Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 02

 

   М.А-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Т.Бямбажав, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдааанд

          Прокурор С.Мөнхтулга

          Шүүгдэгч М.А

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нармандах

          Нарийн бичгийн дарга Р.Оюунсүрэн нарыг оролцуулан

          Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолтой, М.А-д холбогдох  эрүүгийн 1728000000082 дугаартай хэргийг шүүгдэгч М.А-ын давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Насанжаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.

          Шарга морьт овгийн М.А, Монгол Улсын иргэн, Өмнөговь аймгийн Сэврэй суманд 1992 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Сэврэй сум, 3 дугаар баг, Өлгий гэх газар оршин суух, ял шийтгэлгүй гэх, регистрийн дугаар: КГ92103114.

          Шүүгдэгч М.А нь Өмнөговь аймгийн Сэврэй, Баяндалай сумын нутагт 2017 оны 06 дугаар сараас 11 дүгээр сарын хооронд хамтран амьдрагч М.О-г байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших эрхэд халдсан, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

          Өмнөговь аймгийн Прокурорын газраас М.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

          Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж 157 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч М.А-ын үйлдэлд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших эрхэд байнга халдсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч М.Ариунтулгыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч М.А-д  7 /долоо/ сарын хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-д оногдуулсан 7 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар  шүүгдэгч М.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй,  эд мөрийн  баримтаар хураагдсан зүйлгүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас шүүгдэгч М.А-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

          Шүүгдэгч М.А давж заалдсан гомдолдоо: “...М.А миний бие нь Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 7 сарын хорих ялаар шийтгүүлсэн. Миний бие нь хийсэн хэрэгтээ гэмшиж буруутай үйлдэл хийснээ бүрэн ухамсарлаж байгаа билээ. Өөрийн гэм буруутай үйлдэл оногдуулсан ялаа эдэлж дуусаад эхнэр М.О-тэй эргэж хамт амьдрах бодолтой байгаа бөгөөд дахин түүний эрх чөлөөнд халдсан үйлдэл хийхгүй байхаа ханьдаа болон та бүхэнд амлаж байна. Миний бие уг гэмт хэрэгт холбогдон шалгагдаж эхэлсэнээсээ хойш, буруу зүйл хийснээ маш ихээр ухамсарлаж харамсаж байна. Эхнэр М.О ч надтай цаашид хамт амьдрахаа ярилцан намайг уучилсан билээ. Залуу хүний хувьд би дэндүү омголон зан гаргаж байсан байна.

          Иймд бидний цаашдын амьдрал, ард түших тулах хүнгүй үлдэж байгаа эхнэр, хүүхдүүдийн минь нөхцөл байдлыг бодож анхан шатны шүүхээс оногдуулсан 7 сарын хорих ялыг багасгаж оногдуулж өгнө үү” гэжээ.

         ТОДОРХОЙЛОХ НЬ:

          Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т зааснаар хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч М.А-ын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзсэн болно.

          Шүүгдэгч М.А нь Өмнөговь аймгийн Сэврэй, Баяндалай сумын нутагт 2017 оны 06 дугаар сараас 11 дүгээр сарын 14-нийг хүртэл хугацаанд 5 удаа хамтран амьдрагч М.О-г зодсон ба 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зодохдоо түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн  байна.

          Энэ үйл баримт нь хохирогч М.О-ийн /хэргийн 11-12 дугаар хуудас/ “...2017 оны 11 дүгээр сарын 14-ний орой 17 цагийн орчимд гэртээ байхдаа ...миний хоолойг нэг гараараа шахаж, багалзуурдаад гэрийн хана руу  шахаж байтал...гэрийн гадаа ... хүн ирэхэд тавьчихаад гарсан. Би араас нь гарахад тэр ирсэн хүн миний дүү Түвшинжаргал байсан би тэгээд А чи сая гэрт намайг боогоод алчихгүй яасан юм бэ гэхэд ...гараараа миний нүүр лүү 2 удаа цохиж авсан...,

          2017 оны 6 дугаар сарын 24-нд А хоол цай хийгээгүй гээд ...миний хоолойг хоёр гараараа базаж аваад хоолойг шахаж газар унагачихаад нүүр лүү алгадаад байж байтал гадаа хүн ирсэн, тэгээд намайг тавьсан...,

          2017 оны 8 дугаар сарын 20-ны үед ...намайг хоёр гараараа хоолойг боогоод арагш нь дарсан би тэгэхэд хэсэг хугацаанд ухаан алдсан ...,

          2017 оны 8 дугаар сарын 20-ны үед ... намайг хардаад...газар унагаад миний хоолойг боосон ...,

          2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр  ...толгой руу 2 удаа цохисон...”

          Гэрч Н.Сугирын /хэргийн 22-23 дугаар хуудас/ “...гэр бүлийнхээ асуудлыг надаас нуудаг...06 дугаар сарын 24-ний өдөр гэрт нь очиход Ариунтулга манай охиныг зодчихсон, Отгонсүрэнгийн хоолой улаан эрээн болсон байсан,...2017 оны 8 дугаар сарын 20-ны үеэр бас хоолойн багалзуур нь улаан эрээн мөртэй болсон байсан...”,

          Гэрч М.Түвшинжаргалын /хэргийн 25 дугаар хуудас/ “ 11 дүгээр сарын 14-ний өдөр 17 цаг өнгөрч байхад ...намайг очиход ...Ариунтулга манай эгч Отгонсүрэнг нүүр лүү нь цохиод зодоод байсан...” гэсэн мэдүүлгүүд,

          Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн /хэргийн 27 дугаар хуудас/ “М.Отгонсүрэнгийн биед тархины доргилт, зүүн нүдний дээд болон доод зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хурал гэмтэл үүсчээ” гэсэн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 570 дугаартай дүгнэлт болон хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжсэн, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан байна.

          Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж заасан ба хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэжээ.

          Иймээс М.А нь хамтран амьдрагч М.О-г 5 удаа зодохдоо 4 удаа  хоолойг нь боох, нүүрэн тус газар цохих хэлбэрээр хүч хэрэглэсэн, энэ үйлдэл нь давтагдан, амьдрал зан төлөвийн хэвшил болсон байх тул гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодсон, мөн 11 дүгээр сарын 14-ний өдөр зодохдоо бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсныг харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон, энэ нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн хууль зүйн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.  

            М.А холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийг анхан шатны шүүхээс шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

        Шүүгдэгч М.А нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч мөрдөн байцаалтын явцад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаагүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журмын дагуу хэлэлцэж, хорих ялын хэмжээг прокуророос гаргасан 1 жилийн хорих ял оногдуулах саналаас доогуур тогтоож долоон сарын хорих ял оногдуулсан  нь М.Ариунтулгын гэмт үйлдлийн хэлбэр, хэр хэмжээ, хор уршигт тохирсон байна.   

          Иймд М.А-ын шүүхээс оногдуулсан 7 сарын хорих ялыг багасгах тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

          Харин давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийг М.А-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.3-т заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг прокурор нотолж чадаагүй гэж  хэрэгсэхгүй болгохдоо Эрүүгийн хуулийн 4 дүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд хэрэглэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8-д заасныг баримтласныг хууль буруу хэрэглэсэн гэж үзэв. Шүүхээс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэж үзэж байгаа нь агуулгын хувьд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан хэрэгт тэрээр гэм буруугүй буюу үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй байхыг ойлгохоор байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан үндэслэлд хамаарахаар байх тул шийтгэх тогтоолд хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.  

                             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай болгон хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага ТОГТООХ нь:

1. М.А-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 157 дугаар шийтгэх тогтоолын нэг дүгээр заалтын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар...” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.А-ын анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш магадлал гарах хүртэл хугацаанд цагдан хоригдсон 55 /тавин тав/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулсан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                       ШҮҮГЧИД                                          Т.БЯМБАЖАВ

                                                                                                  Х.ГЭРЭЛМАА