| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 171/2019/0345/Э |
| Дугаар | 0089 |
| Огноо | 2020-03-06 |
| Зүйл хэсэг | 17.3.1., 20.7.1., |
| Улсын яллагч | Г.Т |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 0089
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж
Улсын яллагч Г.Т
Өсвөр насны шүүгдэгч О.Т
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч С.Б
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ч.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Т-д холбогдох эрүүгийн 1925006120385 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, О.Т
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Өсвөр насны шүүгдэгч О.Т нь 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэр урт цагааны гадаа “гар утсаар чинь яриад өгье” гэж хуурч 11 настай Б.Минжингийн “самсунг эс 6” загварын гар утсыг залилж 200.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Говил багийн нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргүүдэд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Өсвөр насны шүүгдэгч О.Т-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Аав, ээж 2 маань маргалдсан байсан. Тэгээд би гадуур хонож өнжөөд явж байсан. Тэмүүлэнг дагуулж гэр рүүгээ явсан. Бид 2 тэр өвсийг өөрийнхөө гэрээс урагч байдаг дулааны шугамын тэнд орхисон байсан өвсөө авч татсан. 2019 оны 07 сарын 28-ны өдөр мөнгөний хэрэг гараад тэр хүүхдийн утсаар яриад өгье гэж аваад 1000 төгрөг өгөөд дэлгүүр ороод ир гэж явуулаад утсыг нь авч явсан. Би тэр утсыг нь 60.000 төгрөгөөр зарсан. Үйлдлүүдээ хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлсөн талаар сайн мэдэхгүй байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэсэн мэдүүлэг,
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ч.О-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хүүхдийн маань ярьж байгаа зүйл үнэн. Хохирлыг төлж чадаагүй байгаа. Хохирлыг төлнө. Би одоо нөхрөөсөө салсан. Хүүхдээ хайхрахгүйгээс ийм хэрэгт холбогдсон нь миний буруу гэсэн мэдүүлэг,
-Гэрч Б.И-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 08 сарын 22-ны орой 22 цаг өнгөрч байхад О.Тгийн гэрт орчоод л гарсан. Т нь Тэмүүлэн гэх хүүхэдтэй хамт байсан гэсэн мэдүүлэг /хх 29 ху/,
-Насанд хүрээгүй гэрч Б.Т-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 08 сарын 22-ны өдөр найз Т манай гэрт ирээд Говил орчихоод ирье гэхээр нь хамт явсан. ...сагс тоглож байгаад 19 цагийн орчим манайд очиж хонох уу гэхээр нь Тгийн гэрт нь очсон. Хоол унд идчихээд байж байтал Итгэлтөгс ах дөнгөж орж ирээд гараад явсан. Тэгтэл Т ногоон өнгийн татдаг өвс байна татах уу гэхээр нь тэгье гэж хэлсэн. Хаанаас авсан талаараа хэлээгүй. Т гэрээсээ газ болон ундааны сав, тугалган цаас зэргийг гаргаж ирээд нөгөө өвсөө ундааны саван дотроо хийж байгаад зүгээр ундааны саваа цоолж байгаад шахаж утааг нь сорсон гэсэн мэдүүлэг /хх З0 ху/,
-Насанд хүрээгүй хохирогч Б.М-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 07 сарын 28-ны өдөр би гэрээсээ гараад урт цагааны үзүүрийн хүнсний дэлгүүр орох гээд ганцаараа явж байтал өндөрдүү нуруутай, туранхай биетэй бор царайтай, нүдний шил зүүсэн хар өнгийн цамцтай, цагаан өнгийн пүүзтэй 20 орчим насны ах таараад ахдаа утсаараа нэг яриулаач гэсэн тэгээд би миний утас гадагшаа дуудлага гарахгүй байгаа гэж хэлэхэд ах нь өөрөө янзлаад яриад өгье гээд миний хар хөх өнгийн самсунг эс 6 маркийн гар утсыг аваад надад 1000 төгрөг өгөөд жижиг контек аваад ирээч гэсэн. Би дэлгүүр орж нэг ширхэг контек авчихаад гараад ирсэн чинь нөгөө ах байхгүй байсан. Тэр хавиар хайсан боловч олдоогүй гэсэн мэдүүлэг /хх 77 ху/,
-Иргэний нэхэмжлэгч Л.Э-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...шинжээчийн дүгнэлтээр миний охины алдсан гар утсыг 200.000 төгрөгөөр үнэлсэн, үүнийг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг /хх 79 ху/,
-Гэрч Г.У-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...утас сэлбэгэнд авах уу гэж орж ирсэн. Ямар утас юм бэ гэж үзэхэд самсунг маркийн эс 6 загварын хар хөх өнгийн утас байсан. Уг утсыг шалгаж үзэхэд цэнэглэдэг хэсэг масстай, дэлгэц нь бүтэн утас байсан. Өөр ломбардад тавих гэсэн чинь 30-40 мянган төгрөгөөр авна гээд байна, та хэдээр авах уу гэхээр нь 50, юм уу 60 мянган төгрөгөөр авна гэж хэлсэн. Тэгээд тэр хүүхэд гараад явсан. Удалгүй цаг орчмын дараа орж ирээд та хэлсэн үнэндээ авчих гэхээр нь би 60.000 төгрөгөөр авсан гэсэн мэдүүлэг /хх 92 ху/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4881 дугаартай дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай нунтаг хар ногоон өнгийн ургамал “Панч” нэртэй ундааны савны хамт хар ногоон өнгийн ургамал мэт зүйлс нь шинжилгээнд тэнцэж байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай 60 гр жинтэй нунтаг хар ногоон өнгийн ургамал, “Панч” нэртэй ундааны савтай 14.0 гр хар ногоон өнгийн ургамал тус бүрд дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илрэв.
Дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг гэсэн дүгнэлт /хх 21 ху/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4884 дугаартай дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд ирүүлсэн “Оюунцэцэгийн Т” гэж хаягласан шээс хэмжээний хувьд хүрэлцэхүйц тул шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн “Оюунцэцэгийн Т” гэж хаягласан 90 мл хэмжээтэй шээсэнд тетрагидроканнабинол /THC/ илрэв.
3. Тетрагидроканнабинол /THC/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвецийн жагсаалтанд багтдаг гэсэн дүгнэлт /хх 26 ху/,
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 4-5 ху/
-Гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-7, 10, 12, 17, 22, 23, 27, 61, 74 ху/
-Хэл загвар, дээж авсан тэмдэглэл /хх 8, 13 ху/
-Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл / хх 9, 11 ху/
-Эд мөрийн баримтаар тооцох тухай /хх 14 ху/
-Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 33 ху/
-2019 оны 09 сарын 09-ны өдрийн 258 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх 34-37 ху/,
-О.Т-г яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 55-57, 94-95ху/
-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх 59-60 ху/
-Эрүүгийн хэрэг нэгтгэх тухай /хх 65 ху/
-Нас тоолсон тухай тэмдэглэл /хх 71 ху/
-Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 73 ху/
-Эд зүйлийн үнэлгээ /хх 80-86 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Өсвөр насны шүүгдэгч О.Т нь 2019 оны 07 сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэр урт цагааны гадаа “гар утсаар чинь яриад өгье” гэж хуурч 11 настай Б.Минжингийн “самсунг эс 6” загварын гар утсыг залилж 200.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 08 сарын 22-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Говил багийн нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Тэмүүлэнг дагуулж гэр рүүгээ явсан. Бид 2 тэр өвсийг өөрийнхөө гэрээс урагч байдаг дулааны шугамын тэнд орхисон байсан өвсөө авч татсан. ...2019 оны 07 сарын 28-ны өдөр мөнгөний хэрэг гараад тэр хүүхдийн утсаар ярьж өгье гэж аваад 1000 төгрөг өгөөд дэлгүүр ороод ир гэж явуулаад утсыг нь авч явсан. Би тэр утсыг нь 60.000 төгрөгөөр зарсан. Үйлдлүүдээ хүлээн зөвшөөрч байна“ гэсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн насанд хүрээгүй хохирогч Б.Минжингийн “...20 орчим насны ах таараад ахдаа утсаараа нэг яриулаач гэсэн тэгээд би миний утас гадагшаа дуудлага гарахгүй байгаа гэж хэлэхэд ах нь өөрөө янзлаад яриад өгье гээд миний хар хөх өнгийн самсунг эс 6 маркийн гар утсыг аваад надад 1000 төгрөг өгөөд жижиг контек аваад ирээч гэсэн. Би дэлгүүр орж нэг ширхэг контек авчихаад гараад ирсэн чинь нөгөө ах байхгүй байсан” гэсэн /хх 151 ху/ мэүүлгүүд, гэрч Б.Итгэлтөгс /хх 29 ху/, насанд хүрээгүй гэрч Б.Тэмүүлэн /хх 30 ху/, иргэний нэхэмжлэгч Л.Эрдэнэсувд /хх 79 ху/, гэрч Г.Урансүх /хх 92 ху/ нарын өгсөн мэдүүлгүүд, өсвөр насны шүүгдэгч О.Тгээс гялгар ууттай 60 гр жинтэй нунтаг хар ногоон өнгийн ургамал, “Punch” нэртэй ундааны савтай 14.0 гр хар ногоон өнгийн ургамал тус бүрд дельта-9 тетрагидроканнабинол илэрснийг тогтоосон 4881 дугаартай шинжээчийн дүгнэлт, мөн шинжилгээнд ирүүлсэн “Оюунцэцэгийн Т” гэж хаягласан 90 мл хэмжээтэй шээсэнд тетрагидроканнабинол /THC/ илэрснийг тогтоосон 4884 дугаартай шинжээчийн дүгнэлт, нас тоолсон тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийн үндсэн шинжийг тус тус агуулж байна гэж дүгнэлээ.
Орхон аймгийн прокуророос өсвөр насны шүүгдэгч О.Тд Эрүүгийн хуулийн тусгай 17.3 дугаар зүйлийн 1, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг бусдыг эд хөрөнгийг залилсан, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Өсвөр насны шүүгдэгч О.Т-д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд, түүний хувийн байдлыг харгалзан хуульд заасан хорих ялыг хоёр дахин багасгаж шийдвэрлэлээ.
Урьд нь Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны 09 сарын 09-ний өдрийн 258 дугаартай шийтгэх тогтоолоор өсвөр насны шүүгдэгч О.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сарын, 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хорих ял ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан ялыг нэмж нэгтгэн 1 жил 6 сарын хорих ялыг 2 дахин багасгаж, нийт 9 сарын хорих ялаар шийтгэсэн байна.
Шүүгдэгчийн үйлдсэн дээрхи гэмт хэрэг нь шүүхээр ял шийтгүүлсэн хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй тул урьдах шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1-д заасан журмын дагуу нэгтгэж шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хохирлын хувьд насанд хүрээгүй хохирогч Б.М-д 200.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирол төлөгдөөгүй тул өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Оюунцэцэгээс 200.000 төгрөг гаргуулж төлүүлэх нь зүйтэй.
Энэ хэрэгт хураагдсан Орхон аймаг дахь Цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж байгаа 6.0 гр жинтэй хар ногоон өнгийн нунтаг, “Панч” нэртэй ундааны савтай 14.0 гр хар ногоон өнгийн мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамал, зүү, 100 төгрөгийн дэвсгэрт, асаагуур, притка 1 ширхэг, тугалган цаас 2 ширхэг, цоолж нүхэлсэн 0.5 граммын ундааны сав 1 ширхэг, газ 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, өсвөр насны шүүгдэгч энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч О.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг эд хөрөнгийг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Өсвөр насны шүүгдэгч О.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн 1 жил 6 сарын хорих ялыг 2 дахин багасгаж, биечлэн эдлэх ялыг нийт 9 /ес/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Т-д тус шүүхийн 2019 оны 09 сарын 09-ний өдрийн 258 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 9 сарын хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 9 хорих ялыг нэмж, нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Т-гийн эдлэх 1 жил 6 сарын хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч О.Т-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Тгийн хууль ёсны төлөөлөгч Ч.Оюунцэцэгээс 200.000 /хоёр мянга/ төгрөг гаргуулж - Л.Э-д олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Орхон аймаг дахь Цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж байгаа 6.0 гр жинтэй хар ногоон өнгийн нунтаг, “Панч” нэртэй ундааны савтай 14.0 гр хар ногоон өнгийн мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамал, зүү, 100 төгрөгийн дэвсгэрт, асаагуур, притка 1 ширхэг, тугалган цаас 2 ширхэг, цоолж нүхэлсэн 0.5 граммын ундааны сав 1 ширхэг, газ 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
9. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, өсвөр насны шүүгдэгч энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.
10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА