Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 717

 

 

 

 

 

 

   2020         08             03                                       2020/ШЦТ/717

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч А.Баясгалан,

шүүгдэгч Э.Б, П.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С овогт Э- Б, Д овогт П-н Б нарт холбогдох эрүүгийн ____________ дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, архитектор мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт /, С овогт Э- Б.

 

Монгол Улсын иргэн, 2001 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай,    эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхийн хамт, /, Д овогт П-н Б.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Э.Б нь 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 18 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Нарны гүүрний баруун доод талд хувийн эзэмшлийн зүлэг тарьсан газраар явлаа гэх шалтгааны улмаас иргэн П.Бын нүүр тус газар нь гараараа цохиж, хөлөөрөө өвдөглөж биед нь хамар ясны зөрүүгүй хугарал, баруун сарвуунд шарх, баруун зовхи, хамарт цус хуралт хамар, хүзүүнд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч П.Б нь 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 18 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Нарны гүүрний баруун доод талд хувийн эзэмшлийн зүлэг тарьсан газраар явлаа гэх шалтгааны улмаас иргэн Э.Бийн нүүр тус газар нь гараараа цохиж, барьцалдаж биед нь 36 дугаар шүдний сэтэрсэн хугарал, хүзүүнд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.Б, П.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэж үзэж тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгч Э.Б, П.Б нарт холбогдох хэрэгт яллагдагч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүх шүүгдэгч Э.Б, П.Б нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Шүүгдэгч Э.Б нь 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 18 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Нарны гүүрний баруун доод талд иргэн П.Бын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч П.Б нь 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 18 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Нарны гүүрний баруун доод талд иргэн Э.Бийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Шүүгдэгч Э.Б, П.Б нар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Бын өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 16 цаг 40 минутаас 17 цагийн үед Нарны гүүрээр алхаж байсан. Тэгээд “Амтат зоог” гэх нэртэй цайны газрын урд ямар нэгэн ус тогтоогүй, шороон хэсгээр гараад Нарны гүүрний шат руу явах санаатай байсан бөгөөд миний явсан зам дээр хоёр хүн хашлага, хайс хийж байсныг би мэдээгүй юм. Намайг шороон замаар гараад явж байтал хашлага, хайс хийх гэж байсан хоёр хүний ахимаг настай нь “гөлөг минь хүний газраар битгий яваад бай” гэж хэлэхээр нь би “ах аа энд ус тогтсон байна, усаар явах гэхээр миний гутал муухай болчихно” гэж хэлтэл тэр ах “бид хоёр юм хийх гэж байна” гэж хэлсэн. Би тэр ахад “уучлаарай би мэдсэнгүй” гэж хэлсэн боловч надад “чи зүлэгнийх нь мөнгийг өгч чадах уу” гэж хэлтэл түүний хажууд байсан залуу над руу шавар шидээд байсан. Тэгээд тэр залуу уурлаад байхаар нь би тэр залуугийн зүүн шанаа орчимд нь баруун гараараа нэг удаа цохиод зугтаасан. Гүйж байгаад зогстол надад цохиулдаг залуу намайг бариад авсан. Би тухайн залууг зөрүүлээд бариад автал нэг гараараа миний үснээс зулгааж, нөгөө гараараа нүүр, хамар орчимд 2-3 удаа цохисон. Тэр үед анх над руу уурлаад байсан ах гүйж ирээд гартаа барьсан модон иштэй төмөр алхаар миний баруун дал орчимд нэг удаа цохисон. Тэр үед нөгөө залуу миний толгойг доош дараад нүүр рүү нэг удаа өвдөглөсөн. Тэгээд намайг газар унахад  миний цээж орчимд 2 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-рт/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Бийн өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 17 цагаас 18 цагийн үед Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Нарны гүүрний баруун урд талд гэр бүлийнхээ эзэмшлийн газарт аавтайгаа хамт гадна талбайд зүлэг тариад гадуур нь хайс тавих санаатай байж байтал нэг танихгүй залуу манай зүлэг тарьсан газар дээгүүр гараад явчихсан. Тэр үед аав бид 2 тэр залууд ... наана чинь зүлэг тарьчихсан байгаа, цаагуур нь явчих... гэж хэлсэн. Гэтэл тэр залуу аав бид хоёрын өөдөөс “би яахаараа энэ газар дээгүүр явж болдоггүй юм” гэж хэлээд аав бид хоёртой маргасан. Тэгээд тэр “чаддаг юм бол гартаа байгаа алхаараа цохичих, би цагдаад өгнө” гэж маргаж байгаад тэр залуу миний зүүн шанаа орчимд баруун гараараа нэг цохьчихоод зугтчихсан. Тэгээд тэр залуу бидний урд гүйж байгаад Нарны гүүр болон орон сууцны гол хавьд зогсохоор нь би өөдөөс нь очоод түүнтэй барилцаж авсан. Тэгээд бид хоёр харилцан бие биетэйгээ барьлцалдаж аваад бие биеэ цохиж зууралдах үед манай аав араас ирж бид хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-рт/,

 

гэрч Д.Өлзийтулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Нарны гүүрний баруун урд талд гэр бүлийнхээ эзэмшлийн газарт том хүү Э.Бтой хамт зүлэг тариад, зүлэг тарьсан газартаа хайс хатгаад байж байтал 16 цагаас 18 цагийн үед хайс хийж байсан газар дээгүүр нэг танихгүй залуу гараад явчихсан. Би тэр залууд “чи наад зүлэг тарьсан газар дээгүүр битгий яваад бай, цаана байгаа явган хүний замаар яв” гэж хэлтэл “чадахгүй” гэж хэлсэн. Тэгээд тэр залуу манай хүү бид гурвын дунд маргаан гарсан. Тэр үед танихгүй залууд “би мөнгө төгрөгөө үрэн байж зүлэг тарьж байгаа” гэж хэлтэл тэр залуу надад “намайг дагаж очоод бэлэн мөнгөний машинаас мөнгө ав” гэхээр нь би “зайл” гэж хэлсэн. Гэтэл тэр залуу надад “буруу хүнээрээ оролдлоо” гэж хэлсэн. Тэр үед би тухайн залуу руу дөхөж очтол тэр залуу надад “чи намайг цохих юм бол цагдаад өгнө” гэж хэлсэн. Гэтэл манай хүү тэр залуугийн хажууд очиход  манай хүүгийн зүүн шанаа орчимд цохьчихоод намайг цохих гээд байхаар нь бултсан. Тэр залуу зугатаахаар нь манай хүү араас нь хөөгөөд явсан. Тэгэхээр нь би ч бас араас нь гүйсэн. Тэр үед манай хүү нөгөө залуу дээр очоод тэр хоёр хоорондоо барьцалдаж бие биеэ харилцан цохиж эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-рт/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 7748 дугаартай дүгнэлтэд:

  1. Э.Бийн биед зүүн доод 36 дугаар шүдний сэтэрсэн хугарал,

хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3.  Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг олсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ. /хх-ийн 29-30-рт/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 7753 дугаартай дүгнэлтэд:

1. 2. П.Бын биед хамар ясны зөрүүгүй хугарал, баруун сарвуунд шарх, баруун зовхи, хамарт цус хуралт, хамар, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 33-34-рт/,

 

Шүүгдэгч П.Бын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52-рт/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 53-рт/,

- Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /хх-57-58-рт/,

- Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 54-рт/,

- Эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 55-рт/,

- “ХААН” банкны депозит дансны хуулга /хх-59-рт/,

 

шүүгдэгч Э.Бийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41-рт/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42-рт/,

- Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 43-рт/,

- Төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 44-рт/,

- Эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 45-рт/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Э.Б, П.Б нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Э.Б, П.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагч нарт хүлээлгэх хариуцлагын талаарх саналыг яллагдагч Э.Б, П.Б нарт танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Хохирлын талаар:

Хохирогч Э.Б, П.Б нар нь сайн дураар эвлэрсэн, нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэх баримт /хх-ийн 81-82–рт/ авагдсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Э.Б, П.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар прокурорын гаргасан саналыг харгалзан шүүгдэгч Э.Бид 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч П.Бт 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, уг торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус шийдвэрлэв.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. С овогт Э- Б, Д овогт П-н Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Бид 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч П.Бт 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус  оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Э.Бид оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч П.Бт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Э.Б, П.Б нар нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 /арван тав/ нэгжийг  1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус тайлбарласугай.    

 

5. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б, П.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч нар, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 
                             ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ