Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 641

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: Бөөдий овогтой Д-н Ц /РД:**/, 

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: Анжаа овогтой Д-н Ц РД:**/,

Нэхэмжлэлийн шаардлага: “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 192 дугаар захирамжийн Д.Ц-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, гуравдагч этгээд Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Бөөдий овогтой Дамдинсүрэнгийн Ц /РД:**/ нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ:“... Д.Ц миний бие 1952 онд Улаанбаатар хотын Цэргийн оёдлын үйлдвэрт ажилчнаар ажилд орж, 1980 оноос Цагдаагийн Ерөнхий газрын хангалт үйлчилгээний тасагт оёдолчноор 1999 он хүртэл ажилласан. Цагдаагийн ерөнхий газрын зуслан болох Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгойн зусланд 1968 оноос гардаг байсан. Миний бие өндер насны тэтгэвэртээ гараад Цагдаагийн Ерөнхий газрын харъяа Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Майхан толгойн зусланд манаачаар 2016 оны 7 сар хүртэл ажиллаж байсан. 

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/150 дугаар “газар эзэмүүлэх эрхийг баталгаажуулах тухай” захирамжаар 19 дүгээр хороо, Майхан толгойн зуслангийн 700 м2 газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр захирамж гарч, газрын кадастрыг хийлгэсэн. Уг газар нь миний 1968 оноос байрлаж байсан болон сүүлд зусланд манаачаар ажиллаж байсан үеийн байрлаж байсан хашаа, байшингийн газар юм. 

Тухайн зуслангийн байшинд миний бие 1968 оноос өнөөдрийг хүртэл амьдарч байгаа. Газрын төлбөрийг цаг тухай бүрт нь төлсөөр ирсэн. Анх газар эзэмших захирамжаар газрын гэрчилгээг олгохдоо 5 жилийн хугацаатай олгосон бөгөөд 2017 онд газар эзэмших эрхийн гэрчилгээр сунгахаар Чингэлтэй дүүргийн Газрын албанд хандахад “танай газар, өөр хүний газар дээр хашаа, байшин барьсан байна, тийм учраас гэрчилгээ сунгахгүй гээд хаасан гэсэн” хариуг амаар хэлсэн. 2011 оны 10 дугаар сарын 11-нд миний газар дээр кадастрын зураг хийхэд хашаа байшин кадастрын зургийн дагуу баригдсан байсан бөгөөд сүүлд Газрын албанаас авсан кадастрын зургаас харахад газрыг давхардуулж олгож, кадастрын зураг гаргажээ. Давхардуулан олгосон газарт Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 192 тоот захирамжаар газар олгосон байна. 

Иргэн Д.Ц миний бие тухайн зусланд 1968 оноос хойш гарч байсан, тус зуслан нь цагдаагийн газрын зуслан байсан тул өндөр насны тэтгэвэртээ гарсан 1990 оноос хойш албан ёсоор манаачаар амьдарсан. Иймд 2006 онд Дүүргийн Засаг даргаас өөр иргэнд газар олгохдоо газар давхардуулан олгосон байна. Дүүргийн Газрын албаны н.А гэх хүнтэй уулзаж, газар давхардуулан авсан нөгөө Ц гэх хүнтэй уулзахад зохицох боломжгүй гэсэн. Чингэлтэй дүүргийн Засаг даргаас өмнө олгосон газарт давхардуулан газар олгосон захирамж нь иргэн миний Үндсэн хууль болон бусад хуульд заасан эрхийг ноцтойгоор зөрчиж байна. 

Энэ талаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 3/2040 тоотоор, мөн Нийслэлийн Газрын албаны 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 01-06/1166 тоотоор “...тухайн газарт ямар нэгэн давхцал үүсээгүй байна” гэсэн хариу өгсөн. Тухайн газар нь цагдаагийн зуслангийн газар бөгөөд миний бие 1968 оноос манаачаар ажиллахад хашаа, байшин барьсан байсан. Сүүлд кадастрын зураг хийж газар олгохдоо миний газар, хашаа байшинг давхардуулж, газар олгосон байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “...Иргэн Бөөдий овогтой Д-н Ц-н /РД:66/ нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. 

Тус дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Майхан толгой зусланд дүүргийн Засаг даргын 2012 оны А/150 дугаар захирамжаар нэхэмжлэгчид 417 м.кв талбай бүхий газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн. Мөн тухайн зусланд дүүргийн Засаг даргын 2006 оны 192 дугаар захирамжаар Д-н Ц-д 500 м.кв талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн. 

Дүүргийн Засаг дарга Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд 2012 оны А/150, 2006 оны 192 дугаар захирамжаар иргэнд газар эзэмших эрхийг баталгаажуулж шийдвэрлэсэн болно. Дүүргийн Газрын албаны мэдээллийн сангаас шүүн үзэхэд дээрх 2 иргэний газар ямар нэгэн хэмжээгээр давхцалгүй бөгөөд хэн нэгэн иргэний газар эзэмших эрхийг хөндөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ. 

Гуравдагч этгээд Анжаа овогтой Да-н Цэ /РД:**/ хариу тайлбартаа: “Бөөдий овогт Д-н Ц-н /РД:**/ танай шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Анжаа овогтой Д-н Ц миний эзэмшилд байгаа Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Майхан толгойн зусланд байрлах 700 м.кв газрыг 2000 оноос эзэмшиж байгаа ба Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 192 дугаар захирамжаар гэрчилгээ авч баталгаажуулсан болно. Харин энэ захирамжаар кадастрын зураг 700 м.кв гэсэн байхад 500 м.кв гэсэн зөрүү гарсан байсан тул 2013 онд хүсэлт гаргаж Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/234 тоот захирамжаар 700 м.кв газар эзэмших эрхийг баталгаажуулж өгсөн. Энэ газрыг авсан өдрөөс өнөөдрийг хүртэл кадастрын зураг, цэг тэмдэгт координатад ямар ч өөрчлөлт хийгдээгүй хэний ч газартай давхцал үүсээгүй. Харин миний бие тус газарт амьдарахаар 3 удаа хашаа барьсан боловч зуслангийн манаач Д.Ц гуай хашааг түлж хувийн ашиг сонирхлоор өөрийнхөө хашааг манай газар луу оруулж барьсан. 

Энэ талаар удаа дараа уулзаж учрыг нь хэлсэн боловч уурлаж загнаад ойлгохгүй, дахин хашаа барих гээд очихоор хөөж, орилж хашгираад хашаа байшин бариулахгүй биднийг зовоож миний эрх ашгийг хохироож байгаа хүн юм. Газрын албанд очиж уулзсан боловч шийдэж өгөөгүй шүүхийн байгууллагад хандаж шийдвэр гаргуул гэсэн хариу өгсөн. Энэ хүний насыг хүндлээд, хамт ажиллаж байсны хувьд хүлээцтэй хандаж өдийг хүрсэн. Анх энэ газрыг Ц гуай өөрөө энэ эзэнгүй газар гэж зааж өгсөн. Намайг кадастрын зургийн хэмжилт хийлгэж байх үед Ц гуай өөрөө миний хажууд байсан бөгөөд хашааг минь барилцаж, хоол цай хийж өгч байсан. 

Энэ газрын зураг хийлгэж байхад манаач Д.Ц гуайн манааны путек тойрсон газар ямар ч кадастр хийгдээгүй байсан. Харин шүүхэд гаргасан нэхэмжлэл болон бусад материалтай танилцахад Д.Ц гуай манай газрын хажууд манааны путекээ тойруулж кадастрын зураг хийлгэж 2012 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын А/150 дугаартай захирамжаар 417 м.кв газар эзэмших эрхийг авсан байна. Энэ хүний газартай миний газар ямарч давхцалгүй бөгөөд энэ хүний эрх ашгийг хохироосон ямар ч асуудал байхгүй. Харин Д.Ц  гуай миний газар луу 10-аад метр оруулж хашаагаа барьсан. 

Иймд Д.Ц гуайн нэхэмжлэл хууль бус үндэслэлгүй байх тул түүний гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч байна. Миний бие ямар ч хууль дүрэм зөрчөөгүй, хэн нэгний эрх ашгийг хохироогоогүй Д.Ц гуай шиг дураараа авирлаагүй. Харин миний эзэмшил газар луу 10 гаруй метр оруулж хашаагаа барьсан нь хууль бус үйлдэл болохыг Д.Ц гуайд ойлгуулж шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгтээ тусгаж өгөхийг хүсье...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Бөөдий овогтой Д-н Ц /РД:**/ нь  “газрыг давхцуулан олгосон” үндэслэлээр “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 192 дугаар захирамжийн гуравдагч этгээд Анжаа овогтой Д-н Ц /РД:**/-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэгч Бөөдий овогтой Д-н Ц /РД:**/ нь 2012 оны 5 дугаар сарын 07-нд дүүргийн Газрын албанд 416.7 м.кв газар эзэмших гэрчилгээ хүсэн өргөдөл гаргаж, “Т а” ХХК-иар 2011 оны 10 дугаар сарын 11-нд үйлдүүлсэн 416.7 м.кв газрын кадастрын зураг, эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудас, иргэний үнэмлэхний хуулбар хавсарган өгснөөр Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн А/150 дугаар захирамжаар тус дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Майхан толгой зусланд нэхэмжлэгчид 417 м.кв талбай бүхий газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэн, 416.7 м.кв газрыг нийслэлийн газрын мэдээллийн санд 2012 оны 8 дугаар сард нэгж талбарын 18640331156035 дугаартайгаар бүртгэж, 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдөр газар эзэмших эрхийн 0407050 дугаартай гэрчилгээ олгожээ.

Үүнээс өмнө буюу нэхэмжлэгчийг газраа эзэмших хүсэлт гаргаж эзэмшихээс өмнө 2006 онд гуравдагч этгээд Анжаа овогтой Д-н Ц /РД:**/ нь Майхан толгойн зусланд газар эзэмших хүсэлтээ гарган Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 192 дугаар захирамжаар 500 м.кв  газрыг түүнд 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, 2007 оны 8 дугаар сарын 6-нд газар эзэмших эрхийн 0133802 дугаартай гэрчилгээ олгож, 2007 оны 11 дүгээр сард нийслэлийн газрын мэдээллийн санд нэгж талбарын 18640331166053 дугаартайгаар 699.63 м.кв хэмжээтэйгээр бүртгэгдсэн байна. Улмаар түүний 2013 оны 6 дугаар сарын 19-нд гаргасан “кадастрын зургаар 700 м.кв хэмжээтэй байхад гэрчилгээнд 500 м.кв гэж андуурч бичсэн” гэх өргөдлөөр 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/234 дүгээр захирамжаар газрын хэмжээнд өөрчлөлт оруулан 700 м.кв газар эзэмшүүлж, уг захирамжаар дээрх 2006 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 192 дугаар захирамжийн Д.Ц-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон байдаг.  

Өөрөөр хэлбэл гуравдагч этгээд Анжаа овогтой Д-ийн Ц/РД:**/-д 2006 онд эзэмшүүлсэн газар 2007 онд мэдээллийн санд нэгж талбарын 18640331166053 дугаартайгаар 700 м.кв хэмжээтэйгээр бүртгэгдсэн,  үүнээс хойш мэдээллийн сан дахь газрын хэмжээ, байршлын хувьд өөрчлөлт ороогүй, харин 2013 оны А/234 захирамжаар газрын хэмжээг нэмэгдүүлж гэрчилгээ шинээр олгосон ба энэ газар нь нэхэмжлэгч Бөөдий овогтой Д-ийн Ц /РД:**/-д 2012 онд эзэмшил 416.7  м.кв газартай ямарваа давхцалгүй нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас ирүүлсэн зургаар тогтоогдож байна. 

Нэхэмжлэгч нь 2012 онд 416.7 м.кв газар эзэмших хүсэлт гарган, хүсэлт гаргасан хэмжээгээр түүнд эзэмшүүлсэн байхад эзэмшиж буй газраасаа илүү хашаалсанаар хашаалсан хэмжээгээр газрыг бүхэлд нь эзэмших эрх үүсэхгүй, илүү хашаалсан хэсэгт Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т зааснаар эзэмшиж, ашиглахыг хориглох зөвшөөрөлгүй газар болно. 

Иймд өөрт нь хүсэлт гаргасан хэмжээгээр эрх бүхий этгээдийн шийдвэрээр, хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлсэн газартай давхцалгүй газрыг бусдад эзэмшүүлсэн шийдвэр нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан газар эзэмших эрхийг зөрчөөгүй байна. 

Түүнчлэн нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар шаардлага гаргасан Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 192 дугаар захирамжийн Д.Ц-д холбогдох хэсэг 2013 оны А/234 дүгээр захирамжаар хүчингүй болсон байгааг, мөн Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3-т зааснаар дүүргийн Газрын алба нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн эзэмшилд олгогдсон газрын хэмжээ, заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, эргэлтийн цэгийг тогтоож эзэмшигчдэд нь хүлээлгэн өгөх ажиллагааг хийх чиг үүрэгтэйг, нэхэмжлэгчээс гаргаж өгсөн болон гуравдагч этгээдийн газрын хувийн хэрэгт авагдсан “зөвшөөрөл” бүхий “ЦЕГ-аас 1999 онд худалдан авсан гэх зуслангийн байр”-ны газар нь байршлын хувьд хэрэгт хамааралгүйг талууд хүлээн зөвшөөрснийг тус тус дурьдах зүйтэй.     

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасныг баримтлан “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 192 дугаар захирамжийн гуравдагч этгээд Анжаа овогтой Д-н Ц /РД:**/-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэгч Бөөдий овогтой Д-н Ц /РД:**/-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.ХАЛИУНА