Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 03

 

  Т.Ө, Д.О нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Т.Бямбажав, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

          Прокурор С.Мөнхтулга

          Шүүгдэгч Т.Ө

          Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх

          Нарийн бичгийн дарга Р.Оюунсүрэн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Т.Ө, шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх нарын давж заалдах гомдлоор Т.Ө, Д.О нарт холбогдох 1728000000028 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Монгол Улсын иргэн, Өмнөговь аймгийн Ноён суманд 1986 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 32 настай, халх, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Өмнөговь аймаг, Ноён сум, Ганзагад, 2-р багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх, Тайж овгийн Т.Ө, регистрийн дугаар КЗ86100911,

          Монгол Улсын иргэн, Өмнөговь аймгийн Ноён суманд 1973 оны 08 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 45 настай, халх, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Өмнөговь аймаг, Ноён сум, 2 дугаар баг /Ганзагад/, Дов гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх, Ямаат овгийн Д.О регистрийн дугаар КЗ73081218/

          Шүүгдэгч Т.Ө нь Өмнөговь аймгийн Ноён сумын Ганзагад багийн нутаг дэвсгэрт 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр иргэн Б.Батзоригийг хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

          Шүүгдэгч Д.О нь Өмнөговь аймгийн Ноён сумын Ганзагад багийн нутаг дэвсгэрт 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр иргэн Т.Ө бие эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

          Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т.Ө зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн,  Д.О хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Т.Ө 3 /гурав/ жил, 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Отгончулууныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ө оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар шүүгдэгч Д.О оногдуулсан торгох ялыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш төлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.8, 1.7, 1.9-д зааснаар шүүгдэгч нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг устгахаар  шийдвэрлэжээ.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх давж заалдсан гомдолдоо: Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтүүд нь зөрүүтэй гарсныг арилгуулахаар дахин шинжээч томилж, дүгнэлт гаргуулах хүсэлтийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хүсэлт гаргасан боловч хэрхэн шийдвэрлэснээ тодорхойлоогүй шүүх хурлаас шийтгэх тогтоол гаргасан нь нотлох баримтыг шалгаж, үнэлэх хуульд заасан журмыг хэрэгжүүлээгүй.

          2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 401 тоот шинжээч Б.Ганшагайн дүгнэлтэнд /хх-н 47-р тал/ ...цээжний хөндийн хутгалагдсан шарх, цээжний хөндийн цус хуралдалт, 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1058 тоот дүгнэлтэнд /хх-н114-р тал/ цээжний хөндийд нэвтэрч баруун уушиг гэмтээсэн хатгагдсан шарх хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэж дүгнэсэн нь өөр хоорондоо зөрүүтэй байхад анхан шатны шүүх агуулгын хувьд зөрүүгүй байна гэж дүгнэсэн нь буруу байна. Хэлбэр агуулгаар бус бодит учирсан хохирол хор уршиг үлдэцээс хамаарсан нөхцөл байдлыг харгалзан үзэх нь хуулийн чухал зарчмын нэг билээ.

          Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1058 тоот шинжээчийн дүгнэлт /хх-н 114-р тал/ гаргасан шинжээч нар дээрхи хуулийн заалтыг зөрчсөн байхад анхан шатны шүүх уг хуулийн заалтын зөрчил нь ...хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтэд нөлөөлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэх үндэслэл болохгүй гэж дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

         Хохирогч Б.Батзориг нь анхны байцаалтаасаа эхлэн өөрийн биеийн байдлын талаар болон болсон хэрэг учралын талаар тогтвортой мэдүүлдэг бөгөөд биеийн байдал сайн санал гомдолгүй, эвлэрлийн гэрээ байгуулсан билээ.

          Мөн холбогдогч Т.Ө нь хохирогчийг шууд санаатай байдлаар хутгалаагүй. Д.Отгончулуунд зодуулсны улмаас маргаж байх явцдаа Б.Батзоригийг хутгалсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрийг барагдуулж эвлэрсэн билээ.

          Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 154 тоот шийтгэх тогтоол нь хууль буруу хэрэглэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж зөрүүтэй шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэсэн учир 154 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

          Шүүгдэгч Т.Ө давж заалдсан гомдолдоо: “...Миний бие 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хохирогч Б.Батзоригийг хутгалж гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн гэмшиж байна. Тухайн өдөр Д.Отгончулуунтай маргалдаж байх явцдаа найз Б.Батзоригийг хутгалсан буруугаа ойлгож харамсаж байна.

           Би тэр даруйдаа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлж улмаар аймгийн эмнэлэгт хүргүүлж тусалсан эмчилгээний зардлыг бүрэн төлсөн. Эмч нар Б.Батзоригийн биеийн байдал сайн ямар нэгэн хүндрэл байхгүй хөнгөн байна гэж хэлж байсан бөгөөд 5 хоног эмнэлэгт хэвтээд гарсан билээ.

          Хохирогчийн биед хүнд гэмтэл гарсанд би эргэлзэж байна. Иймд дахин дүгнэлт гаргуулж эргэлзээг тайлж өгнө үү. Би өөрийн хайхрамжгүй байдлаас болж хутга гаргаж найзыгаа гэмтээсэндээ маш их харамсаж гэм буруугаа хүлээн хохирол төлбөрөө барагдуулсан байдлыг харгалзан үзэж ял хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

          Прокурор С.Мөнхтулгаас шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтэндээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. Гомдлын хувьд бол шинжээчийн дүгнэлт зөрүүтэй байна. Хэргийн нөхцөл байдалтай хэрхэн нийцэхгүй байгааг тодорхой тайлбарласан. Хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрхэн яаж үнэлэх, ямар зарчмаар үнэлсэн талаараа шийтгэх тогтоолд тодорхой дурдсан байгаа. Шүүгч нар бол нотлох баримтыг дотоод итгэлээрээ үнэлэх ёстой байгаа. Шинжээчийн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй. Шинжээчийн дүгнэлтээр хүнд гэмтэл гарсан. Анх хийсэн шинжээчийн дүгнэлтээр бол цээжний хөндийн хутгалагдсан шарх гэж байгаа.

Дахин шинжээчийн дүгнэлтээр бол цээжний хөндийн хутгалагдсан шарх нь уушгийг гэмтээсэн байна гэдэг нь тогтоогдсон. Шинжээчийн дүгнэлт ямар үндэслэлээр үндэслэлгүй гарсан гээд байгаа нь тодорхойгүй байна. Хөдөлмөрийн чадвараа алдсан байдал нь цаашдын эмчилгээний үр дүнд гарах нөхцөл байдал юм. Прокурорын шатанд шинжээчийн дүгнэлтийг дахин хийлгэх хүсэлтийг гаргасныг хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр энэ асуудал бол шийдэгдсэн асуудал. Дахин шинжээчийн дүгнэлт гаргасан учраас дахин шинжээчийн дүгнэлт  гаргуулах шаардлагагүй гэж шийдвэрлэсэн учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн гэх үндэслэл байхгүй байна. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна гэв.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнхөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргасан. Анхан шатны шүүх Т.Өлзийбатад холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтлаагүй, зөрчиж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд нотлох баримтыг шалгаж, үнэлэх тухай асуудлыг тодорхой заасан байхад тухайн хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй шүүх шийдвэрээ гаргасан. Шинжээч эмчийн дүгнэлтүүд хоорондоо зөрүүтэй байгаа. Прокурорын шатанд шинжээчийн дүгнэлтийг дахин хийлгэх хүсэлтийг гаргасныг хангаж шийдвэрлэсэн. Дахиж хийсэн шинжээчийн дүгнэлт дээр зөрүүтэй зүйл нэмэгдсэн. Зөрүүтэй байгаа шинжээчийн дүгнэлтийг үндэслэж шүүх шийдвэрээ гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу бол амь насанд аюултай хүнд гэмтэл мөн гэдэг үндэслэлээр шийдсэн талаараа шийтгэх тогтоол дээрээ тусгасан байдаг. Шинжээчийн дүгнэлтийг агуулгынхаа хувьд зөрүүгүй гэж дүгнэсэн байсан. Агуулгынхаа хувьд биш тухайн хохирогчийн биед ямар гэмтэл яаж учирсныг тогтоолгох ёстой байсан. Анх хийсэн шинжээчийн дүгнэлтээр цээжний хөндийд хутгалагдсан шарх гэж байгаа боловч хэдий хэмжээгээр хутгалагдсан, өөр ямар эрхтэн гэмтсэн талаар огт дурдаагүй. Дахиж хийлгэсэн шинжээчийн дүгнэлтээр батлагдаагүй өөр байхад шинжээчийн хоёр дүгнэлтийг анхан шатны шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар шинжээч нар дүгнэлт гаргахдаа журамд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахад ийм зөрчил байгааг манай талаас гаргаж өгсөн. Анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлгээр энэ асуудлыг яаж шийдвэрлэснээ дурдаагүй шууд шүүх хуралдааныг товыг гаргаж шийдвэрлэсэн байгааг анхаарч үзээрэй. Дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлттэй байна гэв.

         Шүүгдэгч Т.Өлзийбат шүүх хуралдаанд гаргасан тайлбар саналдаа: Хийсэн хэрэгтээ гэмшиж  байна. Шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах хүсэлттэй байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т зааснаар хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч Т.Өлзийбат, шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх нарын 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзсэн болно.

          Өмнөговь аймгийн Ноён сумын Ганзагад багийн нутаг дэвсгэрт 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр иргэн Т.Өлзийбат, Д.Отгончулуун нар нь маргалдаж, Т.Өлзийбат нь Б.Батзоригийг хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, Д.Отгончулуун нь мөн газар, цаг хугацаанд Т.Өлзийбатын бие эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, 2017 оны 400, 401, 1058 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдсон, шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

           Т.Өлзийбатын зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2.2-т зааснаар хохирогч Б.Батзоригийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 401 /хх-47/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1058 /хх-113/ дугаартай дүгнэлтүүдээр шинжээч нар нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн “хүнд” зэрэгт хамаарна гэж тус тус тогтоожээ.

         Дээрх шинжээч нарын гаргасан дүгнэлтүүдийг харьцуулан үзэхэд хохирогч Б.Батзоригийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг шинжээч нар зөрүүтэй тогтоогоогүй учир шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын “шинжээчийн зөрүүтэй гарсан дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, дахин шинжээч томилуулах” тухай давж заалдсан гомдолд заасан үндэслэлүүд тогтоогдоогүй гэж үзэн давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Анхан шатны шүүхээс  шүүгдэгч Т.Өлзийбатад хорих ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан шийдвэрлэсэн тул Т.Өлзийбатын “ял хариуцлагыг хөнгөрүүлж өгөх” тухай давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн болно.

                     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Т.Ө, шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх нарын “дахин шинжээч томилох, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх, ял хариуцлагыг хөнгөрүүлэх” тухай давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

          3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар Т.Өлзийбатын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 28 /хорин найман/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                       ШҮҮГЧИД                                          Т.БЯМБАЖАВ

                                                                                                  Х.ГЭРЭЛМАА