайхан эд нар цуварч гараад талийгаач бид хоёрыг үлдсэн гэж Гангаамаа худал хэлсэн байна. Шөнийн 11:30 цагийн үед дэлгүүр дээр явж байсан гээд яригдаад байгаа. Намайг маш их согтолттой байсан гэдэг. Шүүх хурал дээр өгч байгаа мэдүүлэг маань үнэн. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг бол тийм байсан болов уу гэж бодож өгсөн. Миний хувьд энэ хэргийг өөрийгөө үйлдсэн гэдэгт эргэлзээтэй байгаа. Би архи ууж тасарсан байсан. Хохирогчийг хэдий үед нас барсан яасан ийснийг санахгүй байна. Гангаамаа, Батсайхан 2 яагаад худлаа яриад байгааг ойлгохгүй байна. Батсайхан архи уухаараа агсан. Энэ талаар маш олон хүн мэднэ. Батсайхан урьд нь талийгаачийг зоддог байсан. Би Батсайханд хэлж байсан” гэж мэдүүлж, түүний өмгөөлөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар заалтыг зөрчсөн, дүгнэлтүүд хоорондоо зөрүүтэй, 9 тоот дүгнэлтээр талийгаач энэ гэмтлийг авсан үед 1 цагийн дотор үхэлд хүрнэ гэсэн байх боловч 16 цагийн үед үзлэг хийхэд хүүрийн толбо үүссэн байдаг, хүүрийн толбо хүн бүрт харилцан адилгүй байдаг гэдэг ч 3-4 цагийн дотор үүсдэг гэдэг. Тэгэхээр талийгаачийг хэдийд нас барсан болох нь эргэлзээтэй, мөн талийгаачийнд 1 сар гаран амьдарч байгаа Батсайхан Гангаамаа нарын авч гарсан хөнжил, Гангаамаагийн талийгаачийнд орхисон гэх цүнх, мөн шөнө нь талийгаач Л.М нарын дэлгүүрээс худалдаж авсан бэлэн гоймон /хэргийн газарт байгаагүй/, 1 хх-ийн 164-р хуудсанд өгсөн Баянжаргалын мэдүүлэгт дурьдсан талийгаачийн хашаан дагуу байх модон амбаарын дэргэд зогсож байсан 3 хүн, /Батсайхан, Л.М, Гангаамаа гурваас өөр 3 хүн байгаад байгаа/ зэргийг шалгаагүй, мөн хавтаст хэрэгт ширээний хөл байхгүй байсныг эрж хайсан талаар баримт байхгүй, мөн гэрч Батсайханы энэ 2 хүнийг гудманд байхыг байгаад гэр рүү нь орохыг харсан гэсэн мэдүүлгээр Батсайхан энэ хоёрыг хажууд нь байсан юм шиг л мэдүүлдэг, шөнийн 12 цагийн үед энэ гудамж гэрэлгүй, яаж хараад байгааг шалгаагүй, Батсайхан талийгаачийг нас барсан гэдгийг итгэхгүй орж харсан байдаг, гэтэл мэдүүлэгтээ гэрт нь ороогүй гэсэн байдаг, энэ зөрүүтэй мэдүүлгийг үүнийг шалгаагүй гэж тайлбарлан хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, нотолбол зохих зүйлийг нотлоогүй гэж мэтгэлцэж, хэргийг прокурорт буцаах тухай саналыг гаргаж байх боловч шүүх хүлээн авах боломжгүй. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан гэрч Б.Амаржаргал /1хх 126 ху/, гэрч Х.Батсайхан / 1 хх 131-132 ху/, гэрч Ц.Гангаамаа /1 хх 135-138 ху/, гэрч Н.Цэцэгээ /1хх 140 ху/, гэрч М.Бүрэнжаргал /1хх 148-149 ху/, гэрч Ж.Эрдэнэбулган /1хх 153-154 ху/, гэрч Б.Мөнхтуяа /1 хх 159-160 ху/, гэрч Д.Алтантуяа /1 хх 181-182 ху/ нарын өгсөн мэдүүлгүүд, шинжээчийн 9, 23, 37, 1275, 1276, 1298, 1030 дугаартай дүгнэлтүүдээр няцаагдаж байна.
Хэргийн талаар нотлогдвол зохих нөхцөл байдал бүрэн нотлогдсон, нотлох баримтууд ноцтой зөрүүгүй байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7 дахь хэсэгт заасан ”Хүнийг онц гаргис хэрцгийгээр биеэ хамгаалж чадахгүй болохыг нь мэдсээр байж алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүний хувийн байдал, хэрэг үйлдэгдэх үеийн нөхцөл байдал, хэргийн улмаас учирсан хохирлын шинж зэргийг харгалзан хорих ял оногдуулж хаалттай хорих байгууллагад эдлүүлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хохирлын хувьд хохирогч нь оршуулгын зардал 4.500.000 төгрөгийг нэхэмжилж нотлох баримтуудыг ирүүлсэн байх ба шүүгдэгчээс хохирлын дүнтэй маргаагүй, төлөхөө илэрхийлсэн тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь 264 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт хураагдсан ерөөл архины шил, ёроол хэсгээр хонхойсон төмөр сав, амь хохирогч Б.Дашзэвэгийн биед өмсгөөтэй байсан босоо судалтай хар өнгийн пиджак, цэнхэр ногоон өнгийн хөндлөн судалтай улбар шар өнгийн хоолойтой эрээн цамц, саарал өнгийн урт ханцуйтай цамц, XL гэсэн бичигтэй улбар шар өнгийн фудболк, D&С гэсэн бичигтэй саарал өнгийн дотоож, хар өнгийн 4 ширхэг оймс, шүүгдэгч Л.Мы гэрээс хураан авсан хар өнгийн нэхий дотортой савхин хүрэм, саарал өнгийн брюкэн өмд, бор өнгийн үдээстэй гутал, хэргийн газрын үзлэгээр байшингийн багананы хойд талын цус мэт зүйл дуссан хивсэнцэрийн хэсэг, цогцосны толгойн хажуу талаас шингээн авч хатаасан цус байшингийн багананы хажуу талаас авч хатаасан цус цагаан саарал өнгийн даавуу, шүүгдэгч Л.М, гэрт Х.Батсайхан, Ц.Гангаамаа Н.Цэцэгээ, талийгаач Б.Дашзэвэг нарын биенээс авч хатаасан цус, хэргийн газрын үзлэгээр зуухны доороос хураан авсан 4 ширхэг тамхины иш, цогцосны зүүн талаас хураан авсан 4 ширхэг тамхины иш, шүүгдэгч Л.Мы биенээс авсан 10-н хурууны хумс, талийгаач Б.Дашзэвэгийн биенээс авсан 10-н хурууны хумс талийгаач Б.Дашзэвэгийн цогцост хийсэн үзлэгээр зүүн гар дээрээс авсан үс мэт зүйл, мөн харьцуулах шинжилгээнд хүргүүлж буй шүүгдэгч Л.М, гэрч Ц.Гангаамаа, Н.Цэцэгээ, Х.Батсайхан нарын биенээс авсан үснүүд, шүүгдэгч Л.Маас хураан авсан Нокиа 6070 загварын гар утас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч - Л.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7-д заасан хүнийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7-д зааснаар шүүгдэгч Л.М-ыг 18 /арван найм/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-ы эдлэх 18 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-ы цагдан хоригдсон 264 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Мд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Л.Маас 4.500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Ш-т олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ерөөл архины шил, ёроол хэсгээр хонхойсон төмөр сав, амь хохирогч Б.Дашзэвэгийн биед өмсгөөтэй байсан босоо судалтай хар өнгийн пиджак, цэнхэр ногоон өнгийн хөндлөн судалтай улбар шар өнгийн хоолойтой эрээн цамц, саарал өнгийн урт ханцуйтай цамц, XL гэсэн бичигтэй улбар шар өнгийн фудболк, D&С гэсэн бичигтэй саарал өнгийн дотоож, хар өнгийн 4 ширхэг оймс, шүүгдэгч Л.Мы гэрээс хураан авсан хар өнгийн нэхий дотортой савхин хүрэм, саарал өнгийн брюкэн өмд, бор өнгийн үдээстэй гутал, хэргийн газрын үзлэгээр байшингийн багананы хойд талын цус мэт зүйл дуссан хивсэнцэрийн хэсэг, цогцосны толгойн хажуу талаас шингээн авч хатаасан цус байшингийн багананы хажуу талаас авч хатаасан цус цагаан саарал өнгийн даавуу, шүүгдэгч Л.М, гэрт Х.Б, Ц.Г-а Н.Ц-, талийгаач Б.Д нарын биенээс авч хатаасан цус, хэргийн газрын үзлэгээр зуухны доороос хураан авсан 4 ширхэг тамхины иш, цогцосны зүүн талаас хураан авсан 4 ширхэг тамхины иш, шүүгдэгч Л.Мы биенээс авсан 10-н хурууны хумс, талийгаач Б.Дашзэвэгийн биенээс авсан 10-н хурууны хумс талийгаач Б.Дашзэвэгийн цогцост хийсэн үзлэгээр зүүн гар дээрээс авсан үс мэт зүйл, мөн харьцуулах шинжилгээнд хүргүүлж буй шүүгдэгч Л.М, гэрч Ц.Гангаамаа, Н.Цэцэгээ, Х.Батсайхан нарын биенээс авсан үснүүд, шүүгдэгч Л.Маас хураан авсан Нокиа 6070 загварын гар утас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА
ШҮҮГЧИД Д.АРИУНЦЭЦЭГ
Ж.ДЭЛГЭРМӨРӨН