| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2020/0527/Э |
| Дугаар | 512 |
| Огноо | 2020-07-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Хурц |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 512
2020 07 30 2020/ШЦТ/512
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Даариймаа хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хурц,
насанд хүрээгүй хохирогч М. А-, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.У-,
өсвөр насны шүүгдэгч Э.А-, түүний хууль ёсны төлөөлөгч Х.Б-, өмгөөлөгч Б.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э- овогт Э-ын А-т холбогдох эрүүгийн 2010010760000 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 2002 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 нас 10 сартай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, ээжийн хамт Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол 00 дугаар байрны 00 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Э- овогт Э-ын А-
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Өсвөр насны шүүгдэгч Э.А- нь 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Пийс таун хотхоны 49 дүгээр байрны 0 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээс болж М.А-тай маргалдан, түүнийг гараараа цохисноос нэг шүдний мултрал, хугарал, дээд доод уруулд шарх, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Өсвөр хүрээгүй шүүгдэгч Э.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй... гэв.
Насанд хүрээгүй хохирогч М.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Х-гийн гэрт нь аав, ээж нь байхгүй гээд бүгдээрээ цугларсан. Бид 2 пиво уусан бөгөөд явах гэж байхад Х- жоохон байж бай манай 2 найз ирнэ гэсэн. Тэгээд Э.А- ирсэн... гэв.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.У-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Манай хүү төрөлхийн даруухан дуу цөөтэй хүүхэд. Өмнө нь Х-тэй хамт зуслан яваад найзууд болцгоосон. Тухайн өдөр манай хүү надад “Х- дуудаад байна, гэрт нь жоохон хөзөр тоглож байгаад ирье” гэхээр нь би зөвшөөрөөд явуулсан. Тэгээд 23 цаг өнгөрч байх үед над руу яриад “асуудал гарчихлаа, та хүрээч ирээд” гэсэн. Намайг очиход Э.А-,ж-, манай хүү 3 байж байсан. Би цагдаа дуудсан. Цагдаа ирээд Э.А-ыг пиво уусан учир эрүүлжүүлэх рүү авч явна гэхээр нь ар гэрийн хүмүүсийг нь дуудсан. Б- дүүгийн хамт ирсэн. Э.А- манай хүүтэй адилхан, амьдралд дөнгөж хөл тавих гэж байгаа хүүхэд учир манай хүүгийн эрүүл мэндэд хохирол учирсан учир бид эдийн засгаар хохирч чадахгүй. Тиймээс бидний хохирлыг төлж барагдуулах тул маргааш эмнэлэг рүү явъя гэж ярьсан. Гэтэл Б- ирээгүй. Тиймээс одоо гарсан зардал болон ирээдүйд гарах зардлаа нэхэмжилнэ... гэв.
Эрүүгийн 2010010760000 дугаартай хэргээс:
Насанд хүрээгүй хохирогч М.А-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 7-10-р хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Б.Х-гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/,
Насанд хүрээгүй гэрч А.У-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн №6459 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17-18-р хуудас/,
“Zimo Dental” клиник эмнэлгийн үзлэгийн баримт /хх-ийн 22, 24-р хуудас/,
Лазер мед эмнэлгийн компьютер томографийн шинжилгээ /хх-ийн 23-р хуудас/,
Эмчилгээний зардлын баримтууд /хх-ийн 25-28-р хуудас/,
Өсвөр насны шүүгдэгч Э.А- мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 41-43-р хуудас/,
Өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд ял шалгах хуудас /хх-ийн 44-р хуудас/, нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 45-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46-р хуудас/, гэрч Х.Б-гийн мэдүүлэг /хх-ийн 48-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 53-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 54-р хуудас/, гэрлэлт бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 55-р хуудас/, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 58-60-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Өсвөр насны шүүгдэгч Э.А- нь 2020 оны 5 дугаар сарын 30-ны орой 23 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Пийс таун хотхоны 49 дүгээр байрны 0 тоотод насанд хүрээгүй хохирогч М.А-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, нүүр рүү нь гараараа цохисны улмаас хохирогчид “нэг шүдний хагас мултрал, хугарал, дээд доод уруулд шарх, цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:
Насанд хүрээгүй хохирогч М.А-ын ...Би орой 23 цагийн үед өөрийн гар утсаараа дуу сонсоод сууж байтал Э.А- “чи ямар сонин дуу тавьдаг пизда вэ” гэхээр нь “андаа халчихсан юм биш үү” гэж хэлтэл босож ирээд “юу гэнээ” гэхээр нь “чи үнэхээр надтай муудалцах гээд байгаа юм уу” гэхэд намайг хоёр гараас барьж байгаад өргөөд 2 удаа шалан дээр шидээд дээрээс харж байгаад миний уруул руу цохиод авсан. Хэчнээн удаа цохисныг нь санахгүй байна. Над руу дайрахад нь хамт байсан найз нар салгаад Э.А-ыг болиулаад “наадхын чинь амнаас цус гараад байна” гэж хэлээд намайг нэг өрөөнд оруулсан. Тэр үед миний амнаас цус гараад үүдэн шүд хөдөлсөн, уруул хавдсан болохоор ээж рүүгээ утасдаж хэлээд дараа нь цагдаад дуудлага өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 7-10-р хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Б.Х-гийн ...М.А- утсаараа дуу тавиад сонсож байтал Э.А- “ямар дээр үеийн дуу сонсоод байгаа юм бэ, өөр дуу байна уу” гэж асуутал М.А- “чи яасан халаад байгаа юм уу” гэж асуухад тэр хоёр өөд өөдөөсөө босоод ирсэн. М.А- Э.А-ын гараас бариад “чи үзмээр байна уу” гэж асуух үед Э.А-ын цаг газар уначихсан болохоор уур нь хүрээд М.А-ыг баруун гараараа цохисон. Тэд хоорондоо “чи миний шүдийг ийм болгочихлоо, чи миний цагийг эвдэлчихлээ” гээд ярилцаж байгаад М.А- ээж рүүгээ утсаар яриад гэрээс гараад явчихсан. Э.А- нь М.А-ын уруул хэсэгт нэг удаа цохисон... гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,
Насанд хүрээгүй гэрч А.У-ын ... Э.А- нь М.А-ыг “чи ямар сонин дуу тавиад байгаа юм” гэж хэлээд тэр хоёр маргалдаж өөд өөдөөсөө босоод ирсэн. Нэг нэгнийхээ гараас бариад зогстол Э.А-ын бугуйн цаг газар унасан. Э.А- уурлаад М.А-ыг унагаагаад нүүр хэсэг рүү нэг удаа цохисон. Бид хэд салгаад байж байтал М.А- ээж рүүгээ залгаад “ирээд авчих” гэж хэлээд яваад өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн №6459 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. М.А-ын биед нэг шүдний хагас мултрал, хугарал, дээд, доод уруулд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Нэг шүдний хагас мултрал, хугарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. Бусад гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 17-18-р хуудас/,
Өсвөр насны шүүгдэгч Э.А-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: ... ... найзтайгаа маргалдаж нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсандаа маш их харамсаж гэмшиж байна гэх мэдүүлэг /хх-ийн 41-43-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
Өсвөр насны шүүгдэгч Э.А-, насанд хүрээгүй хохирогч М.А- нар нь дунд сургуульд хамт суралцаж байсан танилын харьцаатай бөгөөд гэмт хэрэг гарсан өдөр найз Г.Х-гийн гэрт цуглаж согтууруулах ундааны төрөл болох пиво ууж хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан маргалдсан нь энэ гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.
Өсвөр насны шүүгдэгч Э.А- нь насанд хүрээгүй хохирогч М.А-ын нүүр хэсэгт нэг удаа гараараа цохисны улмаас хохирогчийн биед “нэг шүдний хагас мултрал, хугарал, дээд, доод уруулд шарх, цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.
Иймд өсвөр насны шүүгдэгч Э.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.
Хохирол, хор уршгийн тухай.
Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч М.А-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан ба түүний хууль ёсны төлөөлөгчөөс “насанд хүрээгүй хохирогч М.А-ын эмчилгээнд зарцуулсан гэх нийт 919.690 төгрөгийн баримт ирүүлжээ. /хх-ийн 25-27-р хуудас, мөн шүүхийн хэлэлцүүлэг 151.000 төгрөгийн баримт өгсөн/
Өсвөр насны шүүгдэгч Э.А-ын төрсөн эх Х.Э- нь төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй, 100 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай болох нь Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр батлагдаж байна. Иймд өсвөр насны шүүгдэгч Э.А-ын хууль ёсны төлөөлөгчөөр түүний нагац эгч Х.Б-г томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байна.
Өсвөр насны шүүгдэгч Э.А- нь бусдад учруулсан гэм хорыг өөрөө хариуцан арилгах цалин хөлс, орлого, захиран зарцуулах эд хөрөнгөгүй тул түүний хууль ёсны төлөөлөгч Х.Б-гаас насанд хүрээгүй хохирогч Э.А-ын эмчилгээний зардал болох 919.690 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.У-т олгохоор шийдвэрлэлээ.
Насанд хүрээгүй хохирогч М.А-ын эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чА-, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Улсын яллагчаас өсвөр насны шүүгдэгч Э.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасан ба, өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлд зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж, сургалтад хамруулж, үүрэг хүлээлгэж өгнө үү гэсэн санал гаргав.
Өсвөр насны шүүгдэгч Э.А- тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, тэрээр 2020 онд ерөнхий боловсролын сургууль төгссөн ба хөгжлийн бэрхшээлтэй ээжийн хамт амьдардаг хувийн байдлыг харгалзан насанд хүрээгүй этгээдийг нийгэмд өөрийн байр суурийг олох, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаанд тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг өсвөр насны шүүгдэгч Э.А-, түүний хууль ёсны төлөөлөгч Х.Б- нарт мэдэгдэх нь зүйтэй.
Өсвөр насны шүүгдэгч Э.А- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Э- овогт Э-ын А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч М.А-т мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг өсвөр насны шүүгдэгч Э.А-, түүний хууль ёсны төлөөлөгч Х.Б- нарт мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б-гаас 919.690 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.У-т олгосугай.
5. Насанд хүрээгүй хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Өсвөр насны шүүгдэгч Э.А- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд өсвөр насны шүүгдэгч Э.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР