Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2018/01403

 

И.Нын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

     Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн          

         2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 138/ШШ2018/00257 дугаар шийдвэр,

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 201/МА2018/00014 дүгээр магадлалтай,

         Нэхэмжлэгч: И.Н

         Хариуцагч: Д.Бт холбогдох     

     Үндсэн нэхэмжлэл: Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 2 сая төгрөг болон нэг хонийн үнэ 130.000 төгрөг гаргуулах тухай,

         Сөрөг нэхэмжлэл: Хөөрөг буюу 1.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

         Зохигчдын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч И.Н, нарийн бичгийн даргад Э.Боролдой нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 5 сард Д.Б манай адуунаас соёолон морь, хусран даагатай гүүг 4 сая төгрөгөөр авъя гэсэн. Тэгэхээр нь би “...нэг  хонь нэмж өгөөрэй...” гэхэд тэр зөвшөөрч 1 сая төгрөг бэлнээр өгсөн. 2015-06-17-ны өдөр 2 сая төгрөг дансаар шилжүүлсэн. Энэ наймаанаас 1 сая төгрөг, нэг хонь өгөөгүй байгаа. 2015 оны 6 сард  бид дахин адууны наймаа хийсэн. Хээр халзан соёолон, хээр зүсмийн соёолон морьдыг би 8 сая төгрөгөнд зарна гэхэд 5 сая төгрөг, нэг  үхрээр өгнө  гэж хэлсэн. Д.Б 2015-07- 10-ны өдөр 4 сая төгрөг дансаар шилжүүлсэн.  2016 оны 10 сард уулзаж  үхрээ авсан.  Үлдсэн мөнгөө нэхэхэд  хөөрөг өгч “... барьцаанд тавиад мөнгөтэй залгаж бай...” гэсэн. Хөөрөг нь надад байгаа. Сүүлийн наймаанаас 1 сая төгрөг дутуу байгаа. Нийт 2 сая төгрөг, нэг хонь нэхэмжилж байна гэжээ.  

         Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2015 оны 05 сард И.Наас хүрэн даагатай гүү, хүрэн соёолон морьдыг 4 сая төгрөгөөр авахаар тохиролцон 2 сая төгрөг бэлнээр, 2 сая төгрөг дараа нь шилжүүлсэн. Дараа нь 4 сая төгрөг, нэг үхрээр хээр морь, хээр халзан соёолонг авахаар тохирсон.  Сүүлд би өөрийнхөө  манан хөөргөө өгсөн. Энэ хөөрөг бол сая төгрөгийн үнэтэй хөөрөг. Хөөргөө авахгүй бол надад өгөөд адуу өгч болно. Нэхэмжлэгч эхний наймаа хийсэн үнийг буруу яриад байна. Бид хоёр 2015 оны 5 сард хусран даагатай хүрэн гүү, хүрэн соёолон морьдыг 5сая төгрөгөөр тохиролцож би эхлээд 2сая төгрөг бэлэн өгсөн. Дараа нь 2сая төгрөгийг дансаар шилжүүлж, үлдсэн 1 сая төгрөгөнд нь идэшний шүдлэн үхэр өгсөн. Энэ наймааг хийх үед И.Н “хонь өгөөрэй” гэж байсан болохоос бид наймаандаа оруулаагүй. Би ч хонь өгөхийг зөвшөөрсөн зүйлгүй.  6 сард хоёр соёолон морьдыг хоёр хоёр сая төгрөгөөр худалдаж авсан. Энэ морьдын хүрэн соёолон нь хойшоо доголдог гэмтэй байсан. Морио буцааж ав гэхэд авахгүй байсан. Энэ байдлаас болж мөнгийг нь удааж байгаад 4 сая төгрөг шилжүүлсэн. Бидний хоорондын наймаа дууссан. Намайг Улаанбаатар хотод явж байхад И.Н гуай мөнгөгүй гэхээр нь би өөрийн хөөргөө өгөөд  “...барьцаанд тавиад мөнгөтэй болж бай, цагаан сараар авъя...” гэж хэлээд өгсөн. Түүнээс барьцаалсан асуудал байхгүй. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

        Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: И.Н миний  хөөргийг өгөхгүй байна. Би өгөх мөнгөө өгчихсөн. Иймд  шүрэн улаан толгойтой хөөргийг гаргуулж өгнө үү. Би хөөргөө 1.5 сая төгрөгөөр үнэлж байна гэжээ.

      Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Д.Б нь надад өртэй байсан тул хөөргөө барьцаалсан. Би Д.Баас мөнгө зээлэх ядарсан хүн биш. Бид хоёрын хооронд хийгдсэн адууны наймаанаас надад 2сая  төгрөг, 1 хонь өгөх дутуу байсан.  Би энэ хөөргийг үүргийн гүйцэтгэлийг хангуулах зүйл гэж ойлгоод өнөөг хүртэл хадгалж байна. Д.Б ломбарданд тавиад мөнгөтэй болж бай гэж анх өгсөн. Мөнгөө авч байж хөөргийг нь өгнө гэжээ.

       Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 сарын 15-ны өдрийн 138/ШШ2018/00257 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан  Д.Баас  1.000.000 төгрөг гаргуулж  И.Нд олгож, нэхэмжлэлээс 1.130.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар И.Наас 150,000 төгрөгийн үнэтэй хөөргийг гаргуулж Д.Бт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн  хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар  улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 49.030 төгрөг,  Д.Баас төлсөн 38.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Д.Баас  28.550 төгрөг гаргуулж И.Нд, И.Наас 5.150 төгрөг гаргуулж   Д.Бт тус тус олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 2.470 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулж буцаан олгож шийдвэрлэсэн байна.     

   Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 201/МА2018/00014 дүгээр магадлалаар Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 сарын 15-ны өдрийн 138/ШШ2018/00257 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн  гомдлыг хангахгүй орхижээ.

        Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: И.Н, Д.Б нарын хооронд байгуулагдсан гэрээний үнийг тогтоохдоо талуудын гаргасан тайлбарыг үндэслэн худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 8сая төгрөг, нэг үхэр төлөх үүргийг хариуцагч  хүлээсэн гэжээ.  И.Н “...9 сая төгрөг, 1 үхэр...” Д.Б “...8 сая төгрөг, 1 үхэр...” тохиролцсон гэх хоёр өөр тайлбараас Д.Батбарын тайлбарыг үндэслэлтэй гэж үзээд,  нэхэмжлэгчийн тайлбарыг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй. Худалдсан зүйлийн үнийн талаар  үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй.  Шүүх  хариуцагч нь нэхэмжлэгчид худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 8сая төгрөг, нэг үхэр төлөх үүрэг хүлээсэн байна гэж үзжээ. Худалдан авагч нэг ёсондоо хэрэгт цугларсан нотлох баримтыг янз бүрээр гаргаж байхад алийг нь үнэлээд алийг нь үнэлэхгүй байгаагаа тайлбарлаагүй. Худалдах-худалдан авах гэрээний хоёр тал харилцан тохиролцож гэрээний зүйл, үнийг солилцоод байхад нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийллийг Д.Б нь хүлээн авсан нь тогтоогдохгүй байх тул хариуцагчийн тайлбарын дагуу гэрээний үнийг 8 сая төгрөг, 1 үхэр гэж тогтоох нь Иргэний хуулийн шууд зөрчсөн шийдвэр юм. Талууд гэрээг харилцан тохиролцож  байгуулсан. Хариуцагч зөвхөн өөрийн төлсөн мөнгөний хэмжээнд тааруулж гэрээний үнийг хэлснээр маргаан үүсгэж улмаар шүүхээс гэрээний үнийн үлдсэн хэсгийг худалдан авагч тал хүлээн зөвшөөрсөн эсэх нь тогтоогдохгүй байна гэж үзэж байгаа нь утга агуулгын авцалдаагүй байна. Хэргийн бодит байдлыг тал бүрээс нь үнэн зөв шийдэж чадаагүй болохийг харуулж байна. Д.Б шүүхэд анх гаргасан тайлбартаа хоёр удаагийн худалдан авалтын үнэнд 9сая төгрөг, 1 үхэр өгөхөөр тохиролцсон гэж өөрөө хүлээн зөвшөөрснөөс нэхэмжлэгчийн 9сая төгрөг, 1 үхэр өгөхөөр тохиролцсон гэх тайлбар нь үндэслэлтэй болох нь илтэд харагдаж байна. Хэрэв анхнаасаа 8 сая гэж тохирсон бол хариуцагч хэзээ ч 9 сая төгрөгөөр наймаа хийсэн гэж бичихгүй. Үхэр өгнө гэж тохиролцсон гэж тайлбарлаж байснаа 1 сая төгрөгийн оронд үхрээ 1 сая төгрөгөөр үнэлээд бидний хооронд хийгдсэн наймаа дууссан гэж тайлбарласан. Харин үхэр нь 1 сая төгрөг гэж хэн ч үнэлж ярилцаагүй байхад 1 сая төгрөгийн өртэй байсан болохийг нотолж байна. Хариуцагчийн хувьд маш олон янзаар зөрөөтэй тайлбар удаа дараа гаргаж байхад үүнийг шүүх үнэлэхдээ анхаарах ёстой. Хариуцагч нь ингэж өөрийн гаргасан тайлбараа олон дахин өөрчилж гуйвуулан ярьж сөрөг нэхэмжлэлд дурдагдсан 150.000 төгрөгийн үнэ бүхий хөөргийг 1,5сая төгрөгийн үнэтэй гэж худал хэлж өгсөн зэргээс өр төлбөрөөс мултрах арга зам хайж байгаа нь харагдаж байна. Хариуцагчийн тайлбар нь ИХШХШТХ-ийн 40.2-т нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэнэ гэх заалтанд огт нийцэхгүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна. Хоёр хүн хоорондоо харилцан үнэ тохиролцож байгуулсан худалдан авалтын үнийн дүнг шүүхээс тогтоохдоо нотлох баримтгүйгээр багасган шийдвэрлэж байгаа нь нэг талыг шууд хохироосон алдаатай шийдвэр болж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар нэхэмжлэгч Д.Бын хөөргийг барьцаалаагүй, барьцаанд авъя гээгүй, мөнгөө нэхэхэд та үүнийг ломбарданд барьцаанд тавиад хэрэглэж бай гэсэн үүнийгээ ч хариуцагч би барьцаалаагүй гэж тайлбар гаргаж байсан зэргээс гадна эдгээр 2 этгээдийн хооронд тодорхой үүргийн харилцааг үндэслэн өгсөн болох нь нотлогдож байхад үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэсэн нь буруу юм.Тэгэхээр энэ зүйлийг барьцааны зүйл гээд Иргэний хуулийн 156.1-д зааснаар барьцааны гэрээг бичгээр байгуулах шаардлагатай гэж дүгнэх нь буруу юм. Д.Б хөөргөө нэхэмжлэгчид өгснөөр тэдний хооронд Иргэний хуулинд заасан ямар харилцаа үүссэн талаар буруу дүгнэсэн байна. Д.Бын худлаа хэлж буй үгийг үнэн болгож хэт нэг талыг барьж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг хүчингүй болгож, ИХШХШТХ-н 176.2.3 дахь хэсэгт зааснаар өөрчлөлт оруулж хариуцагчаас 1сая төгрөг, нэг хонь буюу 130.000 төгрөг нийт 1.130.000 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.

        Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хариуцагч 2 сая төгрөг бэлнээр өгсөн гэдгээ нотолж чадаагүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Шүүхэд хүсэлт гарган, гэрчээр Д.Энхбатын мэдүүлгийг хуулийн дагуу авахуулсан, мөн гэрч В.Эрхэмбаяр “...хусран даагатай хүрэн гүү, хүрэн соёолонг 5 сая төгрөгөөр худалдан авсан, 1 сая төгрөгөөр идэшний үхэр өгсөн..”талаар мэдүүлсэн байхад үнэн зөв гэж үнэлэх үндэслэлгүй, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа гэрч гэж боломжгүй гэсэн нь ИХШХШТХ-ийн 43 дугаар зүйлийг зөрчсөн. Д.Быг 2 сая төгрөг өгснөө нотолж чадаагүй, гэрч С.Энхбатын мэдүүлгийг гэрч Б.Батцолмон үгүйсгэдэг гэсэн дүгнэлт хийсэн нь нэг талыг барьж шийдвэрлэсэн, Б.Батцолмонгийн мэдүүлэг сүүлд өгөгдсөн учир С.Намжилын хэлснээр өгсөн мэдүүлэг буюу нотлогдоогүй мэдүүлэг гэж үзэх бөгөөд харин 2 сая төгрөг бэлнээр өгсөнийг Д.Б, С.Энхбат, В.Эрхэмбаяр нар нотолдог, энэ талаар анхан шатны шүүхийн 2017-03-10-ны өдрийн шийдвэр үндэслэлтэй зөв гарсан. Харин 2018-03-15-ны өдрийн шийдвэр, 2018-05-10-ны өдрийн магадлалд 3 адууг 4 сая төгрөгөөр худалдаж авсан гэж дүгнэснийг буруу гэж үзэх үндэстэй. Дээрх худалдах-худалдан авах гэрээ, үүргийн гүйцэтгэлийг дүгнэж үзэхэд Д.Б нь И.Нд 8 сая төгрөгийг бэлнээр буюу дансаар шилжүүлсэн, 1 сая төгрөгөнд идэшний үхэр өгсөн болох нь нотлогдсон, тэгээд ч 3 тооны адууг 5 сая төгрөгөөр буюу 4 сая төгрөгийг бэлнээр, 1 сая төгрөгөнд идэшний үхэр өгөхөөр тохирсныг үндэслэлтэй гэж үзэхээр байна. Талууд мөнгөний зөрүүг хэн аль нь нотолж чадаагүй гэх боловч төлбөр барагдуулсан байдал, адууны зөрүүгээр тооцоход Д.Бын тайлбарыг үнэн зөв гэж үзнэ. Иймд  шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, 1 сая төгрөг гаргуулсныг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

        И.Н 2017-01-02-ны өдөр Ч.Батбаярт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, худалдах-худалдан авах гэрээний үүрэгт нийт 2,000,000 төгрөг, 1 хонины үнэ 130,000 төгрөг бүгд 2,130,000 төгрөг шаардсан /хх 1/ байна.

         Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс хөөрөг буюу 1,500,000 төгрөг шаардаж сөрөг нэхэмжлэл /хх 72/ гаргажээ.

        Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 1,000,000 төгрөгийн шаардлагыг хангахдаа “...Д.Б, И.Наас 2015 оны 5-р сард гүү, соёолон насны морь буюу 3 адуу,  2015 оны 6-р сард 2 адуу тус тус худалдан авсан байна... хариуцагч худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 8.000.000 төгрөг, 1 үхэр төлөх үүрэг хүлээж... нийт 7.000.000 төгрөг, нэг үхэр нэхэмжлэгчид төлсөн байна ...иймд нэхэмжлэлээс 1.000.000 төгрөг, нэг хонь буюу 130,000 төгөрг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгоно ...харин сөрөг нэхэмжлэлийн хувьд барьцааны гэрээ бичгээр байгуулагдаагүй хүчин төгөлдөр бус гэрээ байна. ...хөөргийг шинжээч 150.000 төгрөгөөр үнэлсэн тул ...150,000 төгрөгийн хөөргийг гаргуулж Д.Бт олгоно...” гэжээ. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж хэвээр үлдээсэн байна.

        Хяналтын шатны шүүхэд гаргасан зохигчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        1. Т.Лхамсүрэнгийн дансны хуулга /хх 4-5/, гэрч С.Энхбат /хх 19-20/, Б.Батцолмон /хх 85-86/, Т.Лхамсүрэн /хх 113/, В.Эрхэмбаяр /хх 135-136/ нарын мэдүүлэг, үнэлгээний комиссын үнэлгээ /хх 78/., шинжээчийн дүгнэлт /хх 122-130/-г үндэслэн шүүх шийдвэр гаргасан байх тул эдгээр баримтын хэмжээнд хяналтын шатны шүүхээс зохигчийн гомдлын талаар дүгнэлт хийх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцнэ.

       Талууд худалдах-худалдан авах гэрээг амаар байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр байх тул гэрээний үүргийн биелэлтийг талуудын хэн аль нь шаардах эрхтэй байна.

       2. Зохигч нь гэрээний зүйлийг хэдэн төгрөгөөр тохиролцсон мөн төлбөр төлөгдсөн эсэх талаар маргажээ.       

       а/. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр /хх 83, 109/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо гэрч Б.Батцолмон “...2015 оны 05 дугаар Намжил ах Батбаяр гэдэг хүнтэй наймаа хийсэн...1 сая төгрөг бариад гэртээ орж байсан...” гэж., гэрч Т.Лхамсүрэн “...миний дансанд эхлээд 4 сая төгрөг... дараа нь 2 сая төгрөг орсон Батбаяраас морины мөнгө орсон байна гэж манай нөхөр И.Н хэлж байсан...” гэж мэдүүлжээ.

        Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр /хх 15, 133/ оролцохдоо гэрч С.Энхбат “....2015 оны 5 сард хийгдсэн наймааны талаар ...Батбаяр миний хажууд машин дотор Намжил гуайд 2 сая төгрөг өгсөн...” гэж., гэрч В.Эрхэмбаяр “... 2 сая төгрөг дансаар шилжүүлсэн...дараа нь манай нөхөр Д.Б орж ирж надаас 2 сая төгрөг авсан тэр үед Энхбат хамт орж ирж байсан...1 сая төгрөгт үнээ өгсөн гэж Батбаяр, Одбаяр нар надад хэлж байсан. ...2 соёлон морийг 4 сая төгрөгөөр авсан гэж байсан мөнгө төгрөгөө хэзээ өгснийг би мэдэхгүй...” гэж тус тус мэдүүлсэн байв. 

        Гэрч нарын мэдүүлэгт Д.Б, И.Н нар хэдэн төгрөгөөр эд зүйл худалдсан, худалдан авсан талаар мэдээлэл байхгүй буюу хариуцагч 9,000,000 төгрөг, 1 үхэр өгөх  үүрэг хүлээсэн нь тогтоогдоогүй тул шүүх хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр “...Д.Б  нэхэмжлэгчид худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 8.000.000 төгрөг, 1 үхэр төлөх үүрэг  хүлээсэн...” гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцжээ. 

        Хариуцагч худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 8.000.000 төгрөг, 1 үхэр төлөх үүрэг  хүлээсэн нь тогтоогдсон байх тул нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

       б/. Д.Б төлбөрт хэдэн төгрөг өгсөн талаар гэрч С.Энхбат, Б.Батцолмон нар өөр өөр мэдүүлэг өгсөн байх тул шүүх нэхэмжлэгчийн зөвшөөрсөн хэмжээгээр худалдан авагчийн төлсөн мөнгөний хэмжээг тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.   

       Хариуцагч худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 1.000.000 төгрөг төлөөгүй үлдсэн талаарх шүүхийн дүгнэлтийг буруутгах баримт хэрэгт байхгүй тул хариуцагчийн өмгөөлөгчийн   гомдлыг үндэслэлгүй гэж үзлээ. 

        3. Хоёр шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн талаар хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр болон магадлалыг хэвээр үлдээв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 138/ШШ2018/00257 дугаар шийдвэр, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 201/МА2018/00014 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч И.Н, хариуцагчийн өмгөөлөгч Р.Ганчулуун нарын гомдлыг тус тус хангахгүй орхисугай. 

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан  хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс  2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 31.670 төгрөг, хариуцагчаас  2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 28.550 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ